Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1437

 

Ө.Наранцэцэг, М.Пүрэв нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/04975 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  Ө.Наранцэцэг, М.Пүрэв нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Сансарт  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 27 220 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшингийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ч.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Цэндсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Наранцэцэг, М.Пүрэв нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Т.Сансарт 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөг, 15 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 4 000 000 төгрөгийг, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 30 000 000 төгрөгийг Хас банкаар дамжуулан өгсөн. Буцааж 28 250 000 төгрөгийг төлсөн, 30 000 000 төгрөгийг маргааш нь буцааж өгсөн.

Мөн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 27-ний өдөр 500 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр 250 000, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 17 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 500 000 төгрөг нийт 30 250 000 төгрөгийг өөрийн ХААН банкны данснаас Т.Сансарын 5079045456 дугаартай ХААН банкны данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс эхнэр Ө.Наранцэцэгт өгсөн 2 300 000 төгрөг, ХААН банкны миний данс руу 1 550 000 төгрөгийг буцаан төлсөн.

Иймд Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн тэмдэгтийн хураамж болох 432 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул үлдэх 27 220 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Сансар шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би Ө.Наранцэцэгийн нэхэмжилсэн 27 652 900 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхийг хүсэхгүй байна. М.Пүрэвээс 17 250 000 төгрөг, 1 500 000 төгрөг авсан нь дансны хуулгаар байгаа нийт 18 750 000 төгрөг авсан. Гэхдээ Т.Сансар дээрх мөнгийг бүгдийг нь төлсөн гэдэг нэхэмжлэгч нар ямар учиртай ойр ойрхон мөнгө өгч авалцаад байдаг байснаа ярихгүй байна. Бусдын зээлийг чөлөөлөх гэж хүүтэйгээр зээлж аваад буцааж төлдөг байсан. Хүүгүй ашиггүй бол энэ их мөнгийг Т.Сансарт өгөхгүй. Тухайн үед хажууд нь байсан н.Мягмарсүрэнг шүүхэд гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч гадагшаа явсан учир хүсэлтээсээ татгалзсан. Бидэнд нотлох баримт байхгүй учраас хэцүү байна. Мөнгийг буцааж дор дор нь өгч байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх зааснаар хариуцагч Т.Сансараас 23 220 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Наранцэцэг, М.Пүрэв нарт олгож, 4 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Сансараас 274 051 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Наранцэцэг, М.Пүрэв нарт олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 296 215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Нэхэмжлэгч нар нь БГД-ийн анхан шатны шүүхийн тэмдэгтийн хураамж болох 432 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзасныг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/04975 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхээс нэхэмжлэгч Ө.Наранцэцэг М.Пүрэв нарын нэхэмжлэлтэй Т.Сансарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр нэхэмжилснээс 23 220 200 төгрөгийг Т.Сансараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. ХААН банкны Ө.Наранцэцэгийн эзэмшлийн 5030432155 дугаартай дансанд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг Т.Сансараас шилжүүлсэн хуулгад баримттай байхад дээрх нэхэмжилсэн мөнгөнөөс хасаж тооцоогүй байна.

Т.Сансар нь Ө.Наранцэцэг, М.Пүрэв нартай зээл чөлөөлөх ажлыг хамтарч хийдэг, зарим тохиолдолд бэлнээр мөнгө өгөхдөө итгэлцлийн журмаар баримт авахгүй байдаг байсан. М.Пүрэвээс 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 11 000 000 төгрөгийг авсан мөнгийг буцааж өгсөн талаар нэхэмжлэгч нар шударгаар хэлэхгүй байгаа ба гэрч н.Мягмарсайханаар гэрчлүүлж чадалгүй хохирч байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 2.000 000 төгрөгийг хасуулж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн биелэлтэй холбоотой маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Наранцэцэг, М.Пүрэв нар хариуцагч Т.Сансарт 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 10 дугаар сарын хугацаанд нийт 55 250 000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч нарыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 150 000 төгрөг, хохирол 70 200 төгрөг, нийт 27 220 200 төгрөг нэхэмжилсэнээс шүүх 23 220 200 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж 4 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ө.Наранцэцэг, М.Пүрэв нараас хариуцагч Т.Сансарын Хас банкны 5000918663 тоот данс руу 25 000 000 төгрөг, ХААН банкны 5079045456 тоот данс руу 30 250 000 төгрөг нийт 55 250 000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 8-10 дугаар тал/

 

Хариуцагч Т.Сансар нь нэхэмжлэгч Ө.Наранцэцэгийн данс руу 28 250 000 төгрөг, М.Пүрэвийн данс руу 1 550 000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 2 300 000 төгрөг, нийт 32 100 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлсэн үйл баримт хэргийн 3-5 дугаар талд авагдсан дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байх тул шүүх зээл 55 250 000 төгрөгөөс төлсөн 32 100 000 төгрөгийг хасч, хариуцагчаар 23 150 000 төгрөгийг төлүүлэхээр тооцсон тооцоо зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Наранцэцэгийн ХААН банкин дах дансанд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг Т.Сансараас шилжүүлсэн баримт байхад шүүх нэхэмжилсэн мөнгөнөөс хасаж тооцоогүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан “...Ө.Наранцэцэгийн данс руу 28 250 000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн дүгнэлтэд 2014 оны 10  дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийн гүйлгээ тооцогдсон байна. Үүнд: 2014 оны 8 дугаар сарын 1 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 200 000 төгрөг, 600 000 төгрөг, 20 300 000 төгрөг, 650 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөг нийт 28 250 000 төгрөг болж тооцогдсон байна.

 

Түүнчлэн хариуцагч Т.Сансар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, оршин суух хаягтаа байгаагүйгээс нэхэмжлэгч Ө.Наранцэцэг, М.Пүрэв нар хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй нь буруу байгааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/04975 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...281.1-д...” гэсний дараа “...219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт...” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 950 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

                                ШҮҮГЧИД                          Д.БАЙГАЛМАА

 

                                      Ч.ОЮУНЦЭЦЭГ