| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2019/0028/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 28
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Боржигон овогт Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Тайж овогт Ба-ын Мө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мө-т холбогдох 1923000120021 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Отгон суманд 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Отгон сумын Соёл багт оршин суух хаягтай Тайж овогт Ба-ын Мө-./РД:ИЙ********/
Шүүгдэгч Б.Мө- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг буюу бусдын 1 адууг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Мө- нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний орой Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн нутаг Цагаан бургасны хар чулуу гэдэг газраас бусдын 1 тооны адууг хулгайлан авсан тухайгаа мөрдөн байцаалтын шатанд “...Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний орой Отгон сумд байх гэрээсээ гараад Отгон сумын Соёл багийн нутаг Цагаанбургас гэдэг газарт байгаа үхэр малаа эргэх ажилтай явсан. Цагаанбургас орох гээд явж байхад Цагаанбурасны Хар чулуу гэдэг газарт хүний адуу байхаар нь би тэр адуунаас нэг адуу хулгайлж барьж аваад гаргаж төхөөрөөд махыг нь Улиастай орж мах авч байсан ченжид өгсөн” гэж мэдүүлжээ. Хохирогч Б.Зориг дээрх үйл баримтын талаар мөрдөн байцаалтын шатанд “...Миний адуу Отгон сумын Соёл багийн нутаг Цагаанбургасны Хар чулуу гэдэг газарт байсан. Би өөрийнхөө адууг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр очиж эргэж тойроод бүртгэхэд зөв талын гуяндаа Монгол ба үсэг тамгатай хүрэн морь байхгүй алга болсон байсан. Энэ үеэр хүний адуу мал алга болоод байгаа гэж сонсож байсан болохоор би алдагдчихлаа гэж үзээд цагдаагийн байгууллагад хадсан юм. Миний адуу Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн нутаг Цагаанбургасны хар чулуу гэдэг газраас адуунаасаа алга болсон байсан” гэж мэдүүлсэн байна. Хохирогчийг дээрх цаг хугацаанд 1 морио алдлаа хэмээн сураг тавьж, өөрт нь захиж байсан гэдгийг гэрч Б.Болдбаатар, Б.Мө-аас нэг адууны мах худалдан авсан гэдгийг гэрч Х.Жамъянпүрэвийн мэдүүлэг нотолжээ. Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нотолсон, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мө-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Ийнхүү Б.Мө- бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон учир түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Б.Мө- мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байх тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, өөрт нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна. Шүүгдэгч нь хохирогчид морины үнэ 700000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Б.Зориг гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тайж овогт Ба-ын Мө-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Мө-ыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж энэ хугацаанд түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Мө- тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах журамтай болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Мө-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Мө- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгчийн хөрөнгө болох 1000000 төгрөгний үнэлгээ бүхий 1 тооны адуу/морь/-ны битүүмжлэлийг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ