Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 24

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Да-ийн От- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От-д холбогдох 1923000090014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Да-ийн От- /Регистрийн дугаар: ИЙ********/

Шүүгдэгч Д.От- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой иргэн Б.*******ы адуунаас хүрэн морь, хул морь нийт 2 тооны адууг хулгайлсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт Да-ийн От- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орой 19 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “” гэх газар бэлчээрлэж байсан иргэн Б.*******ы адуунаас хүрэн морь, хул морийг хулгайлсан хэргийн үйл баримт нь адуу хулгайд алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.*******ы “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр адуундаа очиж үзэхэд... Зөв талын гуяндаа задгай гул шар, Монгол “ба” үсгэн тамгатай хүрэн морь нэг тооны, зөв талын гуяндаа Монгол “ба” үсэг, Монгол 5-ын тоо тамгатай хул морь нийлээд 2 тооны адуу байхгүй болсон байсан” гэсэн мэдүүлгээр, гэрч Ж.*******чулууны “...Хүргэн ах *******.... 2019 оны 01 дүгээр сарын 14-ний үед ... адуугаа алдсан гэж байсан. ... Хүрэн морь, хул морь байгаа. Монгол “ба” үсгэн тамгатай бас задгай гул шар тамгатай адуунууд байх ёстой...” гэсэн мэдүүлгээр, Д.От-гээс 2 адууны мах худалдаж авсан талаараа мэдүүлсэн гэрч С.*******жаргалын “...Надад Д.От- нь адууны 2 мах зарсан. ...Мөнгөн дүн нь нэг сая дөрвөн зуун мянган төгрөг болсон. ...Би мөнгийг нь гэдэг хүний дансанд шилжүүлээд От-д данснаасаа авч өгөөрэй гэж хэлсэн. ...Би гэдэг хүний ХААН банкны гэсэн данс руу шилжүүлж өгсөн. ....” гэсэн мэдүүлгээр, С.*******жаргал Д.От-д өгөх махныхаа үнийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Ц.ын “...2019 оны 01 дүгээр сард ... *******жаргал ... чиний данс руу хүнд өгөх ёстой хүний мөнгө хийе тэгэх үү гэхээр нь би тэг гэж хэлээд миний данс руу ...От- гэдэг хүний 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлгээр, болон шүүгдэгч Д.От-гийн Б.*******ы 2 морийг хулгайлсан талаараа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******д нийт 1400000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч Д.От- нь иргэн Б.*******ы 2 адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Д.От-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Д.От- нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын өмчлөлийн 2 адууг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.От-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирогчид хохирол төлж барагдуулсан нь ******* аймгийн Прокурорын газарт гаргасан Б.*******ы “... Д.От- миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн хүсэлтээр тогтоогджээ. Шүүх Д.От-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн учир мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт Да-ийн От-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.От-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.5-д зааснаар Д.От- нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.От-д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Шүүгдэгчийн 8500000 төгрөгийн үнэ бүхий 64-29 ЗАА улсын дугаартай SUBARU маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5/06 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ