Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0343

 

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0343

 Улаанбаатар хот

 

 

 

  “Х-У” ХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Тк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, өмгөөлөгч Г.Х,  нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0222 дугаар шийдвэртэй, “Х-У” ХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0222 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х-У” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 413 дугаар захирамжийн “Х-У” ХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/130 дугаар захирамжийн “Э д” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/146 дугаар захирамжийн “Л” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны А/610 дугаар захирамжийн “Тк” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э давж заалдах гомдолдоо: “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ба мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй, харин уг эрх нь тодорхой үндэслэлээр, тухайлбал гэрчилгээ хүчингүй болсноор дуусгавар болохоор заасан.

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлийг “Газрын тухай хуульд зааснаар тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй боловч газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж тодорхойлон маргасан.

Анхан шатны шүүх газар эзэмших “эрхийг хүчингүй болгох”, “эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” гэсэн хууль зүйн фактуудын хууль зүйн үндэслэл, үр дагаварыг тус бүрд нь ялгаж Засаг даргын эрх хэмжээнд аль нь хамаарах талаар дүгнэлт өгөөгүй, харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг буруу хэрэглэж “хэн ч харсан хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байдал тогтоогдохгүй байхаас гадна дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн байтугай эрх зүйн боловсролтой хүн хараад ч олохооргүй байна”, “...илт хууль бус акт”-д байх ноцтой алдаа илэрхий байдап байхгүй байна” гэж дүгнэж шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх хуулийн зааптуудыг буруу хэрэглэснээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрх гэсэн хууль зүйн ойлголтуудыг ялгаж нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд тусад нь хянаж үзээгүйгээс хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч “Х-У” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... газар төрийн өмч тул яах эсэх нь ... хариуцагчийн эрх хэмжээний асуудал гэж урьдчилан дүгнэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 39 дүгээр зүйлин 39.1.4 дэх заалтыг буруу хэрэглэж ... Засаг даргын эрх хэмжээнд аль нь хамаарах талаар дүгнэлт өгөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрх гэсэн хууль зүйн ойлголтуудыг ялган үзээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг буруу хэрэглэж, “... илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагыг шүүхээс хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх талаар хянаж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн, ... нэхэмжлэгчид үүсээгүй газар эзэмших эрхийг хүчингүй болгосноороо утга агуулгын илэрхий алдаатай буюу илт хууль бус захиргааны акт болох бөгөөд газар ашиглах эрхтэй гэж дүгнэсэн атлаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх заалтуудыг хэрэглэсэн нь буруу, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг хэрэглээгүй, ... газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, төлбөр нэхэмжилж байсан баримтуудыг дутуу үнэлсэн, хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн баримтуудыг хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан эсэх талаас нь үнэлээгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн илт хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 413 дугаар захирамжаар “Х-У” ХК-ийн маргаж буй газрыг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан газраа ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.  

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/69 дүгээр захирамжаар “Х-У” ХК-д 0,7 га газрыг аж ахуйн хашааны зориулалтаар 4 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар зөвшөөрөл олгожээ.

Гэвч тус компани нь тухайн газрын төлбөрийг 2003 онд нэг удаа төлснөөс хойш дахин төлөөгүй, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авч газар эзэмших ашиглах эрхээ баталгаажуулах хүсэлтээ шийдвэрлүүлэх талаар шүүхэд хандаж байгаагүй, бодит байдалд өөрийн эзэмшил, ашиглалтад 7000 м.кв газрыг байлгаагүй, газар дээрээ блокон агуулах барьж ашигласан гэх боловч түүний эзэмшиж байсан гэх 7000 м.кв газрын хил зааг хаагуур болохыг тусгасан газрын кадастрын зураг хийлгэж улсын мэдээллийн санд бүртгүүлээгүй нь захирал Я.Н-ийн “... гэрчилгээ өгвөл ашиглах эрх үүсэж төлбөр төлөх үүрэг хүлээж газрын төлбөрийг төлөх байсан, тухайн үед хөөцөлдөөд өгөөгүй ...” гэх тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн “... эзэн нь олддоггүй байсан ...” гэх тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь түүнийг газар эзэмших эрхтэй гэж үзэж, 2008 оныг хүртэл газар эзэмших эрхийг хөндөөгүй нь тус компанид газраа эзэмших, ашиглах боломж олгож байсан гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч нь тухайн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, газрын албатай ямар нэгэн байдлаар харилцаа үүсгээгүй байх тул хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан 2008 оны 413 дугаар захирамжаар түүний 7000 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэгэнт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй этгээдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай ойлголт байхгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Засаг дарга газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Энэ тохиолдолд газар эзэмших эрхийг баталгаажуулсан гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээдийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох нь адил үр дагавартай тул Засаг дарга газар эзэмших эрх дуугсвар болгох эрхгүй этгээд гэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан үндэслэлийг шүүх анхаарч үзсэнгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 Нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн Дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/130 дугаар захирамжаар “Э д” ХХК-д тус дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд үйлдвэрлэлийн зориулалтаар 20000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, мөн уг газрыг газар эзэмшигчийн хүсэлтээр 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/146 дугаар захирамжаар “Л” ХХК-д шилжүүлжээ.

Мөн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/610 дугаар захирамжаар “Л” ХХК-ийн хүсэлтээр “Т к” ХХК-д дээрх 20000 м.кв газрыг эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шилжүүлсэн байна.

Дээрх 20000 м.кв газрын зарим хэсэг нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх 7000 м.кв газрын зарим хэсэгтэй давхцсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь агуулах байрлаж байгаа тодорхой хэмжээний /1800 м.кв гэх/ газрыг үлдээснээс гадна 2008 онд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосноос хойш 2014 онд “Э д” ХХК-д эзэмшүүлэх хүртэл 6 жилийн хугацаанд төлбөрөө төлөх, гэрээ байгуулах, гэрчилгээ авах зэргээр нэг ч удаа газрын албатай харилцаагүй, газар эзэмших эрхээ эдлэх, уг эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах зэрэг эрхээ хамгаалах талаар үйл ажиллагаа явуулаагүй байна.

Үүнээс үзвэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай давхцаагүй байх тул дээрх захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Мөн давж заалдах гомдолд “... газрын албанаас 2015 онд төлбөр нэхэмжилсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн харилцаа дуусгаагүй байсныг илэрхийлж байна...” гэх боловч 2008 онд газар эзэмших эрх нь дуусгвар болсон газар эзэмших эрхгүй этгээдээс газрын төлбөр төлөхийг шаардсан газрын албаны үйлдэл нь хууль бус байх бөгөөд энэхүү хууль бус захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.