Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02166

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02753 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 

49,769,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэн ажилладаг БНХАУ-ын иргэн *******ы БНХАУ-ын ******* тоот дансанд 100,000 юань буюу төгрөгөөр 49,769,700 төгрөгийг шилжүүлэхээр болж хариуцагч *******-ийн Хан-Уул дүүрэг, 20 дугаар хорооны Морьтон цогцолборт байрлах салбараар дамжуулан 1,0 юанийг 497,7 төгрөгөөр тооцож, нийт 100,000 юань шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу мөнгөн гуйвуулга хийлгэсэн.

Гэвч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай түнш болох БНХАУ-ын иргэн *******ы БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банкны дансанд нь 100,000 юань орсон гэсэн хуурамч цахим илгээмж ирсэн талаар бидэнд мэдэгдсэн.

1.2. Манай түнш БНХАУ-ын иргэн ******* нь өөрийн Хөдөө аж ахуйн банкны дансаа шалган үзтэл хариуцагч *******-аас 100,000 юанийг шилжүүлээгүй байсан тул бидний зүгээс хариуцагчийн *******, ******* дугаар руу холбогдож дээрх үүссэн нөхцөл байдлыг залруулах талаар бодит арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч тодорхой хариу өгөөгүй тул Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт гомдлоо 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан ба Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас уг асуудлыг шалган тогтоох хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан боловч 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 404 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарсан.

1.3. ******* ХХК болон ******* нарын Монгол Улсын Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байдаг. Гэтэл хариуцагч ******* нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.3 дахь хэсэгт заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, манай харилцагч БНХАУ иргэн *******д шилжүүлэх ёстой байсан 100,000 юанийг шилжүүлээгүй болно.

Иймд хариуцагч *******-иас 2022 оны 12 дугаар 21-ний өдөр шилжүүлэхээр өгсөн 49,769,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* нь 2016 онд байгуулагдаж, зээлийн үйл ажиллагаа, гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* ХХК-аас 100,000 юанийг БНХАУ-ын ******* гэх хүн рүү шилжүүлэг хийлгэх хүсэлт ирсний дагуу 49,769,700 төгрөг орсон байдаг. Мөн БНХАУ-ын талаас ******* гэх хүн 100,000 юанийг Монгол төгрөг болгох хүсэлт ирсэн тул түүнд ******* руу 100,000 юань шилжүүлэх талаар хэлж, дансыг нь асуухад шилжүүлсэн гэж хэлсэн.

Үүнийг баталгаажуулж тухайн үед *******аас хүлээн авсан эсэх талаар лавлахад хүлээн авсан гэж хэлсэн. Бид шилжүүлэг амжилттай хийгдсэн эсэх талаар магадлаж, шалгасан буюу үйлчилгээгээ бүрэн үзүүлсэн. Гэтэл хүлээж аваагүй, шилжүүлээгүй гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулин 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр баримтжуулна, 7.4 дэх хэсэгт гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн Хятад хэл дээрх баримт нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд бидний зүгээс үйл ажиллагааныхаа хүрээнд үйлчилгээгээ үзүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******-аас 49,769,700 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 406,799 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 406,799 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд үүнийг дараах үндэслэлээр тайлбарлах нь зүйтэй. Үүнд:

Манай байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд тул тухайн гүйлгээ шилжсэн эсэх талаар *******аас лавлаж, шалгасан, үүний үндсэн дээр тэрээр хүлээн авсан гэсний дагуу бид дараа дараагийн ажил үүргээ гүйцэтгээд явсан. Өөрөөр хэлбэл, бид шилжүүлэг амжилттай хийгдсэн эсэх талаар магадлаж, шалгасан буюу үйлчилгээгээ бүрэн үзүүлсэн.

4.2. Шүүх ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгооор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй.

Учир нь шүүх ... *******ы дансанд хуурамч захиа ирээд, мөнгө ороогүй болохыг ******* нэхэмжлэгчид нэн даруй мэдэгдэн, нэхэмжлэгч хариуцагчид мэдэгдэн арга хэмжээ авахыг хариуцагчаас хүссэн, улмаас цагдаагийн байгууллагад хандсан, хэргийн учир одоо ч олдоогүй байгаа байдлууд тогтоогдож байна гэжээ.

Гэтэл хэргийн материалд *******ы дансанд ирсэн захиа хуурамч эсэх, ******* нэхэмжлэгчид нэн даруй мэдэгдсэн эсэх, арга хэмжээ авахыг хүссэн эсэхийг тогтоогоогүй буюу эдгээрийг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй атал ийнхүү дүгнэж байгаа нь ИХШХШТХ-д нийцэхгүй бөгөөд илтэд хууль бус дүгнэлт байна.

4.3. Нэхэмжлэгчээс гаргасан баримтууд ИХШХШТХ-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт авагдсан *******ы дансны гэх баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргасан байх боловч эдгээр нь нотлох баримтын шаардлага хангаагүй байсан тул бидний зүгээс ИХШХШТХ-ийн 39 дүгээр зүйлд зааснаар Нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх тухай хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүлээж аваагүй, ийм зүйл дээр хилийн чанадад бүрдүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэгч өөрөө шаардлага хангуулан гаргаж өгч чадна, боломжтой гэсэн тул нэхэмжлэгчийн хэлснээр гаргуулахаар болсон ч баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь эргэлзээ бүхий байсныг дурдъя. Үүнээс үүдэн ******* хүлээн авсан, аваагүй эсэхийг бүрэн нотлох боломжгүй байхад шүүх хүлээн авч, дүгнэсэн.

Шүүх ... үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу бэлэн бусаар төлбөр тооцоо гүйцэтгэх /мөнгөн гуйвуулга хийх/ үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй буруутай байна. гэжээ. Гэтэл ямар нотлох баримтад тулгуурлан ийнхүү дүгнэж буйгаа дурдаагүй, тайлбарлалгүйгээр буруутай байна, үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь мөн дээр дурдсан ИХШХШТХ-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.4. Мөн шүүх ... нэхэмжлэгч компани энэ мөнгийг *******д нэмж, нийт 165,000,000 төгрөг ... шилжүүлсэн гэж тайлбарлан, шүүхэд баримт ирүүлсэн байна. гэжээ.

Нотлох баримтуудыг харьцуулан үзэж, шинжлэн судлахдаа, ялангуяа 165,000,000 төгрөгийн баримтын эх үүсвэр, гүйлгээний зориулалт зэргийг сайтар шалгаж, дүгнээгүйгээр ийнхүү дурдаж буй нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч болон Юун нарын хамтран ажиллахтай холбоотой хийгдсэн өөр төрлийн гүйлгээ байх ч боломжтой. Үүнийг бүрэн дүүрэн нотолж, шүүх энэ дүгнэлтээ огт тайлбарлаагүй байна.

4.5. Хариуцагчийн хүсэлтүүдийг хүлээн аваагүй. Хариуцагчийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлэхийн тулд, мөн энэхүү хэргийг зөв шударга шийдвэрлүүлэхийн тулд дараах хүсэлтийг гаргасан байдаг. Үүнд:

- *******ы хариуцагчийн төлөөлөгч *******тай харилцсан вичат ярианы бичлэгийг нотлох баримтаар гаргаж, үүнд үзлэг хийлгэх тухай;

- Хариуцагчаас Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд энэ хэрэгтэй холбогдуулан гомдол гаргасан тул үүнийг харгалзаж үзэх талаар шүүхэд удаа дараа буюу амаар болон бичгээр хүсэлтээ илэрхийлсэн.

Гэтэл хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болон хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд эргэлзээтэй баримтуудыг үнэлж, дүгнэн, нэхэмжлэгчийн амаар тайлбарласан тайлбарт итгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийнхүү шүүх ИХШХШТХ-д зааснаар хэргийг үнэлж, дүгнээгүй учир дээрх алдаатай дүгнэлтүүдийг хийсэн байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02753 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн дансны хуулга эргэлзээтэй гэж тайлбарлаж байна.

Банкнаас авсан улсын тамгатай, түүнийг орчуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны явцад төлбөрийг БНХАУ-ын иргэн *******ий данс руу хийсэн талаарх баримт байна уу гэдгийг тодруулахад, хэрэгт авагдаагүй гэж тайлбарладаг.

Хариуцагч нь санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Гэтэл мөнгөн гүйлгээ хийгдсэн гэж хэлсэн, бид нар тус үүргийг хүлээх үндэслэлгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

5.2. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Мөн буруутай үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбар өгдөг. Буруутай үйл ажиллагаа явуулаагүй бол нэхэмжлэгч нь өмгөөлөгч аваад нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардлагагүй. Үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэдэг нь илэрхий харагдаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.5-д заасны дагуу зөв дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгч нь анх хариуцагчаас үйлчилгээ авахдаа Тариалан банкны тус дансыг өгсөн. Хариуцагч нь тухайн дансанд 100,000 юанийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл тус үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй атлаа бид нарын буруутай үйл ажиллагаа байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний алдааг залруулсан өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан 49,469,700 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК нь *******-тай 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын иргэн *******ы ******* тоот дансанд 100,000 юань буюу 49,769,700 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

4. ******* ХХК нь БНХАУ-ын иргэн *******ы БНХАУ-ын ******* тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөнгөн гуйвуулга хийлгэх зоригоор хариуцагч *******-ийн Хан-Уул дүүрэг, 20 дугаар хорооны Морьтон цогцолборт байрлах салбараар дамжуулан 1/нэг/ юанийг 497.7 төгрөгөөр тооцож, 100,000 юань буюу 49,769,700 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-10/

 

5. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нь иргэн *******ы БНХАУ-ын ******* тоот дансанд нэхэмжлэгчээс хүлээн авсан 100,000 юань буюу 49,769,700 төгрөгийг шилжүүлээгүй. Харин *******-д БНХАУ-ын иргэн ******* гэх хүн 100,000 юанийг Монгол төгрөг болгох хүсэлт ирсний дагуу түүнд *******ы дансыг өгч, 100,000 юань шилжүүлж, БНХАУ-ын иргэн *******ий 100,000 юантай тэнцэх Монгол төгрөгийг ******* гэх хүний ХААН банкны ******* тоот данс руу 49,000,000 төгрөгийг уг данс руу шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд *******ы дансанд 100,000 юань шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Иймд, ******* ХХК нь хариуцагч *******-аас төлбөр тооцооны гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 100,000 юань буюу 49,769,700 төгрөгийг шаардах эрхтэй талаар анхан шатны дүгнэлт Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.5 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

6. Нотолгооны хуваарилалтын хувьд хариуцагч нь арилжаа эрхлэгч, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг тогтмол эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар *******ы БНХАУ-ын ******* тоот дансанд 100,000 юань шилжүүлсэн үйл баримтыг нотлох үүрэг хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, уг нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах бус харин өөрөө нотлох боломжтой тул нотлох баримт гаргуулах агуулгатай хүсэлтийг шүүх хангаагүй талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг буруу баримталсан алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02753 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 56.2 ... гэснийг ... 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР