Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч  Хэнтий аймгийн Галшар суманд 1961 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, яс үндэс халх, 55 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторч машинчийн мэргэжилтэй, Хэнтий аймгийн Галшар сумын 5 дугаар “Жаргалант” багт оршин суух, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, /РД:СИ61040211/ Замбага овогт Содномжамцын Нямчүлтэмийн хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Нямчүлтэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

                                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь:   

            Хүсэлт гаргагч С.Нямчүлтэм шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Нямчүлтэм нь Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд 1981 оны 09 сарын 01-ээс 1988 оны 09 сарын 30 хүртэл малчинаар ажилласан. 1989 оны 07 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл “Буянт-Оргил” нэгдэлд тракторын жолоочоор мөн 1995-2008 он хүртэл “Буянт-Оргил” нэгдлийн суурин дээр байгуулагдсан “Буянт-Оргил” ББХКомпанид ба “Буянт-Оргил” Булаг хоршоонд тракторын жолоочоор тасралтгүй ажилласан. Иймд улсад ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

                                                                                                            Ү Н Д Э С Л Э Х нь:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хүсэлт гаргагч: С.Нямчүлтэм нь Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд 1981 оны 09 сарын 01-ээс 1988 оны 09 сарын 30 хүртэл малчинаар ажилласан. 1989 оны 07 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл “Буянт-Оргил” нэгдэлд тракторын жолоочоор мөн 1995-2008 он хүртэл “Буянт-Оргил” нэгдлийн суурин дээр байгуулагдсан “Буянт-Оргил” ББХКомпанид ба “Буянт-Оргил” Булаг хоршоонд тракторын жолоочоор тасралтгүй ажилласан хугацаагаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргагч С.Нямчүлтэмийн 1981 оны 09 дүгээр сарын 01-нээс 1988 оны 09 дүгээр сарын 30 хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчинаар, 1989 оны 07 дугаар сарын 05 наас 1995 оны 01 дүгээр сарын 02 ний өдөр хүртэл Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн архивын тасгаас гаргасан цалингийн тодорхойлолтууд, 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 тоот Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” ХК-ийн захиралын тушаал / ажилд түр томилох тухай/, Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 106 тоот “Ажилд томилох тухай” тушаал,1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мөн сумын нэгдлийн даргын 36 тоот “Ажилд томилох тухай” тушаал, хүсэлт гаргагч С.Нямчүлтэмийн хөдөлмөрийн дэвтэр,1991 оны 01 дүгээр сарын 31 ний өдөр Галшар сумын засаг даргын тамгын газрын 1994 оны сумын аварга хадланч диплом, 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Галшар сумын засаг даргын тамгын газрын С.Нямчүлтэм ахлагчтай хадлангийн механикжуулсан салааны хамт олонд “хадлангийн аварга” салаа цол олгож шагнасан диплом,1993 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөн сумын засаг даргын тамгын газраас өвс хадах төлөвлөгөөг 120 хувиар давуулан биелүүлсэн учир шагнасан диплом, 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Буянт-Оргил нэгдлийн ерөнхий хорооны “Нэгдлийн тэргүүний хадагч “ цол олгосон диплом, 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөн нэгдлийн ерөнхий хорооны “сумын аварга хадланч” цол олгосон диплом, гэрч У.Тодбаяр, Я.Найдансүрэн нарын мэдүүлэг тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.Нямчүлтэмийн Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд 1981 оны 09 сарын 01-ээс 1988 оны 09 сарын 30 хүртэл малчинаар, 1989 оны 07 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл “Буянт-Оргил” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

 Харин хүсэлт гаргагч С.Нямчүлтэмийн 1995-2008 он хүртэл “Буянт-Оргил” нэгдлийн суурин дээр байгуулагдсан Буянт-Оргил ББХКомпанид ба “Буянт-Оргил Булаг” хоршоонд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь: 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс даяар нийгмийн даатгалын системд шилжсэн бөгөөд энэ үеээс эхлэн ажил олгогч нь ажилтанд нийгмийн даатгалын дэвтэр нээж, 1960 оноос хойш төрсөн хүмүүс нь нэрийн данстай болсон бөгөөд Хүсэлт гаргагч С.Нямчүлтэмийн ажиллаж байсан байгууллага нь татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа, уг байгууллагын бичиг хэргийн баримт архивт хадгалагдаж байгаа нөхцөлд хүний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийх, зөвтгөх, засвар оруулах эрх, үүргийг тухайн байгууллага хариуцах ёстой байна. Харин байгууллага энэ үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн иргэн захиргааны хэргийн болон ерөнхий харъяаллын шүүхэд албан тушаалтны хууль бус ажиллагаанд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа болно. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хүсэлт гаргагч С.Нямчүлтэмийн 1995 оноос 2008 он хүртэл “Буянт-Оргил Булаг” хоршоонд ажиллаж байсантай холбоотой нотлох баримт байхгүй тул хүсэлт гаргагч С.Нямчүлтэмийн 1995 оноос 2008 он хүртэл “Буянт-Оргил Булаг” хоршоонд тракторын жолоочоор ажиллаж байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хүсэлт гаргагч С.Нямчүлтэмийг  Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд 1981 оны 09 сарын 01-ээс 1988 оны 09 сарын 30 хүртэл малчинаар,  1989 оны 07 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл Буянт-Оргил нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.2; 116; 118 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Нямчүлтэмийг Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл малчин, 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, 1995 оноос 2008 он хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил Булаг” хоршоонд тракторчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд С.Нямчүлтэмийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                                      ШҮҮГЧ                               С.БАЙГАЛЬМАА