Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 394

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 2 дугаар хэсэг 11-18 тоотод оршин суух, эмэгтэй, 34 настай, одоо Скайтел ХХК-ний Сэлэнгэ салбарын захирал Боржигон овогт Дашнямын Адъяа /МА-82061301/ /Скайтел ХХК-ний/ нэхэмжлэлтэй

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох

“Гар утасны төлбөр 1.656.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7.000 төгрөг нийт 1.663.000 төгрөг гаргуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа,  хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч “Худалдах, худалдан авах” болон “Төлбөрийн батлан даалтын “ гэрээ байгуулан нийт 42 эмч, ажилтан, албан хаагч хамруулан 8.286.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, төхөөрөмж зээлээр авч төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохирсон. 

Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлэг нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.656.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлэгт гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байсан. Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлэг нь баримт үзэж тооцоо нийлнэ, төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлгээс гэрээний үнэ 1.656.000 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг нийт 1.663.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.  

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уншин сонсгосон Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагыг “Скайтел” ХХК нь 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний дагуух төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан байна. Манай нэгдсэн эмнэлэг одоогоос 4 жилийн өмнө хуваарийн дагуу төлбөрөө хийж дуусгасан. “Скайтел” ХХК нь Нэгдсэн эмнэлгийн харьяалал бус Сүхбаатар сумын 3 дугаар багт орших “Эмнэх”, “Зөвлөх” багийн өрхийн эмнэлэгт ажиллаж байсан 3 хүний тооцоог манай нэгдсэн эмнэлэгтэй тооцоонд нийлүүлж оруулсан байгаа туг 3 хүний тооцоог манай эмнэлэг хариуцахгүй. Мөн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад нас барсан Алтантуяа овогтой Ууганбаатар нь төлбөрөө төлж чадаагүй зэрэг шалтгаан байгаа тул “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй болно гэжээ. 

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

“Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох “Гар утасны төлбөр 1.656.000 төгрөг, нотариатын төлбөр 7.000 төгрөг нийт 1.663.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир  нь:

Зохигчдын хооронд 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр СЭ/111 дугаартай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ”, мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар “Төлбөрийн батлан даалтын гэрээ” тус тус байгуулсан байна. Гэтэл зохигчдын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ” хийгдсэн байгаа нь ойлгомжгүй учир нь гар утас нийлүүлэх хамтран ажиллах 01/08 тоот гэрээний хавсралтаас үзэхэд төлбөр төлөх хугацаа 6 сар байгаа мэт харагдаж байгаа боловч хавсралтын дугаар нь зөрүүтэй байгаа, гэрээнд гар утасны утасны үнэ, марк, тоо ширхэг нь тусгагдаагүй байна.  

Скайтел ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлэгт гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байсан. Сэлэнгэ аймаг Нэгдсэн эмнэлэг нь баримт үзэж тооцоо нийлнэ, төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна...” гэж байгаа хэдий ч нэхэмжлэгч тал хэдийд төлбөр төлөх тухай мэдэгдэх хуудас өгсөн эсэхээ нотолсон нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.    

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг нь “Скайтел” ХХК-нд гар утасны төлбөрийн зарим хэсэг буюу нийт 6.630.000 төгрөг төлсөн болох нь Голомт банкнаас 2012 оны 06 дугаар 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх дансны хуулга, орлогын мэдүүлэг, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэргээр нотлогдож байгаа бөгөөд нэгдсэн эмнэлэг нь гар утасны төлбөрийг төлөхдөө хэсэгчлэн төлсөн байх бөгөөд гар утасны үлдэгдэл төлбөрийг хэн төлөөгүй болох нь тодорхойгүй байгааг дурьдах нь зүйтэй. 

Иймд “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох “Гар утасны үлдэгдэл төлбөр 1.656.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7.000 төгрөг нийт 1.663.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж зааснаар дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41.558 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “Скайтел” ХХК-ний  нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох “Гар утасны төлбөрийн үлдэгдэл 1.656.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7.000 төгрөг нийт 1.663.000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 41.558 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.СОЁЛМАА