Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 158

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан

Хариуцагч Д.Наранцэцэг нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Л-65-р байрны 01 тоотод оршин суух, ЖЬ74092169 регистрийн дугаартай Боржигон овогт Дашдоржийн Содгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх 1-р хороо 55-р байрны 22 тоотод оршин суух СФ71050106 регистрийн дугаартай Номтынхон овогт Доржийн Наранцэцэгт холбогдох Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх 1 дүгээр хороо 55-р байрны 22 тоот орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2016 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                                          Т  О Д О Р Х О Й Л О Х  нь:

Нэхэмжлэгч Д.Содгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Содгэрэл манайх буюу миний аав Буяндэлгэрийн Дашдоржийнх гэдэг айл Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх  55 дугаар байрны 22 тоотод 10 гаруй жил амьдарч төрөөс орон сууц хувьчлах шийдвэр гарсны дагуу уг байраа хувьчлан авч улсын бүртгэлд Ү-1814000282 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан юм. Тухайн гэрчилгээг олгохдоо өмчлөгчөөр Буяндэлгэрийн Дашдорж (СФ54041714), Рагчаагийн Мөнгөнцэцэг (СФ50071107), Дашдоржийн Зоригтбаатар (СФ81052611), Дашдоржийн Баярбаатар (СФ95071116), Дашдоржийн Одгэрэл (СФ91072121), Дашдоржийн Билэгбаатар (СФ86020317), Дашдоржийн Хатанбаатар (СФ83111210), Дашдоржийн Содгэрэл (ЖЬ74092169) гэсэн манай гэр бүлийнхэн маань бүртгэгдсэн юм. Манай аав Б.Дашдорж нь Намсрайн Мөнхбат гэдэг хүнтэй өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр амаар ярилцаж байгаад уг байраа өгсөн байсан бөгөөд манай байр хүн хүн дамжиж явсаар байгаад одоо Батноров сумын 7 дугаар баг Бэрх 55 дугаар байрны 22 тоотод Доржийн Наранцэцэг гэдэг айл амьдарч байна. Өмчлөгч бид ярилцаж өөрсдийн багаас өссөн төрсөн гал голомтоо ингэж хууль бусаар алдахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэхүү байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь бидний нэр дээр хууль ёсоор байсаар байтал өөр хүмүүс хууль бусаар орон сууцанд амьдарч байгаа нь өмчлөгч бидний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх 55 дугаар байрны 22 тоот үл хөдлөх хөрөнгийг Д.Наранцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Ү-1814000282 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү” гэжээ. /хх-ийн 1/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Содгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б.Дашдорж гэр бүлийн гишүүдийн хамт уг байранд амьдарч байсан. Өмч хувьчлалаар уг байрыг хувьчилж авсан. 2002 онд Ү-1814001370 тоот гэрчилгээг гаргуулж авсан. Б.Дашдорж нь 2004 оноос эхнэр Р.Мөнгөнцэцэгээс салж тусдаа амьдарч байгаа. Р.Мөнгөнцэцэг нь хүүхдүүдээ аваад Хэнтий аймгийн төв рүү шилжсэн. Б.Дашдорж нь гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүй уг байрыг Н.Мөнхбатад зарсан. Б.Дашдорж гуайг байраа зарсан талаар 2007 онд нэхэмжлэгч Д.Содгэрэл мэдсэн байсан. Тэгээд байраа зарахгүй, зарсан ч зах зээлийн ханшаар зарна гэдгээ хариуцагч Д.Наранцэцэгт мэдэгдсэн байсан. Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх 55 дугаар байрны 22 тоотод 10 гаруй жил амьдарч төрөөс орон сууц хувьчлах шийдвэр гарсны дагуу уг байраа хувьчлан авч улсын бүртгэлд Ү-1814000282 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. Тухайн гэрчилгээг олгохдоо өмчлөгчөөр Буяндэлгэрийн Дашдорж, Рагчаагийн Мөнгөнцэцэг, Дашдоржийн Зоригтбаатар, Дашдоржийн Баярбаатар, Дашдоржийн Одгэрэл, Дашдоржийн Билэгбаатар, Дашдоржийн Хатанбаатар, Дашдоржийн Содгэрэл нар бүртгэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1814000282 дугаартай гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Уг байрны гэрчилгээ Д.Наранцэцэг гэх хүнд байсан бөгөөд уг гэрчилгээг Д.Наранцэцэг нь шүүх хуралдаан дээр авчирсны дагуу үзэхэд уг гэрчилгээ 2008 оны 11 дүгээр сарын 14-ний №168 дугаартай улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар хүчингүй болсон Ү-1814001370 дугаартай хуучин гэрчилгээ байх тул анх гаргасан Ү-1814000282 гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх 55 дугаар байрны 22 тоот үл хөдлөх хөрөнгийг Д.Наранцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “2007 онд буюу одоогоос 8 жилийн өмнө Бэрхийн 55 дугаар байрны 22 тоот 2 өрөө байрыг  Н.Мөнхбат гэдэг хүнээс 550000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед бүх хүний мэдлэг боловсрол дутуугаас өгсөн авсан нь хоорондоо уг байрны бичиг болох ордерыг солилцдог байсан. Энэ 8 жилд Дашдорж гуайд олон удаа ордероо солиулъя гэж очсон. Би бол бэлэн гээд аймгийн үл хөдлөх дээр очиж хэлсэн боловч заавал бусад  хүүхдүүдийн гарын үсэг, бичиг баримтын хуулбар хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Охин Содгэрэл дээр бас жил болгон очдог байсан. 550000 төгрөгөөр авсан. Тухайн  үед 1000000 төгрөг нэхсэн. Дараа жил нь эсгий гэр нэхсэн. Өнгөрсөн жил 5 сая төгрөг нэхсэн. Би энэ хугацаанд байрандаа 2 удаа засвар хийсэн. Хөлдөлт Бэрхэд болоход бүх паар хөлдөж халаалт, усны болон сангийн зүйлийг бүрэн сольсон. Халаалтын төлбөрийг 2 ч удаа шүүхээр албадан төлүүлсэн. Одоо ч 450000 төгрөгний төлбөртэй. Бэрхэд 2000 оноос өмнө бараг хаяад явсан олон хүн эргэж 10 гаран жилийн дараа шүүхдээд л авдаг болсон зуршил тогтсон учраас халаалт болон бусад зүйлийг төлөхөд хэцүү дотор нь амьдрахад айдастай болсон. 2004 оны хавар Б.Дашдоржоос Бэрх хотын 1-р хороо 55 дугаар байрны 22 тоот 2 өрөө байрыг манай хамаатан Н.Мөнхбат нь 550000 төгрөгөөр худалдаж аваад байхад нь би удалгүй мөн үнээр нь Мөнхбатаас худалдаж авсан. Тухайн үед Дашдорж нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн өөрийнхөө иргэний үнэмлэхний хуулбарыг баталгаа болгож өгсөн. Би эхний удаа Дашдорж гуайтай эд хөрөнгийн бүртгэлийн газар очиход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт өгсөн. Гэтэл Дашдорж гуайн охин Содгэрэл нь 1 сая төгрөг нэмж өгвөл таны нэр дээр шилжүүлж болно гэж хэлсэн. Би үүнийг зөвшөөрөөгүй, надад боломж байгаагүй. Мөн тэр үед Бэрх хотын орон сууцууд 1000000 төгрөг хүрэхгүйгээр үнэ ханштай байсан. Мөн 1 жилийн дараа дахиж би өөрийн нэр дээр гэрчилгээг нь шилжүүлье гэхэд 1 эсгий гэр нэмж өг гэсэн. Гэр 2500000 төгрөгийн үнэтэй байсан. Орон сууц мөн л ийм үнэд хүрээгүй байсан. Дараа жил нь 5000000 төгрөг өг гэж Содгэрэл надад утсаар хэлсэн. Ийм байдлаар уг орон сууцыг өмчлөх эрхийг би нэр дээрээ шилжүүлж чадахгүй өнөөдрийг хүргэсэн. Дашдорж гуай би худалдсан юм чинь хүүхдүүдэд хамаагүй гэж байсан. Би уг орон сууцанд 11 жил амьдарч байна. Энэ хугацаанд 2 удаа их засвар хийсэн. Халаалт, гэрэл цахилгааны мөнгийг би тасралтгүй төлсөөр ирсэн. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /хх-ийн 50-53, 82-83/

Хариуцагч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх энэ байрыг 2007 онд аваад одоог хүртэл амьдарч байна. Энэ байранд төрсөн хүүхэд маань одоо 9 настай хүүхэд байгаа. Энэ бүх хугацаанд байрны халаалт дулаан, ус цахилгаан, хог гэх мэт бүхий л зардлыг төлсөөр ирсэн. Гэрчээр Б.Дашдорж, Н.Мөнхбат нарыг оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байсан. Шүүх хуралдаанд эдгээр гэрч нар ирээгүй тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна. Уг байрыг Н.Мөнхбатаас худалдаж авахад байрны өмчлөгч нь Б.Дашдоржийнх гэдгийг мэдээгүй. Н.Мөнхбат надад 550000 төгрөгөөр байраа зараад мөнгөө авчихаад байрны ордерийг надад авчирч өгөхөд уг байр Б.Дашдоржийн байр гэдгийг мэдсэн. Тэгээд би Б.Дашдоржийн охин Д.Содгэрэлд байрны гэрчилгээг солиулах талаар хэлсэн. Б.Дашдоржийн эхнэр Р.Мөнгөнцэцэгт мөн хэлж байсан. Гэрчилгээ солиулахад мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхэд би мөнгө төгрөг өгч байсан. 2008 онд Д.Содгэрэлтэй уулзсан. Тэгэхэд 1 сая төгрөг өг тэгвэл байрны чинь гэрчилгээг солиулж өгнө гэж хэлсэн. Дараа жил нь эсгий гэр өг гэсэн. Эсгий гэр тухайн үед 2500000 төгрөгний үнэтэй байсан. Сүүлдээ 5 сая төгрөг өг гэж хэлдэг болсон. Би өгч чадахгүй гэж хэлсэн. Уг байранд би 2 удаа засвар хийсэн. 2011 онд Бэрхийн бүх байр хөлдөж, халаалтгүй болсон тул бүх паар болон шугамыг сольсон. 2004 онд Б.Дашдоржтой уг байрыг худалдаж авах талаар ярьж байсан. Тэр үед гэрчилгээ яаж солих талаар ярьж байгаад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар очиж бүрдүүлэх материалын жагсаалтыг авч байсан. Би байрны засварын хөлс 2 сая төгрөг өгвөл би байрыг нь суллаж өгч болно гэж хэлж байсан. Үүнийг Д.Содгэрэл хүлээн зөвшөөрөөгүй. Уг байрны үнэлгээ улсын бүртгэлийн гэрчилгээнд 3480000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Хөрөнгийн үнэлгээний Дамно компанийн үнэлгээгээр 13500000 төгрөгөөр үнэлэгдсэн. Одоо Бэрхэд уг байр 5 сая төгрөгний үнэтэй л байгаа. Миний бие Н.Мөнхбаттай хууль бусаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Гэхдээ би өөрийгөө шударга эзэмшигч гэж бодож байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                        Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч Д.Содгэрэл нь хариуцагч Д.Наранцэцэгт холбогдох Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх 1 дүгээр хороо 55-р байрны 22 тоот орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан нь хариуцагч Д.Наранцэцэгт холбогдох Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх 1 дүгээр хороо 55-р байрны 22 тоот орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна.

Хариуцагч Д.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх 1 дүгээр хороо 55-р байрны 2-22 тоот орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Дашдоржийн Содгэрэл (ЖЬ74092169) болон Буяндэлгэрийн Дашдорж (РД:СФ54041714), Рагчаагийн Мөнгөнцэцэг (СФ56071107), Дашдоржийн Зоригтбаатар (СФ81052611), Дашдоржийн Баярбаатар (СФ95071116), Дашдоржийн Одгэрэл (СФ91032121), Дашдоржийн Билэгбаатар (СФ86020317), Дашдоржийн Хатанбаатар (СФ83111210) нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө мөн болох нь 2014 оны 08 сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5/, №0037231 дугаартай, улсын бүртгэлийн 1814001370 дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 54/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Харин Бэрхийн Уулын баяжуулах үйлдвэрээс хувьчлан өгсөн уг орон сууцыг нэхэмжлэгч Д.Содгэрэлийн эцэг Б.Дашдорж нь 2004 онд гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрөлгүйгээр Намсрайн Мөнхбат гэх хүнд худалдсан, уг орон сууцыг Н.Мөнхбат нь 2007 онд Доржийн Наранцэцэгт 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр дамжуулж худалдсан байх бөгөөд уг үйл баримт нь зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Ингэж уг орон сууц нь дамжигдан худалдагдсан асуудал дээр нэхэмжлэгч болон хариуцагч талууд нь маргахгүй байна.

Нэхэмжлэгч Дашдоржийн Содгэрэл нь Буяндэлгэрийн Дашдорж, Рагчаагийн Мөнгөнцэцэг, Дашдоржийн Зоригтбаатар, Дашдоржийн Баярбаатар, Дашдоржийн Одгэрэл, Дашдоржийн Билэгбаатар, Дашдоржийн Хатанбаатар нарын олгосон итгэмжлэлийн дагуу уг байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. /хх-ийн 06-18/

Нэхэмжлэгч Д.Содгэрэлд иргэн Б.Дашдорж нь уг байрны асуудлаар өөрийгөө төлөөлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах бүх эрхийг итгэмжлэлээр олгосон байгаа нь Б.Дашдорж нь Н.Мөнхбаттай хийсэн хэлцлийг үгүйсгэсэн байна гэж шүүх дүгнэсэн болно. /хх-ийн 16/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар “...шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Содгэрэл нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна”, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.Содгэрэлийн эцэг Б.Дашдорж нь дундын өмчлөлийн орон сууцаа гэр бүлийн бусад гишүүдийнхээ зөвшөөрөлгүй бусдад худалдсан дээрх хэлцэл, мөн Н.Мөнхбат, Д.Наранцэцэг нарын хооронд байгуулагдсан гэх уг орон сууцыг худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” учир хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Содгэрэлийн эцэг Б.Дашдоржийн дундын өмчлөлийн орон сууцаа гэр бүлийн бусад гишүүдийнхээ зөвшөөрөлгүй бусдад худалдсан дээрх хэлцэл, мөн Н.Мөнхбат, Д.Наранцэцэг нарын хооронд байгуулагдсан гэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон учир талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан нь “Н.Мөнхбат Д.Наранцэцэг нар нь 550000 төгрөгөөр уг байрыг өгч, авалцсан талаар маргахгүй, байрны үнэ 550000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан тул нэхэмжлэгч Д.Содгэрэлээс 550000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Наранцэцэгт олгох нь зүйтэй байна.

Харин Д.Наранцэцэг нь уг байрны засвартай холбоотой мөн байрны үнэлгээтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй тул энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “…уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заажээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 4.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд  бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Д.Содгэрэлийн эцэг Б.Дашдоржийн дундын өмчлөлийн орон сууцаа гэр бүлийн бусад гишүүдийнхээ зөвшөөрөлгүй бусдад худалдсан дээрх хэлцэл, мөн Н.Мөнхбат, Д.Наранцэцэг нарын хооронд байгуулагдсан гэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон учир хариуцагч Д.Наранцэцэгийг бусдын үл хөдлөх эд хөрөнгийг буюу уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нь нотлогдож байна гэж үзлээ.

Хариуцагч Д.Наранцэцэг нь “2007 онд тухайн орон сууцыг Н.Мөнхбатаас худалдан авсан” гэх шалтгаанаар эзэмшиж байгаа боловч Н.Мөнхбат нь уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эрхгүй байна.

Иймд хариуцагч Д.Наранцэцэг нь бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Содгэрэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-1814001370 дугаарт бүртгэлтэй, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх 1 дүгээр хороо, 55 дугаар байрны 22 тоотод байрлалтай 29 м.кв орон сууцыг  хариуцагч Д.Наранцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг хариуцагч Д.Наранцэцэгт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120-т тус тус

 заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар Б.Дашдорж, Г.Мөнхбат нарын хооронд, мөн Г.Мөнхбат, Д.Наранцэцэг нарын хооронд байгуулагдсан Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх 1 дүгээр хороо 55-р байрны 22 тоот орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

            2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Содгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дашдоржийн Содгэрэл (ЖЬ74092169) болон Буяндэлгэрийн Дашдорж (РД: СФ54041714), Рагчаагийн Мөнгөнцэцэг (СФ56071107), Дашдоржийн Зоригтбаатар (СФ81052611), Дашдоржийн Баярбаатар (СФ95071116), Дашдоржийн Одгэрэл (СФ91032121), Дашдоржийн Билэгбаатар (СФ86020317), Дашдоржийн Хатанбаатар (СФ83111210) нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1814001370 дугаарт бүртгэлтэй, Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх 1 дүгээр хороо 55-р байрны 22 тоот орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Наранцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг хариуцагч Д.Наранцэцэгт даалгасугай.

            3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Содгэрэлээс 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Наранцэцэгт олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Содгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Д.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 70630 төгрөгийг гаргуулж, 70200 төгрөгийг нэхэмжлэгч Д.Содгэрэлд олгож, 430 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

           5.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

           7.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            М.ЭНХМАНДАХ