Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2016/00309/И |
Дугаар | 130/ШШ2016/00351 |
Огноо | 2016-06-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2016/00351
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Т сумын ** дугаар багт оршин суух, РД:*******, Ш овогт Кы Гын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч К.Г, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Мал эмнэлгийн тасагт малын бага эмч, санитарчаар 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, тоо бүртгэлийн малын бага эмчээр 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1999 оны 4 дүгээр сарын 31-ний хүртэл ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч К.Г шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие Толбо сумын Мал эмнэлгийн тасагт малын санитарчаар 1988 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай тушаалаар авч ажиллуулж, 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай тушаалаар чөлөөлж, дахин мөн тушаалаар тоо бүртгэлийн бага эмчээр авч ажиллуулсан бөгөөд 1999 оны 4 дүгээр сарын 31-ний 02 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн зэрэг тушаалууд хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж бичилт хийгдсэн боловч энэ тушаалуудын зарим нь архиваас гарахгүй байгаа. Анх шүүхэд 1988 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажилласан байдлаа тогтоолгох тухай бичсэн боловч аймгийн архиваас ХАА-н техникум төгсөж хувиарлагдаж ирсэн намайг Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Толбо сумын Хоч хэсгийн малын бага эмчээр томилсон тушаал гараад ирсэн.
Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1999 оны 4 дүгээр сарын 31-ний хүртэл Толбо сумын Мал эмнэлгийн тасагт ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч К.Гын гаргасан хүсэлтийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, Толбо сумын мал эмнэлгийн үржлийн албаны баримтыг архивд шилжүүлээгүй тул К.Гд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар хүсэлт гаргагч К.Гын ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай тушаалаар Толбо сумын Хоч хэсгийн малын бага эмчээр Ховдын ХАА-н техникум төгсөж хувиарлагдаж ирсэн К.Гыг 1985 оны 8 дугаар сарын 26-наас эхлэн томилсон болох нь нотлогдож байна. /Ф№61, Хн-88, Х-60/.
- Мөн Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай тушаалаар Толбо сумын Силаш хэсгийн малын бага эмч К.Гыг 1988 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс чөлөөлсөн болох нь нотлогдож байна. /Ф№61, Хн-65, Х-60/.
-2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 276 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаанд: К.Гыг аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай тушаалаар Толбо сумын мал эмнэлгийн тасгийн төвийн санитарчаар авч ажиллуулсан гэсэн байна /Ф№61, Д№02, Хн-08, Х-38/.
-1984 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон №586529 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд К.Г нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл авсан цалин, төлсөн татварын талаар бичигдэж, тамга дарж баталгаажуулсан байна.
-Хавтаст хэрэгт авагдсан К.Гын 1985 оны 6 дугаар сарын 26-ны өдөр олгосон №132446 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд хөдөлмөрийн дэвтэр олгосон Ховд аймаг дахь ХААН техникумийн захирал гэж бичээд тамга дарж баталгаажуулсан ба 6-9 хуудсанд байгаа ажлын тухай бичилтүүд нь хүсэлт гаргагч К.Гын дээрх Толбо сумын мал эмнэлгийн тасагт санитарч, малын бага эмч, тоо бүртгэлийн бага эмчээр ажиллаж байсан гэх тушаал, тодорхойлолттой тохирч байна.
-Мөн хүсэлт гаргагч К.Гтай хамт ажилласан гэх Толбо сумын мал эмнэлгийн тасгийн малын бага эмч РД:******* Ш.А, Толбо сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч РД:******* А.Хавлен, Толбо сумын мал эмнэлгийн ОБЧ лабораторын эрхлэгч их эмч РД:******* Б.Т, Толбо сумын мал эмнэлгийн тасгийн малын бага эмч РД:******* Ш.Д нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: К.Г нь Толбо сумын мал эмнэлгийн тасгийн малын эмчээр 1988 оны 5 дугаар сарын 4-ээс 1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, саниторчинаар 1993 оноос 1999 оны 4 дүгээр сарын 31-ний хүртэл тоо бүртгэлийн статистик хариуцсан малын бага эмч бөгөөд сумын төв хариуцсан малын бага эмчээр ажиллаж байсан нь үнэн гэсэн байна.
Хүсэлт гаргагч РД:******* Ш овогт Кы Гын 1995 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн №340883 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 22-23 хуудсанд даатгуулагчийн ажил албан тушаалын тэмдэглэлд К.Г нь Мал эмнэлгийн статистик бага эмч гэж бичигдэж тамга дарж баталгаажуулсан байна.
1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын тухай хууль-иар нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр улсад ажилласан байдал нь тодорхойлогдох тул хүсэлт гаргагч К.Гын 1995-1999 онуудад ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар хүсэлт гаргагч К.Г нь Баян-Өлгий аймгийнТолбо сумын Мал эмнэлгийн тасагт малын бага эмч, санитарчаар 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, тоо бүртгэлийн бага эмчээр 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан хугацааг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:******* Ш овогт Кы Г нь Баян-Өлгий аймгийнТолбо сумын Мал эмнэлгийн тасагт малын бага эмч, санитарчаар 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, тоо бүртгэлийн бага эмчээр 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч К.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК