Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 218/МА2023/00020

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж шийдвэрлэсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 139/ШШ2023/00385 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-нд холбогдох *******ийг төрөөс Зоог гуанзыг 1991 онд худалдаж авахад *******, ******* нар нь өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж, оролцоогүй болохыг тогтоолгох тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “...******* нь *******, ******* нарт холбогдуулан *******ийг төрөөс Зоог гуанзыг 1991 онд худалдаж авахад *******, ******* нар нь өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж, оролцоогүй болохыг тогтоолгож, “*******” ХХК- ийн хөрөнгийн бүртгэлд *******ийг эзэмшигчээр бүртгэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд *******ийг эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн ба харин нэхэмжлэгч нь *******ийг төрөөс Зоог гуанзыг 1991 онд худалдаж авахад *******, ******* нар нь өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж, оролцоогүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “...Миний бие 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зоог гуанзыг дуудлага худалдаагаар худалдахад оролцсон билээ. Зоог гуанзыг худалдан авахад *******, ******* нар нь тус дуудлага худалдаанд хамт оролцоогүй. Дуудлага худалдаанд оролцож, тухайн үед үнийг 598 ширхэг өмч хувьчлалын ягаан тасалбар хүргэж дуудлага худалдаанд оролцох талаар надад зөвлөж, үнийн талаар санал гаргалцсан хүн байхгүй. Миний бие тус дуудлага худалдаанд оролцож 598 ширхэг ягаан тасалбараар төрөөс худалдан авах эрх олж авсан. 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн өмч хувьчлалын комисст бага хувьчлалын тасалбараа хүлээлгэн өгч тус Зоог гуанзыг эзэмших эрх нээгдсэн. Мөн ягаан тасалбарын сери дугааруудад тохирох хүний овог, нэр, регистрийн дугаар нь надад байгаа, шаардлагатай гэж үзвэл *******, ******* нарт танилцуулж болно. Миний бие хуучнаар Худалдаа бэлтгэлийн трестийг 4 хоршоо болгож өмч хувьчлалын комиссоос дуудлага худалдаагаар худалдахад оролцож, Дөл хоршоог 1650 ширхэг ягаан тасалбараар, Зоог гуанзыг 598 ширхэг ягаан тасалбараар худалдан авч Тулга хоршоог байгуулан татварын хэлтэст бүртгүүлэн ажиллаж байгаад зөвхөн Зоог гуанз буюу 598 ширхэг ягаан тасалбарт ногдох хөрөнгийг авч, үлдсэн хувьцаанд ногдох хөрөнгөө Тулга хоршоонд үлдээсэн билээ” гэжээ.

1.1 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлд тухайн үед өмч хувьчлалаар Зоог гуанзыг дуудлага худалдаагаар худалдаж авахад *******, ******* нар өмч хувьчлалын ягаан тасалбар авч оролцоогүй. Нэхэмжлэлд Ундрам ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд *******ийг эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай шаардлага захиргааны хэргийн шүүх дээр байгаа учир нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна. Зоог гуанзыг 598 ширхэг ягаан тасалбараар худалдаж авахад *******, ******* нар надад хувьцаа өгөөгүй, хувьцаа өгсөн гэж маргадаг. Дуудлага худалдаанд албан ёсоор би оролцсон. Хувьцаа тушаахдаа би тушаасан. *******, ******* нар өөрийнхөө хувьцааг тушаасан байхыг үгүйсгэх газар байхгүй. 598 ширхэг хувьцааг төрд тушаасан хүмүүсийг судлахад тодорхой гарч ирсэн. Аль кодонд энэ хүний нэр байх уу гэдэг нь байхгүй. Олон газраас шүүж үзсэн. Аймгийн архив материал байхгүй гээд сүүлд нь өөрийн биеэр очиж үзэхэд материал гарч ирсэн. Энэ материалаас кодонд нэрийг зөв зоосон. 598 ширхэг хувьцаа өгсөн хүний 86,4 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан байна билээ. Насанд хүрэгчдийн хаягийг тогтоогоод, байгаа хүмүүсээс мэдүүлэг авсан. Зарим нь шүүхэд дуудсан боловч ирээгүй. *******, ******* нарт би хувьцаагаа өгсөн гэсэн хүмүүс гарахгүй байгаа юм. Мөн 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өмч хувьчлалын комиссын тасалбарыг хүлээлгэн өгсөн акт байгаа. Энэ актан дээр албан ёсоор би гарын үсэг зурж өгсөн. Хэрэв хамтарч өгсөн бол хамт гарын үсэг зурсан байх ёстой. Өнөөдөр болохоор хамт өгсөн гэж ярьж байгаад гайхаж байна. Гэтэл өнөөдөр эргэж уулзахааргүй болтол ийм байдалд хүрнэ гэж бодоогүй. Эвлэрье гэж хэд хэдэн удаа хэлсэн. Зайлшгүй үнэнийг олох шаардлага байна. Зөвхөн Зоог гуанзны асуудлыг орхисон нь өнөөдрийн ёс зүйд таарахгүй. Өмчийг хувааж өгсөн бол албан ёсны тогтоол шийдвэр гараагүй. Тэр үед нь хүчингүй болгож албан ёсоор гарын үсэг зураагүй. Өнөөдрийг хүртэл хүчинтэй. Одоо ч хуралдсан бид амьд сэрүүн байна. Хэн нь хэчнээн хувьцаа гаргасан гэдгээ өөрсдөө мэдэж байгаа. Хариу тайлбарт ирээд байгаа бид мөнгөтэй байгаагүй гэдэг үнэн. Хэн нь ч мөнгөтэй байгаагүй. Ийм байдалтай Зоог гуанзыг худалдаж авсан. Гэтэл олон жилийн дараа шүүх дээр дуудсан хүмүүсээс мэдүүлэг авахад зарим нь хэнд өгснөө мэдэхгүй гэсэн. , Тунсаг хоёрыг тодруулж үзсэн. Нийт 21 хүн *******эд хувьцаагаа өгсөн гэж хэлсэн. ын мэдүүлэг Адъяатай тохирч байгаа. Тунсаг Өлзийт сумын харьяатай байсан. Манай хамаатны хүн. Энэ хүмүүст би хэлэх байсан ч хэлээгүй. Гэрч Өлзийсайхан гэдэг хүн гэж ээжийгээ хувьцаа өгснийг би мэдэж байна гэсэн. Ундармаа гэж хүн *******эд хувьцаа өгсөн гэж хэлсэн. Адъяагийн гэрчлээд байгаа хувьцааг Батсуурь гэж хүн надад өгсөн. , түүний эхнэр Сайнбилэг нар мэдүүлэгтээ хэлсэн. Гуанзанд ажиллаж байсан хүмүүсийн хувьцааг аваад Зоог гуанзыг авсан гэдэг нь худлаа. Ажиллаж байсан 14 хүн байна билээ. Гэрч Долгоржав хувьцаагаа хаана, хэнд өгснөө нарийн санахгүй байна гэж мэдүүлсэн байна билээ. Гэрч Туяажаргал гэдэг хүний нөхөр Алтансүх Туяажаргал Зоог гуанзны ахлах тогооч байсан. Долгоржав туслах тогоочоор ажиллаж байсан гэж мэдүүлсэн. Долгоржавын гэр бүл *******эд хувьцаагаа өгсөн гэдгийг Алтансүх баталдаг. Лхагвасүрэнгийн нөхөр Будтай Туяажаргал нэг нутгийн хүмүүс гэж хэлдэг. Туяажаргалын бичиж өгсөн тодорхойлолтыг нөхөр Алтансүх манай эхнэрийн бичиг мөн байна гэж баталдаг. Карл гэж хүн мэдүүлэг өгөхдөө 9 хүнийг гэрчилж байна. Цагдаад ажиллаж байсан Жаргал гэж хүний хувьцааг би авч *******эд өгсөн гэж мэдүүлсэн. Алтансүх бол өөрийнхөө болон хүү, эхнэрийнхээ хувьцааг өгсөн гэдгээ хэлдэг. Долгоржав, Цэрэнлхам нар мөн хувьцаагаа *******эд өгсөн гэж хэлдэг. Гэрчүүдээс хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан. Хэрэв худлаа мэдүүлэг өгсөн бол хариуцлага хүлээх ёстой. Алтансүх 13 хүнийг гэрчилдэг. Баатарчулуун гэж хүн мэдүүлэхдээ гомдолтой байсан тухайгаа хэлсэн байсан. Баатарчулуун 7 хүн хувьцаа өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэрч П.Баттулга надад нэлээн хэдэн хувьцаа авчирч өгсөн. Баттулгын эхнэр Туяа мэдүүлэг өгсөн. Өгөхдөө 21 хүнийг өгсөн гэж мэдүүлдэг, Эрдэнэцогт гэж хүн мэдүүлэг өгөхдөө 8 хүнийг *******эд хувьцаагаа өгсөн гэж гэрчилсэн. Нийтдээ 84 хүн *******эд хувьцаагаа өгсөн гэж гэрчилсэн. Нэг хүнд 3 ширхэг хувьцаа гэж бодохоор 252 хувьцаа болно. Энэ хүмүүс оролцоогүй гэдэг нь гэрчийн мэдүүлгүүдээр харагдаж байна. Өөрт ногдох хувьцааныхаа тоог бодохоор үндэслэлгүй гэдэг нь мөн харагдаж байна. Хэрэгт Монголын хөрөнгийн бирж *******эд 327 ширхэг ягаан тасалбар өнөөдрийг хүртэл хадгалаастай байгаа гэсэн тодорхойлолт байгаа. Хариуцагч надаас дор мөнгөгүй байсан гэж тайлбар ирдэг. Манайд өндөр албан тушаалтай хүн байгаагүй. Би эхээс 17-уулаа. Манай ах дүү нарт ажилтай албатай хүн байсан, их биш ч бага мөнгө ах дүүгээсээ авч ашигласан. Шинэ мотоциклоо зараад мөнгийг нь банканд хийгээд 50 хувь нугалж авсан. Гэр хороололд, амьдрал их мундаг биш байсан нь үнэн. Энэ хувьцааг авах чадал, хөрөнгийн эх үүсвэр байсан уу гэж байна билээ. Би хүнээс хувьцаа хулгай хийгээгүй, улсад тушаасан. Хувьцааны мөнгө Тулга хоршооноос өгсөн. Оруулсан хөрөнгийн хэмжээгээр эрхээ эдэлнэ. Нэхэмжлэл бол Зоог гуанзыг төрөөс худалдаж авахад хувьцаа нийлээгүй болохыг тогтоолгох болохоос хувьцааны мөнгийг тогтоохгүй. 200 хуудас материал ирүүлсэн байсан. Түүнтэй танилцсан. Тэр дотор ээдрээтэй юм олон байна билээ. Надад эрхийг нь өгсөн. Харамсалтай нь өөрсдийнхөө авсныг хуулбарлаж шүүхэд ирүүлээгүй байна билээ. Тулга хоршооны баримт дээр Ундрам хоршооны тамга дарсныг ойлгохгүй байна. Ийм байдалтайгаар ягаан тасалбар нийлүүлсэн гэж арай хэтэрч байна. Арай ч ийм хүмүүс гэж ойлгоогүй гэв.

2. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зах зээлд шилжиж 1991 онд хамгийн анх худалдааны ахуйн үйлчилгээний байгууллагын дуудлага худалдаанд оролцсон. Дуудлага худалдаа болох үед *******, *******, *******, 4 хамтарч дуудлага худалдаанд оролцъё гэж ярилцсан. ******* төлөөлж дуудлага худалдаанд оролцсон. Дуудлага худалдаагаар Дөл хоршоо, Зоог гуанз 2 объектыг худалдаж авсан. Үүнийг ******* дарга шүүхээр тогтоолгох шаардлага байхгүй. Комиссын шийдвэрийн дагуу олгогдсон гэрчилгээнүүд нь байгаа шүү дээ. Цаашаа бүрэн бус хариуцлагатай хоршоо байгуулж хамтран ажиллая гэж 4 хүн хамтарч ажиллахдаа заавал өөрсдийн биеэр ажиллана гэсэн яриа хэлэлцээр хийсэн байдаг. Түүний дагуу *******ийг гэр бүлийн хүний хувьд би төлөөлж, Дамиранжавыг төлөөлж , ******* бид 4 хүн хамтарч хоршоогоо байгуулаад хоршооныхоо дүрмийг хамт хийсэн байдаг юм. 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцээд дүрмийг баталсан. Дүрмийн 7-д хоршооны эд хөрөнгө нь гишүүдээс оруулсан хөрөнгө, хоршооны гишүүдээс гадна байгуулсан эд зүйлээс бүрдсэн хоршооны эд хөрөнгийг гишүүд дундаа хамтран өмчилнө гэж заасан. Дуудлага худалдаа 10 дугаар сард болсон. 11 дүгээр сарын 10-ны өдөр дүрмээ батлаад үйл ажиллагаагаа явуулсан. Дүрмийн 4.8-д хоршооны бүх гишүүдээс бэлэн мөнгөөр хувь нийлүүлсэн дүрмийн сангийн доод хэмжээ 1.193.000 төгрөгөөс доошгүй. Дүрмийн сангийн хэмжээг гишүүдээс хувь нийлүүлсэн хэмжээг хоршоодын хоршооны гишүүдтэй хамтран байгуулсан гэрээнд албан ёсоор хавсаргана гэж заасан. Энэ хувийг хэргийн материалд татаад өгчихсөн. Хавсралт хэсэгт нэрс нь бичигдээд хоршооны дарга ******* гээд гарын үсэг зурчихсан. Хувь нийлүүлсэн хөрөнгөө 25, 25%-аар 4 хүн эзэмшинэ гээд нотариатаар батлуулсан. Бүртгэлийн байгууллага, татварын байгууллагад өгөөд бүртгүүлээд үйл ажиллагаа явдаг. Энэ 2 объектыг худалдаж аваад Тулга гэж хоршоог байгуулсан гэж нэхэмжлэл дээр биччихсэн байгаа юм. Дүрэм нь яг энэ эх хувиараа байна. 1991 онд хувьчлал болсон. 1991 оны 01 дүгээр сард 20 дугаар тогтоол гараад бид нарын цалин нугараад 1200, 1300 төгрөг хавьцаа болсон. Тийм үед хувьчлал явагдахад бид нарт хувьчлалын ягаан тасалбарыг мөнгөөр худалдаж авъя гэхээр байхгүй шүү дээ. Бүгдээрээ ярилцаад ямар ч байсан аспирант цуглуулаад тушаая, тэгээд дуудлага худалдаанд ******* дарга л орсон юм чинь ******* даргад тэр хамаг юмнууд цугларна шүү дээ ******* дарга аваачаад тушаагаад гэрчилгээ авсан байдаг юм. Хүмүүсийн хувьцаа авчихсан хүмүүс хувьцаагаа төлнө. Үйл ажиллагаандаа оролцож, үйл ажиллагаагаа явуулж, үүнийхээ үр дүнгээр хувьцааны үнэ төлөх ажлыг бид бүгдээрээ хийсэн. ******* дарга 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрөө ийм өргөдөл өгсөн. Би та нарт ямар ч гомдолгүй, Тулга хоршоо байгуулах зүйлийг санаачилсан бөгөөд идэвхтэй ажилласан санасандаа хүрсэн, одоо цаашид ажиллаж чадахгүй энэ тухай түрүүнд тохиролцсон анхны нийлүүлсэн хувьцааныхаа хэмжээний хөрөнгийг тастаж авъя, тэгээд яахаа шийдье гэсэн өргөдлөө өгчихсөн. Энэ хурлаа хийгээд протокол үйлдэж байгаа юм. Ийм хурлын протоколоор Тулга хоршоогоо татан буулгаад.*******, Баян-Уул гэсэн ийм 2 компани байгуулаад хөрөнгөө хуваасан. Ингэж хуваахад Зоог гуанзны барилга буюу 250м-ын агуулах гээд 2 үндсэн хөрөнгө өгсөн. 3 үндсэн хөрөнгийн 2 үндсэн хөрөнгийг нь ******* даргад өгөөд ******* гэсэн хөрөнгөтэй нөгөө 3 хүн нь үлдэж байгаа юм. ******* даргын хувьцаа нийлүүлэхийн хувьд Зоог гуанзны ажилчдын хувьцааг хурааж авсан байх ёстой гэсэн юм. Сая нэр гаргаад ирэхээр зарим хүмүүсийн нэр харин алга байна. Сая хэллээ би хөрөнгийн биржид 327 ширхэг хувьцаатай гэж байна. Янз бүрийн хүнээс их олон хувьцаа цуглуулаад заримыг нь аваад үлдчихсэн. Хувьцаа өгсөн хүмүүс дотроос гуанзанд ажиллаж байснаас Н.Баатарчулуун, Н.Туяажаргал. Н.Лхагвасүрэн, Н.Долгоржав нар байна. Дандаа гуанзанд байсан хүмүүсийн хувьцаа шүү дээ. Тэр мэдүүлэг өгсөн юмыг харахад тоогоо зөрүүтэй ч хэлсэн юм харагдана лээ. Олон жилийн өмнөх болохоор мартана. Мэдээж ******* дарга авсан юмыг нь бүрдүүлэх гэж байгаа юм чинь бүх хувьцаагаа л ******* даргад өгнө шүү дээ. Л.Баатарчулуун гэхэд л 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 12000 төгрөг авсан байгаа юм. 10 дугаар сарын 15-ны өдөр 600 төгрөг авсан байгаа юм. Н.Карл гэж хүн хувьцаа өгсөн, хүүхэд нь ч гэсэн мэдүүлэг өгсөн л байна. н.Лхагвасүрэн гээд тогооч байсан юм. Энэ тогооч гэр бүлийнхнийхээ хувьцааг өгсөн. Тэгэхдээ энэ хоршооноос 2 удаа 60000 төгрөг авсан байгаа юм. Тэр нь 72-оос 73 дахь хуудсанд байгаа. Л.Туяажаргал гэхэд 9000 төгрөг өгсөн байгаа юм.н.Адьяа гуай чинь бид нартай л хамт ажиллаж байсан хүн. Өөрөө нас барчихсан болохоор хүүхдээс нь мэдүүлэг авсан байсан. Өөрсдийнх нь нэр байгаа болохоор бид энд өгсөн юм байна л гэж ойлгож байгаа шүү дээ. Өгсөн өгсөн л гэсэн юм ирсэн болохоос яг хэн *******эд өгсөн эсэхийг бас яг тогтоохгүй. Ямар ч байсан мөнгө авсан нь тодорхой. Хувьцааны мөнгө аваагүй гэж бид нарыг салахаас өмнө гомдол гаргасан хүн байхгүй. Бид нарт оруулсан хувьцааны мөнгийг бид нар хөдөлмөрлөөд бүрэн хэмжээгээр энэ хүмүүст нь мөнгөө өгчихсөн, хоршоогоо байгуулаад дундын өмч болно гээд зарлачихсан. Мөнгийг нь хөдөлмөрлөөд дундаасаа төлж байхад өнөөдөр хувьцаа нийлүүлээгүй гэсэн асуудлыг яриад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. 30 жилийн дараа өнөөдөр ийм зүйл ярьж байгаад би ёстой үнэхээр гайхаад байгаа юм. Тухайн үед нь ярихгүй яасан юм. Бид итгэж сайхан ажиллаж нэг хоршоог хоёр компани болгоод амьдрал ахуй нь хэн хэн нь боломжийн л явж байгаа шүү дээ. Анх 0-оос эхэлсэн. ******* дарга хадгаламжтай, мөнгөтэй байсан юм шиг яриад байгаа юм. Ямар ч баримт гаргаж өгөөгүй гэв.

3. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид нар найз нөхөд явсан. Тэр ч үүднээсээ 4 хүний хувь нийлүүлсэн хөрөнгөөр 2.248.000 төгрөгийн хувь хөрөнгөтэй, Тулга нэртэй хоршоо байгуулсан. Хөрөнгө оруулалт нь 4 хүндээ хуваачихаар нэг хүнд 562.000 төгрөг ноогдож байгаа юм. Энэ хүнийг хүсэлт гаргаад ирэхэд нь би уурлаж, хэрэлдэж, зодолдоод яваагүй. Өөрөө юмаа ойлгохгүй байгаа юм байна, мартаж санадаг болсон юм байна гэж бодсон. Дээр нь надаас, ах, насыг нь хүндэтгэсэн. Процесстой холбоотой баримтуудыг Тулга хоршооны архив, Ундрам хоршооны архиваас гаргаж ирээд шүүхийн материалд хавсаргачихсан байгаа. Дүрэмдээ 3-аас доошгүй жил ажиллана гэж заасан. Тэгсэн ******* гуай 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өргөдөл гаргаад хөрөнгөө тастаж авсан. Нэгт. *******ийн нэхэмжилж байгаа юм 4 хүний өмч гэдгийг энэ бүртгүүлсэн баримт материал нотолж байгаа. Хоёрт, энэ хоршоо 13.780.100 төгрөгийн хөрөнгөтэй байсан. Энэ хөрөнгөнөөсөө 4 хуваах юм бол нэг хүнд 3.445.025 төгрөг ногдох байсан. *******эд 4.802.329 төгрөгийн хөрөнгийг нэр дээр нь тастаж өгсөн. ******* Баян-Уул компани гэж бүртгүүлээд гэрчилгээгээ авсан. Үлдсэн 3% нь болохоор уг нь 3.445.000 төгрөг 10.200.000 төгрөг болох ёстой биз дээ. Бүр 8.951.771 төгрөгийн хөрөнгөтэйгөөр Ундрам компанийг байгуулсан. Миний хөрөнгийг тасдаж өгчхөөд миний хувьцааны мөнгийг өгөөгүй шахуу юм ярьж байна. 4 хүн 4.828.000 төгрөг авсан, бусад хүмүүст 3.000.445 ногдох байсан. Түүнийг нь хасаад үзэх юм бол энэ хүнд 1.303.364 төгрөгийн хөрөнгө илүү тастаж өгсөн. Энэ юу харагдаж байна? өнөө 598000 төгрөгийг 2 нугалсан хөрөнгийг *******эд илүү өгч байгаа. Энэ 3 хүн багыг нь авсан. Гуравт, *******ийн мэдүүлэг авсан тэр хүмүүс явж явж Тулга хоршоонд тушаачихсан үнэн үү? үнэн хүлээн зөвшөөрч байна. Тушаасан регистрийн дугаар нь үнэн байсан. Харин ганцхан мөнгийг Тулга хоршооны эздэд өгсөн. *******эд өгсөн. 4 хүний дундын хоршооны мөнгөнөөс гарын үсэг зураад ******* 1 дүгээр гарын үсгийг нь цохоод 2 дугаар гарын үсгийг нягтлан ******* цохоод өгчихсөн. Энэ дундын хөрөнгөөс худалдаж өгсөн байхгүй юу. Тийм учраас ******* ганцаараа өмчлөх эрх байхгүй. Мэдүүлэг өгсөн нийтдээ 118 хүн болж байгаа юм. 118 хүний 83 хүний мөнгө дутуу байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл 83 хүн эзэнгүй байгаа юм. 3000 төгрөгөөр бодохоор 246000 төгрөг болж байгаа. Тулга хоршооноос 1992 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд өөрөө гарын үсэг зураад 12 удаагийн баримтаар 359.693 төгрөг бэлэн авсан. 4 дэх нотолгоо нь энэ хүн энэ хоршоог байгуулснаас хойш 30 хэдэн жил юу хийж явсан юм. Юм гэдэг хуультай. 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дүгээр заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. 200 хуудас баримт өгсөн. 12 дугаар сарын 20 хэдэнд нэг дуудлага худалдаагаар авчхаад л дор нь 7 хоногийн дотор мөнгийг нь өгөх ёстой гээд хувьцаагаа тушаах ёстой болсон учраас эргээд хувьцааг нь хувьцаагаар нь өгчихдөг, өгч авдаг ийм танил зүйл тэр хооронд байсан. Тэгээд тэр олон мөнгө өгөөд баахан хүний дэлгүүрийн худалдагч нар дэлгүүрт ажиллаж байсан хүмүүс, Зоог гуанзад ажиллаж байсан хүмүүс байсан. Жагсаалтад ороод ихэнх нь алга болчихсон. Энэ хүн бид нараас хувьцаанд мөнгө гаргаагүй, энэ миний юм байгаа юм гэх эрх байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1. 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *******ийг төрөөс Зоог гуанзыг 1991 онд худалдаж авахад *******, ******* нар нь өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж, оролцоогүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК- ийн хөрөнгийн бүртгэлд *******ийг эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

4.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн      7 дугаар зүйлийн 7.1.1 дэх      хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

******* миний бие *******, ******* нарт холбогдуулан ******* төрөөс Зоог гуанзыг 1991 онд худалдан авахад *******, ******* нар нь өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж, оролцоогүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл “тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1963 оны БНМАУ-ын Иргэний хууль, 1994 оны Иргэний хуульд заагдсан хуулийн хугацаа өнгөрсөн” гэж үзжээ.

Миний бие 1991 оны 11 сарын 14-нд Зоог гуанз /одоогийн Залуучууд/-ыг дуудлага худалдаагаар худалдахад оролцсон билээ. Зоог гуанзыг худалдан авахад *******, ******* нар нь тус дуудлага худалдаанд хамт оролцоогүй. Дуудлага худалдаанд оролцож, тухайн үед 598 ширхэг өмч хувьчлалын ягаан тасалбар буюу хувьцаагаар дуудлага худалдаанд оролцох талаар надад зөвлөж, үнийн талаар санал гаргалцсан хүн байхгүй. Миний бие тус дуудлага худалдаанд оролцож 598 ширхэг ягаан тасалбараар төрөөс худалдан авах эрх олж авсан. 1991 оны 11 сарын 21-нд Дундговь аймгийн өмч хувьчлалын комисст бага хувьчлалын тасалбар буюу хувьцааг хүлээлгэн өгч тус Зоог гуанзыг эзэмших эрх нээгдсэн байдаг.

           Миний гаргаж буй нэхэмжлэл маргаан бол хувьцааны маргаан буюу өмч хувьчлалын ягаан тасалбартай холбоотой маргаан байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж үзсэн.

Хувьцааны маргаанд “хөөн хэлэлцэх хугацаа” үйлчлэхгүй гэж үзэж байна. Монгол улсын Засгийн газрын 1991 онд ард иргэдийг өмчтэй болгох зорилгоор тараасан цэнхэр, ягаан тасалбаруудыг өмчийн эзэн буюу хувьцаа эзэмшигч болгож баталгаажуулсан билээ. Миний хувьд Зоог гуанзыг Төрөөс худалдан авахад хариуцагч талыг оролцоогүй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Энэ нь өөрөө хувьцаатай холбоотой маргаан юм. Хариуцагч тал Зоог гуанзыг худалдан авахад оролцоогүйгээс гадна худалдан авахад оролцоогүй гэдэг нь төрөөс зохион байгуулсан Дуудлагын худалдаанд оролцсон баримтуудаар тогтоогддог юм. Мөн төрд өмч хувьчлалын ягаан тасалбар буюу хувьцаа нийлүүлээгүй нь төрд хувьцааны тасалбар тушаасан баримтаар тогтоогддог.

Мөн 84 хүн хувьцаагаа *******эд өгсөн гэж мэдүүлсэн. Эдгээр хүмүүс *******эд хувьцаагаа өгснийг гэрчилсэн. Гэтэл *******, ******* нар хувьцаагаа төрд болон надад өгөөгүй гэдэг нь баримтаар тогтоогддог, Тулга хоршоог анх байгуулсан хувьцаа эзэмшигчдээс *******ийг гаргасан шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байна. Зоог гуанзыг төрөөс худалдаж авахад иргэдээс цуглуулж авсан хувьцааны жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн байхад хариуцагч талаас эдгээр иргэдээс хувьцаа авсан талаар тайлбар гарган мэтгэлцээгүй, харин ч хариуцагч тал хувьцааны талаар маргаангүй гэсэн тайлбарыг гаргадаг. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 139/ШШ2023/00385 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: *******ийн нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ үндсэн 2 үндэслэлийг зааж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эхний үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь эрх зүйн үйл явдлыг тогтоолгох онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг байна гэдэг үндэслэлийг заасан. Урьд яг энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан хэрэг хянан шийдвэрлэгдсэн байдаг. Уг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ эрх зүйн үйл явдлыг тогтоолгох нэхэмжлэл биш хариуцагчтай хянан шийдвэрлэх хэрэг байна гэдэг байдлаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ үүднээс тухайн нэхэмжлэлийг хариуцагчаа нэрлэн зааж татаж нэхэмжлэлийг гаргасан байгаа. Дараагийн гол үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний хуульд заагдсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. 1991 оны хуулийг баримталж шийдвэрлэж мэтгэлцэж байгаа учраас 1991 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 1-д хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан. Ямар хэргийн хөөн хэлэлцэх хугацааг, хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй вэ? гэдэг асуудлыг 1994 оны Иргэний хуульд тодорхой зааж өгсөн байна. 71 дүгээр зүйлийн 2-т эдийн бус амины эрх зөрчигдсөн учирсан хохиролд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэдэг асуудлыг зааж өгсөн байна. Иймд маргаж байгаа зүйл маань нь эдийн бус маргааны хөрөнгө гэж үзэхээр харагдаж байгаа юм. Хувьцааны асуудал 2002 оны хуульд ч гэсэн тодорхой зааж өгсөн байгаа. 2002 оны хуулийн 74 дүгээр зүйлийн 2 дахь зүйлд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй. Эдийн бус хөрөнгөд юу орох юм бэ? эзэмшигч этгээддээ ашиг өгөх хөрөнгийг эдийн бус хөрөнгө гэж үзэж байна. Тэгэхээр 1994 оны энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 2-т хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй шаардлага гэдэг асуудлыг тодотгон зааж өгсөн. Эдийн бус амины эрх зөрчигдсөний улмаас гэм хор арилгуулах нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй  асуудлыг тодотгон зааж өгсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэл нь үндэслэлгүй байна. 2 дугаарт тэмдэглэлд 598 ширхэг хувьцааг ******* авсныг маргах зүйл байхгүй гэдэг асуудлыг шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан. Мөн 1994 оны хуулийн 73 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үүрэг хүлээсэн этгээд үүргийг зөвшөөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа нэгэн адил тасалдсанд тооцогдоно гэдэг асуудлыг дурдаж өгсөн байна. Энэ 598 ширхэг хувьцааг ямар нэгэн байдлаар ******* авсан гэдэг дээр бол маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан байдлыг бол тодотгон харуулж байна гэж харж байна. Иймд шүүхийн шийдвэр хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон нь ямар нэгэн байдлаар хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж шийдвэрлээгүй гэж харагдаж байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрт дурдахдаа тухайн нэхэмжлэлийн шаардлага нь тогтоогдсон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй эсэхийг бол шийдвэртээ дурдаж шийдвэрлээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. ******* гэдэг хүний гаргаад байгаа нэхэмжлэл үндэслэлтэй юм уу? хариуцагч нарын гаргаж байгаа хариу тайлбар үндэслэлтэй юм уу? гэдэг талаар шүүхийн шийдвэрт тодорхой дурдаж өгөөгүй гэж харагдаж байна. Мөн нотлох баримт шинжлэн судалж дууссаны дараа бол тодорхой хүсэлтүүдийг гаргасан. Хариуцагч талын баримттай танилцах цаашлаад үзлэг хийлгэх зэрэг ажиллагаа хийлгэе гэдэг хүсэлтийг гаргасан. Тухайн хүсэлтийг шүүгч шийдвэрт ямар үндэслэлээр татгалзаж хүлээн авах боломжгүй байгаа гэдгийг тодорхой дурдаж өгөөгүй байна. Хүсэлттэй холбоотой мэтгэлцэх ажиллагаа явагдаад байснаас тайлбар нэмж хэлэх, тайлбарын талаар огт мэтгэлцээгүй явсан. Хариуцагч нар хүсэлттэй холбоотой асуудлаар л мэтгэлцээд байсан асуудал байна. Иймд энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн гэдгээ шийдвэрт онцгойлон тодотгон дурдаж өгөөгүй. Шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны болоогүй гэж харагдаж байна. Дараагийн асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд зааснаар яваагүй гэж харж байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр Дундговь аймгийн Архивын газар үзлэг хийлгэсэн. Үзлэг хийх хүсэлтийг шүүгч хүлээж авч шийдвэрлэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд үзлэг хийх асуудлыг зохицуулсан. 48.1-д хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Тухайн тэмдэглэл үйлдэж ажиллагаанд оролцсон оролцогчдоор гарын үсэг зуруулна гэдэг асуудлыг хуульчилж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан Дундговь аймгийн Архивын газар хийсэн үзлэгт оролцогч нарын гарын үсэг байдаггүй. Товчхон дурдвал тэмдэглэл хөтөлсөн шүүгчийн туслахын гарын үсэг байхгүй. Энэ нь өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт гэж үзэх боломжгүй болоод байгаа юм. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн учраас анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатын шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэв.

 7. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр дээр ярьсан хэлснийг нэлээн дэлгэрэнгүй ярьсан. Сая энэ дээр 598-ыг маргахгүй гэсэн асуудал яриад байна. Анхнаасаа бид нар 2 үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад Зоог гуанзыг 598 хувьцаа, Дөл хоршоог 1600 хувьцаагаар авсан. Хувьцаа аваад бид нарыг төлөөлөөд ******* дарга дуудлага худалдаанд ороод цугларсан хувьцааг авч, өмч хувьчлалын комисст тушаасан юмыг бид нар юуг нь маргах юм. Хүмүүсээс ирээд цугларчихсан хувьцааг ******* даргад тушаагаад түүнийг өмч хувьчлалын комисс батлаад 598 хувьцаагаар Зоог гуанзыг худалдаж авсан. Гэрчилгээ бичээд өгч байгаа юмыг би яаж үгүйсгэх юм. Үгүйсгэхгүй шүү дээ. Хүмүүсээс цугларч ирээд бид нарыг төлөөлж орсон дуудлага худалдаанд орсон хүн бүх юмаа дуудлага худалдааны газарт тушааж гэрчилгээ авах асуудлыг ******* авсанд маргахгүй гэж хэлсэн. Ингэж гуйвуулж яриад байна гэж ойлгож байна. Тийм юм байхгүй. Ер нь дуудлага худалдаанд ******* дарга төлөөлж орсон. Цугларсан хувьцааг өмч хувьчлалын комисст аваачиж тушааж гэрчилгээгээ авсан. Өргөдөл дээрээ тэрний дараагаар бид нар Тулга хоршоо байгуулсан гэж нэхэмжлэл дээрээ ******* дарга биччихсэн байгаа шүү дээ. Тулга хоршоог байгуулсан дүрэм, хамтран ажиллах гэрээ бүх зүйлийг хавтаст хэрэгт аль хэдийн батлаад өгчихсөн. Энэ дээр нэг хүн 25%-ийг эзэмшинэ гэж 4 хүн баталсан. Бид нарын оруулсан хувьцаагаа эзэмших эрх нь энэ дээрээ нээгдсэн гэж үзэж байгаа. ******* дарга 2 жил ажиллаад 2 жил ажилласныхаа дараа өөрөө өргөдөл өгөөд, хоршоогоо татан буулгасан. Татан буулгасан шийдвэр байхгүй гээд байх юм. Өөрөө өргөдлөө өгсөн тэр өргөдөл нь хавтаст хэрэгт байгаа. Өргөдлийнх нь дагуу хоршооны гишүүд хуралдаад татан буулгахаар болж протокол үйлдээд гарын үсэг зурчихсан. Протокол нь мөн адил хавтаст хэрэгт байгаа. Гишүүдийн гарын үсэгтэй. Ингээд өгчихсөн зүйлийг шийдвэр байхгүй гэж яриад байдгийг ойлгохгүй байна. Үүнээс үзэхэд Иргэний хуулиар аж ахуйн нэгж татан буугдаад эзэмших эрх нь шилждэг нь Иргэний хуулиар зохицуулагдсан зүйл шүү дээ. Нэг аж ахуйн нэгж  татан буугдлаа, 2 боллоо, Ундрам боллоо нөгөөдөх нь Баян-уул гэж 2 компани болж салаад, өмч хөрөнгөө хувааж авсан. Хувааж аваад үйл ажиллагаа явагдаад тэрнээс хойш анх хувьцаа авснаас хойш одоо 32 жил, Тулга хоршоо нь татан буугдаад буугдсанаас хойш 30 жил болж байна. 1994 оны 01 дүгээр сарын 14-нд буугдсан. Ийм байхад үүнийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй 30 жилийн дараа ийм асуудал яриад байгаа нь Иргэний хуулиар нэхэмжлэх эрх өнөөдөр байхгүй гэж үзэж байгаа юм. Одоо ярихдаа эдийн бус амины хөрөнгийн гэсэн утгатай тайлбарлаад байна. Ялгаагүй шүү дээ бид нар хувьцаагаа нийлүүлсэн юм чинь мөн адил ийм эрх ашигтай байгаа шүү дээ. Татан буугдаад 30 жил болсон энэ асуудлыг өмнө нь нэг ч ярьж байгаагүй хэр нь өнөөдөр гэнэт шүүх дээр дуудаж ярьж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж үзэж байна гэв.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн санхүүгийн байгууллага тухайн үеийн улсын бүртгэлийн материалууд 4 хүн хөрөнгө нийлүүлсэн. 2 сая 248 мянган төгрөгийн сантай Тулга хоршоог хамтран байгуулсан. 4 хүн ижилхэн хувьцаа нийлүүлсэн. Хувьцааг 4 хүн нийлүүлсэн гэдгийг батлаад гэрээгээ хийж, бүгдийг нь батлаад өгсөн. Өөрөө би та нарт ямар ч гомдол байхгүй. Би хоршооноос хөрөнгөө салгаж аваад гарна гэж хэлээд явсан. Нэг хүнд 3 сая 445 мянган төгрөг ноогдох ёстой байсан. Харин энэ хүн ганцаараа 4 сая 800 мянган төгрөг авсан. Нөгөө 3 хүнээсээ 1 сая 300 мянган төгрөгийн хөрөнгө илүү тастаж авсан. Бид нар зоог гуанзыг 250 м2, ЗИТ 130 машин, бүх тоног төхөөрөмж бүх зүйлстэй нь энэ хүнд өгсөн. Тиймээс хуулийн үүднээс, мөнгө төгрөгийн үүднээс, хувьцааны үүднээс ч үндэслэл байхгүй. Өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэх шаардлага байхгүй байсан. Одоо болохоор ийм хүмүүс надад хувьцаагаа өгсөн гэж дахиж шүүхдээд 84 хүнээр мэдүүлэг авхуулсан. Хувьцаагаа өгсөн гэж энэ дээр бид нар маргаагүй. Тэр ч битгий хэл дээр нь энэ Давка, Эрдэнэбилиг гэх мэт улсууд нэмээд өгсөн. 99 болсон юм. 99 хүний мөнгийг Тулга хоршооны хамтын хөрөнгөөс цохолт хийж Эрдэнэбилиг, Давка, Батсуурь, Мишигдолгор гэх мэт хүмүүст нягтлан ******* цохоод нярав Оюунжаргал  мөнгийг нь улсууддаа хүлээлгэж өгсөн. Тэгэхээр чинь бидний дундын хөрөнгөөс мөнгийг нь өгсөн байхад бид нар хөрөнгө нийлүүлээгүй байж таарахгүй шүү дээ. Ингээд 99 болжээ. Энэ дээр Мишигдолгорын мөнгө илүү орсон байгаа юм. Үүнтэй нийлээд 118 хүний мөнгө Тулга хоршооны данснаас гарсан. ******* өөрөө 12 удаагийн баримтаар 359.693 мянган төгрөгийг бэлнээр авсан хувьцаа авна гэж. Гэтэл одоо 201 хувьцаанаас мөнгийг нь бэлнээр олгосон 118 хүнийг хасахаар цаана нь 83 хүн үлдэж байгаа. 83 хүний би өгсөн гэж байгаа. 83 хүний нэгийн нь 3000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Нийт 245.100 төгрөг болж байгаа юм. Гэтэл бэлнээр 359 мянган төгрөг өгсөн шүү дээ. Илүү өгсөн бүх 100 баримтууд хавсраатай байж байгаа. Ийм зүйл дээр мэдэн будилаад өнөөдөр хүртэл заргалдаад яваад байна. За ингээд явж явж сүүлийн шүүх хурал хийсэн. Хийгээд үргэлжлээд дуусах дөхөж байхад баримт үзэх хэрэгтэй байна гэсэн санал тавьсан. Энэ хүсэлтийг шүүх хурал эхлэхээс өмнө ярих ёстой гэж бодож байна. Үүнийг шүүх хүлээж аваагүй нь зөв. Үндсэн нэхэмжлэлээсээ буюу өөрөөр хэлэх юм бол Тулга хоршооны хөрөнгөд намайг бүртгэж өгнө үү гэдгээсээ би татгалзлаа гэж хэлээд хүсэлтээ татаад авчихсан. Шүүгч та одоо юу яриад байна. Одоо юу нэхэмжилж байгаа юм тайлбарла гэхэд үг хэлээгүй. Өөрөө үг хэлээгүй юм чинь өмгөөлөгч юу хэлэх вэ? юу ч хэлж чадахгүй. Хэлэх үг, үзүүлэх юм байхгүй. Иймд шүүх хурлын шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэв.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 139/ШШ2023/00385 тоот шийдвэрээр *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэстэй байна.

Нэхэмжлэгч *******ээс *******, ******* нарт холбогдуулан 1991 онд Зоог гуанзыг төрөөс худалдаж өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж оролцоогүй болохыг тогтоолгож, Ундрам ХХК-ний хөрөнгийн бүртгэлд *******ийг эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай шаардан шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгчээс “...1991 оны 11 дүгээр сарын 14-нд Зоог гуанзыг дуудлага худалдаагаар худалдахад ... *******, ******* нар нь хамт оролцоогүй. Дуудлага худалдаанд ... тухайн үед үнийг 598 ширхэг ягаан тасалбар хүргэж, оролцох талаар надад зөвлөсөн үнийн санал гаргалцсан хүн байхгүй.

Миний бие тус дуудлага худалдаанд оролцож 598 ширхэг ягаан тасалбараар төрөөс худалдан авах эрх олж авсан.

1991 оны 11 дүгээр сарын 21-нд аймгийн өмч хувьчлалын комисст бага хувьчлалын тасалбараа хүлээлгэн өгч тус Зоог гуанзыг эзэмших эрх нээгдсэн.

... Худалдаа бэлтгэлийн трестийг 4 хоршоо болгож өмч хувьчлалын комиссоос дуудлага худалдаагаар худалдахад оролцож Дөл хоршоог 1650 ширхэг ... зоог гуанзыг 598 ширхэг ягаан тасалбараар худалдан авч Тулга хоршоог байгуулан татварын хэлтэст бүртгүүлсэн. ... Зөвхөн Зоог гуанз буюу 598 ширхэг ягаан тасалбарт ногдох хөрөнгийг авч үндсэн хувьцаанд ногдох хөрөнгөө Тулга хоршоонд үлдээсэн билээ. Намайг Зоог гуанзыг авснаас хойш Тулга хоршоог татан буулгаж, *******, ******* нар нь миний хувьцаат хөрөнгийг бүртгэлд тусгаагүй байсан. Ингэснээр миний өмчлөх эрх зөрчигдөж байна. Иймээс *******ийг Зоог гуанзыг 1991 онд худалдаж авахад *******, ******* нар нь өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж оролцоогүй болохыг тогтоож, “Ундрам” ХХК-ний хөрөнгийн бүртгэлд *******ийг эзэмшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* болон хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар гаргасан хариу тайлбартаа ... Улс орон зах зээлд  шилжиж, өмч хувьчлал явагдаж хамгийн түрүүнд худалдааны байгууллагууд дуудлага худалдаагаар худалдах тухай зар мэдээлэл гарсны дараа 1991 онд хамгийн анх худалдааны ахуйн үйлчилгээний байгууллагын  дуудлага худалдаанд бидний 4 нөхөд болох *******, *******, *******, *******, /Л./ нар Дөл хоршоо, Зоог гуанзыг худалдан авъя цаашид ББХХ байгуулан ажиллахаар тохиролцож улмаар биднийг төлөөлж ******* дуудлага худалдаанд оролцож, Дөл хоршоо, Зоог гуанзыг авсан юм.

Ингээд Тулга бүрэн бус хариуцлагатай хоршоог *******, *******, *******, Л. нар тус бүр 562000 төгрөгийн хувь хөрөнгө нийлүүлэн байгуулж 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нотариатаар батлуулсан. Хоршооны гэрээ дүрмээ аймгийн санхүүгийн хэлтсийн татварын албанд бүртгүүлснээр хоршооны хууль эрх зүйн чадвар үүсч 1994 он хүртэл *******тэй хамтран үйл ажиллагаа явуулж байсан.

Тулга хоршооны 4 бүрэн хариуцлагатай гишүүд 2248.0 төгрөгөөр Дөл хоршоо, Зоог гуанз гэх 2 обьектыг худалдаж авсныг хоршооны гэрээ дүрэм гэрчилнэ. ******* нь Тулга хоршооны бүрэн хариуцлагатай гишүүдэд 1994 оны 01 дүгээр сарын 10-нд гаргасан өргөдөлдөө “Би та нарт ямар ч гомдол байхгүй, санасан бодсон зүйл ч байхгүй. Тулга хоршоог байгуулахад бүх зүйлийг санаачилсан бөгөөд идэвхтэй ажилласан, санасандаа хүрсэн одоо цаашид ажиллаж чадахгүй. Энэ тухайг түрүү тохиролцсон. Анхны нийлүүлсэн хувьцаандаа ногдох хэмжээний хөрөнгийг тасдаж авъя. Тэгээд яахаа шийдье гэсэн хүсэлтийнх нь дагуу хоршооны гишүүд хуралдаж анх худалдаж авсан үндсэн хөрөнгийг 4 хувааж түүнээс хойш бий болсон хөрөнгийн 43.8 хувийн хөрөнгийг *******эд тасдаж өгсөн. Энэ хөрөнгөд Зоог гуанз, 250м2 агуулахын барилга зэрэг үл хөдлөх хөрөнгө болон эргэлтийн хөрөнгө ногдсон болно.

Бүрэн хариуцлагатай 4 гишүүний хурлын шийдвэрийн дагуу Тулга хоршоог татан буулгаж, шинээр ББХК болгохоор шийдвэрлэсэн. Ингээд Тулга хоршооны дуусгалтын балансыг хийж, хөрөнгөө Ундрам, Баян-Уул ХХК-нд хувааж өнөөдрийг хүртэл тус тусдаа үйл ажиллагаа явуулж 30 жил болсон байна. ...Иймд *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

*******ээс 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулан гаргах тухай нэхэмжлэлдээ ...*******ийг төрөөс Зоог гуанзыг 1991 онд худалдаж авахад *******, ******* нар нь өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж оролцоогүй болохыг тогтоож, ******* ХХК-ний хөрөнгийн бүртгэлд *******ийг эзэмшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тодруулан гаргаж байна гэжээ.

Хариуцагч нар дээрх шаардлагын хариуд гаргасан тайлбартаа ...Тулга хоршооны бүх гишүүдийн 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан хоршооны дүрмийн 7 дугаарт: Хоршооны эд хөрөнгө гишүүдээс оруулсан хөрөнгө ... бүрдэнэ. Хоршооны эд хөрөнгийг гишүүд дундаа хамтран өмчилнө гэж заасны дагуу энэ бүх худалдаж авсан хувьцааны үнийг Тулга хоршооноос төлсөн байгаа нь хоршооны гишүүд дундын өмчөөрөө төлсөн 219 хуудас ягаан тасалбарын үнийг бэлэн мөнгө, бараа материал, мөнгөн шилжүүлгээр төлсөн нотлох баримт өгсөн. Иймд *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үйл баримтыг бүрэн дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэх ёстой хуулийг үндэслэлтэйгээр тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуудлага худалдаанд оролцож Зоог гуанзыг худалдаж авсан нь уг үйл ажиллагааны тэмдэглэлээр тодорхой байх бөгөөд энэхүү дуудлага худалдаанд нэг талаас С.Мөнхбат түүний төлөөлөгч Н.Цэрэнноров нөгөө талаас ******* нар оролцсон. Өөрөөр хэлбэл үнэ хаялцахад хоёр тал байх шаардлагатай байсан нь харагдаж байна.

Энэ дуудлага худалдаанд нэр бүхий хариуцагч нарыг оролцоогүй гэж шүүхээр тогтоолгох чухам ямар шаардлага байгаа нь тодорхойгүй байжээ.

Хариуцагч нарын зүгээс уг дуудлага худалдааг явуулахад өөрсдийг нь төлөөлөн ******* нь дуудлага худалдаанд оролцож Зоог гуанзыг худалдаж авсан, мөн хөрөнгө нийлүүлж авсан болоод Зоог гуанзыг оруулаад хувьчлалаар авсан хөрөнгөөр *******, *******, *******, Л. нар Тулга хоршоог байгуулан ажиллуулж, хоршооны дүрмийг албан ёсоор баталж, оруулсан хөрөнгийн хэмжээг зааж, хууль ёсны дагуу баталгаажуулан тогтоосон гэдгээ илэрхийлж холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Маргаж буй үйл явдал болсноос хойш 32 жилийн дараа энэ үйл явдлын талаар шаардлага гаргаж буй нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1963 оны БНМАУ-ын Иргэний хуулийн 51 дүгээр зүйлд “зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг 3 жилээр тогтооно ...” 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэсэн хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан байх бөгөөд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан баримтаар 1991 онд Зоог гуанзыг төрөөс худалдан авах дуудлага худалдаанд ******* оролцож 598 ширхэг ягаан тасалбараар худалдаж авсан байх бөгөөд үүнтэй маргалдсан хүн байхгүй, уг 598 ширхэг ягаан тасалбарыг оруулж авалцсан гэдгээ хариуцагч нар тайлбарлаж, уг хөрөнгө нь Тулга хоршооны дүрэмд заагдсан баталгаажсан гэж нотолж уг Тулга ББХХ-ны дүрмийг шүүхэд нотолгоо болгон ирүүлжээ.

******* ХХК-ний хөрөнгөд эзэмшигчээр бүртгүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн тухайд Тулга хоршооны бүрэн хариуцлагатай гишүүд нь *******, *******, *******, Л. нар байсан бөгөөд ******* нь 1994 онд Тулга хоршооноос эд хөрөнгөө авч гарсан гэдэг нь холбогдох нотлох баримтаар нотлогдсон бөгөөд *******ийн тухайн үед гаргасан хүсэлт, хоршооны гишүүдийн хурлын тэмдэглэл хэрэгт авагджээ.

*******ийг гарснаас хойш үндсэн гишүүд нь хуралдаж Ундрам ББХК-ийг байгуулж улмаар Ундрам Мандал ХХК болж өөрчлөгдсөн байна. Ийм байхад *******ийн зүгээс Ундрам Мандал ХХК-ний хөрөнгийн бүртгэлд эзэмшигчээр бүртгүүлэх шаардлага нь хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулагдсан хуулийн заалтын дагуу хангах боломжгүй гэхдээ энэ нэхэмжлэлээс нэхэмжлэгч өөрөө татгалзсан байна.

Нэгэнт хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байгаа тул нэхэмжлэлийг хангах боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрлэлт үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч гомдолдоо ...Хувьцааны маргаанд “хөөн хэлэлцэх хугацаа” үйлчлэхгүй гэж маргаж байгаа ч 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан Өмч хувьчлах тухай Монгол Улсын Хууль /Төрийн мэдээлэл 1991 он №4/-ийн 1-р зүйлд энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн өмчид байгаа эд хөрөнгийн тодорхой хэсгийг Монгол Улсын иргэд болон энэ хуульд заасан хуулийн этгээдийн өмчид шилжүүлэх /цаашид “хувьчлал” гэх/-тэй холбогдсон харилцааг зохицуулах, ...-д оршино гэж зааснаар хөрөнгөтэй холбогдон үүссэн харилцаанд хамаарах талтай.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлд Бага хувьчлалд хамаарах эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар хувьчлах замаар хувьчилна гэж заасан байгаа нь ч энэ үйл ажиллагаа эд хөрөнгийн шинжтэй үйл ажиллагаанд хамаарна.

Энэ ч учраас хуулийн 10 дугаар зүйлийн 2-д Хувьчлалтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгчийн туслах гарын үсэг зураагүй гэж гомдоллож байгаа ч үзлэгийг удирдан явуулсан шүүгч гарын үсэг зурж баталгаажуулсан, тэмдэглэл хөтөлсөн шүүгчийн туслах үзлэгийн тэмдэглэлийн эхэнд гарын үсэг зурсан боловч төгсгөлийн хуудсанд гарын үсэг зураагүй орхигдуулсан байгааг тухайн ажилтанд анхааруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Анхан шатны шүүх шийдвэртээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор тогтов.

Гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 139/ШШ2023/00385 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                           Ш.ТӨМӨРБААТАР