Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02157

 

 

 

 

 

 

 

   2023        12          15                                      210/МА2023/02157

 

 

М ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/04207 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Б-д холбогдох,

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.О, хариуцагч Г.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Г.Б- нь М ХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан. 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Г.Б- 00-00 УАС улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн автомашиныг жолоодож явахдаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Амгалан амаржих газрын арын замд 00-00 УАО улсын дугаартай, Субару Форестер /Subaru Forester/ маркийн Т ХХК-ийн өмчлөлийн Г.Х-ын жолоодож явсан автомашиныг болон Амгалан амаржих газрын эзэмшлийн хаягны самбарыг мөргөсний улмаас даатгалын тохиолдол үүссэн. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр  жолооч Г.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн.

А ХХК нь Т ХХК-ийн автомашинд 4,725,000 төгрөг, Амгалан амаржих газарт 2,347,500 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн. М ХК нь Т ХХК-д 3,340,000 төгрөг, Г.Б-д 1,660,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон олгосон тул уг мөнгийг  хариуцагч Г.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зам тээврийн осол болсон бөгөөд замын цагдаад хандан “даатгалаа дуудъя” гэж хэлэхэд “хоёр машин хоёулаа маш их эвдрэлтэй, энд шууд буруутай жолоочийг тогтоох боломжгүй, машинуудыг актлаад, хэн буруутайг нь тогтоосны дараа буруутай жолооч даатгалаа дуудна” гэсэн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 00-00 УАО улсын дугаартай, Субару Фористер /Subaru Forester/ маркийн машины жолооч Г.Х- над руу залгаад “чиний буруу болсон байна, намайг машинаа үнэлүүлээд ир” гэж байна гэж хэлсэн. Замын цагдаагаас өгсөн материалыг М ХК-д өгөхөд даатгалын ажилтан “даатгалаас нь 5,000,000 төгрөг гаргах боломжтой, үлдсэн төлбөрийг та өөрөө төлнө” гэсэн. М ХК-ийн материал бүртгэж авдаг ажилтан “нөхөн төлбөр манайхаас гарах хэдий ч таниас буцаагаад нэхэмжлэнэ” гэсэн тайлбарыг надад огт хэлээгүй.

М ХК-ийн ажилтан надаас чатаар авсан осол болсон үеийн зургийг уг иргэний хэргийн материалд хавсаргаагүй байсан. Ослын дуудлагыг эрх бүхий байгууллага бүртгэж, шалгаж тогтоон М ХК уг хохирлыг төлсөн нь хууль зүйн үндэслэлтэй учраас хохирлыг барагдуулсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Г.Б-аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай М ХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн      7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоосон. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн зорилт, талуудын гэрээний үүргийг буруу дүгнэсэн нь үндэслэлгүй.

Даатгуулагч Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар даатгуулагч “нэн даруй мэдэгдэх” үүргээ биелүүлээгүйгээс М ХК-ийн даатгалын тохиолдлыг баталгаажуулах, ослын газарт үзлэг хийх, учирсан хохиролд даатгуулагчийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх эрх зөрчигдөх нөхцөл байдалд хүргэсэн. Даатгалын тохиолдол нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Амгалан амаржих газрын арын замд болсон. Даатгагч Чулуун овооны журмын хашаанд үзлэгийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр буюу 48 цагийн дараа үзлэг хийсэн. Ослын газарт түргэн шуурхай очиж тус зам тээврийн ослоос үүдэн гарсан хохирлыг бодитоор үзлэг хийж баталгаажуулах даатгагчийн эрхийг хязгаарлагдсан. Өөрөөр хэлбэл, тус зам тээврийн ослын улмаас гарсан бодит хохирлыг баталгаажуулах боломжгүй болгосон гэж үзэхээр байна.

Даатгагч хохирогчийн хохирлыг барагдуулах үүргээ биелүүлсэн тул Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар олгогдсон төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Осол болсон үед би даатгалын компаниа дуудах талаар цагдаагийн албан хаагчид хэлсэн боловч эхлээд зам тээврийн осолд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа буруутай тал нь даатгагчаа дууд гэсэн. Цагдаагийн байгууллагаас намайг зам тээврийн осолд буруутай гэж шийдвэрлэсэн үед би даатгалын компанидаа мэдэгдсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан даатгалын төлбөрт төлсөн 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Зохигчид 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”-ний үүргийг талууд зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар буюу гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор маргасан байна.

 

3. М ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байгаагийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эрх эдэлж, үүргийг хүлээх бөгөөд маргааны талууд шүүхийн өмнө тэгш эрхтэй оролцоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “хэргийн оролцогч бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасан.

 

Гэтэл нэхэмжлэгч талаас даатгалын гэрээг цахимаар байгуулсан гэж тайлбарлан, уг гэрээний хуулбарыг өөрийн байгууллагын “хуулбар үнэн” гэсэн тэмдгээр баталгаажуулан хэрэгт ирүүлсэн байгаа нь дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзнэ./хх 75-77/

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэдэгт мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч хамаарахгүй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байгааг шүүх анхаараагүй байна.

 

5. Иймд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй бичмэл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай заалтыг зөрчсөн байх тул дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/04207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ