Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 356

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух, Ители овогт Хуандыхын Салтанатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Салтанат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Бахыт, хариуцагч Х.Берден, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хөнгөн тэрэгний жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.

Нэхэмжлэгч Х.Салтанат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 05 тоот тушаалаар тус сумын Засаг даргын тамгын газарт хөнгөн тэрэгний жолоочоор томилогдон ажиллаж байсан. Гэтэл тус сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай тушаалаар намайг Хот тохижуулах албаны хар замын цэвэрлэгээний машины жолоочоор ажиллуулахаар шилжүүлэн томилсон юм. Би дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасны дагуу Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 503 дугаартай шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон ба дээрх шийдвэрийг ажил олгогчоос эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 4 дүгээ сарын 10-ны өдөр хуучин ажилдаа эргүүлэн томилогдсон юм.

Гэтэл Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай нь шүүхийн шийдвэрийн дагуу хуучин эрхэлж байсан ажилдаа эргэж орсноос хойш миний барьдаг УАЗ-469 маркийн машинд сууж явахаас үндэслэлгүй татгалзах болж, суудлын шинэ тэрэг авч улмаар миний орон тоон дээр шинээр давхар жолооч авч, түүгээр үйлчлүүлэх болсон юм. Тэгээд өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Тамгын газрын дарга Х.Берден нь ...хоёр жолооч байгаа тул нэгнийхэн орон тоо хасагдана, тийм учраас та хоёрын нэгийг Хот тохижуулах албанд шилжүүлнэ чиний машинд Засаг дарга суухгүй гэж хэлсэн, тэгэхээр шилжиж явахгүй бол чиний цалинг өгөхгүй, цалинг зогсоох болно" гэж байнга дарамталдаг болсон. Би үүний хариуд "би уг орон тоонд олон жил ажилласан хүн, шилжүүлбэл шинээр авсан жолоочийг шилжүүлэхгүй үү, би явахгүй" гэж хэлж байсан.

Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын дутагдал, доголдол. сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийнгэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. 2014 оны 7 дугаар сард ажлаас үндэслэлгүй халагдсан тул өөрийн эрх ашиг сонирхлоо хамгаалж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрээр өөрийн хуучин ажилдаа эгүүлэн томилогдсоноос болж дарга нарт ад үзэгдэж, шоовдорлогдон. гадуурхагддаг болсондоо их гомдолтой байна. Би ажилгүй байсэн хугацаандаа сэтгэл санааны болон эдийн засгийн нэлээд хохирол амсаж байсан болно.

Харин тэгсээр байгаад 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Тамгын газрын даргын "Хот тохижуулах албаны жолоочоор шилжүүлэх тухай 3/78 тоот мэдэгдлийг гардуулж, улмаар мөн Тамгын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 08 тоот тушаалаар ажил олгогч нь надтай зөвшилцөхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчин миний урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдаж байхад цомхтгогдсон мэтээр уг тушаалд дурдаж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-г үндэслэн, ажил олгогч Х.Берден нь өөрийн санаачлагаар ажилд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд миний бие өөрийгөө үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн гэж үзэж байгаа тул намайг урьд эрхэлж байсан Өлгий сумын Засаг даргын тамгын газрын хөнгөн тэрэгний жолоочоор эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Салтанат шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Өлгий сумын 12 дугаар багт оршин суух Х.Салтанат нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Би 3 дугаар сарын 31-ний өдрийн тушаалыг эс зөвшөөрч Иргэний анхан шатны шүүхэд гомдол гаргасан. 2014 онд нэхэмжлэл гаргаж 3 удаагийн шатны шүүхийн шийдвэрээр эгүүлэн ажилд томилогдсон. 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тушаал гаргаж ажилд эгүүлэн томилж явж байснаа 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дахиад тушаал гаргаж намайг Өлгий сумын Хот тохижуулах албанд шилжүүлэх тушаал гаргасныг эс зөвшөөрч байна. Яагаад гэвэл ямар нэгэн хэрэг зөрчил, ямар нэгэн сахилгын шийтгэл, ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Орон тооны асуудлын хувьд 22 орон тоотой гэж батлагдсан. Миний ажиллаж байсан ажлыг хүчээр Хот тохижуулах албанд шилжүүлж миний оронд шинээр хүн томилсон.

Үүнийг би эс зөвшөөрч байгаа тул нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын хөнгөн тэрэгний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэв.

 

 

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Берден шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие иргэн Х.Салтанатын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байгаа болно. Үүнд:

1.Х.Салтанат нь 2005 оноос эхлэн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор ажиллаж байсан бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Жолаушыбай даргын тушаалаар Хот тохижуулах албанд шинээр ирсэн хар замын цэвэрлэгээний машины жолоочоор шилжүүлэн томилсон байна.

Гэтэл тухайн үед Х.Салтанат шүүхэд нэхэмжлэл гаргаж би Хот тохижуулах албаны хар замын цэвэрлэгээний машины жолоочоор ажиллахгүй,: батлагдсан орон тоо байхгүй, энэ машины жолоочоор орвол өвлийн цагт ажилгүй болох юм байна гээд нэхэмжлэл гаргаж байгаа шат шатны шүүхийн шийдвэрээр хуучин ажилдаа 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эгүүлэн томилогдсон юм.

2.Өлгий сумын Засаг даргын тамгын газарт 2015 оны төсвийн давсан хөрөнгөөс Засаг даргад шинэ жижиг тэрэг авсан ба үүнд нэг жолооч авч ажиллуулсан. УАЗ-469 машины жолооч Х.Салтанат нь эргүүлэн ажилдаа томилогдсоноос хойш нэг жилийн хугацаанд ямар ч ажлын үр дүнгүй, хоосон явж байгаад цалин авч ирсэн. 2015 онд төсөв хүрэлцээтэй байсан учраас Х.Салтанат, Х.Бериктемир хоёр жолоочийг давхар ажиллуулж ирсэн юм.

Харин энэ жил эдийн засгийн хүндрэлтэй үе учраас 2016 оны төсөв цалин 10% хасагдаж ирсэн юм.

Иймд төсвийн мөнгө хүрэхгүй байгаа тул 2 жолоочийн нэгийг Хот тохижуулах албанаас гарсан жолоочийн бүр орон тоонд шилжүүлэхээр 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэсэн.

Өлгий сумын Хот тохижуулах албаны жолооч Х.Бахыт 2015 онд нас барсан ба түүний оронд өөр хүн одоо хүртэл аваагүй байгаа юм. Иймд Х.Салтанатыг талийгаач Х.Бахытын орон тоонд оруулахаар шийдвэрлэсэн.

Хот тохижуулах албанд одоо портер машин 1, усны машин 1, хар замын цэвэрлэгээний машин 1, нийтдээ 3 машин бэлэн байгаа. Энэ машинуудыг явуулах чадвартай, туршлагатай жолооч бол Х.Салтанат мөн тул энэхүү шийдвэрийг гаргасан. Засаг даргын зөвлөлд Х.Салтанат биеэрээ оролцсон. Бид энэ саналыг хэлэхэд хариугаа өгье гэж тохирч явсан.

Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, 40.1.1, 40.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн албан тоотоор мэдэгдэл хүргүүлсэн. Х.Салтанат түүнийг зөвшөөрч гарын үсэг зурж, өөрийн биеэр авсан. Х.Салтанатыг сарын дараа 3 дугаар сарын 31-ний өдрийн Засаг даргын тамгын газрын 08 дугаар тушаалаар Хот тохижуулах албаны жолоочоор шилжүүлэн ажиллах тухай тушаалыг мөн өөрийн биеэр хүлээн зөвшөөрч авсан Хот тохижуулах албаны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар жолоочоор орж ажил үүргээ гүйцэтгэж явж байгаа болно.

3. X.Салтанатын Хот тохижуулах албанд шилжүүлэн ажиллуулснаар албан тушаал нь буураагүй, цалин хэвээрээ, ажиллах нөхцөл нь хэвийн, адилхан албан тушаалтай учраас Х.Салтанатын нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.1.3, 21.1.4 заалтын дагуу хөдөлмөрийн хөлс бусад байдлаар Х.Салтанатыг хохироогүй адилхан жолоочийн орон тоонд байгууллага дотор шилжүүлэн ажиллуулсан болно.

Х.Салтанат өөрийн биеэр хүлээн зөвшөөрч Хот тохижуулах албаны жолоочоор ажиллаж, машин тэргээ унаж, ажлаа хийж 4 дүгээр сарын цалингаа авч байгаа юм.

4. Х.Салтанат бид хоёр 2005 оноос хойш нэг байгууллагад ажиллаж байгаа бөгөөд бид хоёрын дунд ямар ч асуудалгүй, өс хонзонгүй болно. Х.Салтанатын цалингаа зогсоосон асуудал байхгүй худал бичсэн байна.

5. X.Салтанатын 4 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй, үүндэслэлгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Берден шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын жолооч Х.Салтанатын нэхэмжлэлдээ танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х.Салтанатын жолоочоор 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай тушаалаар Өлгий сумын Хот тохижуулах албаны хар замын цэвэрлэгээний машинаар тухайн үед шилжүүлэн ажиллуулсан. Тэр үед Х.Салтанат батлагдсан орон тоо алга байна гээд 3 удаагийн шүүхийн шийдвэрээр 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эгүүлэн томилогдсон. Гэвч 2015 онд төсөв хүрэлцээтэй байсан учраас бид нар хоёр жолоочийг ажиллуулж байсан. Гэхдээ 2016 оны төсөв, эдийн засгийн хямралаас болж хасагдаж ирсэн. Тэрнээс болж 2 жолоочийн нэгийг Өлгий сумын Хот тохижуулах албанд шилжүүлэхээр болоод Засгийн газрын тогтоолын дагуу шилжүүлсэн. Х.Салтанат Хот тохижуулах албанд шилжсэнээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажиллах нөхцөл, цалин нь буураагүй байгаа. Тийм учраас Х.Салтанатын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Х.Салтанат нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын хөнгөн тэрэгний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсжээ.

Х.Салтанатыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаартай ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Монгол улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаартай зүйлийн 36.2 дэх заалт, Засгийн газрын 2015 оны 425 дугаартай тогтоол, Сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын жолоочийн үүрэгт албан үүргээс чөлөөлж, хот тохижуулах албаны жолоочоор ажиллуулахаар шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаартай тушаалаар Х.Салтанатыг Өлгий сумын Засаг даргын тамын газрын хөнгөн тэрэг УАЗ 469 машины жолоочоор эгүүлэн томилсон байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3/78 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн ба Уг мэдэгдэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалт болон Сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг үндэслэн ЗДТГ-ын жолооч Хуандах овогтой Салтанат таныг ХТАлбанд гарсан жолоочийн орон тоонд ажиллуулахаар шилжүүлэх болохыг мэдэгдье гэжээ.

Гэвч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 50 дугаартай тушаалаар баталсан орон тоо бүтцээс орон тоо хасагдсан, ажилтныг цөөрүүлсэн тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Х.Салтанатад Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг үндэслэн мэдэгдэл хүргүүлсэн мөртлөө ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаартай зүйлийн 36.2-т зааснаар чөлөөлсөн нь ойлгомгүй байна.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохыг хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

Хариуцагчаас энэ жил Өлгий сумын ЗДТГазрын төсөв 10 хувиар хасагдаж ирсэн 2 жолооч ажиллуулах боломжгүй байсан тул Х.Салтанатыг шилжүүлэн ажиллуулсан гэж тайлбарласан мөртлөө шилжүүлэн ажиллуулах тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг баримталсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын орон тоо бүтцээс жолоочийн орон тоо хасагдаагүй, ажилтны тоог цөөрүүлсэн тухай нотлох баримтгүй, ажилтан Х.Салтанат нь ажил олгогчтой өөр ажилд шилжүүлэх талаар тохиролцоогүй байх тул энэхүү заалтыг баримталсан нь үндэслэлгүй болжээ.

Иймд Х.Салтанатыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын хөнгөн тэрэгний жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Хуандыхын Салтанатыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын хөнгөн тэрэгний жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК