Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1436

 

ХХХ-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04167 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-т холбогдох

 

15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ч.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

ХХХХ-тай 2014 оны 1 дүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж барилгын ажил, үйлчилгээ эрхлэх зорилгоор "ХХХХ" ХХК-ийн хувьцааг 50:50 хувиар эзэмших үйл ажиллагаа эхэлсэн. Үйл ажиллагаанд машин хэрэгтэй байна гэсний дагуу ХХХХ-т 15 000 000 төгрөг өгсөн. ХХХХ уг мөнгөөр Исузу маркийн авто машиныг өөрөө шалгаж худалдаж авсан. Удалгүй ХХХХ “БНСУ-д эмчлүүлэхээр боллоо, мөнгөний хэрэг гараад байна” гэж надаас итгэмжлэл хийлгэн авч, "ХХХХ" ХХК-ийг ХХХ гэж хүнд шилжүүлэн өгсөн. Мөн уг машиныг ХХХд шилжүүлэн өгсөн байсан. Би ХХХХаас мөнгө шаардсан боловч ХХХХ 800 000 төгрөг гаргасан, надаас 14 000 000 төгрөг авсан гэж маргаан үүсгээд байна.

Иймд ХХХХаас 15 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид хамтран ажиллахаар ХХХагийн "ХХХХ" ХХК-ийн эрхийг шилжүүлж авсан боловч ХХХ нь өөрийн оруулах хөрөнгө оруулалтаа оруулаагүй тул компанийн эрхийг буцааж ХХХд шилжүүлсэн. Харин isuzu маркийн 06-17 УБХ улсын дугаартай ачааны зориулалттай авто машиныг нийт 14 000 000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн. Гэхдээ ХХХ нь 14 000 000 төгрөгнөөс 800 000 төгрөгийг нь Дархан-Уул аймагт байрлах өөрийнхөө эмнэлгийн ажилчдын цалинг өгөх гэж буцааж авсан, би 800 000 төгрөгийг нь өөрөөсөө гаргаж 14 000 000 төгрөгөөр худалдан авсан. Би ХХХ ах барилга дээрээс хэв шахмал зөөх боллоо гээд машиныг 2014 оны 4 дүгээр сард авч явсан. Ингээд би 2015 оны 7 дугаар сард наадмын дараа машиныг очиж авахад 2, 4 дүгээр араандаа орохгүй болсон. Кроп нь эвдэрсэн байсан. Машины засварт 2 300 000 төгрөг харин ХХХ 600 000 төгрөг гарган засвар хийсэн. Уг машиныг зараад мөнгийг нь өөрсдийн гаргасан зардлаа хасаад хувааж авахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл машин зарагдаагүй байгаа билээ.

Иймд одоо ХХХд 13 200 000 төгрөгнөөс засварт зарцуулсан 2 900 000 төгрөгийн 50 хувь болох 1 450 000 төгрөгийг хасаад 11 750 000 төгрөгийг буцааж өгч болох бөгөөд энд гражийн төлбөр болон бусад зардлыг оруулаагүй болно гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХаас 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид 227 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ/2016/04167 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь үйл баримтыг нарийвчлан шалган тогтоолгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн хэлснээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн буруу гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч ХХХ нь анх компаний 50%-ыг авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд ХХХХын зүгээс гаргасан тайлбарт ХХХг 14 000 000 төгрөг гаргаж машин авсан талаар дурьдсанаас ХХХ нь шүүхэд ХХХХын тайлбар, шүүхийн шийдвэрийг хавсарган нэхэмжлэл гаргасан. Гэтэл мөн тайлбарт ХХХ нь уг машиныг худалдан авахад 13 200 000 төгрөг оруулсан талаар бичсэн. Харин 800 000 төгрөгийг ХХХ нь Дархан хотод байрлах өөрийн эмнэлгийн ажилчдын цалинд ХХХХаар шилжүүлсэн байдаг. Энэ тухай тайлбарыг шүүх дүгнээгүй орхисон нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргахад хүргэлээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас 14 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэсэн атлаа тогтоох нь хэсэгт хариуцагч ХХХХаас 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгосугай гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны ба үндэслэл  бүхий болж чадаагүй  байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/04167 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХ-т холбогдуулж хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн оруулсан 15 000 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...14 000 000 төгрөгөөр машин худалдаж авахад ХХХ 14 000 000 төгрөг өгсөн, үүнээс 800 000 төгрөгийг буцааж авсан. Ингээд 13 200 000 төгрөгөөс автомашины засварын зардлын 50 хувь болох 1 450 000 төгрөгийг хасаад 11 750 000 төгрөгийг өгч болно” гэж маргаж, тайлбар гаргасан байна.

 

Зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулах "ХХХ" ХХК-ийн хувьцааг 50:50 хувиар эзэмшихээр тохиролцож, үйл ажиллагаандаа хэрэглэхээр автомашин авах зорилгоор ХХХ хөрөнгө оруулж, ХХХХ уг мөнгөөр Исузу маркийн авто машиныг худалдан авсан боловч 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “ХХХХ" ХХК-ийн эрхийг ХХХд буцааж шилжүүлэн өгснөөр хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ дуусгавар болсон гэж үзсэн нь зөв, хамтран ажиллах гэрээний оролцогч талууд гэрээг дуусгавар болгосон талаар маргаагүй, гэрээний талууд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг цуцалсан бол гэрээг дуусгавар болсонд тооцох боломжтой. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д гэрээг цуцалсан бол гэрээг дуусгавар болсонд тооцохоор заасан. Нэхэмжлэгч ХХХ нь хамтран ажиллах гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагаврыг шаардсан, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт зааснаар гэрээний дагуу өөрийн оруулсан хураамжийг мөнгөн хэлбэрээр буцаан гаргуулахаар шаардсан байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд хамтран ажиллах гэрээний дагуу хуулийн этгээд байгуулсан боловч ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч ХХХ хамтын үйл ажиллагаанд зориулж Исузу маркийн 06-17 УБХ улсын дугаартай машин авахаар 15 000 000 төгрөгийг оруулсан гэж, хариуцагч ХХХХ нэхэмжлэгчийн оруулсан 14 000 000 төгрөгөөс 800 000 төгрөгийг өөрөө буцааж авсан гэж маргадаг боловч нэхэмжлэгч өөрийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч нэхэмжлэгчийг 800 000 төгрөг буцааж авсан талаарх үйл баримтыг тус тус нотлох баримтаар нотлоогүй. Мөн хариуцагч тухайн машины засвар үйлчилгээнд зарцуулсан зардал, мөнгөний тооцоог, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр 14 000 000 төгрөгийг машин авах зорилгоор нэхэмжлэгч шилжүүлсэн гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Хэргийн 4-9 дүгээр талд авагдсан хамтран ажиллах гэрээ, хариуцагч ХХХХын шүүхэд гаргасан бичгийн тайлбар баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байхад шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцүүлэн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлээгүй нь буруу боловч энэ нь хэргийн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхгүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болох үндэслэл болохгүй.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтээс өөрөөр шийдвэрлэсэн шийдвэр гаргасан тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 14 000 000 төгрөгийг хангаж, үлдэх 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн хамтран ажиллах гэрээг цуцалж, үр дагаврыг арилгуулахаар нэхэмжилсэн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэн шийдвэрт мөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04167 дугаар шийдвэрийн

           тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 480 дугаар зүйлийн 480.2.1-д заасныг баримтлан хариуцагч ХХХХаас 14 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгож, үлдэх 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

           

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

      ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

                                                      Ч.ОЮУНЦЭЦЭГ