Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 409

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа би Т.Замбагын нэхэмжлэлтэй Г.Атарцэцэгт холбогдох “1.470.000 төгрөг гаргуулах“ тухай  иргэний хэргийг 2015 оны 07-р сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                             

Нэхэмжлэгч Т.Замбага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Т.Замбага миний бие нь Зүүнбүрэн суманд ногоо тариалдаг. 2015 оны намар Г.Атарцэцэг нь том сүлжээ сармис 280 ширхэгийг тус бүрийг нь 5.000 төгрөгөөр жижиг боодол сармисыг 500 ширхэгийг тус бүрийг нь 3.000 төгрөгөөр бодож нийт 2.900.000 төгрөгний сармис худалдаж авсан юм. Уг мөнгөнөөс 2015 оны 10 сард 500.000 төгрөг, 11-р сарын 18-нд 150.000 төгрөг, 12-р сарын 04-нд 50.000 төгрөг, 12-р сарын 29-нд 30.000 төгрөг, 02-р сарын 05-нд 300.000 төгрөг, 04-р сарын 15-нд 400.000 төгрөг авсан. Үлдэгдэл 1.470.000 төгрөгийг одоо болтол өгөхгүйгээр намайг залилж хохироож байгаа тул хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.Атарцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: 

Гантөмөр овогтой Атарцэцэг миний бие нь иргэн Т.Замбагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1.470.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сараас эхлэн 2017 оны 02 дугаар сарыг дуустал төлж барагдуулна. Энэ тал дээр маргаан байхгүй гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Замбагын нэхэмжлэлтэй Г.Атарцэцэгт холбогдох   “1.470.000 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийн хариуцагч Г.Атарцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сараас эхлэн 2017 оны 02 дугаар сарыг дуустал төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна. 

Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.470 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19.235 төгрөгийг хариуцагч Г.Атарцэцэгээс, үлдэх тал хувь болох 19.235 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т.Замбагын нэхэмжлэлтэй Г.Атарцэцэгт холбогдох   “1.470.000 төгрөг гаргуулах“-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Г.Атарцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.470 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19.235 төгрөгийг хариуцагч Г.Атарцэцэгээс, үлдэх тал хувь болох 19.235 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Л.СОЁЛМАА