Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 224/МА2023/00025

 

 

 

 

 

 

 

2023       12          19                                        224/МА2023/00025

 

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн

Засаг даргын Тамгын газарт холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00456 дугаар шийдвэртэй,

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,173 төгрөг нийт 4,909,206 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын  гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлага: Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,173 төгрөг, нийт 4,909,206 төгрөг гаргуулах.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  Миний бие 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн албанд 11.3 жил ажиллаж байгаа. Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болор-Эрдэнэ нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалаар бусад бүх албан хаагчдын цалингийн нэмэгдлийг журмын дагуу нэмэгдүүлсэн боловч ганцхан миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлэхгүй шийдвэр гаргасан байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтад зааснаар 11-15 жил /121-180 сар/ ажилласан бол 10 хувь нэмэгдүүлэхээр  байна.   

Б.Ч миний бие Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байтал 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн.  Ингээд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан.

Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан ур чадварын нэмэгдлийг сар бүр олгохгүйгээр дордуулсан шийдвэр гаргасан.

Иймд 2022 оны 6-12 сар, 2023 оны 1-2 саруудын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /5 хувь/  403,173 төгрөг, 2022 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулалд нийт 612,012 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2022 оны 1-12 сар, 2023 оны 1-2 саруудын ур чадварын /25 хувь/ нэмэгдэл нийт 3,894,009 төгрөг, нийт 4,909,206 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Б.Чийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэхүү журмын 02 дахь хэсэгт төрийн алба хаасан хугацаанаас хамааран албан тушаалын цалингаас бодох хувь хэмжээг тогтоож өгсөн. Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг журамласан байна. Иймээс нэхэмжлэгчийн 2022 онд ажилласан хугацааны төрийн алба хаасны нэмэгдлийг 10 хувиар тооцоолж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Ур чадварын нэмэгдлийн тухайд хүний нөөцөөс улирлаар болон сараар хийсэн ажлын тайланг үнэлүүлж түүнийг үндэслэн олгодог. Гэтэл хүний нөөцөд Б.Чийн өгсөн ямар нэгэн тайлан болон бичгийн баримт байдаггүй. Иймд төрийн алба  хаасан хугацааны нэмэгдэл нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй юм. Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журамд төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх, санаачлагыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгоход мөн энэ журмыг мөрдөнө.

Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэхээр заасан. Гэтэл Б.Ч нь төрийн алба хаагчийн хувьд ажил үүргээ хангалтай сайн биелүүлдэггүй, хийсэн ажлын гүйцэтгэл, тайлангаа дээд шатны албан тушаалтанд танилцуулж, ажлын үр дүнгээ үнэлүүлж байгаагүй учраас ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн болно” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00456 дугаар шийдвэрээр:

           - Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2,157,779 төгрөгийг тус тус хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Чид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ур чадварын нэмэгдэл 1,736,230 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

            - Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ч-ийн 2022 оны 1, 2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож,

           - Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,447 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Чид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 55,925 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00456 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасныг баримтлан дараах байдлаар гомдол гаргаж байна.

 Ур чадварын нэмэгдлийн тухайд Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний алба хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын зааснаар зохицуулагдах бөгөөд тус журмын 2 дахь заалтад “Төрийн үйлчилгээний алба хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ”, мөн журмын 4 дэх заалтад “энэ журмыг үндэслэн тухайн салбар, мэргэжлийн онцлогийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтоон” гэж тус тус заажээ.

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс өөрийгөө 25 хувийн ур чадварын нэмэгдэл авах ёстой гэж үзсэн нь ямар шалгуур үзүүлэлтээр, хэрхэн тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна.

         Хөдөлмөрийн тухайн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 2.5-т “...улирал бүр төлөвлөгөөний биелэлтийн явцыг дүгнэж тайлагнах”, 2.5-д “...эрхэлсэн ажлын бодит үр дүн, шинээр санаачилж хэрэгжүүлсэн ажил, боловсруулсан бодлого, шийдвэрлэсэн асуудал, эдийн засгийн үр ашгийг харгалзан” гэж заасны дагуу ур чадварын нэмэгдлийг олгоогүй тул Б.Чид ур чадварын нэмэгдэл 2,157,779.25 төгрөг олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар тушаалаар тус байгууллагын төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг шинэчлэн тогтоохдоо ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар тус шийдвэрт заасан хэмээн үзэж нэхэмжлэгч Б.Чийн ур чадварын нэмэгдлийг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны 1,736,230 төгрөгийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Тус тушаалд нэр заагдсан төрийн үйлчилгээний 37 албан хаагч байгаагаас 36 ажилтнууд өнөөдрийг хүртэл Засгийн газрын 2018 оны 382 дугаар сарын тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 3 дахь заалтаар 10-25 хувиар ур чадварын нэмэгдэл авч байгаа билээ. Гэтэл төрийн хууль, журам, тогтоол шийдвэр 1 хүнд хэрэгжихгүй байгаад гомдолтой байна.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон ур чадварын нэмэгдэл 1,736,230 төгрөг нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байна” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ур чадварын нэмэгдэл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/02 тоот “цалин шинэчлэн батлах” тухай тушаалаар Б.Чийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 11 хувиар тогтоосон. Б.Ч-ийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 тоот тушаалаар ажилд нь эргүүлэн тогтоосон. Мөн 2023 оны 3 дугаар сарын Б/23 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ур чадварын нэмэгдлийн асуудлыг ярихдаа 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52, 2021 оны Б/06 тоот тушаалуудыг дурдсан. 2022 оны А/52 тоот тушаалаар бүх ажилчдын ур чадварын нэмэгдлийг тусгаагүй. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “цалин шинэчлэн батлах” тухай тогтоолд ур чадварын нэмэгдлийг тусгаагүй, бусад нэмэгдэл буюу төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгосон.

Ур чадварын нэмэгдлийг засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын дагуу тодорхой шалгуур үзүүлэлт, хийсэн ажлын үр дүн, хийсэн ажлын тайланг үнэлж 10-25 хувиар тооцож олгодог. Харин ажил хийж байгаа хүн бүрд ур чадварын нэмэгдэл олгодоггүй. Иймд нэхэмжлэгчийн ур чадварын нэмэгдэл нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ур чадварын нэмэгдлийг засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад зааснаар төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ гэж заасан. Уг тогтоолд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “цалин шинэчлэн батлах” тухай тушаалдаа ур чадварын нэмэгдлийг олгохоор тусгаагүй.

2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн Б/06 тоот тушаал нь одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж хэлсэн. Өмнө нь гарсан тушаалыг хүчингүй болгоогүй нь дараагийн тушаалаа үгүйсгэх нөхцөл байдал болохгүй гэж дүгнэж байна” гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас 4.909.000 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 21-ний А/52 тоот тушаалыг эс зөвшөөрч урамшуулал олгохгүй байгаа талаар мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх, тайлбар гаргах эрхийг хангаагүй гэж үзэж байна.

Шүүхээс хийсэн тайлбарт хэрэгт авагдсан “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудын цалин хөлсийг шинэчлэн тогтоосон байх бөгөөд зөвхөн нэхэмжлэгч Б.Чид ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар шийдвэрлэсэн бус, тус байгууллагын нийт төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар шийдвэрлэжээ” гэсэн байна.

Энэ шийдвэрээс үзэхэд ур чадварын нэмэгдэл гэсэн нэг хүснэгтэн багана байхгүй байна. Уг нэмэгдлийг нийт төрийн албан хаагчдад бус нэхэмжлэгч Чид олгохгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн Б/06 тоот тушаал нь өмнөх ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан С.Батжаргалын “цалин хөлс шинэчлэн тогтоох” тухай тушаал байсан. Уг тушаал нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалыг гаргахдаа 2020 оны Б/06 тоот тушаалыг хүчингүй болгоогүй. Ийм учраас уг тушаалыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж ур чадварын нэмэгдлийг нэхэмжилсэн.

Гэтэл шүүгч 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалд ур чадварын нэмэгдэл гэсэн багана байхгүй байгаа нийт төрийн албан хаагчдад олгохгүй байгаа мэтээр нотлох баримтаа шинжлэн судалж тайлбарласан.

 Би Төрийн аудитын газарт ур чадварын нэмэгдэл олгож байгаа эсэхийг шалгаж өгнө үү гэх гомдол гаргасан. Төрийн аудитын газраас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 424 тоот албан бичгээр гомдлын хариуг ирүүлсэн. Уг албан бичигт аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны А/52, 2023 оны 02 тоот тушаалд ур чадварын нэмэгдэл тусгаагүй, уг тушаалуудын дагуу ямар нэгэн нэмэгдэл олгоогүй байна. Аймгийн ЗДТГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн Б/06 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар төрийн үйлчилгээний 28 ажилтанд ур чадварын нэмэгдлийг 10-25 хувиар тооцож олгох шийдвэр гарснаас хойш нэмэгдлийн хувь хэмжээнд тухай бүр өөрчлөлтийг хийсэн. 2022 оны 6 сараас хойш аймгийн ЗДТГ-ын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар 1 ажилтан, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар 8 ажилтан, 2023 оны 10 дугаар сарын 24-ний Б/74 дүгээр тушаалаар 6 ажилтанд 10-25 хувиар тус тус тооцож ур чадварын нэмэгдлийг олгосон.

 Аймгийн Засаг даргын тамгын газрын нийтлэг үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл авч байна. 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байна. Уг тушаалыг хүчингүй болгосон ямар ч шийдвэр гараагүй байна. Энэ тушаалын дараа гарсан тушаал нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тушаал байгаа. Энэ тушаалаараа өмнөх тушаалаа хүчингүй болгоогүй учраас төрийн албан хаагчид ур чадварын нэмэгдлээ авч байгаа. Тухайн үед Б.Ч нь ур чадварын нэмэгдлийг 25 хувиар авч байсан учраас 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 сар хүртэлх хугацааны 1736.230 төгрөгийг нэхэмжилсэн. Ийм учраас анхан шатны шүүхэд мэтгэлцэх, тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

                                   ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 152/ШШ2023/00456 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.Ч  нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан

- 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны  төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 134.391 төгрөг,

- 2022 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 612.024 төгрөг,

- 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл 2.550.093 төгрөг, нийт 3.296.508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан,

 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ч  нэхэмжлэлийн шаардлагаа :

- 2022 оны 9,10,11,12 дугаар сар, 2023 оны 1, 2 дугаар сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 268.782 төгрөг,

- 2022 оны 9,10,11,12 дугаар сар, 2023 оны 1, 2 сарын ур чадварын нэмэгдэл  1.343.916 төгрөг, нийт 1.612.698 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас  нийт 4.909.206 төгрөг гаргуулахаар  шаарджээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2.263.644 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч уг нэмэгдүүлсэн шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзсан байна.

3. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын  дарга Г.Болор-Эрдэнэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан байна.

           4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403.173 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2.157.779 төгрөгийг тус тус  хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Б.Чид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ур чадварын нэмэгдэл 1.736.230 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чийн 2022 оны 1,2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

           5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

          6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасан байх ба уг гомдлуудыг хангах хуульзүйн үндэслэлгүй байна.

           6.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Ч-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын  ажлаас чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий  нэхэмжлэл гаргасныг иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 152/ШШ2021/00151дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон байна.

 Нэхэмжлэгч Б.Ч-ийг урьд эрхэлж байсан ажилд  эгүүлэн тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 152/ШШ2021/00151 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч уг шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Б.Чийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “ энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцлийг өөрчилж болно” гэж заасан ба Б.Чийг дээрх хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан үндэслэлээр буюу шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажил олгогч нь Б.Ч-ийг ажилд эгүүлэн томилохдоо түүнтэй өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцлийг дордуулахгүйгээр сэргээх үүрэгтэй.

Гэтэл ажил олгогч буюу хариуцагч тал Б.Чийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээж, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохдоо түүний өмнө авч байсан цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, албан тушаалын сарын үндсэн цалингийн 25 хувиар тогтоосон байсан ур чадварын нэмэгдлийг хасаж, цалинг тогтоосон нь хуульзүйн үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ. 

         Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сар дуусталх хугацаанд буюу Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох хүртэлх 11 сарын хугацааны ур чадварын нэмэгдлийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн цалингаас 25 хувиар тооцож, нэхэмжлэгчид 2.157.779 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд дээрх хугацааны ур чадварын нэмэгдлийг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй талаар  гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдсан гомдлын үндэслэлээ: “ нэхэмжлэгч өөрийгөө 25 хувийн ур чадварын нэмэгдэл авах ёстой гэж үзсэн нь  ямар шалгуур үзүүлэлтээр, хэрхэн тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасны дагуу байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар улирал бүр төлөвлөгөөний биелэлтийг  тайлагнах явцад  эрхэлсэн ажлын бодит үр дүнг харгалзан  ур чадварын нэмэгдлийг олгодог бөгөөд дээрхи үзүүлэлтийг баримтлан Б.Чид ур чадварын нэмэгдэл олгоогүй” гэж тайлбарлан маргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэхүү гомдлын үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

 Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвхи санаачилгыг нь дэмжиж үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгодог ба тухайн ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох эсэх, хэдэн хувиар олгох нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн эрх хэмжээний  асуудал боловч шүүхээс нэхэмжлэгч Б.Ч-д ур чадварын нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн хугацааны буюу  2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сар дуусталх хугацааны ур чадварын нэмэгдэл нь ажил олгогчийн хууль бус шийдвэрийн үр дагавартай шалтгаант холбоотой тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй  болно.

       6.2. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-гийн  ” ...анхан шатны шүүх Б.Чид  2022 оны 6 дугаар сарын 1-ээс 2023 оны 2 дугаар сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл  1.736.230 төгрөгийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Засаг даргын тамгын газрын бүх ажилчид ур чадварын нэмэгдэл авч байхад зөвхөн Б.Чид олгохгүй байгаад гомдолтой байгаа тул ур чадварын нэмэгдэл 1.736.230 төгрөгийг гаргуулж өгнө үү “ гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.Учир нь:

Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т: ” ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно” гэж заасан ба Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох” нийтлэг журмыг баталсан бөгөөд журмын 2 дугаар зүйлд Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэхээр заасан. Өөрөөр хэлбэл, ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг тухайн ажилтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэхээр тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар тушаалаар Засаг даргын тамгын газрын болон Нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээг   шинэчлэн тогтоосон байх бөгөөд тус тушаалаар ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгоогүй байх тул  эрх бүхий этгээдийн дээрхи шийдвэрийг шүүхээс буруутгах боломжгүй байна.

         Нөгөөтэйгүүр, ур чадварын нэмэгдэл олгох тухай журамд зааснаар ажил олгогч нь ур чадварын нэмэгдэл олгох болзол, шалгуур үзүүлэлтийг хангасан ажилтанд 25 хүртэл хувиар нэмэгдэл олгох бөгөөд нэхэмжлэгч Б.Ч нь  ажлаа тайлагнаж дүгнүүлсэн эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул ур чадварын нэмэгдлийг шүүх санаачилгаараа тооцож олгох боломжгүй юм.

Зохигчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, тайлангаа  ажил олгогчид тайлагнасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

       7. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг төрд ажилласан хугацаанаас хамааран албан тушаалын үндсэн цалингийн хувиар тооцон авах эрхтэй ба нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 403.173 төгрөг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба талууд энэ талаар гомдол гаргаагүй байна.

        8. Харин  нэхэмжлэгчийн  “2022 оны 1, 2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгийн урамшуулал 612.000 төгрөг гаргуулах” шаардлагын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд үйл ажиллагааны үр дүнг үнэлж, урамшуулал олгох эсэхийг  Засаг даргын Тамгын газарт үүрэг  болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн энэ заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг буюу үр дүнгийн урамшуулал 612.000 төгрөг гаргуулах шаардлага нь нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрийн 1 дүгээр заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

         Аливаа шагнал, урамшуулал гэдэг нь ажилтан, албан хаагчийн ажлын үр дүн, эсхүл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь, нэмэр, хүчин чармайлтыг ажил олгогчоос үнэлэн хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актаар тогтоосон журмыг баримтлан олгож буй нэг удаагийн мөнгөн урамшуулалд хамаарах бөгөөд ажилтанд урамшуулах олгох эсэх асуудал нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах тул шүүхээс ажилтанд  үр дүнгийн урамшуулал олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг ажил олгогчид үүрэг болгосон нь үндэслэлгүй байх тул шийдвэрийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

         9. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 42,730 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 49,474 төгрөгийг тус тус  төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

          Иргэний хэрэг шүүхэд шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152/ШШ2023/00456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын: ур чадварын нэмэгдэл 1,736,230 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ур чадварын нэмэгдэл 1,736,230 төгрөг, үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, нийт 2,348,254 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

шийдвэрийг 2 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-гийн 42,730 /дөчин хоёр мянга долоон зуун гуч/ төгрөг, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 49,474/дөчин есөн мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.АЛТАН

                         ШҮҮГЧИД                                            Д.ЖАМБАЛСҮРЭН

 Н.МӨНХЖАРГАЛ