| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0075/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 29
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Боржигон овогт Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Цамба овогт Да-гийн Эр- Шүүгдэгчийн өмгөөлөгч Харчин овогт Энхбатын Долгорсүрэн Хохирогч Алаг адуун овогт Бямбаренчингийн ЧимэдОчирсүрэн Хохирогчийн өмгөөлөгч Нирун овогт Ванчингийн Содномцэрэн Алаг адуун овогт Эрдэнэбатын Баасандэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эр-д холбогдох 1823001020089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4 аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймаг Эрдэнэхайрхан сумын Бага нуур багт оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Цамба овгийн Да-гийн Эр- /Регистрийн дугаар: ИФ********/
Шүүгдэгч Д.Эр- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар мотоцикл жолоодож тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Цамба овогт Да-гийн Эр- нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумаас Алдархаан сумын чиглэлд өөрийн эзэмшлийн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг жолоодож явахдаа Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг Морин туурайн хясаа гэх газар замын тойруу хэсэгт тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүйгээс мотоцикл нь тэнцвэр алдахад зогсоох арга хэмжээ авч чадалгүй замын хажуу руу мотоциклтойгоо унаж, зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Д.Эр-ын хамт зорчиж явсан хохирогч Б.Чи-гийн “... Би Эр-ын мотоциклийн араар нь суусан. Тэгээд хар зам руу ороод хаазалсан чинь юу болж байна гэсэн чинь нөгөөх чинь тормоз гишгэж байх тэр үед би мотоциклоос нь мулт үсрээд хар зам дээр бөгсөөрөө унаад гулгасан. Замын хажууд байсан алаг шонг алцайгаараа мөргөсөн, тэгээд ухаан алдсан байна лээ. Тэр үед Эр- архи уусан байсан. Тэр үед бид 2-ын урдаас ямар нэгэн автомашин гарч ирээгүй...” гэсэн мэдүүлгээр, Д.Эр-ын араас машинтай явж байсан гэрч Н.Пүрэвсүрэнгийн “... ЧимэдОчирсүрэн нь тэр Эр- гэдэг залуугийн мотоциклийн араар нь суусан. Тэгээд миний урд ороод явсан. Би Ганболдтой хамт тэр 2-ын араас явж байсан чинь морин туурайн хясааны хажуугийн зам руу нөгөө 2 чинь мотоциклтойгоо уначихсан. Тэгээд 2-уулаа ухаангүй байсан...“ гэсэн мэдүүлгээр, гэрч Н.Пүрэвсүрэнгийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч С.Ганболдын “.... Тэр залуу мотоциклтой хөдлөх гэж байхад тэр залуугийн араар Чи- сууж, ...мотоцикльтой хүмүүс хөдлөөд бид нар араас нь хөдлөөд явж байсан чинь тэр 2 замын хажуу руу уначихсан байсан. Тэгээд бид нар бууж харсан чинь далангийн доор жолооч мотоциклтойгоо унаад ухаангүй байдалтай толгойноос нь цус гарчихсан нүүр нь шороо болчихсон байсан. Ард нь сууж явсан Чи- нь далангийн налуу хэсэгт эрээн шонгийн доод хэсэгт доошоо харсан байдалтай толгой хэсэг нь замын өсгүүр өөд харчихсан хөдөлж болохгүй байна гээд доошоо харсан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Уг ослын улмаас Б.Чи- нь замын хашлага хэсгийн бетонон шонг бөгсөн хэсгээрээ цохиж, түүний шээсний сүв тасарч, давсаг урагдаж, эрүүл мэндэд нь хүнд зэргийн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8293 дугаартай “ ЧимэдОчирсүрэнгийн биед аарцаг яс зүүн талд сүүжний тогоо руу орсон нийлмэл хугарал, давсагны урагдал, хэвлийн хөндий дэх шингэн хуралт зүүн тавхайн завь хэлбэрийн ясны хугарал, мултрал, цээж, хэвлий, бүсэлхий зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр, Б.ЧимэдОчирсүрэнгийн биед нэмэлт шинжилгээ хийсэн 2019 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 139 дугаартай “... Б.Чи-гийн биед нэмэлтээр шээсний сүвний тасрал гэмтэл нь давсагны урагдал гэмтлээс өөр тусдаа гэмтэл. Шээсний сүвний тасрал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Давсагны урагдал, шээсний сүвний тасрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн газрын лавлагаагаар нотлогдсон байна. Д.Эр- нь тухайн үед согтуугаар мотоцикл жолоодсон нь осол болсны дараа Д.Эр-ын зөвшөөрлөөр түүний цуснаас дээж авсан тэмдэглэл, шүүгдэгчийн цусанд согтууруулах ундаа илэрснийг нотолсон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 201840060 дугаартай “Иргэн Д.Эр-ын гэх цусанд химийн шинжилгээгээр 2.4 промиль илэрлээ. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Д.Эр-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг мөн тус хуульд түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн болон 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсгийн “а”- д заасан жолоочид ... согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ... тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж согтуугаар мотоцикл жолоодсон, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол болсон нь Завхан аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Ц.Эр-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.7 дахь хэсгийн “а”, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч Ц.Эр- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардлаас 5902240 төгрөгийг төлсөн нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 223 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Б.Чи-д мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна. Хохирогч шүүх хуралдаанд өмнө гарсан эмчилгээний зардал 5781400 төгрөг, цаашид хагалгаанд орох зардал 8300000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдасны нөхөн төлбөр сар бүр 145000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн үнэлж дүгнэж дараах зардлууд нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ. Үүнд: Хохирогч Улаанбаатар хот руу эмчилгээнд явахдаа нийт 1007100 төгрөгийг, мөн эмч Загдбазарыг Улаанбаатар хот руу авч явахад 347100 төгрөг төлсөн нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0060188, 0060189 дугаартай Хүнни Айр ХХК-ны бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээний төлбөрт 312420 төгрөг төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримтаар томографийн шинжилгээнд 240000 төгрөг төлсөн нь 2018 оны 06 дугаар сарын 26- ны өдрийн төлбөрт үйлчилгээний тасалбараар, Улиастайгаас Улаанбаатар, Улаанбаатараас Улиастай хүртэл унааны зардалд 102000 төгрөг төлсөн нь зорчих эрхийн тасалбараар, гэмтлийн улмаас “Үе залгамжлагч” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 300000 төгрөг төлсөн нь эмнэлгийн тодорхойлолтоор, Сонгдо эмнэлгийн эмчид үзүүлэхэд 25000 төгрөг төлсөн нь төлбөр тооцооны зардлын баримтаар тус тус тогтоогдож байх тул дээрх зардлуудыг шүүгдэгч хохирогчид нөхөн төлөх үндэстэй байна. Мөн хохирогч Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байх цаг хугацаатай тохирч байгаа гэмтэл согог судлалын үндэсний төвийн зарлагын баримтуудаар нотлогдсон хагалгааны үнэ 60132 төгрөг, эм тарианы зардал 3600 төгрөг, 2900 төгрөг наалтны үнэ 1400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хохирогч эмчилгээний зайлшгүй гарах зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй ба хохирогчид шээсний сүвний тасрал гэмтэл учирсан энэ нь шээсний сувгийн хагалгаанд орж эмчлэгдэх зайлшгүй шаардлагатай. Уг эмчилгээг хийлгэхэд 8300000 төгрөгийн зардал гарах нь Сонгдо эмнэлгийн нэхэмжлэхээр тогтоогдож байх тул 8300000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчээс өмнө гарсан нотлох баримтаар тогтоогдсон 2416702 төгрөгийн зардал, хагалгаанд орох зайлшгүй зардал 8300000 нийт 10716702 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Энэ зардлаас шүүгдэгч нийт 5902240 төгрөгийг төлсөн учир гаргуулах зардлаас хасч нийт 4814462 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч 4814462 төгрөгийн хохирлыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Хохирогчийн өмгөөлөгч Б.Чи- хөдөлмөрийн чадвараа алдсны улмаас цаашид хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон учир тэтгэмж сар бүр 145000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тооцоолол хийх шаардлагатай тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй байна. Иймд сар бүр тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна. Түүнчлэн хохирогч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй дурьдах нь зүйтэй гэж үзлээ. Шүүх Ц.Эр-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал 5902240 төгрөгийг төлсөн, шүүхийн шийдвэрээр гарсан зардлыг нөхөн төлөхөө бодитой илэрхийлснийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ” хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн учир эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзнэ үү “ гэж байгаа ч гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн энэ дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Зам тээврийн ослын улмаас шүүгдэгчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 201820157 дугаартай дүгнэлтээр тогтоогддог ба шүүгдэгч нь цаашид эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь амбулаториар эмчлүүлэгчийн картаар нотлогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гарсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлсэн, шүүгдэгч цаашид эмчлүүлэх шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Шүүгдэгч хохирол төлөхөө илэрхийлсэн учир шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Цамба овогт Да-гийн Эр-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3- д зааснаар Д.Эр-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд Д.Эр- нь оршин суух, газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хориглосон хязгаарлалтыг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Эр-д анхааруулсугай.
5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эр-ас 4814462 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Чи-д олгож, иргэний нэхэмжлэлээс сар бүр 145000 төгрөгийг тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хохирогч Б.Чи-д 4814462 төгрөгийн хохирлыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Эр-д даалгасугай.
8. Шүүгдэгчийн эзэмшлийн Dayun маркийн, улаан өнгөтэй, улсын дугаар бичиг баримтгүй мотоциклийг битүүмжилсэн 2018 оны 09 сарын 26-ны өдрийн 5/69 тоот прокурорын тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
9. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч эмчилгээний зардал болон сар бүр 145000 төгрөгийн тэтгэмж гаргуулах шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, эрхтэй болохыг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ