Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02185

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 18 өдөр Дуга210/МА2023/02185

 

 

******* ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04513 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 тоот Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оргил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэнд-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүслэн, Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3232 тоот шийдвэрээр хариуцагч Т.Тунамал-Эрдэнэ, Ч.Дамдинсүрэн нараас 236,725,993 төгрөгийг гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгийн эрхийн Ү-2204039004 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37-2 тоот 109,72 м.кв бүхий 3 өрөө орон сууц, эд хөрөнгийн эрхийн Ү-2204042332 дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37-43 тоот 77002 м.кв бүхий 2 өрөө орон сууцаар тус тус хангуулах шийдвэр гарсан.

Уг анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэвээр үлдсэн.

 

1.2. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудасны хамт гарч,*******т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаагаар дээрх 2 барьцаа хөрөнгө худалдан борлогдож, гомдол гаргагч худалдан авсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох зэрэг агуулгаар удаа дараа гомдол, нэхэмжлэл гаргаж, нийт 9 удаагийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд явагдаж ирсэн гэдэг нь тогтоогдсон.

 

1.3. Гэвч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 тоот Тогтоол хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хариуцагч өөрийн зохион байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх тухай эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, талуудад танилцуулаагүй байх бөгөөд үүний улмаас хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байдаг.

Уг тогтоолын улмаас бүтэн 5-6 жилийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үр дүнгүй болж, эхнээсээ ажиллагаа эхлэн хугацаа алдаж байна.

 

1.4. Маргаан бүхий 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр авагчийн төлөөлөгчид 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулж, хуулбарыг өгсөн гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж, гүйцэтгэх баримт бичигт тэмдэглэл үйлдсэн байдаг боловч төлбөр авагчийн төлөөлөгч нь уг тогтоолыг хүлээн авч танилцаагүй, хүлээлгэн өгсөн гэх тэмдэглэл, бичиг баримтад гарын үсэг зураагүй байдаг.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад танилцуулах ажиллагааг хийгээгүй бөгөөд сүүлд нөхөж хийхдээ тогтоолыг төлбөр авагчид танилцуулж, хуулбарыг хүлээлгэн өгсөн мэтээр худал тэмдэглэл үйлдсэн буюу төлбөр төлөгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхээр хангаагүй, хуульд заасан хугацаанд гомдол гаргах боломжийг олгоогүй.

 

1.5. Мөн энэхүү ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын 4-р догол мөрөнд ... дуудлага худалдааны орлого, дэнчинг... 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ялагчид буцаасан шилжүүлсэн гэж дурдсан байх боловч үнэн хэрэгтээ манай компани 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 20/1281 тоот албан бичгээр дуудлага худалдааны үнийг шилжүүлэхийг шаардсаны дагуу буцаалт бус Т.Тунамал-Эрдэнэ, Ү.Дамдинсүрэнгийн төлбөр гэдэг гүйлгээний утгатайгаар манай компанийн дансанд орж ирсэн. Гомдол гаргагч төлбөр авагчийн зүгээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 Тогтоол хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт дуудлага эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна мөн зүйлийн 71.13 дахь хэсэгт энэ хуулийн 71.10 дахь хэсэгт заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй, мөн зүйлийн 71.14 дэх хэсэгт үл хөдпөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж тус тус заасан байна.

Хариуцагч*******, түүний шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтуудад заасан ажиллагааг бодит үйл баримтын хүрээнд хийсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тодруулбал 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаа зохион байгуулагдсаны дараа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч нарыг дуудаж уулзаад, 2 барьцаа хөрөнгө болох орон сууцууд зарагдсан, 14 хоногийн дотор төлбөрөө төлвөл барьцаа хөрөнгө буцаан авч болно гэж тайлбарлаж, улмаар төлбөр төлөгч нарын зүгээс дуудлага худалдааны талаар гомдолгүй гэж мэдүүлсэн үйл баримт нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогддог.

 

1.6. Мөн төлбөр төлөгч нарын зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаагаар 2 барьцаа хөрөнгө орон сууц борлогдсон, энэ талаар мэдсэн, дуудлага худалдаатай холбоотой ямар нэгэн гомдол байхгүй, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулах боломжгүй тул хугацаа олгож өгөх талаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн болон 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тус тус тайлбар бичиг, төлбөр төлөх баталгаа зэргээр илэрхийлж, мэдэгдсэн нь гүйцэтгэх баримт бичигт авагдсан байдаг.

Дээрх үйл баримтаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан ажиллагааг Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс бодит байдал дээр бүрэн хийсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

1.7. Уг тогтоолыг хүчингүй болгуулах талаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Шийдвэр гүйцэтгэх алба зэрэг дээд шатны байгууллагуудад зохих гомдлуудыг шат шатанд нь удаа дараа гаргаж ирсэн боловч, дээрх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй хэмээн хамгаалж үлдсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан зохицуулалтын дагуу гомдлыг гаргаж байгаа болно.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 тоот Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3232 дугаар шийдвэрээр Г.Тунамал-Эрдэнэ, Ү.Дамдинсүрэн нараас 236,725,993 төгрөгийг гаргуулж Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Т.Тунамал-Эрдэнэ, Ч.Дамдинсүрэн нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа гардуулахад төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039004 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 27 тоот, 109,72 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042332 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 43 тоот, 77,02 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцуудыг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 18261200/01 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18261200/07, 18261200/08 дугаар тогтоолоор тус тус битүүмжлэн хураан авч, албадан дуудлага худалдаанд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оруулахад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 27 тоот орон сууц 92,100,000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 37 дугаар байрны 43 тоот 65,300,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон.

 

2.2. Худалдан борлогдсон дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг дуудлага худалдааны авагчид шилжүүлэх тухай эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, талуудад танилцуулаагүй тул хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх боломжгүй болсон тул 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18261200/07, 18261200/08 дугаар тогтоол болон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүйд тооцсон.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан хариуцагч*******т холбогдуулан гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1/03 тоот Тогтоол хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх маргааны гол үйл баримт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулсан эсэх талаар гомдол гаргагчийн гомдлын шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэлд огт дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

 

4.2. Анхан шатны шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гомдол гаргагч хуулийн этгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэдэг үндэслэлийг баримталсан. Гэвч, гомдол гаргагчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг бүрэн мөрдөж чадаагүй нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь:

Нэгдүгээрт: Маргаан бүхий 2023/01/10-ны өдрийн 1/03 тоот Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр авагчийн төлөөлөгчид 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулж, хуулбарыг өгсөн гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж, гүйцэтгэх баримт бичигт тэмдэглэл үйлдсэн байдаг боловч, төлбөр авагчийн төлөөлөгч нь уг тогтоолыг хүлээн авч танилцаагүй, хүлээлгэн өгсөн гэх тэмдэглэл, бичиг баримтад гарын үсэг зураагүй байдаг.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад танилцуулах ажиллагааг хийгээгүй бөгөөд дараа нь нөхөж хийхдээ тогтоолыг төлбөр авагчид танилцуулж, хуулбарыг хүлээлгэн өгсөн мэтээр худал тэмдэглэл үйлдсэн буюу анхнаасаа төлбөр төлөгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг, 44.4 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхээр хангаагүй, хуульд заасан хугацаанд гомдол гаргах боломжийг олгоогүй.

Хоёрдугаарт: 1/03 тоот Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг НШШГГ-ын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн гэж анхан шатны шүүх дүгнэх боловч уг хариу мэдэгдэх хуудсыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авахад хавсралтаар маргаан бүхий 1/03 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол ирээгүй бөгөөд албан бичигт ерөнхий агуулгыг дурдсан байсан.

Үүнийг 1/03 тоот тогтоолыг төлбөр авагчид албан ёсоор гардуулсан, мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тухайн 1/03 тоот Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг олж үзээд, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайд, ШШГЕГ-ын дарга болон НШШГГ-ын даргад гомдол гаргасан.

 

4.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох зэрэг агуулгаар нийт 3 удаа шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 3 удаа түдгэлзүүлсэн ба энэхүү гомдол, нэхэмжлэлийг авч хэлэлцсэн нийт 9 удаагийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд явагдаж ирсэн гэдэг нь тогтоогдсон байсан.

Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулсан эсэх талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудаас ямар ч санал хүсэлт, гомдол гаргаагүй. Албадан дуудлага худалдаа явагдсаны дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Ч.Батмөнх төлбөр төлөгч (хариуцагч) нартай уулзаж, дуудлага худалдаа явагдаж барьцаа үл хөдлөх хөрөнгүүд зарагдсан тухай мэдэгдэж, амлалт авч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан нь баримтаар нотлогдож байхад хариуцагч өөрийн санаачилгаар 1/03 тоот тогтоол гарган, барьцаа хөрөнгө дуудлага худалдаагаар худалдан борлуулж, төлбөр төлөгчид төлбөр мөнгийг шилжүүлэн, шүүхийн шийдвэрийг албан ёсоор гүйцэтгэсэн үйл ажиллагаагаа хүчингүй болгосон байдаг.

 

4.4. Уг тогтоолын улмаас бүтэн 5-6 жилийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ямар ч үр дүнгүй болж хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, төлбөр авагчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй дахиад барьцаа хөрөнгийг хураах, битүүмжлэх, үнэлэх, дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ахиад эхнээсээ эхэлсэн.

Үүний улмаас, нэхэмжлэгч, төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Анхан шатны шүүхээс уг нөхцөл байдалд бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, зөвхөн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэдгээр гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд дээрх үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04513 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 тоот Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гаргаагүй байдаг. Тухайн үед 161 дүгээр тойрогт ажиллаж байсан Ю.Отгонжаргал гэх шийдвэр гүйцэтгэгч нь өмчлөх эрх шилжүүлэх тогтоолыг гаргаагүй байна.

Уг нөхцөл байдлын улмаас хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон тогтоолыг танилцуулаагүй гэж маргасан. Уг тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан тэмдэглэл байдаг. Тухайн тэмдэглэлийг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэж тайлбарласан байдаг. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийн зүгээс хариу мэдэгдэх хуудсанд өмчлөх эрх дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх боломжгүй үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 тоот тогтоолоор ажиллагааг хүчингүй болгосныг зөвтгөж ажиллагааг явуулж байгаа талаар мэдэгдсэн. Тухайн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оргил гарын үсэг зурж хүлээн авсан байдаг.

Нэхэмжлэгч талын зүгээс 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тухайн тогтоолыг хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

5.2. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрсөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гаргана. Мөн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд анхан шатны шүүхэд хандана. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн тогтоолыг гардаж аваагүй гэх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оргил нь гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж, битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа явагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч*******т холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 тоот Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаартай шийдвэрээр Ү.Дамдинсүрэн, Г.Тунамал-Эрдэнэ нараас 235,391,088 төгрөг гаргуулж, Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгож, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 27 тоотод байрлах Г.Тунамал-Эрдэнийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 43 тоотод байрлах Ү.Дамдинсүрэнгийн өмчлөлийн орон сууцнууд барьцаалагдсан болохыг дурдаж шийдвэрлэжээ./хх-47-49/

3.2. Капитал континент инвестмент ББСБ" ХХК нь оноосон нэрээ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК болгон өөрчилсөн байна./хх-13/

 

3.3. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18261200/01, 18261200/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18261200/03 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ. Энэ ажиллагаанд гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-56, 58-59, 65/

 

3.4. Түүнчлэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 27 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Ану үнийн санал авалгүйгээр шинжээч томилсон гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/03661 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0050 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/00925 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин дүгнэхгүй.

 

3.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/9, 12/10 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, ******* ХХК худалдан авах эрхтэй болжээ./хх-99-102/

 

4. Хөрөнгийн хамтран өмчлөгч гуравдагч этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2020/16928 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэлээр дуудлага худалдааны орлого, дэнчинг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ялагчид буцаан шилжүүлсэн байна.

 

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор ... Хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгох тухай өмчлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийг гурван шатны шүүхээс тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх боловч хуульд заасан хугацаанд дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг гаргаж, талуудад танилцуулаагүйгээс хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх боломжгүй байх тул 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн Эд хөрөнгө хураах тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18261200/07, 18261200/08 тоот тогтоол болон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүйд тооцсон тогтоол нь маргааны зүйл болжээ.

 

4.2. Нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/504 дугаар Хариу мэдэгдэх хуудсаар ...ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, зөвтгөн явуулах үүргийг хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгосон нь хуулийн үндэслэлтэй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 1/03 тоот тогтоолыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оргилд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулсан гэсэн хариуг, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/1306 тоот албан бичгээр Тус албанд хандаж гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай таны гомдолтой танилцлаа. Хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай зохион байгуулахыг харьяа нэгжид үүрэг болголоо. гэсэн хариуг тус тус өгсөн байна.

 

4.3. Нэхэмжлэгч нь Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/1306 тоот албан бичгийг хүлээн аваад хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргасан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлйин 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

4.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргаж, энэхүү хугацааг хэтрүүлсэн, түүнчлэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хариуг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан атлаа шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдлын шаардлагыг гаргасан нь хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

 

4.5. Нотолгооны хуваарилалтын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан болохыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүх хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолын үндэслэл, шаардлагад дүгнэлт өгөөгүйг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүх гомдлын шаардлага гаргах процессын хугацааг хэтрүүлсэн байх тул гомдлын шаардлага, түүний үндэслэлийг дүгнээгүй нь хууль зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан гомдол шийдвэрлэх журам, хугацаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч байгууллага дотооддоо хянан шийдвэрлэж зөвтгөх боломж олгох, нөгөө талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах хуулийн үзэл баримтлалтай холбоотой.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэгч байгууллагын үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд холбоотой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон жил үргэлжилж, удаашралтай байгааг харгалзах нөхцөл болохгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР