Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 218/МА2023/00019

 

 

 

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж шийдвэрлэсэн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2023/00374 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-ийн *******т холбогдох *******- ийн *******ын ******* 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “...******* миний бие эрчим хүчний салбар байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа. 2018 оноос 2022 оны 08 сарын 16-ны өдөр *******-ийн *******ын *******, ажлыг 4 жил 1 cap хийсэн. Ажиллаж байх хугацаандаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2022.11,17-нд мэдэгдэх хуудсаар, 2022.12.13-нд *******-ийн *******ын ******* №Б/64 тушаалаар намайг ажлаас чөлөөлөн халсан юм. Хуулийн үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд *******-ийн *******ын ******* 2022.12.13-ны Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн *******ын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Цэндийн ийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Говийн бүсийн салбарын *******,ээр томилсон. Томилогдсон өдрөөс эхлэн *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, урьдчилсан зааварчилгаа өгч, “Дагалдан суралцах хөтөлбөр”-ийн сургалтын программыг нэг сарын хугацаанд судлан, суралцахаар болгосон. Дагалдан суралцах хөтөлбөрийн хугацаа дуусч мэдлэгийн шалгалтыг салбарын мэргэжлийн шалгалтын комисс 2022 оны 9 сарын 19-ний өдөр авахад ******* нь шалгалтад “Хангалтгүй” үнэлгээ авсан. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч шалгалтын комиссын протоколд гарын үсэг зурж баталгаажуулсан. Компанийн “Мэдлэгийн шалгалт авах журам”-ын 4.11-д заасны дагуу давтан шалгалтыг 2022 оны 10 сарын 6-ны өдөр зохион байгуулж шалгалтыг авахад 2 дахь удаагийн шалгалтад мөн адил “Хангалтгүй” үнэлгээ авсан. Говийн бүсийн салбарын ******* зөвлөлийн 2022 оны 10 сарын 7-ны өдрийн хурлын шийдвэрээр боломж олгож гурав дахь удаагийн шалгалтыг 2022 оны 10 сарын 17-ны өдөр авахаар шийдвэрлэж, шалгалт авах тухай мэдэгдэх хуудсыг урьдчилж хүргүүлсэн. Энэ хугацаанд мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг олгох чиглэлээр холбогдох инженер техникийн ажилтнуудаар 6 удаагийн давтамжтай 8 цагийн сургалт зохион байгуулж, анхан болон давтан шалгалтад бэлтгэх нийт гурван сарын боломжит хугацааг олгосон. Гурав дахь удаагийн шалгалтыг 2022 оны 10 сарын 17-ны өдөр салбарын мэргэжлийн шалгалтын комисс болон төв компанийн шалгалтын комиссын хөндлөнгийн хянагчтайгаар авах гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгөхөөс зайлсхийсэн. Салбарын мэргэжлийн шалгалтын комисс хуралдаж шалгалтыг үргэлжлүүлэх шийдвэр гарган танилцуулахад шалгалт өгөхөөс дахин татгалзсан бөгөөд салбарын мэргэжлийн шалгалтын комисст шалгалт өгөхгүй гэх утга бүхий өргөдөл ирүүлсэн. Үүний дагуу компанийн удирдлагуудын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтад зохицуулснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бий болсон гэж үзэх хангалттай нөхцөл байдал үүссэн байх боловч ажилтнаас ирүүлсэн өргөдлийг ханган дахин нэг боломж олгож, гурав дахь удаагийн шалгалтыг компанийн мэргэжлийн шалгалтын комисс авахаар шийдвэрлэсэн. Компанийн мэргэжлийн шалгалтын комиссоос 3 дахь удаагийн шалгалтыг 2022 оны 11 сарын 15-ны өдөр авах хугацааг товлосон мэдэгдэх хуудсыг 2022 оны 11 сарын 1-ний өдөр *******эд өгсөн. Өөрөө мэдэгдэх хуудсыг хүлээн авч баталгаажуулсан. ******* нь 3 дахь удаагийн шалгалтаа компанийн мэргэжлийн шалгалтын комисст 2022 оны 11 сарын 15-ны өдөр өгч “Хангалтгүй” үнэлгээ авсан.

Иймд салбарын ******* зөвлөлийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр мэдлэгийн шалгалтдаа тэнцээгүй, мэдлэг мэргэшлийн ур чадвар тухайн албан тушаалд тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтын дагуу ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээс татгалзаж ажлаас чөлөөлөх саналыг албан бичгээр компанид уламжилсан. Үүний дагуу гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гийн зөвшөөрөл олгох тухай 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 01/1613 дугаар албан бичгээр *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг зөвшөөрсөн. Улмаар салбарын даргаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон тухай мэдэгдэх хуудсыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу 2022 оны 11 сарын 18-ны өдөр олгож ******* хүлээн авч баталгаажуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д “мэдэгдэх хуудас авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсвэл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно” гэж заасныг ******* өөрөө хүлээн зөвшөөрч 2022 оны 11 сарын 18-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Мэдэгдэл олгосон хуулийн 30 хоногийн хугацаа дуусаж салбарын ******* 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 12 сарын 19-ний өдрөөр тасалбар болгож дуусгавар болгосон. *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа

Компанийн мэргэжлийн шалгалтын комиссын 2022 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 146/2022 дугаар шийдвэр,

Говийн бүсийн салбарын ******* зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн хурлын шийдвэр,

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, -Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.25 дахь хэсэг,

Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.5.2 дахь заалт,

Компанийн мэдлэгийн шалгалт авах журмын 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсэг,

2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

*******эд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.5-т заасан үндэслэлээр 1200162.32 төгрөгийн нөхөн олговор, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр 3600486.95 төгрөгийн тэтгэмж, ээлжийн амралтын 20,8 хоногийн цалин 1488638.53 төгрөг, нийт 6289287.62 төгрөгийг тус тус олгосон.

Иймд Ц. ийн гаргасан нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2022 оны 08 сарын 16-нд ЦДҮС компанийн захирал гийн тушаалаар ажилд орж, мөн салбар дээр гэрээ байгуулан орсон. Тухайн гэрээ хугацаагүй гэрээ байгаа. Ажиллаж байгаад 2022 оны 12 сарын 13-ны өдөр салбарын дарга ийн тушаалаар ажлаас гарсан. Энэ тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж нэхэмжлэлээ гаргасан” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. *******ийг 2022 оны 08 сарын 18-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 сарын 16-ны өдрийн 438 дугаар тушаалаар Говийн бүсийн салбарын *******ээр томилсон. Томилогдсон өдрөөс эхлэн *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, урьдчилсан зааварчилгаа өгч дагалдан суралцах хөтөлбөрийн сургалтын программын хамт 1 сарын хугацаанд судлан суралцуулахаар болсон. ******* нь гарын үсэг зурж хүлээж авсан байдаг. Дагалдан суралцах хөтөлбөрийн хугацаа дуусаж, мэдлэгийн шалгалтыг салбарын мэргэжлийн шалгалтын комисс 2022 оны 09 сарын 19-ний өдөр буюу товлосон хугацаанд *******ээс авахад шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч шалгалтын комиссын протоколд ******* өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Уг протокол хэргийн материалын 82-83 дугаар хуудсанд авагдсан. Компанийн мэдлэгийн шалгалт авах журмын 4.11-д заасны дагуу давтан шалгалтыг 2022 оны 10 сарын 6-ны өдөр зохион байгуулж 2 дахь шалгалтыг авахад мөн хангалтгүй үнэлгээг авсан. Говийн бүсийн салбарын ******* зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хурлын шийдвэрээр дахин боломж олгож, 3 дахь удаагийн шалгалтыг авахаар шийдсэн. 3 дахь удаагийн шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авахаар шийдвэрлэж шалгалт авах тухай мэдэгдэх хуудсыг урьдчилж өөрт нь хүргүүлсэн. Мэдэгдэх хуудсан дээр шалгалт авах хугацааг тодорхой зааж өгсөн. Мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг олгох чиглэлээр холбогдох инженер техникийн ажилтнуудаар 6 удаагийн давтамжтай сургалтыг зохион байгуулж, анхан болон давтан шалгалтад бэлдэх нийт 3 сарын боломжит хугацааг *******эд олгосон байдаг. Энэ нь хэргийн материалд авагдсан. 3 дахь удаагийн шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр салбарын мэргэжлийн шалгалтын комисс болон төв компанийн шалгалтын комиссын хөндлөнгийн хянагчтайгаар авах гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгөхөөс зайлсхийсэн байдаг. Салбарын мэргэжлийн шалгалтын комисс хуралдаж шалгалтыг үргэлжлүүлэх шийдвэр гарган танилцуулахад шалгалт өгөхөөс дахин татгалзсан бөгөөд салбарын мэргэжлийн шалгалтын комисст шалгалт өгөхгүй утга бүхий өргөдлийг тухайн үед ирүүлсэн байдаг. Үүний дагуу компанийн удирдлагуудын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 81.4 дэх заалтад заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бий болсон гэж үзэх хангалттай нөхцөл үүссэн байх боловч ажилтнаас мөн ирүүлсэн өргөдлийг ханган дахин нэг боломжит хугацааг олгож 3 дахь удаагийн шалгалтыг компанийн мэргэжлийн шалгалтын комисст авахаар шийдвэрлэсэн. Компанийн мэргэжлийн шалгалтын комиссоос 3 дахь удаагийн шалгалтыг 2022 оны 11 сарын 15-ны өдрийг авах хугацааг товлон, мэдэгдэх хуудсыг 2022 оны 11 сарын 1-ний өдөр *******эд гардуулсан. ******* өөрөө хүлээн авсан, гарын үсгээ мөн зурсан байгаа. ******* нь 3 дахь удаагийн шалгалтдаа компанийн мэргэжлийн шалгалтын комисст 2022 оны 11 сарын 15-ны өдөр өгч мөн хангалтгүй үнэлгээг авсан. Комиссын протокол болон холбогдох материал хэргийн материалд авагдсан байгаа. Иймд салбарын ******* зөвлөлийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр шалгалтдаа тэнцээгүй, мэдлэг ур чадвар, тухайн албан тушаалд тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2 дахь заалтын дагуу ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээс татгалзаж, ажлаа чөлөөлөх саналыг албан бичгээр өгсөн байдаг. Компанийн гүйцэтгэх захирлын зөвшөөрөл олгох тухай 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 01/1613 дугаар албан бичгээр *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг зөвшөөрсөн хариу ирсэн. Улмаар салбарын даргаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон тухай мэдэгдэх хуудсыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-д заасны дагуу 2022 оны 11 сарын 18-ны өдөр олгож, ******* хүлээн авч баталгаажуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.5-д заасан дундаж цалин хөлснөөс нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл хугацаагаар тооцон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэсэн заалтыг үндэслэн ******* өөрөө хүлээн зөвшөөрөөд үүний дагуу 2022 оны 11 сарын 18-ны өдөр ******* өөрөө ажлын төлөвлөгөө өгсөн байдаг. Мэдэгдэл олгосон буюу хуулийн 30 хоногийн хугацаа дуусаж салбарын ******* 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 64 дүгээр тушаалаар *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 12 сарын 19-ний өдөр тасалбар болгож, дуусгавар болгосон. *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа компанийн мэргэжлийн шалгалтын комиссын 2022 оны 11 сарын 15-ны өдрийн 146 2020 22 дугаар шийдвэр, мөн оффисын салбарын ******* зөвлөлийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2 дахь заалт мөн эрчим хүчний ажилтны зохиох аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.25, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5.2 дахь заалт мөн компанийн мэдлэгийн шалгалт авах журмын 4 дүгээр зүйлийн 4.13 дахь заалт болон *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь 2.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байдаг. *******эд Хөдөлмөрийн тухай хуулийн 85-д заасан үндэслэлээр 1000200,162 төгрөгийн нөхөн олговор мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2-т заасан үндэслэлээр 36001486 төгрөгийн тэтгэмж, ээлжийн амралтын олголт 1488638 төгрөгийг нийт 6000289,287 төгрөгийг тус тус олгосон. Иймд *******ийн гаргасан нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн хүний хүлээж байгаа хариуцлага биелэхгүй байгаа тухай асуудал л байгаа юм. Тэгэхээр эрчим хүчний салбар бол нарийн зохион байгуулалттай, техник технологийн хувьд өндөр хөгжлүүдийг шаардсан, тодорхой хэмжээний ажилтнуудыг сургаж дадлагажуулж чадваржуулж байдаг ийм том бүтэцтэй байгууллага. Тийм учраас энэ ажиллагааны түүхэндээ амьдралын туршид гаргасан алдаанаас болж хүний цусаар бичигдсэн дүрмээр зохицуулагдаж байдаг. Анх одоо ажилд орж байгаагаас эхлээд тухайн үед ажлын байр өөрчлөгдсөн чөлөөлөгдсөн ийм хүмүүсийн хүрээнд дүрмээр зохион байгуулагдсан сургалтын ажил, сургалт шалгалт зохион байгуулах ажлыг хийдэг. Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм гээд та бүхэнд хүргүүлчихсэн байгаа. Энэ дээр маш тодорхой заагдчихсан. Бүх шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй. Аливаа ажил гүйцэтгэхдээ тухайн шалгалтыг өгч байж эрх авч байж, энэ ажилд ажиллах боломжтой болдог. ******* гуайн хувьд энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа юм. 3 удаа шалгалт өгөөд шалгалтдаа ач холбогдол өгөөд яг тухайн тохиолдолд өөрийнхөө мэдэж байгаа чадвар мэдлэг чадвартаа анхаараад асуултад нь хариулаад тэр комисс дээр ажиллаад өөрийнхөө шалгалтыг өгчихсөн байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд ийм их хохирол салбарт үзэхгүй. Энэ байдлаас болоод салбар тодорхой хэмжээний хохирол амссан гэж үзэж байгаа юм. Энэ хүн тодорхой хэмжээний мэдлэг чадвартай байж байгаад шинээр орсон ажилтнуудыг сургах мөн инженер техникийн ажилтнуудыг өсгөж өндийлгөх, эргээд дадлагажуулах зэрэг маш олон нарийн хөтөлбөрт ажлуудыг энэ хугацаанд тасалдуулсан. Магадгүй энэ шаардлагаар үзэх юм бол ******* гэдэг хүн бид нараас энэ салбараас мөнгө нэхэх биш харин энэ хохироосон асуудлаар нь ******* инженерээс бид нар мөнгө нэхэхээр байгаа юм. Энэ хүн үүргээ л биелүүлчихсэн байсан бол энэ асуудал болж явахгүй. Цахилгаан байгууламж ашиглалт аюулгүй ажиллагааны мөрдөх журам бол эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан ийм журам байдаг. Эрчим хүчний салбар үүсэн бий болсноос хойш мөрдөж байдаг ийм дүрэм байдаг. Хамгийн сүүлчийн 2014 оны 8 сарын 22-ны өдөр 101 тоот эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан байгаа юм. Энэ дүрмийг Монгол Улсын хэмжээнд нутаг дэвсгэрт байж байгаа бүх аж ахуйн нэгжүүд төрийн өмчийн хэлбэрээр үл харгалзан мөрдөнө гэсэн нийтлэг заалт байдаг. Жишээлбэл 6 дугаар заалт дээр сургалт шалгалтдаа хамрагдаагүй буюу тогтоосон шаардлагад тэнцээгүй, зааварчилгаа аваагүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, эрүүл мэндийн хувьд тэнцээгүй иргэн ажилтан ажил үүрэг гүйцэтгэхийг хориглоно гэсэн үндсэн заалт бий. Мөн ажилтанд тавигдах шаардлага гээд 21 дүгээр зүйлд сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй буюу тэнцээгүй иргэн ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно гэсэн ийм заалтын хүрээнд л ажил амьдрал шийдэгдэж байгаа юм. Энэ заалтын хүрээгээр л энэ асуудал сөхөгдөж байгаа юм. Хамгийн гол нь өөрийнхөө хичээмжгүй, чадваргүй гэдэг юм уу, энд анхаарал хандуулахгүй, тухайн үед хичээхгүй энэ байдал нь үргэлжилж ийм байдал дадал болчихсон харагдаж байна. Энэ нь өмнөх өөрийнх нь гаргаж дахин нөхөн шийдвэр орж ирсэн байдалтай бас уялдаатай харагддаг. Нөгөө талдаа саяын тэр дүрмийн хүрээнд хавсралтад заагдчихсан инженер гэдэг хүн энд ямар үүрэг хүлээж байх вэ гэдгийг 6 зүйл дээр маш тодорхой заачихсан байж байгаа. Бүх чиглэлдээ үйлчилж байгаа цахилгаан байгууламжийн схем горим, онцлог, үйлдвэрлэлийн технологийн процессыг нарийн мэддэг байх ёстой гээд. Бүхэл бүтэн 6 зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээчихсэн инженер хүн өнөөдөр зөвхөн энэ чиглэлээр нь бид нар шалгалт авах гээд энэ нөхцөл шаардлагыг л хангаж чадахгүй 3 удаагийн шалгалтад уначихсан, шалгалт өгөхгүй байгаа шалтгаанаа өөр аргачлалаар тайлбарладаг” гэв.

6.Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийн хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2-т ажилтан мэргэжил мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтнуудад өмнө нь анхааруулж мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэсэн энэ заалт байгаа. Нэхэмжлэгчид манай байгууллагаас анх ажилд орсноос нь эхлээд шууд шалгалт авч байгаагүй хэд хэдэн удаагийн дагалдан суралцах хөтөлбөрөөр сургалтуудыг давтамжтай авсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байгаа. Мэдлэгийн хэд хэдэн удаагийн шалгалтыг аваад мэдлэг ур чадварын хувьд энэ хүн тэнцэхгүй юм байна аа гэж тогтоогдсон учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцалсан. 3 удаагийн шалгалт авах тухай бүрд нь бас сургалтууд орж байсан” гэв.

  7. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар *******ийн, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн *******ын ******* 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,,

7.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

8. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

...анхан шатны шүүхээс намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Би дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

            1.Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал гийн 2022.08.16-ны өдрийн Б/438 тушаалаар намайг Говийн бүсийн салбарын Захиргаа аж ахуйн албаны сургалт,ээр томилсон. Гэтэл 2022.12.13-ны өдөр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн *******ын дарга нь хууль бусаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг гэрээг цуцалсан. Говийн бүсийн салбарын даргад ийм эрх хэмжээ байхгүй. Салбар бол хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хууль бус тушаал гаргасан.

             2. Тушаал өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Намайг ажлаас чөлөөлөх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг үндэслэсэн. Миний бие эрүүл мэндийн хувьд болон болон ажил, мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа эрчим хүчний салбарт 22 жил ажилласан, мэргэжлийн багш, цахилгааны инженер тул бүрэн тэнцэнэ. Намайг хууль бусаар ажлаас чөлөөлөхийн тулд өмнө нь шүүхээр эгүүлэн тогтоолгон ажилдаа орсонд ялгаварлан гадуурхан салбар дотроо хууль бус шалгалтыг зохион байгуулсан. Би энэ шалгалтыг хүлээн зөвшөөрдөггүй, би өөрөө шалгалтын комиссын гишүүн байхад эдгээр хүмүүс надаас шалгалт авах эрхгүй, энэ нь холбогдох хууль дүрмээ зөрчсөн. Миний хувьд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн *******ын Захиргаа аж ахуйн албаны сургалтээр 2018 оноос 4 жил 2 сар ажиллаж байгаа, ажлын гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж ажлын зөрчил гаргаж байгаагүй. Хугацаагүй гэрээтэй. Би бол Захиргаа аж ахуйд хамаарагддаг техникийн бус ажилтан. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т ажил үүрэгтэй нь холбогдуулан асуулт асуух, тодруулахыг хориглоно. 2022 онд 2 удаа халагдаж байгаа нь шударга бус, үл ялгаварлан гадуурхахыг хориглоно.

           3. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонууд болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.23-ны өдрийн 183/ШЗ2023/05370 шүүгчийн захирамж болон бусад шүүхээр гомдлоо хугацаа алдалгүй гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу хийсэн гэж үзэж байна.

           4. Шүүгчээс нэхэмжлэгч *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хуульд заасан журмын дагуу гаргасан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

           Харин хариуцагч нь өөрийн гаргасан тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй, комиссын гишүүн гишүүнээсээ шалгалт авсан, хугацаагүй гэрээтэй байхад хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

           Иймээс Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2023/00374 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймгийн Цахилгаан дамжуулах үндэсний станц төрийн өмчит хувьцаат компанийн Говийн бүсийн салбарын ******* 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар гуайн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Ингэж цуцлах гол үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т зааснаар ажил мэргэжлийн хувьд тэнцээгүй, мэргэжил ажил албан тушаалын хувьд тэнцээгүй гэж үздэг. Нэхэмжлэгч энэ салбарт 22 жил ажиллаж байгаа үүнээс бол яг Дундговь аймгийн энэ салбарт 2018 оноос хойш 4 жил 1 сарын хугацаанд ажиллаж байна. Намайг ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэдгийг энэ салбарын шалгалтын комисс шийдвэрлэхгүй. ЭХЯ дээд байгууллагын шалгалтын комисс шийдвэрлэх ёстой. Би дээд байгууллагадаа ганцхан удаа шалгалтад орсон. Ер нь бол энэ дүрэмд нь зааснаар бол 3 удаа шалгалт авах ёстой. Энэ шалгалтын комисс шийдээгүй гэдэг асуудал байгаа. 2-рт өөрөө Дундговь аймгийн *******ын шалгалт авах комиссын 5 гишүүний нэг байдаг. Тийм учраас энэ 5 гишүүний, гишүүдээсээ шалгалт аваад байгаа энэ процесс нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ шалгалт бол өөрөө одоо үндэслэлтэй явагдсан шалгалт гэж үзэх боломжгүй гэж үзэж байгаа. Мөн нөгөө талаасаа энэхүү тушаалыг эс зөвшөөрөөд гуайн зүгээс хөдөлмөрийн маргаан таслах комисс, Хануул дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах комисс, хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороо гэх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 2-т зааснаар хуулийн хугацаанд явуулсан. Ийм учраас шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хугацаанд явуулсан учраас нэхэмжлэлийг татгалзалгүйгээр хүлээж авсан учраас энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нөгөө талаасаа үндэслэлгүй гэж үзэж байна. Дараагийн асуудал нь нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй гэдэг асуудлыг шүүх дүгнэсэн. Энэ нь үндэслэлгүй юм. Харин хариуцагч өөрийн гаргасан тушаалаа үндэслэлтэй гэдгийг нотолж чадаагүй. Ийм учраас Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж өгөөч гэсэн  гомдлыг гаргасан байгаа гэв.

 10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гомдлын шаардлагын талаарх хариу тайлбарыг өгье. Сургалт нэрээр томилогдон ажиллаж байсан иргэн нь нэхэмжлэлийн шаардлага дээрээ би Нямсамбуугийн тушаалаар томилогдсон. Салбарын даргад эрх хэмжээ байхгүй байж намайг халлаа гэж байна. Сургалт бол батлагдсан орон тоонд багтдаг албан тушаалтан бөгөөд, салбарын дүрмийнхээ 3.4-д заасны дагуу гүйцэтгэх захирлын зөвшөөрлийн үндсэн дээр салбарын дарга хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцлах эрх хэмжээ олгогдсон байгаа тул дээрх гомдол нь үндэслэлгүй. Салбарын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Цахилгаан дамжуулах үндэсний станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захиралд зөвшөөрөл олгосны үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцлах тушаал гаргасан. Энэ зөвшөөрөл нь тухайн хавтаст хэрэгт авагдсан материал дотор байгаа. Гомдлын шаардлагын 2-т тушаал өөрөө хууль зүйн үндэслэлгүй, намайг ажлаас чөлөөлөх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2-т заасныг үндэслэсэн. Миний бие эрүүл мэндийн хувьд болон ажил мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилтай тэмцэнэ гэж байгаа юм. Би эрчим хүчний салбарт 22 жил ажилласан тул тэнцэнэ гэж үзээд байгаа юм. Манайх ажлаас халсан гол үндэслэл нь ажилтан  хөдөлмөрийн тухай хуулийн 81.2-т заасны дагуу ажилтан мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр халсан. Гэхдээ тухайн хуулийн заалтдаа ажилтанд өмнө нь энэ тухайгаа мэдэгдэж, мэргэжлийн түвшин ур чадварын ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа хугацааг олгосон байвал зохино гэж заасан байгаа бөгөөд, манай байгууллага хэд хэдэн удаагийн давтамжтай иргэн эд сургалтуудыг орсон. 3 удаагийн шалгалт авсан бөгөөд уг шалгалтдаа 3-ууланд нь хангалтгүй үнэлгээ үзүүлсэн. Түүнчлэн ажилд орсон цагаас нь эхлээд дагалдан суралцах хөтөлбөрөөр 6 удаагийн давтамжтай 8 цагийн хичээлийг оруулсан. Үүнийг хуульд заасан үндэслэлийн дагуу сургалтуудыг хэд хэдэн удаагийн давтамжтай орсон боловч харамсалтай нь хангалтгүй үнэлгээ үзүүлсэн. Улмаар мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй болохыг тодорхойлж ажлаас чөлөөлсөн байгаа. Гомдлынхоо шаардлагын 3-д гомдлоо хугацаанд нь гаргасан гэж үзээд байгаа юм. Нэхэмжлэгч хэд хэдэн удаа хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан байгаа юм. Дундговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдааны тэмдэглэл 04 сарын 19-ний өдөр хурлын тэмдэглэл гарсан. Түүнийгээ хэзээ гардаж авсан нь тодорхойгүй. Тэгсэн хэр нь Дундговь аймгийн иргэний хэргийн шүүхэд 2023 оны 05 сарын 12-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан. Уг шийдвэрийг хүлээж авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуульдаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 54.8-д уг шийдвэрийг хүлээж авснаас хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл ажлын 10 хоногийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн энэ заалтыг зөрчсөн. Тэгэхээр анхан шатын шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан. Нэхэмжлэгч ийн давж заалдах шатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна гэв.

 11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагчийн зүгээс гүйцэтгэх захирлын тушаалаар томилчхоод салбарын ******* тушаалаар чөлөөлсөн үндэслэлгүй байна гэж байгаа юм. Энэ компанийн гүйцэтгэлийн 2022 оны 11 сарын 07-ны А/209 дүгээр тушаалаар салбарын дүрэм гэж баталсан. Манайх 5 салбартай. Тэгэхээр энэ салбарын дүрмээр салбарын ******* эрх үүргүүдийг яг адил эрх хэмжээг тогтоож өгсөн байдаг. Энэ дүрэм дээр салбарын батлагдсан орон тоонд ажиллах энэхүү журмын 3.3-д туслан гүйцэтгэх захирлын тушаалаар ийм, ийм ажилтнуудыг томилно гэсэн. Үүнд гуай байдаггүй. Зөвхөн салбарын удирдах албан тушаалтнууд байдаг. 3.3-д зааснаас бусад ажилтнууд болон гэрээт ажилтнууд томилогдож нөлөөлөх ажлаас өөр ажилд шилжүүлэх гүйцэтгэх захирлын зөвшөөрлийн дагуу салбарын ******* тушаалаар шийдвэрлэж байгаа юм. Хөдөлмөрийн гэрээг байгуулах, цуцлах, дуусгавар болгох эсэхээ шийдвэрлэнэ. Мөн салбарын ******* эрх үүргийн 4.3.3-д гүйцэтгэх захирлын тушаалаар томилж, чөлөөлөхөөс бусад салбарын ажилтнууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, мөн цуцлах шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу салбарын дарга шийдвэрлэнэ. Гээд салбарын даргад эрхийг нь, салбарын дарга нар нь тогтоогоод өгчихсөн байдаг. Мөн гүйцэтгэх захирлын тушаалаар анх Хануул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ирүүлж тогтоосон байдаг. Энэхүү шийдвэрийн гүйцэтгэлийн тушаалын 2 дахь заалт дээр эд ажлын байр картаар эзэмших хөрөнгийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 15-ны дотор хүлээлгэн өгч, тэмдэглэл авах дүгнэлт баталгаажуулаад холбогдох тооцоог хийгээд, ээлжит шалгалтыг зохион байгуулахыг Салбарын хувьд нь үүрэг болгосон. Тэгэхээр салбар дээрээс өгсөн чиглэл болоод, холбогдох дүрэм журмын хүрээнд ээлжит шалгалтыг авсан байгаа гэв.

            12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний салбар нь өөрийн онцлог үйл ажиллагаа явуулдаг салбар. Хамгийн гол нь нэн түрүүнд ажил эрхлэгчдийн аюулгүй ажиллагаа байдаг. Тийм учраас дүрмийнхээ хүрээнд ч зохицуулъя гэдэг. Энэ дүрмийн хүрээндээ л асуудлуудыг зохицуулж байгаа. Одоо мөрдөгдөж байгаа энэхүү дүрмийг эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх ААНБ дагаж мөрдөнө гэсэн заалт байгаа. Мөн энэ дүрэмд тухайн ажилтан 6 сараас дээш хугацаагаар ажиллаагүй болон завсардсан тохиолдолд оруулж шалгалт авна. Ажилд томилогдсоноор мэргэжлийн шалгалт хангалтгүй тэмдэг үзүүлсэн ажилтан шалгалт өгснөөс хойш 1 сарын дотор давтан шалгалтуудыг 3 удаа өгөөд шалгалтдаа тэнцээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудлыг тухайн нэгжийн захиргаа шийдвэрлэнэ гэсэн заалттай. Хүний цусаар бичигддэг аюулгүй ажиллагааны дүрэм учраас бид нар яг нарийвчлан мөрдөх нөгөө үндсэн заалт дүрмийнхээ хүрээгээр зохицуулагддаг. Үүний нэг байгууллага ямар үүрэг хүлээх вэ? гэхээр мөн адилхан. Түрүүчийн  ААН бүх байгууллагууд мөрдөн ажиллахын зэрэгцээ аюулгүй ажиллагааны дүрмийн үүрэг хүлээж байгаа юм. Ажилтны хүлээх үүрэг дотор сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй буюу тэнцээгүй ажилтан ажил хэргийг гүйцэтгүүлэхийг хориглоно гэсэн дүрмийн хүрээний заалтуудыг мөрдлөг болгож шалгалт шүүлэг зохион байгуулдаг. Би 2022 оны 02 сард ерөнхий инженер гэсэн ажил албан тушаалын үүрэг хүлээсэн. Миний бие адилхан энэ албан тушаалд анх орохдоо шалгалт өгөөд та бүхэнд харуулахад энэ мэргэжлийн шалгалтын үнэмлэх гэж байдаг. Жил болгон шалгалт өгөөд эрхээ авч байж баталгаажиж байдаг. Энэ хүрээндээ шалгалт авч байгаа. гуайн гол хэлээд байгаа гомдол нь юу байна вэ? гээд ирэхээр энэ мэргэжлийн комиссын гишүүнээс мэргэжлийн комисс шалгалт авчихлаа гээд байгаа юм. Анх ажилд томилогдохдоо мэргэжлийн комиссын шалгалтаа өгөөд тэнцээд мэргэжлийн комиссын гишүүн байсан. Дараад нь өөрийнх нь хэлж байгаагаар үндсэндээ 4 жилийн дотор шалгалт өгөөд явсан гэж яриад байгаа юм. Яг үнэндээ 2022 оны 2 сард халагдах тушаалын үндсэн шалтгаан нь 2020 онд ковид бусад юмтай уялдаад 2022 онд биедээ шалгалт авах процесс нь явж байгаад тэр шалгалтдаа тэнцэхгүй байж байгаад 3 дахь шалгалт дээрээ орох үедээ өөрөө зугтаагаад шалгалтад ороогүй. Ингээд компани ажлаас чөлөөлсний төлөө шүүхдэж хууль зүйн заалтыг маш нарийвчлан олж харж өөрийнхөө давуу тал болгож ашиглаад эргээд ажилд томилогдсон хүн. Анх шалгалт өгснөөс хойших хугацаа тодорхой хугацаанд өнгөрсөн учраас бид нар анхан шатын шалгалтыг авсан. Анхан шатны шалгалтыг авахдаа танаас шалгалт авч байгаа гэдэг утгаар нь аваагүй. Дүрмийн хүрээнд 6 сарын дотор ажлаас чөлөөлөгдсөн бол шалгалт авах ёстой гэсэн хүрээндээ тодорхой хэмжээний хөтөлбөр гаргаад өөрт нь сургалтуудыг ээлж дараалан зохион байгуулсан. Сургалтад ирсэн ирц нь энэ байна. Сургалтад хамт хамрагдаж, сурч байсан хүмүүсийн сургалтад нь тухайн үедээ баталгаажаад явдаг. Ингээд шалгалт өгсөн. Харамсалтай нь 09 сарын 20-нд шалгалт өгөөд тэнцээгүй. Яагаад шалгалт авч байгаа гэхээр энэ хүн анх томилогдохдоо шалгалт авдаг эрхгүй. Анхан шатны шалгалтад тэнцчихвэл албан тушаалынхаа шалгалтад тэнцсэн тохиолдолд харин  эрх нь нээгддэг. Гэтэл үүнийг ойлгохгүй юм шиг яриад байгаа. Яг энэ шалгалтад орохдоо би комиссын гишүүн учраас та нарт шалгалт өгөхгүй ээ гэж хандаагүй. Би эхний шалгалтад унасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гээд гарын үсэг нь энэ дээр байж байна. 14 хоногийн дараа шалгалтад орно шүү гэдгийг мөн адил өөрөө хүлээн зөвшөөрчихсөн. Баримт нь энэ дээр байж байгаа. Гэхдээ энэ хүн ямар нэгэн байдлаар шалтаг хайж, аргачлал хайж, ийш тийш нь өргөдөл бичиж байгаа нь хамт олныг ямар нэгэн байдлаар хоцроох гэж байгаа юм шиг процесс явагддаг нь ажиглагддаг. Ингээд 10 сарын 06-ны өдөр 2 дахь давтан шалгалтдаа орсон. 10 сарын 06-ны өдөр давтан шалгалтад орохдоо өмнө нь өгч байсан үзүүлэлтээсээ эрс дордсон. Энэ хугацаанд юу ч хийгээгүй, юу ч уншаагүй гэдэг нь батлагдсан. Яагаад гэвэл өмнө нь 28,8%-ийн үзүүлэлттэй шалгалт өгч байсан бол энэ удаад 19,5% авсан. Техникч хэтийн дүрэм болон аюулгүй ажиллагааны дүрэм гэсэн үндсэн шалгалтаар авдаг 2 шалгалтдаа хоёуланд нь муу дүн үзүүлсэн. Байгаа байдлыг нь хараад 10 сарын 06-ны өдөр шалгалт авсны дараагаар мэргэжлийн шалгалтын комисс 10 сарын 10-ны өдөр өөртөө нь тулж уулзсан. Яагаад, юун дээр алдчихав, юун дээр болохгүй байна, юунд анхаарах вэ? гэсэн чинь өөдөөс шалгалт өгөхгүй би ер нь шалгалт өгдөггүй гэж яриад байгаа юм. Өөрөө жишээлбэл нэг байгаа юмыг 2 талаас нь тайлбарладаг. Нэг болохоор би шалгалт өгөхгүй гэж яриад байдаг, нэг болохоор би захиргаа аж ахуйн ажилтан хүн гэж ярьдаг. Сургалт гэдэг хүн манай гол цөм байдаг. Учир нь бүх орж ирж байгаа шинэ ажилтнуудыг сургадаг. Дээр нь ээлжит шалгалтууд, сургалтуудыг зохион байгуулдаг. Улмаар шалгалтын комиссын гишүүнд орж, тухайн хүнд жилд ажиллах эрхийг нь олгодог гишүүдийн нэг юм. Өнөөдөр энэ эрчим хүчний салбарт Цахилгаан дамжуулах үндэсний станц төрийн өмчит хувьцаат компани 1200 хүн ажилладаг, үүнээс 6 хүн яг сургалт гэсэн статусаар ажилладаг. Өнөөдрийг хүртэл хугацаанд 6 хүнээс би анхан шатын шалгалт өгөхгүй гэж хэн ч гомдол тэмцэл яриагүй. Учир нь Инженер хүн учраас дүрмийн хүрээнд заачихсан хавсралт 1.5-д байгаа заалтын дагуу инженер хүнийхээ хувьд шалгалтаа өгөх ёстой. Шалгалтаа өгч чадахгүй явсаар байгаад 3 дахь удаагийн шалгалт өгөх болсон. Ялгаварлан гадуурхалт гээд байгаа. Тэгээд энэнээс нь зайлсхийгээд бид нар 3 дахь шалгалтыг компанийн мэргэжлийн багийг хяналтаар хамт орооч гэсэн. Харамсалтай нь энэ хүн тэр үед би өгөхгүй. Шүүхийн шатад байгаа учраас би одоо шалгалт өгөхгүй гэх юм ярьсан. Ингээд мөрдөж байгаа дүрэм журмын эсрэг зүйлсийг ярьсаар байгаад тухайн шалгалтыг өгөхгүй гараад явсан. Үүний дараагаар компанид бид нар халагдах хүсэлтийг өгсөн. Сая шүүгчийн танилцуулсны дагуу компанийн мэргэжлийн шалгалт дээр дахиж 3 дахь шалгалтаа өгсөн боловч хангалтгүй дүн үзүүлсэн. Энэ байгаа байдал нь өөрт нь нотлогдож байгаа юм. Тийм учраас өнөөдөр хэний буруу, хэнийг буруутгах гээд гуай энд сууж байгааг бид нар ойлгохгүй байна. Өөрийгөө л буруутгах ёстой гэж бодож байна. 2020 онд эсвэл 2022 онд зүгээр л мэргэжлийнхээ шалгалтыг зохих түвшинд нь өгсөн бол өнөөдөр энэ маргаан, тэмцэл болохгүй байсан. Комисс мэргэжлийн бус ашиг сонирхол бусад зүйлсийн зөрчил энд байгаагүй гэдгийг албан ёсоор хэлэх байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2023/00374 тоот шийдвэрийг нэхэмжлэгч талын гомдолд үндэслэн хянаад хүлээн авах үндэстэй байна гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг үндэслэн хэргийг гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ...Эрчим хүчний салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа. 2018 оноос 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр *******-ийн *******ын ******* ажлыг 4 жил 1 сар хийсэн. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 17-нд мэдэгдэх хуудсаар 2022 оны 12 дугаар сарын 13-нд *******-ийн *******ын ******* №Б/64 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлж халсан юм.

Хуулийн үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байгаа тул ... тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Мөн тэрээр шүүхэд гаргасан тайлбартаа миний хувьд дэд станцад ойртдоггүй, би ******* ажил хийдэг хүн. Шалгалт нь Хөдөлмөрийн хуулийн 6.2-т байгаа ялгаварлан гадуурхалт гарсан. Ажил үүрэгтэй холбогдолгүй асуултууд маш ихээр байсан. 10% нь л инженерийн холбогдолтой нарийн мэргэжлийн асуултууд байсан. Би төв компанид л шалгалт өгөх байсан. Төв компанид нэг л удаа шалгалт өгсөн гэжээ.

  Нэхэмжлэгчийн шаардлагын талаар хариуцагч талаас *******ийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХКомпанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Говийн бүсийн салбарын *******,ээр томилсон. Томилогдсон өдрөөс эхлэн *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, урьдчилсан зааварчилгаа өгч, “Дагалдан суралцах хөтөлбөр”-ийн сургалтын программыг нэг сарын хугацаанд судлан, суралцахаар болгосон. Дагалдан суралцах хөтөлбөрийн хугацаа дуусч мэдлэгийн шалгалтыг салбарын мэргэжлийн шалгалтын комисс шалгалт авахад 2 удаагийн шалгалтад “Хангалтгүй” үнэлгээ авсан. ... гурав дахь удаагийн шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авахаар шийдвэрлэж, шалгалт авах тухай мэдэгдэх хуудсыг урьдчилж хүргүүлсэн. Энэ хугацаанд мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг олгох чиглэлээр холбогдох инженер техникийн ажилтнуудаар 6 удаагийн давтамжтай 8 цагийн сургалт зохион байгуулж, анхан болон давтан шалгалтад бэлтгэх нийт гурван сарын боломжит хугацааг олгосон. Гурав дахь удаагийн шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр салбарын мэргэжлийн шалгалтын комисс болон төв компанийн шалгалтын комиссын хөндлөнгийн хянагчтайгаар авах гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгөхөөс зайлсхийсэн. ...Компанийн мэргэжлийн шалгалтын комиссоос 3 дахь удаагийн шалгалтыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авах хугацааг товлосон мэдэгдэх хуудсыг 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр *******эд өгсөн. ...******* нь 3 дахь удаагийн шалгалтаа компанийн мэргэжлийн шалгалтын комисст 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгч “Хангалтгүй” үнэлгээ авсан. Иймд салбарын ******* зөвлөлийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр мэдлэгийн шалгалтдаа тэнцээгүй, мэдлэг мэргэшлийн ур чадвар тухайн албан тушаалд тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтын дагуу ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээс татгалзаж ажлаас чөлөөлөх саналыг албан бичгээр компанид уламжилсан. Үүний дагуу ...*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа компанийн мэргэжлийн шалгалтын комиссын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 146/2022 дугаар шийдвэр, Говийн бүсийн салбарын ******* зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн хурлын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, -Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.25 дахь хэсэг, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.5.2 дахь заалт, компанийн мэдлэгийн шалгалт авах журмын 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсэг, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

  *******эд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.5-т заасан үндэслэлээр 1200162.32 төгрөгийн нөхөн олговор, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр 3600486.95 төгрөгийн тэтгэмж, ээлжийн амралтын 20,8 хоногийн цалин 1488638.53 төгрөг, нийт 6289287.62 төгрөгийг тус тус олгосон.

Иймд *******ийн гаргасан нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2023/00374 тоот шийдвэр гаргаж *******ийн нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүхийн энэ шийдвэрлэлтийг ******* эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүхээс намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэстэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй ... Учир нь Говийн бүсийн салбарын даргад ийм эрх хэмжээ байхгүй. Салбар бол хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хууль бус тушаал гаргасан. ...Тушаал өөрөө хууль зүйн үндэслэлгүй. ...Намайг хууль бусаар ажлаас чөлөөлөхийн тулд өмнө нь шүүхээр эгүүлэн тогтоолгон ажилдаа орсонд ялгаварлан гадуурхан салбар дотроо хууль бус шалгалтыг зохион байгуулсан. ...Би Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар шүүхээр гомдлоо хугацаа алдалгүй гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу хийсэн гэж үзэж байна. Шүүхээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Харин хариуцагч нь өөрийн гаргасан тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй, комиссын гишүүн гишүүнээсээ шалгалт авсан, хугацаагүй гэрээтэй байхад хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

             Давж заалдах шатны шүүх гомдлын дагуу хэргийг хянаад шүүхийн энэхүү шийдвэрлэлт ажилтны эрх ашгийг хангаж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэв.

            ******* нь 2022 оны 12 дугаар сарын 13-нд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Говийн бүсийн салбарын ******* Б/64 тоот “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах тухай” тушаалаар халагдсан гэж үзсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд уг тушаалын 1 зүйлд ...******* нь мэдлэгийн шалгалтад 3 удаа хангалтгүй дүн үзүүлж, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгааг тушаажээ.

            Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажил олгогч гаргасан байх талаар заасан бөгөөд ажил олгогчийн санаачилга нь чухам юу үндэслэж бий болох талаар уг хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-ээр тогтоосон.

            Хариуцагч тал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-д зааснаар баримтлан ажилтныг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд ... тэнцэхгүй гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа *******ээс 3 удаа шалгалт авсан дүн хангалтгүй гэх нөхцөл байдлыг үндэс болгожээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалтыг ажил олгогч үндэслэсэн байх бөгөөд үүнийг үндэслэж голлох баримт нь шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн гэж байгаа боловч хуулийн дээрх шаардлагаар бол ажилтан нь 1. Мэргэжил, 2. Мэргэшлийн түвшин, 3. Ур чадвар, 4. Ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон байх ёстой. Эдгээрийг зөвхөн богино хугацаанд явуулсан шалгалт гэх байгууллагын захиргаа буюу ажил олгогчийн зохион байгуулсан нэг талын санаачилгын нөхцөлөөр шийдвэрлэх ёсгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтын үргэлжлэл хэсэгт энэ тухай ажилтанд өмнө анхааруулах, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгохыг ажил олгогчид үүрэг болгосон. Хавтаст хэргийн материалаас үзэхэд ******* нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/01790 тоот шийдвэрээр ажилд эргүүлэн томилогдож, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал гийн тушаалаар хуучин ажилдаа эргүүлэн томилогджээ.

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/03191 тоот шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах болсон зэрэг хууль зүйн дагуу үйл ажиллагаа явагдсан байх бөгөөд шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн авснаас хойш 4 сарын хугацаанд дахин халж байгаа нь уг үйл ажиллагаа хууль зүйн дагуу гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд олгогдох олговрыг гаргуулах нь зүйтэй гэж тогтов.

Ингэхдээ нөхөн олговрыг үндсэн цалин орлогыг тогтоосон ажил олгогчийн ажилд томилсон тушаалд заасан сарын цалин болон нэмэгдэлд үндэслэн тогтоож ажлаас халах үед олгосон олговор болох 6289287 төгрөгийг хасаж, нийт 9935613  төгрөгийг олгохоор тогтов.

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хуулийн шаардлагад нийцэж буй гэж үзэн хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа нотлох баримтгүй гэх болон хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж маргаан таслах эрх бүхий байгууллагад гомдлоо гаргасан гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй биш гэж үзэн ажилтны эрх ашгийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2023/00374 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар *******ийн, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн *******ын ******* 2022 оны 12 сарын 13-ны өдрийн Б/64 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэгч *******ийг *******-нийн Говийн бүсийн салбарын захиргаа аж ахуй албаны сургалтийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 9935613 төгрөгийг олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын  тэмдэгтийн  хураамж  төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧИД                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                          Ш.ТӨМӨРБААТАР