Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 155

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Б.Чинзоригийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Туулд холбогдох барааны үнэ 195000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

           Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 51-р байрны 32 тоотод оршин суух Навчит овогт Бэх-Очирын Чинзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Туул нь 2015 оны 05 сарын 24-ний өдөр манай дэлгүүрээс 195000 төгрөгний үнэтэй хувцас зээлээр худалдаж аваад одоо болтол мөнгийг нь өгөөгүй байна. Иймд Х.Туулаас барааны үнэ 195000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 47-р байрны 28 тоотод оршин суух СЮ71102666 регистрийн дугаартай Боржигин овогт Хүүхэнхүүгийн Туул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Х.Туул нь 2015 оны 05 сарын 24-ний өдөр 195000 төгрөгний бараа зээлээр авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах зүйлгүй. Б.Чинзоригийн нэхэмжилсэн 195000 төгрөгийг 2016 оны 07 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

 

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 

 Нэхэмжлэгч Б.Чинзориг нь хариуцагч Х.Туулаас барааны үнэ 195000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Чинзориг нь хариуцагч Х.Туулаас барааны үнэ 195000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Туул нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох барааны үнэ 195000 төгрөгийг 2016 оны 07 сарын 10-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч Х.Туул нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох барааны үнэ 195000  төгрөгийг 2016 оны 07 сарын 10-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1.Нэхэмжлэгч Б.Чинзоригийн нэхэмжилсэн барааны үнэ 195000 /нэг зуун ерэн таван мянган/ төгрөгийг хариуцагч Х.Туул нь 2016 оны 07 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Чинзоригийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6500 төгрөгний тал хувь болох 3250 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 3250 төгрөгийг, хариуцагч Х.Туулаас улсын тэмдэгтийн хураамж 3250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Чинзоригт олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Туул нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                М.ЭНХМАНДАХ