Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00335/И |
Дугаар | 398 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 398
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 3 дугаар хэсэг 3-8 байр 7 тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Зурхайч овогт Дагвадоржийн Солонгын /МЭ-61100802/ нэхэмжлэлтэй:
“Улсад ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Солонго шүүх хуралд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Улаанбаатар төмөр замын худалдааны 1 дүгээр конторын харъяа Сүхбаатар зангилааны ресторанд үйлчлэгчээр 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдөр орж ажиллаж байгаад 1983 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус рестораны харъяа цайны газарт касс, бэлтгэгчээр 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл анх ажилд орсон болон ажлаас гарсан тушаал хэрэгтэй гэсэн боловч архиваас шүүлгэхэд гарч ирэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн. Хөдөлмөрийн дэвтэрт миний ажилласан талаарх бүрэн бичилт хийгдсэн байгаа. Иймд намайг Улаанбаатар төмөр замын Худалдааны 1 дүгээр конторын харъяа Сүхбаатар зангилааны ресторан, цайны газарт үйлчлэгч, касс, бэлтгэгчээр 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Солонго нь “...намайг Улаанбаатар төмөр замын Худалдааны 1 дүгээр конторын харъяа Сүхбаатар зангилааны ресторан, цайны газарт үйлчлэгч, касс, бэлтгэгчээр 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Д.Солонго нь Улаанбаатар төмөр замын Худалдааны 1 дүгээр конторын харъяа Сүхбаатар зангилааны ресторан, цайны газарт үйлчлэгч, касс, бэлтгэгчээр 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 8-11 талд авагдсан 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажилд орж 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халагдсан тушаалуудын бичилт, Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 608 дугаартай лавлагаагаар Д.Солонгын 1983-1984 онд ажиллаж байсан цалингийн түүвэр, 1983-1985 оны цалингийн тооцооны карт, гэрч Б.Пүрэвсүрэн, Л.Ичинноров, Д.Нарантуяа нарын шүүхэд Д.Солонгын ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Д.Солонгыг Улаанбаатар төмөр замын Худалдааны 1 дүгээр конторын харъяа Сүхбаатар зангилааны ресторан, цайны газарт үйлчлэгч, касс, бэлтгэгчээр 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар дагвадоржийн Солонгыг Улаанбаатар төмөр замын Худалдааны 1 дүгээр конторын харъяа Сүхбаатар зангилааны ресторан, цайны газарт үйлчлэгч, касс, бэлтгэгчээр 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА