Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0311

 

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0311

Улаанбаатар хот

 

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0229 дүгээр шийдвэртэй, Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0229 дүгээр шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Б-ийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах” шаардлагыг хангаж, “Эрчим хүчний яамны Төрийннарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н давж заалдах гомдолдоо: “... шүүхийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалаар цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах тушаалуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой маргаагүй болно. Харин Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтуудтай санал нийлэхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүх үндэслэх хэсгийн 1-д заахдаа: ... гэсэн тайлбараа үзэхэд дээрх тушаал гарсаныг нэхэмжлэгч мэдсэн боловч хүлээн авахаас татгалзаж гарын үсэг зураагүй болох нь мөн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаалыг мэйл хаягаар мэдэгдсэн болох нь тогтоогдож байна ... гэсэн атлаа 2 дахь заалтад: ... Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “сонсох”, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан “мэдэгдэх” ажиллагааг хуульд заасан хүрээнд үйлдээгүй ... гэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн энэ талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ... намайг гадаадаас ирэхэд Төрийн нарийн бичгийн дарга өрөөндөө дуудаад тушаал танилцуулсан гэсэн байдаг.

Мөн ... “2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаал нь Н.Бг ажлын байрандаа байгаагүй цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр  халсан ...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар шүүхээс шаардсан Н.Б-ийн давтан гаргасан гэх зөрчлийг тогтоож, шалган шийдвэрлэсэн, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эрх зөрчигдсөн этгээдэд хэрхэн мэдэгдсэн талаарх мэдээлэл ирүүлээгүй мөн  нэхэмжлэгч “ ... би нэг ч өдөр ажил тасалж байгаагүй, эгч өвдсөн тул хоцрох шалтгаан байгаа талаар сайдад хэлж байсан. Яамны шуурхай хурлаас 1 минут хоцорсон гэсэн шалтгаанаар арга хэмжээ авсан ...” гэсэн тайлбарыг няцаагаагүй болно гэж шүүх үзсэн байдаг. Гэтэл Н.Б нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 сарын 20-ны цаг ашиглалт хангалтгүй 310000 төгрөгөөр  торгуулсан, 2018 оны 04 сарын 21-ний өдрөөс 05 сарын 20-ны өдөр цаг ашиглалт хангалтгүй 237200 төгрөгөөр торгуулсан, 2018 оны 05 сарын 21-ний өдрөөс 06 сарын 20-ны 2 өдөр  цаг 16 цаг тасалж, 288100 төгрөгөөр торгуулсан, 2018 оны 06 сарын 21-ээс 07 сарын 21-ний ээлжийн амралттай, 2018 оны 07 сарын 21-ээс 08 сарын 20-ны цаг ашиглалт хангалтгүй 1 өдөр тасалж 97100 төгрөгөөр торгуулсан, 2018 оны 08 сарын 21-ээс 09 сарын 20-ны цаг ашиглалт хангалтгүй 87200 төгрөгөөр торгуулсан.

Иймд Н.Б-д 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2-т заасан “Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах” гэсэн үндэслэлээр хариуцлага тооцсон болно.

Гэтэл энэхүү байдлыг шүүх харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0299 дүгээр шүүхийн шийдвэрийн 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Н.Б-ийн гаргасан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар тушаал, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Б-ийн “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар тушаал, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 236 дугаар тушаалаар нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл, 324 дүгээр тушаалаар ... цалингийн хэмжээг 3 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэмэгдүүлэн гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлдээ ... 2017 оны 236, 324 дүгээр тушаалуудыг хариуцагчаас шүүхэд албан ёсоор гаргаж өгсөнтэй танилцсан, ... албан ёсоор гардуулж өгөөгүй ... гэж тайлбарлан маргаж буй нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын талуудын тайлбараар үгүйсгэгдэж, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.

Шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ... 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн нарийн бичгийн даргын 236 дугаар тушаалаар сануулах шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, мөн 2017 оны 324 дүгээр тушаалаар цалингийн хувь буруулах арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж дурдсан, ...Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/1023 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 347 дугаар албан бичигт “нэхэмжлэгч ... 2017 онд ...өргөдөл гаргаж байсан мэдээлэл .... бүртгэлд бүртгэгдээгүй” гэх зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь ... Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 236, 324 дүгээр тушаалуудыг мэдсэн боловч Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.” гэж зааснаар гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

Хуульд заасан хугацаанд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй, эсхүл мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргалгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх дээрх тушаалуудаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудтай 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл маргаагүй талаар зөв дүгнэсэн атлаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 324 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаагүй нь буруу байх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

2. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Түлшний бодлогын хэрэгжилтйг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 297 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2, 5.2.1, Эрчим хүчний яамны хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын шийтгэл ногдуулах зөрчил дахин гаргасан гэж үзэн төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр ажлаас халжээ.

Хариуцагчаас сахилгын шийтгэлтэй хугацаанд буюу цалингийн хэмжээ бууруулсан шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан гэж тайлбарлан маргах боловч дахин зөрчил гаргасан үйлдлийг хариуцагч талаас нотолж чадаагүй, мөн дахин зөрчил гаргасантай холбоотой баримтыг анхан шатны шүүхээс удаа дараа шаардсан боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй, цаг ашиглалт хангалтгүй гэж ирц бүртгэдэг программаар ажлаас хоцорсон цагуудын нийлбэрээр торгуулж байсан гэх боловч энэ нь ноцтой зөрчил гэж үзэхээргүй байх тул төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан зөрчлийн шинж байдалд тохироогүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.