Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 227

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Т.Э-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 дүгээр “Суулт хийх мэдэгдлийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан” шийдвэрийг хүчингүй болгож, Т.Э миний жагсаал, суулт хийх мэдэгдлийг хүлээн авч, бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А , Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Дархан-Уул аймгийн иргэн Т.Э миний бие Улсын Их Хурлын сонгуулийн амлалттай холбоотойгоор Улаанбаатарын хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших тусгаар тогтнолын талбайд жагсаал, суулт зохион байгуулахаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар бүртгүүлэх өргөдлөө Чингэлтэй дүүргийн Засаг даргад нийт 5 удаа гаргасан боловч ялимгүй зүйлээр шалтаглан 5 удаа татгалзсан хариуг өгсөнд туйлын их гомдолтой байна. 

Монгол Улсын иргэн Т.Э миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 16 дахь хэсэгт “..итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй...”, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Жагсаал цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэсний дагуу өөрийн үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлэх үүднээс жагсаал суулт зохион байгуулах эрхтэй билээ. Миний зүгээс товлосон газраа жагсаал, суулт хийхээсээ өмнө Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасан шаардлагыг хангасан мэдэгдлийг хүргүүлсэн. 

Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга жагсаал болон суулт хийх мэдэгдлээ хүргүүлэхэд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 3/484 дүгээр албан бичгээр “Тус дүүргийн нутаг дэвсгэр дэх 3, 4, 5, 6 дугаар саруудад Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан “Тусгаар тогтнолын эзэд”, андгай өргөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, Онцгой байдлын марш, тактикийн бэлэн байдлын сургалт, Н******* карнивал-2017, БСБ ЭКСПО-2017 үзэсгэлэн худалдаа зэрэг өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдах тул таны хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлснийг эс хүлээн зөвшөөрч миний жагсаал, суулт хийх хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн гэж үзэж Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. 

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын хуулийн зөвлөх н.А надад хэлэхдээ “та ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гээд байна, тийм болохоор сонгууль болтол таныг жагсаал суулт хийхийг зөвшөөрөхгүй, түүнчлэн дүүргийн хэв журмын хэлтсийн дарга гэх цагдаагийн хошуучтай уулзуулан дарамтлуулсан, тэр хошууч миний иргэний үнэмлэхийг үзээд хүчингүй иргэний үнэмлэхтэй хүн байна, чи залилан мэхлэгч байна, чи юу хийдэг юм, чиний компанийг шалгуулна, татвар төлдөг үү, жагсаал, суулт гэх юмаа боль” гэхчлэн дарамталсан. 

Ардчилсан хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлон байгуулна гэж аль 1992 онд Үндсэн хуулиндаа тусгаад даруй 25 жилийг ардаа орхисон байтал Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрхээ ч эдэлж чадахгүй байгаа ба Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан буюу түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгөх, эрх чөлөөг хязгаарлах, аливаа хэлбэрээр гадуурхахыг хориглоно” гэсэн байхад шат шатны эрх бүхий төрийн албан хаагч нар үндэслэлгүйгээр татгалзан гүтгэн  доромжилж,  мөрдөн  мөшгөж,  дарамталсанд  Т.Э  миний бие маш их

гомдолтой байна. 

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 дүгээр “Суулт хийх мэдэгдлийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан” шийдвэрийг хүчингүй болгож, Т.Э миний жагсаал, суулт хийх мэдэгдлийг хүлээн авч, бүртгэхийг даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, Л.А нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Дархан-Уул аймгийн иргэн Т.Э анх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “С ” ХХК-ийн 90 дүгээр албан бичгээр “Тэмцлийн байдлаа бүртгүүлэх тухай” хүсэлтийг дүүргийн Засаг даргад гаргасан. Энэ хүрээнд хүсэлтийг судлан тус өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд “Сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа” зохион байгуулахаар бүртгэгдсэн тул үйл ажиллагаа давхцаж байх тул боломжгүй гэсэн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3/116 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн. 

Дараагийн удаа Дархан-Уур аймгийн иргэн Т.Э 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “С ” ХХК-ийн 91 дүгээр албан бичгээр “Тэмцлийн байдлыг бүртгүүлэх” тухай хүсэлтийг Засаг даргад гаргасан. Энэ хүрээнд хүсэлтийг судлан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй гэсэн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/217 дугаар албан бичгээр хүргүүлсэн. 

Дархан-Уул аймгийн иргэн Т.Э нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “С ” ХХК-ийн 92 дугаар албан бичгээр “Тэмцлийн байдлыг бүртгүүлэх” тухай хүсэлтийг дүүргийн Засаг даргад гаргасныг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд судалж, хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй гэсэн хариуг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 3/291 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байна. 

Т.Э******* 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрүүдэд “Тэмцлийн байдлыг бүртгүүлэх” тухай хүсэлтийг дүүргийн Засаг даргад гаргасныг тухайн өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд “Тусгаар тогтнолын эзэд, андгай өргөх ёслол” зохион байгуулахаар бүртгэсэн тул үйл ажиллагаа давхцаж байх тул боломжгүй гэсэн хариуг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3/403 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн ба дахин 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд “Тэмцлийн байдлыг бүртгүүлэх” тухай хүсэлтийг дүүргийн Засаг даргад гаргасан. 

Уг  хүсэлтийг  судлан “Тусгаар  тогтнолын  талбайд  3, 4, 5, 6 дугаар   саруудад холбогдох үйл ажиллагаанууд давхцаж байх тул боломжгүй гэсэн хариуг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 дүгээр албан бичгээр хариуг тус тус хүргүүлсэн ба Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/584 дүгээр захирамжийн холбогдох заалтуудыг удирдлага болгон ажилласан болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Т.Э ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

“С ” ХХК /захирал Т.Э / нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 90 , 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 91 , 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 92  дугаар албан бичгүүдээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад “Тэмцэл болон суулт хийх” тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3/116 , 20174 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/217 , 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 3/291  дүгээр албан бичгүүдээр тус тус дээрх хүсэлтүүдийг хүлээн авч бүртгэх боломжгүй талаар хариуг өгсөн байна. 

Нэхэмжлэгч Т.Э “тэмцэл болон суулт хийх” тухай хүсэлтийг  Чингэлтэй дүүргийн Засаг даргад 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасныг хариуцагч хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 3/403 дугаар албан бичгээр  дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн хариуг өгчээ. 

Мөн Т.Э “...гавьяаныхаа амралтад суугаа ахмад дайчин, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орон сууц барих асуудлаар Дархан-Уул аймгаас сонгогдон гарсан Улсын Их Хурлын гишүүдэд хандахад дэмжиж тусална гэсэн боловч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй байгаа асуудлаар Тусгаар тогтнолын талбайд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд жагсаал, суулт хийх” талаарх мэдэгдлийг  2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан байна. 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 дүгээр албан бичгээр  “тус дүүргийн нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд 2017 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад, Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан “Тусгаар тогтнолын эзэд, андгай өргөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, Онцгой байдлын марш, тактикийн бэлэн байдлын сургалт, Н******* карнивал-2017, БСБ ЭКСПО-2017, үзэсгэлэн худалдаа зэрэг өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдах тул таны хүсэлтийг хүлээн авч бүртгэх боломжгүй байна” хэмээн хариуг хүргүүлжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Т.Э-ын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй шалтгаан нь тухайн жагсаал, суулт хийх өдрүүдэд Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан “Тусгаар тогтнолын эзэд, андгай өргөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, Онцгой байдлын марш, тактикийн бэлэн байдлын сургалт, Н******* карнивал-2017, БСБ ЭКСПО-2017, үзэсгэлэн худалдаа зэрэг өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдах тул хүлээн авах боломжгүй” хэмээн маргаж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл “Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэсний дагуу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг хууль тогтоогчоос баталж, уг хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг “цуглаан” гэж тодорхойлжээ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ:  1/ шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол; 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол; 3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол” гэж тус тус заасан.

Жагсаал,  цуглаан  хийх  журмын  тухай   хуулийн  7  дугаар  зүйлээр  жагсаал, цуглаан хийхийг хориглох газруудыг тусгайлан зааж өгсөн бөгөөд үүнд: нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал, цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар, радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар, Олон Улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах, эмнэлгийн байгууллага, нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт тус тус жагсаал, цуглаан хийхийг хориглосон газарт энэхүү тохиолдол хамаарахгүй байна. 

Мөн хуулийн 8 дугаар зүйлээр жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглох нөхцөл байдлуудыг тусгасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хуулийн 8 дугаар зүйлд заасан нийгмийн хэв журамд хохирол учруулж, эмх замбараагүй байдал бий болгох буюу олон нийт, залуучууд ихээр үйлчлүүлдэг Тусгаар тогтнолын талбайн дэргэд Тэнгис кино театр байрладаг тул зохимжгүй, зөвшөөрөл олгоогүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Учир нь нэхэмжлэгч Т.Э нь “...суулт хийхдээ хүний тоо 1, эхлэх, дуусах хугацаа, хэрэглэх техник, хэрэгсэл...зэргийг” мэдэгдэлдээ тодорхой заасан байх бөгөөд ийнхүү нэг хүний цуглаан буюу суулт нь эмх замбараагүй, ёс суртахуунгүй байдал бий болгох нөхцөл бодитоор харагдахгүй байхад тайван жагсаал, цуглаан хийх замаар Тусгаар тогтнолын талбайд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор дүүргийн Засаг даргад удаа дараа хандсан байхад үндэслэлгүйгээр татгалзсан нь иргэний үндсэн эрх чөлөөг зөрчсөн хууль бус байна гэж үзлээ. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...дүүргээс тухайн талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах үед суултаа түр зогсоогоод үргэлжлүүлэх боломжтой тухайгаа...” илэрхийлсэн тул цуглаан хийх цаг, хугацааг дүүргийн Засаг дарга Т.Э той тохиролцох боломжтой байхад энэ арга хэмжээг аваагүй байна.  Хэдийгээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3/115 дугаар албан бичгээр  “Хөдөөгийн иргэдийн мэдлэг хөгжлийн төв” ТТБ, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 3/446 дугаар албан бичгээр  “Б*******” ХХК-ийн үйлчилгээ, хангамжийн захиралд, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 3/466 дугаар албан бичгээр  “Н******* *******” ХХК-ийн н******* электроникс салбарын гүйцэтгэх захирал нарт тэдгээрийн мэдэгдлийг бүртгэсэн тухай хариу өгсөн ч энэ нь хариуцагч Т.Э ын мэдэгдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм. 

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа “жагсаал, суулт хийх” хэмээн тайлбарлаж байгаа боловч хуульд зааснаар жагсаал, цуглааныг тус бүрт нь салган тайлбарлаж тодорхойлсон, зайлшгүй иргэдийн тоог хуулиар тогтоогоогүй бөгөөд нэг иргэний гаргасан мэдэгдэл, явуулах үйл ажиллагааг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цуглаан гэх ойлголтод хамаарч байна гэж үзсэн болно.     

Иймд нэхэмжлэгч Т.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Т.Э ын жагсаал, суулт хийх мэдэгдлийг хүлээн авч, бүртгэхийг даалгаж шийдвэрлэж, үүнтэй цаг хугацаа өнгөрсөн өөрчлөлтийг харгалзаж,  Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч цуглаан хийх тухай урьдчилан мэдэгдэж, цаг хугацааг тохирох үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Э ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Т.Э ын жагсаал, суулт хийх мэдэгдлийг хүлээн авч, бүртгэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ц.САЙХАНТУЯА