Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2014/00296/И |
Дугаар | 130/ШШ2016/00350 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2016/00350
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулах, К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, С овогт Зийн А, Б овогт Бын А, И овогт Оы А, Уах овогт Д-ий М, Ш овогт З-ийн М, Н овогт Т-ы Ж, Ш овогт Х-ын Х, К овогт Х-ын Ж, Ж овогт Р-ын Гнарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал М.Е, хариуцагч О.А, Р.Г, хариуцагч О.А, З.А, З.М нарын өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Эзэмшил газрыг чөлөөлүүлж, барьсан гаражийг албадан нүүлгэхийг хүсжээ.
Нэхэмжлэгч М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага өөрийн ажилчдын хэрэгцээнд 24 айлын орон сууцны барилга барих зориулалтаар аймгийн Засаг даргын 2008 оны 4-р сарын 11-ний өдрийн 146-р захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай, 031304259 нэгж талбарын дугаартай, 312 кв.м газрыг газрын албатай гэрээ байгуулан 0173747 дугаартай гэрчилгээгээр хуулийн дагуу үүргээ биелүүлэн газрын татварыг тогтмол төлж эзэмшиж байгаа. Хэдий тийм боловч уг газарт иргэд дур мэдэн хууль бусаар автомашины гараж барьж ашиглаж, бид газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломж олгохгүй бидний эрхийг зөрчиж байгаа. Уг асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд бид аймгийн Засаг даргад хүсэлт гаргаснаар хууль бусаар ашиглаж байгаа иргэдээс газрыг албадан чөлөөлөх тухай 2010 оны 4-р сарын 13-ны өдрийн 173-р захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу үүрэг болгосон этгээдүүдэд хандан газар чөлөөлүүлэх тухай шаардлага тавьж арга хэмжээ авсан ч үр дүнгүй бөгөөд хууль бусаар манай газрыг эзэмшиж бидний эрхийг зөрчиж байгаа иргэд газар чөлөөлөх тухай бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байна. Иймд манай байгууллагын хуулийн дагуу эзэмшиж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай, 312 кв.м талбайтай, 0173747 дугаартай гэрчилгээтэй, 031304259 нэгж талбарын дугаартай газрыг хууль бусаар ашиглаж байгаа нэр бүхий хариуцагч нарын гаражийн объектыг албадан буулгаж зориулалтын дагуу ашиглах бидний эрхийг хамгаалж газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Ешүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Манай К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 312 м.кв талбайтай газрыг 24 айлын орон сууц барих зориулалтаар эзэмшсэн. Гэтэл уг газрыг 2008 оноос хойш өөрийн эрхийн дагуу ашиглаж чадахгүй байна. Нэр бүхий хариуцагч нар уг манай К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшлийн газарт хууль бусаар машины гараж барьж, эзэмшил газрыг чөлөөлж өгөхгүй байгаа учраас Манай К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын газар эзэмших эрх нь зөрчигдөж байна. Улмаар манай К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын зүгээс уг газрын эзэмших эрхээр хангаж өгнө үү гэж аймгийн Засаг даргад хандсанаар уг газрыг албадан чөлөөлүүлэх тухай захирамж гаргасан юм. Нэр бүхий хариуцагч нар уг газрыг албадан чөлөөлүүлэхээр гаргасан аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс нэр бүхий иргэдийн гаргасан нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй, манай К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар хуулийн дагуу газраа эзэмших ёстой гэдгийг тогтоосон. Иймд Манай К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын зүгээс тус шүүхэд эзэмшил газарт баригдсан нэр бүхий иргэдийн автомашины гаражийг албадан нүүлгэхээр хүсэлт гаргасан болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч З.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие З овогтой А Өлгий сумын 5-р багт оршин суудаг. Ам бүл 4. Би К банкны 2014 оны 4-р сарын 21-ний өдөр сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 1.Миний гараж байрлаж байгаа газар К банкны нэхэмжлэлд дурдсан 031304259 нэгж талбарын дугаартай 312 кв.м газартай ямар ч холбогдолгүй байна. 2. Миний гараж одоо бидний өөрсдийн амьдарч байгаа 8 айлын орон сууцны хананд наалдсан байрлалтай байгаа ба К банкны барилга барих газар нь түүнээс цааш үргэлжлэх юм байна. Гэвч уг газарт ямар нэгэн барилгын ажил хийгдсэн нөхцөлд бидний амьдарч байгаа 8 айлын орон сууцны цонхыг хаах нөхцөл бүрдэх учраас тус байшинд амьдарч байгаа би болон бусад бүх оршин суугчид бүрэн эсэргүүцэх болно. 3.Бидний амьдарч байгаа 8 айлын орон сууцны орчин тойронд хүүхдийн тоглоомын талбай, гараж барих зориулалтын газар байхгүй байгаа учраас ядаж бидний байшингийнхаа гадна талын 5-10 метрийн хүүхдийн тоглоомын талбай хийх газарт бусдад газар эзэмшүүлэх, барилгын ажил эхлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4.Миний хувьд уг К банкны нэхэмжлэлд дурдсан газрын зөвшөөрөл 2008 онд олгогдсон боловч өдийг хүртэл ямар нэгэн барилгын ажил эхлээгүй байгаа учраас уг газар нь хүчин төгөлдөр биш гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь уг газрыг олгосноос хойш даруй 6 жил өнгөрч байна. Гэтэл аймгийн Засаг даргын А бүсэд байрлалтай тухайлсан газруудыг 2 жил барилгын ажил эхлүүлээгүй нөхцөлд хүчингүй болгох тухай захирамж гарч байсан ба хүчингүй болгосон газруудын жагсаалт интернет дээр ч тавигдаж байсан билээ. 5. Миний гараж баригдаж байх үед надад К банкны зүгээр ямар нэгэн эсэргүүцсэн мэдэгдэл хийж байгаагүй учраас би мэдээгүй. Би гаражийн барилгаа 2011 онд хөрөнгө мөнгө гаргаж байж барьсан босгосон. Учир нь тухайн үед Өлгий сумын Засаг даргын орон сууцны хажууд уртаараа хэдэн метр ч хамаагүй өргөнөөрөө 4.5 метрээс хэтрүүлэхгүй газрыг тухайн орон сууцанд амьдарч байгаа иргэдэд эзэмшүүлж болох тухай захирамж гарч байсан учраас барьж болох ёстой юм байх гэж бодож, 6 сая төгрөг зарцуулж, хүн хөлсөлж, хөдөлмөрлөж байж бариулсан гаражаа нураалгах хүсэлгүй байна гэжээ.
Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дүкен овогтой М 5-р багийн 4-64 байранд амьдардаг. Байрны урд талд би гараж барихад ганцхан гаражийн газар байсан. Түүнд гараж барьж ашиглаж байгаа. Байранд амьдардаг бид гаражгүй байх боломжгүйг харгалзаж уг жижигхэн газраас өөр газарт байшингаа барьж болохгүй юм уу? Энэ 6 гаражийн газарт хүн амьдардаг байр барих боломжгүй юм. Хэрвээ албадан нүүлгэвэл бидний гараж барихад гарсан материал болон зардлыг нөхөн олговол зөвшөөрнө гэжээ.
Хариуцагч Х.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өлгий сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай 2-60 айлын орон сууцны урьд талд байрлалтай блокоор барьсан авто машины гаражийг өөрийн төрсөн дүү болох Хуандых овогтой Еркежанд 2 өрөө байрын хамт бэлэглэлийн журмаар өгсөн юм. Иймд хамтран хариуцагчаар Х.Еркежаныг татаж намайг чөлөөлнө үү гэжээ6
Хариуцагч Ж.Гшүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уг газарт машины гарааш болон амбаарыг нэг нэгэндээ харуулан ойрхон барьсан байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бидний уг газарт барьсан гараашийг нураалаа гэхэд нөгөө талд нь гарааш амбаар барьсан хүмүүс дахин гомдол, эсэргүүцэл гаргаж босоод ирнэ. Миний үзэж байгаагаар уг газарт барилга барихаар газар биш. Иймд уг газрыг албадан чөлөөлүүлж, яаж барилга бариулахаар захирамж гаргасан гэдгийг би ойлгохгүй байна. Одоо энэхүү хэрэгт хариуцагчаар татагдсан 9 хүний гаражийг албадан нүүлгэх шийдвэр гаргалаа гэхэд уг 9 хүнээс 2 хүн нь гаражаа бусдад худалдсан байгаа. Иймд тэр гаражнуудыг нураалаа гэхэд тэр худалдаж авсан хүмүүс дахин нэхэмжлэл гаргахад эцсийн эцэст нь хохирч үлдэх хүн нь бид нар болж таарах гээд байна. Одоо К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын зүгээс тус газарт над шиг хүмүүсийн барьсан амбаарыг нураалаа гэхэд би цаашид эд зүйлээ хаана хадгалах юм вэ. Нөгөө талаар К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь тэр газарт яаж хэмжиж, яаж багтааж барилга барих гэж байгааг би ойлгохгүй байна. Одоо тэр газарт барилга барьж эхлэх юм бол ойр хавийн хүмүүс бүгдээрээ шуураад босоод ирнэ. Иймд уг газарт үнэхээр барилга барих боломжгүй гэдгийг хэлмээр байна. Одоогоор уг газрын 2 талд 2 орон сууц барьж, дээрээс нь олон гаражуудыг тулж барьчихсан байгаа. Одоо тэр газрын урд талд харалдаа барьсан гаражуудаас машин арай гэж орж гарч байгаа. Иймд Манай К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар бидний амбаар, гаражийг нураах юм бол бид л хохирч үлдэнэ. Тийм учраас цаашид тэр 9 хүнээс бусад хүмүүс ч гэсэн гомдол гаргаж, энэ маргаан олон жил үргэлжлэх байх гэв.
Хариуцагч О.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн байдлаар зөвхөн энэхүү бидний барьсан гэх 9 гаражийн асуудал хөндөгдөж байгаа боловч үүний цаана 120 гаражийн асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар Өлгий сумын 5 дугаар багт байрлах 2-60 айл болон 3-60 айлын 120 айл уг нийтийн эдэлбэрийн газрыг ашиглаж байгаа. Энэхүү газар нь нийтийн орон сууц эзэмшигчдийн хууль ёсны дагуу ашиглаж байгаа талбай. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт гэж хуульчилсан байгаа. Иймд орон сууцны орчны газрыг уг нийтийн орон сууцны иргэд ашиглах ёстой бөгөөд үүнийг хуулийн дагуу тогтоож өгсөн. Үүний үндсэн дээр уг газрыг 2008 оноос биш бидний одоогийн амьдарч байгаа орон сууц бий болсноос хойш оршин суугчид ашиглаж байгаа. Үүнээс зарим иргэд амбаар барьж, эд зүйлээ хадгалж, зарим иргэд машинаа хадгалах гараж барьж ашиглаж байгаа юм. Өнөөдрийн нийгэмд хүн болгон машинтай болсон гэдгийг бид бүхэн мэднэ. Иймд хүмүүс өөрсдийн машинаа хадгалж, хамгаалахын төлөө уг орон сууцны газарт гарааш барьж, ашиглаж байгаа. Гэтэл уг газрыг нийтийн орон сууцад эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж, 2008 онд К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар эзэмшилдээ авсан гэж хэлж байна. Бид уг газрыг эзэмшихэд хууль зөрчсөн асуудал байхгүй. Бид зөвхөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт гэж зааснаар уг газарт гарааш барьж, машинаа хадгалж байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас үүнийг ойлгохгүй, дахин дахин маргаан үүсгэж байна. Дараагийн асуудал 2010, 2012 онуудад 2 орон сууц баригдаж, одоогийн байдлаар нийт 16 айл амьдарч байгаа. Уг 2 орон сууцыг маргаан бүхий газарт тулгаж барьсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол 2010 онд Өлгий сумын ИТХурлаас тогтоол гарч, аливаа нийтийн эдэлбэрийн орон сууцны 1 давхарт байгаа айл уг орон сууцнаас 4-5 метр зайг ашиглаж болно гэж хуульчилж өгссөн. Иймд уг маргаан бүхий газрыг одоогийн тэр баригдаж ашиглалтад орсон 8 айлын орон сууцны иргэд ашиглана гэвэл хэлэх үггүй болж таарч байна. Өөрөөр хэлэх юм бол миний барьсан гараашид хөрш гарааш барьж ашиглаж байгаа хүмүүс ч байна. Дараагийн асуудал аймгаас уг гараашуудыг газар ухаж байрлуулж, дээд талд нь хүүхдийн тоглоомын талбай барих төлөвлөгөөтэй байгаа. Тухайн үед би тэр хүмүүстэй очиж, биечлэн уулзаж, цаашид уг газрыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, газар ухаж, гарааш байрлуулж, дээд талд нь хүүхдийн тоглоомын талбай барина гэвэл миний зүгээс татгалзах зүйл байхгүй, харин уг газрыг К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хууль бусаар ашиглаж байгаа шүү гэдгийг хэлсэн. Иймд цаашид уг газрыг хэзээ ч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар эзэмшиж чадахгүй. Дараагийн асуудал сая нэхэмжлэгч талаас Береке СӨХ татан буугдсанаар уг байгууллагатай холбоотой бүх зүйл хүчингүй болсон гэж хэлсэн. Гэвч нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь хуулийн зүйн үндэслэлгүй. Хэдийгээр Береке СӨХ татан буугдсан ч гэсэн орон сууцны нийтийн эдэлбэрийн газрыг эзэмших оршин суугч нар нь одоо хүртэл байж л байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр нийтийн эдэлбэрийн газрыг эзэмших оршин суугчдын эзэмшил газарт СӨХ зээн болох ёстой. Үүнтэй холбоотой тэр нийтийн эдэлбэрийн газрыг эзэмших оршин суугчдын хооронд гарсан маргааныг СӨХ шийдвэрлэх ёстой бөгөөд уг газрыг эзэмшигч субъект нь 120 айлын оршин суугчид юм. Уг нийтийн эдэлбэрийн газрыг анхнаасаа эзэмшиж байсан 120 айлд шинээр баригдсан 2 орон сууцны 16 айлыг нэмэх юм бол нийт 136 айл уг газрыг эзэмших ёстой байтал хөндлөнгөөс К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар орж ирээд уг газрыг бид эзэмших ёстой гэж хэлснийг би лав ойлгохгүй байна. Нэхэмжлэгч талаас 2008 оноос эхлэн уг газрыг эзэмшиж байгаа гэж хэлэх боловч одоо үеийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын гаргасан газрын кадастрын зурганд К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшсэн ямар нэгэн газар байхгүй. Нөгөө талаар маргаан бүхий газар нь Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас 2012 онд хотын А бүст хууль бусаар олгосон газрын жагсаалтад орсон газар байсан. Уг хууль бусаар олгогдсон газрыг Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас Баян-Өлгий аймгийн ЗДТГазарт хүчингүй болгуулахаар уламжилсан боловч дараа нь хууль бусаар олгосон газрыг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтад уг газрыг оруулаагүй. Миний хувьд уг Засаг даргын захирамжийн хавсралтад ямар учраас оруулаагүй гэдгийг өөрөө ч ойлгохгүй байгаа. Дараагийн асуудал уг газар К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт хууль бусаар олгогдсон гэдгийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга албан ёсоор хүлээн зөвшөөрсөн боловч Захиргааны хэргийн шүүхээс яагаад К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт ашигтай шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Тухайн үед бид бүхэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад уг хэргийн хариуцагч аймгийн Засаг дарга нь К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт хууль бусаар газар олгогдсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч яагаад тэр гуравдагч этгээдийн талд шүүхийн шийдвэр гарсан гэдгийг мэдэхгүй байна. Дараагийн асуудал хариуцагч талаас аймгийн Засаг даргын 2006 оны 168 дугаартай захирамжийг хавсралтын хамт нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг аймгийн Засаг даргын 2006 оны 168 дугаартай захирамжаар хотын архитектурын гаргасан газрын зургийг үндэслээд Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2-60 айлаас тийм хэмжээний газар, 3-60 айлаас тийм хэмжээний газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарна гэж хил хязгаарыг тогтоож өгсөн бөгөөд уг аймгийн Засаг даргын захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Бид бүхэн уг аймгийн Засаг даргын захирамжийг үндэслээд өнөөдөр тэр нийтийн эдэлбэрийн газраа ашиглаж байгаа. Дараагийн асуудал тэр шинээр баригдсан 8 айлын 2 орон сууцны байр нь К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшиж байгаа газартай давхацсан гэдгийг хэлсэн. Учир нь тэр К банкны минийх гэж маргаж байгаа газар нь хүчингүй болсон гэдгийг Газрын харилцаа хот байгуулалтын газраас тогтоосны үндсэн дээр уг газрыг оруулаад тэр шинээр баригдсан 8 айлын орон сууцад газар олгосон. Хэдийгээр хуульд бусдын газартай давхцуулж газар олгохыг хориглосон боловч нэгэнт уг газрыг К банкны Баян-Өлгий аймагт эзэмшүүлсэн явдал хүчингүй болсон учраас уг газраас өөр этгээдэд газар олгосон гэдгийг хэлмээр байна. Надад өөр хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшил газрыг чөлөөлүүлж, нэр бүхий хариуцагч нарын гаражийг албадан нүүлгэхийг хүсжээ.
Хавтаст хэрэгт авагдсан Газар эзэмшүүлэх тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаартай захирамжаар нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт Өлгий сумын 5 дугаар багт 2 дугаар 60 айлын орон сууцны зүүн урьд талаас 312м2 газрыг К банкинд 40000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийт 24 айлын орон сууц барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Уг шийдвэрийг үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь К банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай газар эзэмшүүлэх гэрээ хийж, 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 0173747 дугаартай гэрчилгээ олгосон байна.
Хариуцагч З.А, О.А, Д.М, З.М, Т.Ж, Б.А, Х.Х, Х.Ж, Р.Гнар нь дээрхи Газар эзэмшүүлэх тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зохигчид эс зөвшөөрч гомдол гаргаснаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 40 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 77 дугаартай тогтоолоор тус тус Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай шийдвэрийгхэвээр үлдээсэн байна.
Дээрхи шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаартай захирамжаар Өлгий сумын 5 дугаар багт 2 дугаар 60 айлын орон сууцны зүүн урьд талаас 312м2 газрыг К банкинд 40000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийт 24 айлын орон сууц барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болох нь нотлогдож байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Газрыг чөлөөлүүлэх тухай 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 173 дугаартай захирамжид нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас хариуцагч нарын гаражийг цагдаагийн байгууллагын хүчээр албадан нүүлгэхээр захирамжилсан боловч өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан нөхцөлд аймгийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгөх мөн хуулийн 56.5-д ...зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэнд ... газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухай иргэн газар чөлөөлөх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаснаар Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 05 сарын 15-ний өдрийн 346 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан байна.
Хариуцагч З.А, О.А, Д.М, З.М, Т.Ж, Б.А, Х.Х, Х.Ж, Р.Гнар нь нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшил газарт хууль бус гараж барьж ашиглаж байгаа нь зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар, маргаан бүхий газарт зохих зөвшөөрөлгүйгээр гараж барьсан эзэмших талаар ямар нэгэн эрхийн бичиггүй, газрыг эзэмших эрхгүй болох нь нотлогдож байна.
Хариуцагч О.А нь уг маргаан бүхий газрыг Береке сууц өмчлөгчдийн холбоо газрыг ашиглаж байгаа гэх боловч энэ нь 2006 оны 05 сарын 18-ний өдрийн 168 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар Береке сууц өмчлөгчдийн холбоонд тохижуулж, хамгаалж ашиглахыг үүрэг болгосон байна.
Газрын тухай хуульд зааснаар Береке сууц өмчлөгчдийн холбоо нь газар ашиглалтын гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, уг газрыг ашиглаж байгаа нь нотлогдохгүй байх тул маргаан бүхий газрыг ашиглах эрхгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшил газрыг чөлөөлүүлж, нэр бүхий хариуцагч нарын гаражийг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болох нь зүйтэй байна.
Хариуцагч Х.Х Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан боловч мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож,түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Т.Ж, Д.М, Х.Ж нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааны товыг мэдлээ, оролцохгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч З.А, Х.Х, Б.А нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлт болон З.А, Х.Х, Б.А нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дүгээр зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Өлгий сумын 5-р багт байршилтай, 312 м.кв талбайтай эзэмшил газраас З.А, Б.А, О.А, Д.М, З.М, Т.Ж, Х.Х, Х.Ж, Р.Гнарын тус бүрийн барьсан гаражийг албадан чөлөөлсүгэй.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.А, Б.А, О.А, Д.М, З.М, Т.Ж, Х.Х, Х.Ж, Р.Гнарын тус бүрээс 7800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч, хариуцагч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН