Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч  Хэнтий аймгийн Галшар суманд 1963 оны 03 дугаар сарын 12-нд төрсөн, эмэгтэй, 53 настай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Булаг багт оршин суух /РД:ЕЭ63031266/ Боржигон овогт Шаравбалдангийн Алтанчимэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

                                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь: 

            Хүсэлт гаргагч Ш.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Алтанчимэг миний бие 1979 оны 07 дугаар сарын 01-ээс 1987 оны 07 сарын 30-ны дуустал Хэнтий аймгийн  Галшар сумын  “Буянт-Оргил” нэгдэлд малчинаар ажилласан юм. Мөн 1991 оны 07 дугаар сарын 14-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл буюу Нийгмийн даатгалын тухай хууль батлагдах хүртэл Галшар сумын Сангийн далай багт /тухайн үеийн бригад/ бага эмчээр, 1995 оны 01 сарын 01-ээс 2016 оны 04 дүгээр сарын 30-ныг дуустал ажилласан. Энэ онд миний бие хөнгөлөлттэй нөхцөлөөр  тэтгэвэр тогтоолгохоор  нийгмийн даатгалын байгууллагад хандсан юм. 1979 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс Буянт-Оргил нэгдэлд илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн ба малчнаар томилсон тушаал нь 1979 оны 12 дугаар сарын 25-нд гарсан юм. Мөн 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс тусгай мэргэжлийн сургуульд суралцахаар  ажлаасаа гарсан бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байгаа юм. Би Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмчийн мэргэжлээр төгсөөд, Галшар сумын Сангийн далай багт багийн эмчээр томилогдон ажилласан юм. Энэ хугацаанд 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацааны цалингийн тодорхойлолт архиваас олдсон /бүрэн бус/ боловч тушаал нь олдохгүй байна. Гэхдээ 1995 оны 01 сарын 01-ээс өмнөх эрүүл мэндийн салбарт эмчээр 3 жил 5 сар, малчнаар 8 жил 8 сар 17 хоног, бүгд 11 жил 8 сар 17 хоногоор тооцсон тухай улсын үзлэгээр баталгаажсан юм. Иймд “Буянт-Оргил” нэгдэлд малчнаар 1979 оны 07 дугаар сарын 01-ээс 1987 оны 07 дугаар сарын 30-ныг дуустал ажилласан 8 жил 8 сар 17 хоног,  Галшар сумын Сангийн далай багт багийн бага эмчээр 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01 хүртэл ажилласан 3 жил 5 сар шимтгэл төлсөн хугацааг тооцож 11 жил 08 сар 17 хоногийн ажилласан хугацааг тооцсон шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ. Хүсэлт гаргагч Ш.Алтанчимэг нь Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд малчнаар 1979 оны 07 дугаар сарын 01-ээс 1987 оны 07 дугаар сарын 30-ныг дуустал,  Галшар сумын Сангийн далай багт багийн бага эмчээр 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01 хүртэл  тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ш.Алтанчимэг нь 1979 оны 07 дугаар сарын 01-нээс 1987 оны 07 дугаар сарын 30-ыг дуустал малчинаар ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн Буянт сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 1979 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажилд томилох тухай тушаал, 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1987 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн Жаргалант бригадын хоньчин, МХЗЭ-ийн илгээлтийн эзэн Шаравбалдан овогтой Алтанчимэгийн ажил байдлын тодорхойлолт, Галшар сумын нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон баярын бичиг, мөн нэгдлийн зөвлөлийн 1982 оны 07 дугаар сарын 11-ний өдөр олгосон баярын бичиг, мөн нэгдлийн зөвлөлийн 1982 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгосон баярын бичиг,1979 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон илгээлтийн эзэн үнэмлэх зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Хүсэлт гаргагч Ш.Алтанчимэгийн 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Галшар сумын Сангийн далай багт бригадын бага эмчээр ажиллаж байсан болох нь 1991 оны 06 дугаар сарын 08-ний өдөр нээсэн 407023 тоот хөдөлмөрийн дэвтэр, Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Ө.Нарантуяа, Л.Батмөнх нарын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд хүсэлт гаргагч Ш.Алтанчимэгийг Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд малчнаар 1979 оны 07 дугаар сарын 01-ээс 1987 оны 07 дугаар сарын 30-ныг дуустал,  Галшар сумын “Сангийн далай” багт багийн бага эмчээр 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01 хүртэл  тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1; 116; 118 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.Алтанчимэгийг Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд малчнаар 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчин, 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын “Сангийн далай” багт багийн бага эмчээр  тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2. Улсын тэмтэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд Ш.Алтанчимэгийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

                                      

 

                                                 ШҮҮГЧ                               С.БАЙГАЛЬМАА