Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2016/00148/И |
Дугаар | 164 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түвшинзаяа
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өлзийжаргал нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Монголросцветмет ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 2012125433.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ ...тухайн сардаа багтаан Нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасныг удаа дараа зөрчиж нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан авлага үүсгээд байгаа болно. Сум дундын 29 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 209 дугаар шийдвэрээр 2042798902.11 төгрөгийг Монголросцветмет ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл тус өр барагдахгүй байсаар 2016 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар нийт хуримтлагдсан авлагын хэмжээ 4054924335.81 төгрөг болоод байна. Иймд Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс 2012125433.7 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түвшинзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ ...тухайн сардаа багтаан Нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасныг удаа дараа зөрчиж нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан авлага үүсгээд одоо болтол төлөөгүй байгаа. Сум дундын 29 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 209 дугаар шийдвэрээр 2042798902.11 төгрөгийг Монголросцветмет ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл тус өр барагдахгүй байсаар 2016 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар нийт хуримтлагдсан авлагын хэмжээ 4054924335.81 төгрөг болоод байна. Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс 2015 оны 03 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 2012125433.7 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 182883440.38 төгрөгийг нэмээд нийт 2195008874.8 төгрөгийг Монголросцветмет ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өлзийжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай үйлдвэр Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийг Монголросцветмет ХХК-ийн удирдлагуудад танилцуулсан. Монголросцветмет ХХК-иас 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 1/673 тоот албан бичгээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээд төлбөр барагдуулах талаар хүсэлт гаргасан. “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь компанийн мөнгөний бодлогыг дангаар шийддэггүй. Энэ асуудлыг Монголросцветмет ХХК шийдвэрлэдэг. Санхүүгийн хүндрэлтэй байдлаас болоод 2013 оноос нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр үүссэн. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилж байгаа нийгмийн даатгалын шимтгэл нийт 2195008874.8 төгрөгийг Монголросцветмет ХХК төлөх ёстой” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Монголросцветмет ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 2012125433.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түвшинзаяа нь хариуцагч Монголросцветмет ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 2012125433.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 182883440.38 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 2195008874.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “ Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Монголросцветмет ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 2195008874.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрээс нийгмийн даатгалын шимтгэл 2012125433.7 төгрөгийг, мөн нийгмийн даатгалын шимтгэл 182883440.38 төгрөгийг нийт 2195008874.8 төгрөгийг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын нотлох баримтаар гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хариуцагч Монголросцветмет ХХК-иас 2015 оны 03 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 2195008874.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч Монголросцветмет ХХК-иас 2195008874.8 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11132994 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120-т тус тус
заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монголросцветмет ХХК-иас 2015 оны 03 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 2195008875 /хоёр тэрбум нэг зуун ерэн таван сая найман мянга найман зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Монголросцветмет ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 11132994 /арван нэгэн сая нэг зуун гучин хоёр мянга есэн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
6.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ