| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0021/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/18 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/18
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Ц-т холбогдох эрүүгийн 1817002480007 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 12-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, ТБ-ын ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц.Ц /РД: ........./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг Тээвэрчидийн байрны 34 тоот хашааны үүдэнд иргэн Ж.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг Тээвэрчидийн байрны 34 тоот хашааны үүдэнд иргэн Ж.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хэрэг гарсан өглөө би Хонхорт таксины зогсоолд хүнээ авах гээд зогсож байсан. Би урд талд байсан хүний машинд суугаад юм ярьж байхад 3 дугаар байрны араар 3 хүн ирж байсан. Тэр 3 хүнийг хараад Ш гэх жолооч машинаа асаахаар нь би чи хүнээ авахгүй юм уу? гэхэд би явлаа. Тэр согтуу хүмүүс байна гээд яваад өгсөн. Тэгээд би машинаа асаахад нөгөө 3 хүн миний машины арын суудалд суусан. Тэгэхэд нь хаана очих вэ? гэхэд Төмөр замын халуун усны ард очно гэсэн. Тэгээд халуун усны гадаа очоод мөнгөө өгөхгүй ороод явсан. Би дуудаж, их хүлээсэн. Тэр 3 залуугийн нэг нь их хэмжээний согтолттой, 2 нь гайгүй байсан. Тэр 2 залуугийн нэг Ц гэдэг залуу нь бага хэмжээний согтолттой бараг эрүүл байсан. Би сүүлд нь нэрийг нь мэдсэн, би халуун усны гадаа 20-30 минут хүлээсэн. Тэгээд гарч ирэхээр нь тооцоогоо хий, би яараад байна. Ажилтай гэсэн. Тэгэхэд машинд орж ирээд суусан. Тэгээд 3000 төгрөг өгсөн. Би мөнгөө авчихаад одоо бууцгаа, би ажилтай гэхэд буухгүй байсан. Тэгэхээр нь би буугаад буруу талын хойд хаалгаа онгойлгоод буу гэхэд Ж.Г над руу тийрсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм гээд нүүр лүү нь нэг удаа гараараа нэг удаа цохиход машинаас буугаад гараараа миний нүүр лүү 1-2 удаа цохисон. Мөн намайг машинаа тойрч зугтааж байхад баруун талын хашааны гадаа эмэгтэй, эрэгтэй 2 хүн хараад зогсож байсан. Тэр очсон хаяг нь манай хашааны арын хашаа байсан. Тэгээд би манай дүүг дуудаад өгөөч энэ 2 хүн намайг алах нь гээд цагдаа дуудна гээд газраас Г-ийн утсыг олоод цагдаа дуудсан. Уг хугацаанд их зүйл болсон. Барилцаж, муудалцаад энэ хооронд Ж.Г намайг өшиглөсөн гэж хэлсэн…” гэх мэдүүлэг.
Хохирогч Ж.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Ус-Ду компанид галчаар ажилладаг юм. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа 08 цаг 30 минутын үед буусан. Тэгээд хамт ажилладаг Б Цр нар ганц шил архи ууя гээд байхаар нь тэгье гээд хамт уусан. Б 0.75 граммын Ерөөл нэртэй архи авчирсан. Тэр архийг 15-р байрны ар талд байдаг усан бассейны хажуу талд сууж байгаад бид 3 хувааж уусан. Б архи дуусах үед нилээн муудаад тасарсан. Тэгээд Б-ыг гэрт нь хүргэж өгөхөөр Ц-ын хамт Хонхорын ХААН банкны хажуугийн таксины зогсоол дээр очоод 1 таксинд суусан. Ц жолоочийн хажуу талын суудал дээр суугаад, Б бид 2 ар талын суудал дээр суугаад явсан. Ц гэх таксины жолооч Б-тын гэрийг мэднэ гэсэн. Б замаараа Дэлгэрэх дэлгүүр дээр зогсоно гэхээр нь би жолоочид шууд яв яв гээд Барагтын гадаа очсон. Б-ын гэр нь Төмөр замын халуун усны хойд талд хашаатай гэрт байдаг юм байна лээ. Тэгээд би Б-ыг гэрт нь оруулж өгөөд унтуулах гэтэл Б буцаж гарна гээд байсан Тэгтэл гаднаас Ц такси хүлээгээд байна, хүлээлгийн мөнгө нэхээд хурдал гээд байна гэж орж ирсэн. Би ороод 5-10 минут л болж байсан байх. Би Ц Б-тыг унтуулчихаад гарч мөнгийг нь өгье гэж хэлэхэд гадаа такси сигналдаад байсан. Б-ын эхнэр наадхаа орхичих гадаа машин сигналдаад байна гэхээр нь бид 2 орхичихоод гараад таксинд суусан. Ц бид 2 машины ар талын суудал дээр суусан. Тэр машины жолооч машинтайгаа Б-ын хашаанд ороод ирсэн байсан. Би таксины жолоочоос таксины мөнгө хэд гарсан бэ гэсэн чинь 3 хүний 2400 төгрөг хүлээлгийн 600 төгрөг гэхээр нь би жолооч ахад 3000 төгрөг өгсөн. Тэгээд би таксины жолоочид Хонхор луу явья гэсэн чинь мөнгөө өг гэсэн. Тэгэхээр нь халаасанд байсан 5000 төгрөгөө гаргаад таксины жолоочид өгсөн. Тэгээд Б-ын хашаанаас гараад Ц би та 2-г авч явахгүй эндээ буу гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө буцааж авья гэтэл Ц бууж ирээд буруу талынхаа хойд хаалгыг онгойлгоод намайг буу гээд татсан. Тэгэхээр нь би буухгүй мөнгөө авч байгаад бууна гэсэн. Тэгсэн миний халаасанд байсан Нөүт-3 маркийн утас газар унасан. Тэгсэн Ц миний утсыг аваад яваад өгсөн. Би араас нь буугаад утсаа авья гэхэд цагдааруу явна гээд намайг заамдаад байсан. Мөн газраас тоосго аваад цохих гээд байсан. Тэгтэл Ц голоор орж ирж салгасан. Тэгээд Ц миний утсыг аваад шууд машиндаа суугаад явсан. Ц бид 2 Б-ын хашааны гадаа байж байтал Ц эргээд хүрээд ирсэн. Ц машинаасаа бууж ирээд намайг заамдаад авсан. Тэгтэл Ц-ын машинаас өндөр залуу бууж ирээд бид 2-н голоор ороод намайг түлхэхэд би газар унасан. Тэгтэл Ц ирээд миний уруулын баруун хэсэгрүүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн….Би эмнэлэгт урууландаа 4 оёдол тавиулсан. Ц-той сайн дураараа эвлэрсэн, надад хохирол төлбөрт 500.000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р тал/,
Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байгаад гадагшаа гарсан чинь Б гэх залуугийн хашааны гадаа Ц 2 залуутай зууралдсан байсан. Тэр 2 залууг нь танихгүй хүмүүс байсан. Тэр 2 залуугийн нэг нь Ц дайраад нөгөөх нь хориод байгаа бололтой байсан. Ц намайг харчихаад манай дүү Ц дуудаадхаач энэ 2 залуу намайг зодох гээд байна гэхээр нь урд талын хашааруу ороод Ц-ыг дуудах гэсэн гэртээ байхгүй байсан. Ц тэр 2 залууг цагдааруу авч явна гээд байсан. Миний хажууд бие биеэ цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 сарын 01-ний өдөр Ус-Дугийн уурын зууханд ээлжинд галчаар ажиллаж хоноод өглөө 8 цагт буусан. Надтай хамт ээлжинд гарсан Б, Г нар ганц шил архи уухуу гээд Б нэг шил 0.75 граммын Ерөөл нэртэй архи дэлгүүрээс авчирсан. Тэр архийг ууж дуусах үед Б нилээн согтсон. Б-ыг гэрт нь хүргэж өгөх гээд Г бид 2 Хонхорын ХААН банкны хажуу талын таксины зогсоол дээрээс Ц таксинд суусан. Тэгээд Төмөр замын халуун усны ард байх Б-тын гэрийн гадаа очоод Г оруулж өгөх гэж ороод 5 минут болсон. Тэгсэн таксины жолооч уурлаад чи ороод найзыгаа дагуулаад гараад ир гэсэн. Тэгээд дагуулаад гараад иртэл таксины жолооч мөнгөө өг гэж ууралсан Г 3000 төгрөг гаргаж өгсөн. Үлдсэн мөнгий нь гэрээсээ аваад өгчихье гэж хэлсэн. Ц машинаа асаагаад хашаанаас гараад зогсоод та 2 буу гэсэн тэгэхээр нь би машинаас буутал Гантөгс мөнгөө авна гээд буухгүй байсан. Тэгтэл Ц машинаас бууж ирээд хойд талын хаалгаар Гантөгсийг заамдаад буу гээд татаад Г машинаас бууж ирээд Ц заамдалцаад муудсан. Тэгсэн Г-сийн утас газар унасан чинь Ц утсыг нь аваад яваад өгсөн. Ц Төмөр замын халуун усны баруун талаар далд ороод удаагүй буцаад ирсэн. Ирэхдээ нэг өндөр махлаг өндөр залуу дагуулаад ирсэн. Г бид 2 өөдөөс нь явж очоод утсаа авья гэтэл өндөр залуу нь Г-ийг түлхэж унагаад намайг бариад авсан. Тэгсэн Ц Г-ийг газар унасан хойно нь өшиглөсөн үү дэвссэн үү би яг хараагүй. Тэгээд Ц нөгөө залуудаа хандаад наадах чинь яагаа ч үгүй ээ тавь гэж хэлсэн. Би Г-ийн утсыг аваад үлдсэн. Г газар хэвтэж байхаар нь татаад босгосон чинь уруулынх нь баруун хэсэгт уруул нь сэтэрсэн цус гарч байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр Г, Ц бид 2 ажлаас буугаад 0.75 граммын Ерөөл нэртэй архи дэлгүүрээс авч уусан. Тэр архийг ууж байгаад би тасарсан байсан нэг сэрсэн гэртээ сэрсэн....” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р тал/,
Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн өдөр 12 цаг болж байхад Г манай нөхөр Б-ыг сугадаад ороод ирсэн. Г Б нар архи уусан байсан. Араас нь 2-3 минутын дараа Ц орж ирээд гадаа таксины жолооч хурдал гээд байна гэж хэлсэн. Тэр 2 гараад 30 орчим минутын дараа буцаад ороод ирсэн. Г намайг таксины жолооч зодчихлоо гээд уйлсан дээд уруулынх нь баруун хэсэгт язарсан тэрнээс нь цус гарчихсан орж ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/,
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Ц.Ц гэх хүн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр толгой өвдөнө, хүзүү хөшинө, тархи доргилт гэсэн оношоор үзүүлсэн байна. Тухайн үед Ц Төмөр замын халуун усны хойд талд хүнд зодуулсан гэж үзүүлсэн байна. Картан дээрх бичиг миний бичиг мөн байна. Би картын болон амбулторийн үзлэгийн бүртгэл дээрээс харахад ил харагдах шарх гэмтэл байхгүй байна. Би урьдчилсан оношоор тархи доргилт гэж бичсэн. Тархи доргилт гэдэг оношийг өөрийнх нь өгүүлсэн үзлэгийн шинжүүдээр урьдчилан оношилсон юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р тал/,
Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Ц.Ц биед ил харагдах шарх байхгүй байсан. Толгой өвдөнө хүнд зодуулсан гэж байсан. Цүзэхэд мэдрэгшил санаа нь эмзэглэлтэй байсан. Энэ эмгэг шинж тэмдэг нь архаг толгой өвдөлтийн үед ч илрэнэ. Архаг толгой өвдөлт үү тархи доргилт уу гэж ялгахад төвөгтэй байдаг. Би урьдчилсан оношоор өөрийнх нь өгүүлсэн зовиурыг үндэслэн тархи доргилт гэж бичсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-р тал/,
Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 337 дугаартай дүгнэлтэд:
- Ж.Г-йн биед уруулын баруун булангаар няцарсан шарх, цус хуралт, зүүн чихний урд хэсгээр зулгаралт гэмтэл учирчээ.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Ц.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 1817002480007 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ