Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/0011

 

Р.М-ын гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны

Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

                 Даргалагч, шүүгч:                             М.Батсуурь

      Танхимын тэргүүн:                            Д.Мөнхтуяа

       Шүүгчид:                                           Х.Батсүрэн

                                                       П.Соёл-Эрдэнэ

                  Илтгэгч шүүгч:                                  Д.Батбаатар

                  Шүүх хуралдааны

                  нарийн бичгийн дарга:                     А.Гантогтох

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн МТ/38 дугаар тогтоол,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар магадлалтай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяаг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гомдол гаргагч Р.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн МТ/38 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Өмгөөлөгч Р.М өөрийн өмгөөллийн нөхөрлөлийн хэвлэмэл хуудас, тамгыг бусдад ашиглуулсан болох нь өөрийнх нь болон бусад этгээдийн тайлбаруудаар тогтоогдсон гэж үзэн “сануулах” хариуцлага хүлээлгэсэн.

3.Гомдол гаргагч Р.М ““... мэргэжлийн үйл ажиллагааг явуулж олж авсан бусдын хувийн мэдээллийг хувь хүн албан байгууллагад тараасан, өмгөөллийн хуулийн этгээд, түүнд ажиллах өмгөөлөгчийн нэрийг бүртгүүлээгүй зөрчил гаргасан” гэж маргаан үүсгэсэн атлаа “бланк, тамга тэмдгийг ашиглуулсан” гэх зөрчилд хариуцлага хүлээлгэсэн, ... шийтгэл ногдуулсан асуудлаар дүгнэлтэд дурдаагүй, уг асуудлаар буруутгаж байгаа гэдгийг огт мэдээгүй, шийдвэр гарсны дараа мэдсэн, өөр хүний гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэхдээ хохирлын заалт баримталсан нь ойлгомжгүй, миний үйлчлүүлэгч гомдол гаргаагүй” гэж маргажээ.

4.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн МТ/38 дугаар тогтоолоор: Өмгөөллийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 41 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар иргэн нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх талаар гомдол гаргах эрхтэй, өмгөөлөгч Р.М өмгөөллийн нөхөрлөлийнхөө бланк, тамга тэмдгээ бусдад ашиглуулсан нь өөрийнх нь болон Б.Ч-ны тайлбараар тогтоогдсон, уг үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 13.1.12, 14.1.5, 14.1.10-д заасныг зөрчсөн зөрчил болохыг тогтоож, “сануулах” хариуцлага хүлээлгэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар магадлалаар: Өмгөөлөгч Р.М-ын гаргасан гэх зөрчлүүд нь иргэний гаргасан гомдол, маргаан үүсгэсэн тогтоол, зөрчлийн дүгнэлт, хариуцлага ногдуулсан хуралдааны тогтоол зэрэгт өөрөөр тусгагдсан, тухайн зөрчил тус бүрийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэж үзэн Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны МТ/38 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар тус хороонд буцаажээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо:

6.1.Гомдол ирснээс хойш гомдлыг танилцуулах, хариу тайлбар өгөх, маргааны материалтай танилцах зэрэг маргаан хянан шийдвэрлэх журамд заасан эрхээр хангасан.

6.2.Өмгөөллийн нөхөрлөлийн бланкыг ашиглуулсан гэх тайлбарыг өмгөөлөгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, энэ нь маш ноцтой зөрчил болно.

6.3.Өмгөөлөгч Р.М- маргааны хуралдаанд оролцож, зөрчлөө хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан, мөн маргааны материалд авагдсан нотлох баримт, гэрчийн тайлбараар зөрчил нь тогтоогдсон тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Гомдол гаргагч Р.М давж заалдах гомдолдоо:

7.1.Дүгнэлтэд дурдаагүй асуудлаар шийтгэл ногдуулсан тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн байтал шүүх маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулсан буюу хороо надад арга хэмжээ авсан үндэслэлээр шинээр зөрчлийн дүгнэлт үйлдэн дахин хуралдах, эсхүл дүгнэлтэд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар процессын ажиллагаа л хийх болж байна.

7.2.Өөрөөр хэлбэл, ерөөс надад арга хэмжээ авах нь илэрхий бөгөөд процессын дагуу өмнө авсан арга хэмжээгээ дахин авах ”үүрэг”-ийг хороонд хүлээлгэж байгаа юм.

7.3.Ирээдүйд болох хорооны хуралд фактын маргаан өрнөхгүй гэсэн үг юм.

7.4.Гэтэл шүүхэд хандсан гол санаа нь зөрчлийн дүгнэлтэд заагдаагүй асуудлаар арга хэмжээ авсан хорооны тогтоолыг хүчингүй болгож, энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэхийг хүссэн.

7.5.Гомдол болон зөрчлийн дүгнэлтэд дурдаагүй асуудлаар, зөрчлийг арилгуулахаар буцаах шаардлагагүй бөгөөд миний эрх зүйн байдлыг дордуулж байна.

7.6.Иймд магадлалыг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.3-т заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

9.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн МТ/38 дугаар тогтоолоор “өмгөөлөгч Р.М өмгөөллийн нөхөрлөлийн албан бланк, тамга тэмдгийг бусдад ашиглуулсан нь Өмгөөллийн тухай хуулийн 13.1.12, 14.1.5, 14.1.10-д заасныг зөрчсөн зөрчил болохыг тогтоож, “сануулах” хариуцлага хүлээлгэсэн.

10.Иргэн Г.Н-оос өмгөөлөгч Р.М-д холбогдуулан “өмгөөлөгч Р.М-ын мэргэжлийн байдлаа урвуулан олж авсан мэдээллээ гуйвуулж, нэр төр, бизнесийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулсан мэдээллийг бичсэн Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдлийг шалгаж хариуцлага тооцуулах”-аар гаргасан гомдлын дагуу Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч шалгалтын ажиллагаа явуулаад “мэргэжлийн үйл ажиллагааг явуулж олж авсан бусдын хувийн мэдээллийг хувь хүн, албан байгууллагад тараасан, өмгөөллийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, түүнд ажиллах өмгөөлөгчдийн нэрсийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй зөрчлийг” гэх үндэслэлээр зөрчлийн дүгнэлт үйлдсэн боловч хариуцагч өмгөөлөгч Р.М-д “сануулах” хариуцлага хүлээлгэхдээ “өмгөөлөгчийн туслахын үйлчлүүлэгчид учруулсан хохирол, гэм хорыг хариуцах үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэжээ.

11.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Гомдолд дурдсан үйл баримт нь зөрчилд хамаарахаар бол хянан шалгагч маргаан үүсгэж, энэ тухай тогтоол үйлдэнэ”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Хянан шалгагч нь хариуцагч зөрчил гаргасныг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл зөрчлийн дүгнэлт үйлдэн, маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр урьдчилан тогтоосон дарааллын дагуу томилогдсон Гишүүнд шилжүүлнэ”, 71 дүгээр зүйлийн 71.1-д “Маргаан хянан шийдвэрлэх хуралдаан нь зөрчлийн дүгнэлтийн хүрээнд явагдана”, 87 дугаар зүйлийн 87.2-т “Хариуцагч хэд хэдэн зөрчилд буруутгагдаж байгаа бол асуудлыг зөрчил нэг бүрээр шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан болон холбогдсон өмгөөлөгчийн тайлбар, үндэслэл, түүнд хамаарах баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс судалж, үнэлэлт өгөх байдлаар нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

12.Хэрэгт авагдсан баримтуудаас харвал хянан шалгагчийн зөрчлийн дүгнэлт, хорооны хариуцлага хүлээлгэсэн тогтоолын үндэслэлүүд зөрүүтэй, өмгөөлөгч Р.М-ыг буруутгасан зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ямар зөрчилд буруутгагдаж байгаагаа мэдэж, тайлбар, баримт гаргаж мэтгэлцэх зарчмыг хангаагүй нь тогтоогджээ.

13.Эндээс өмгөөлөгч Р.М-д холбогдох маргааныг хянан шийдвэрлэхдээ Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан арга хэмжээг бүрэн явуулаагүй, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тогтоогоогүй гэж дүгнэхээр байна. Энэ нь өмгөөлөгчийг хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдоогүй гэх шууд үндэслэл болохгүй.

14.Тухайн асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.3-т нийцжээ.

15.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гомдол ирснээс хойш гомдлыг танилцуулах, хариу тайлбар өгөх, маргааны материалтай танилцах зэрэг маргаан хянан шийдвэрлэх журамд заасан эрхээр хангасан” гэх, гомдол гаргагчийн “дүгнэлтэд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар процессын ажиллагаа хийж надад арга хэмжээ авах нь илэрхий бөгөөд процессын дагуу өмнө авсан арга хэмжээгээ дахин авах ”үүрэг”-ийг хороонд хүлээлгэсэн” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гомдол гаргагч Р.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.БАТСУУРЬ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Д.МӨНХТУЯА

                     ШҮҮГЧИД                                                              Х.БАТСҮРЭН

                                                                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                   Д.БАТБААТАР