Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 27

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Сартуул овогт Баярмаагийн Төрболд Шүүгдэгч Тугчин овогтой Ша-ын Бо- Хохирогч Маш овогт Чойжилжавын Мө- Шүүгдэгчийн өмгөөлөгч Алаг адуун овогт Эрдэнэбатын Баасандэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорooс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бо-т холбогдох 1823000660006 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймаг Идэр сум Мануустай багт оршин суудаг, урьд Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, мөн Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Тугчин овогт Ша-ын Бо-, /Регистрийн дугаар: ИЖ********/

Шүүгдэгч Ш.Бо- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Тугчин овог Ша-ын Бо- нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Идэр сум Мануустай баг “Хуцын Мухар” гэх газарт хаваржиж байсан иргэн Ч.Мө-ын эзэнгүй байсан монгол гэрийн хаалгаар нэвтрэн орж 19-р зууны үеийн хар болгомол цаасан дээр түвд үсгээр бичсэн гар бичмэл “Алтангэрэл” судар 1 ширхэг, орчин цагт бүтээгдсэн “Алтангэрэлийн хураангуй судар” 1 ширхэг “Доржзодов” судар 1 ширхгийг нууц далд аргаар авсан хэргийн үйл баримт нь судруудаа хулгайд алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ч.Мө-ын “2018 оны 05 дугаар сарын 03-ны ... өглөө 09 цаг өнгөрөөгөөд явсан юм. Гэрийнхээ хаалгыг уяагаар нь гэрийнхээ бүснээс татаж уячихаад явсан...” Тэгээд ...орой 20 цаг өнгөрөөгөөд эхнэрийн хамт гэр рүүгээ явсан... Гэртээ ирээд ...би зул асаах гээд бурхныхаа хажууд очоод шүдэнз авахад манай сударнууд алга болсон байсан... Миний ээжийн эгчээс өвлөгдөж ирсэн хар өнгийн цаасан дээр шар өнгийн металл түвд үсгээр бичсэн “Алтангэрэл” гэдэг судар, орчин үед бүтээгдсэн монгол бичгээр цаасан дээр бичсэн “Алтангэрэлийн хураангуй судар”, “Доржзодов” нэртэй сударнууд байсан... “ гэсэн мэдүүлгээр, хохирогч Ч.Мө-ыг гэрээсээ гарсны дараа тэднийд морьтой хүн ирснийг харсан талаараа мэдүүлсэн гэрч П.Энх-Амгалангийн “... 2018 оны 05 сарын 03-ны өдөр 11 цагийн орчим би малдаа явж байтал нэг морьтой хүн Мө-ын цаад талын уулыг арлаж яваад Мө-ын гэрийн зүүн талаас нь ирээд нэг их удалгүй тэднийхээс гарч баруун урагш давхиад мод руу явж орсон. Би тэр хүнийг холоос харсан тул таньж чадаагүй...” гэсэн мэдүүлгээр, Ш.Бо- алдагдсан Алтангэрэл судрыг аваад хот руу явж байхад нь саатуулсан талаар мэдүүлсэн гэрч М.Цогтбаатарын “2018 оны 05 сарын эхээр машинтайгаа аймгаас Улаанбаатар хот явсан. Замдаа Тосонцэнгэл сумаас 3 хүн аваад цааш явсан. Тэгээд Их-Уул сум дээр цагдаа зогсоогоод миний бичиг баримт болон машины тээш шалгасан юм. Гэтэл миний машинд суусан 3 хүний 1 хүнийх нь авч явсан цүнхнээс 1 судар гараад ирсэн юм. Тэр залууг танихгүй, би юм яриагүй... Цагдаа судрыг задлуулахад би харсан. Гадуураа янз бүрийн өнгийн баринтагтай, түүний дотуур 2 талдаа модон баринтагтай, хар бараан цаасан дээр шаргал өнгийн түвд үсгээр бичсэн судар байсан санагдаж байна... Би өөрийн эзэмшлийн 45-51 УБС улсын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота Приус автомашинтай явсан...” гэсэн мэдүүлгээр дээрх гэрчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Н.Дагданпүрэвсүрэнгийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ч.Мө-ад 7235000 төгрөгийн хохирол учирсан нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны дэргэдэх түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгч Ш.Бо- шүүх хуралдаанд “тэр өдөр Мө-ынд очиход гэр нь цоожгүй онгорхой байсан бугуйл авах гэж тэднийд орсон. Мө-ын гэрт хууль бусаар нэвтрээгүй“ гэж мэдүүлжээ. Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд зааснаар хэн боловч бусдын орон байранд халдах эрхгүй ба өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний байнга оршин суудаг орон байранд нэвтрэх нь хууль бус үйлдэл болно. Шүүгдэгч нь хохирогч Ч.Мө-тай хамт амьдардаггүй бөгөөд хохирогчийн гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрх бүхий этгээд биш байна. Ш.Бо- шүүх хуралдаанд “...Ч.Мө-ад бугуйлаа өгсөн байсан Мө- бугуйлаа ирээд авчихна биз дээ гэсэн учраас гэрт нь орж бугуйлаа авсан. Мөн судрыг хулгайлсан...” гэж мэдүүлж байгаа ч үүнийг Ч.Мө- Ш.Бо-т эзэнгүй үед нэвтэрч орохыг зөвшөөрч зөвшөөрөл олгосон гэж үзэх боломжгүй. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хохирогч Ч.Мө- бусдыг гэртээ оруулахгүй байх, мөн эзэнгүй байгаагаа бусдад мэдэгдэх зорилгоор гэрийнхээ хаалгыг уяагаар уяж явсан ба ийхүү явснаас хойш шүүгдэгч тэднийд нэвтэрч орсон нь гэрч П.Энх-Амгалангийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдын амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгчийн үйлдлийг Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч бусдын орон байранд нэвтэрч хулгай хийгээгүй гэсэн дүгнэлт нь дээрх үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Ш.Бо-ын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэрт нэвтрэн орж эд зүйлийг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ш.Бо-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзлээ. Шүүгдэгч нь Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, мөн Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй учир 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс ялгүй болсон байна. Гэвч шүүгдэгч нь өмнө нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэрэгт 2 удаа шийтгэгдсэн боловч энэ байдалдаа дүгнэлт хийлгүйгээр дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогтой Ша-ын Бо-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ш.Бо-ыг 02 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Бо-т оногдуулсан 02/хоёр/ жил 1 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт хураагдсан 3 ширхэг судрыг хохирогчид буцаан олгосон, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ