Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/0060

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Улсын онцгой комисст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч, шүүгч:   М.Батсуурь

Шүүгчид:                  Д.Батбаатар

                                 Х.Батсүрэн

                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:        Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: А.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: 1.Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлын “... голомт бүхий гадаад улс орнуудад захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног сунгасан”, мөн тус комиссын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар хурлын “гадаад улс орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” захиргааны хэм хэмжээний актыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

2.Улсын онцгой комисст хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан 1,070,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхийг даалгах,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, Б.Н, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Д.Т, Б.Т нарыг оролцуулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б-с Улсын онцгой комисст холбогдуулан 2020 оны 14, 15 дугаар хурлын “голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сунгасан”, “гадаад улс орнуудаас ирсэн иргэдийн тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” захиргааны хэм хэмжээний акт тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс учирсан хохирлыг нөхөн төлөхийг даалгуулахаар маргажээ

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.6, 8.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасныг баримтлан иргэн Б.Б-с гаргасан Улсын Онцгой Комиссын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь: хэсгийн Б-д “… голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сунгахаар …”, мөн оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь: хэсгийн А-д “… гадаад улс орнуудаас ирсэн иргэдийн тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгах”-аар шийдвэрлэсэн захиргааны хэм хэмжээний актын холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эдгээр хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан хохирол 1.070.000 төгрөгийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо:

 Маргаан бүхий хэм хэмжээний акт нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүй тухайд:

Хариуцагч Улсын онцгой комиссоос 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлын шийдвэр, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар хурлын иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сунгасан шийдвэр (цаашид “Маргаан бүхий хэм хэмжээний акт” гэх) гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлаагүй.

4. Нийтээр заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актыг гагцхүү хуулиар эрх олгогдсон захиргааны байгууллага гаргах буюу “хуульд үндэслэх” зарчмыг үйл ажиллагаандаа баримтална. Захиргаа үйл ажиллагаандаа зайлшгүй баримтлах энэхүү зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах суурь үзэл баримтлалтай салшгүй холбоотой. Гэвч нийтээр заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актууд нь хуульд үндэслэгдээгүй буюу хариуцагчид тусгай эрхийг хуулиар шилжүүлээгүй байхад захиргааны хэм хэмжээний акт гаргаж, маш хурдан хугацаанд хүний эрхийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлсэн.

5. Захиргааны байгууллагаас баталсан эдгээр маргаан бүхий хэм хэмжээний актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т зааснаар захиргааны хэм хэмжээний акт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, 60.1.3-т “тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх”, 60.1.7-т“тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх” гэж заасан шаардлагуудыг хангаагүй. Маргаан бүхий хэм хэмжээний актууд гаргах үндэслэл болж буй хуулийн заалтыг тусгаагүй буюу хуульд үндэслэсэн шийдвэрийг гаргаагүй.

6. Мөн тухайн захиргааны актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг огт тооцоолоогүй. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 61.4.1-т. “акт гаргах үндэслэл, шаардлага, зорилт". 61.4.4-т “хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх”, 61.4.6-д заасан актыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, эдийн засгийн тооцоо хийгдээгүй болох нь хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

7. Тухайлбал, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг иргэд биелүүлэх үүрэгтэй тул иргэний үүргээ биелүүлж, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд зочид буудалд, үргэлжлүүлэн гэртээ нийт 35 хоног тусгаарлалтад байж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхээ хязгаарлуулсан. Гэвч 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улсын онцгой комиссоос тусгаарлалтын 35 хоногийн хугацааг бууруулж, 21 хоног болгон багасгасан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот тогтоолоор гадаад улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах хугацааг 7 хоног болгон өөрчилсөн нь анхнаасаа гадаад улсаас ирсэн, ПСР шинжилгээгээр “сөрөг” хариутай, эмнэлзүйн шинж тэмдэггүй иргэдийг 35 хоног тусгаарлах шийдвэр нь бодит байдалд нийцээгүй, судалгаанд үндэслэгдээгүй байсан нь олон нийтэд ил болсон.

8. Дээрхээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох, 70 дугаар зүйлд заасан тусгай зохицуулалтыг дагаж мөрдөөгүй, актыг бүртгүүлээгүй. Бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй нь тухайн захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр дагаж мөрдөх эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Гэтэл маргаан бүхий хэм хэмжээний актуудыг албадан мөрдүүлсэн.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын онцгой комиссын тусгаарлан ажиглах хугацааг сунгасан хурлын тэмдэглэлүүд нь захиргааны хэм хэмжээний акт гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуульд захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр болох дараах хоёр үндэслэлийг заасан. Үүнд:

-Ердийн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ” гэж, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөх үр дагавар үүснэ.

- Хойшлуулшгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно” гэж, 70.2-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага энэ хуулийн 70.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт гарсан өдрөөс хойш ажлын гурван өдөрт багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж, 70.3-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 70.2-т заасан захиргааны хэм хэмжээний актыг хүлээн авч, энэ хуулийн 60.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, энэ хуулийн 65 дугаар зүйл, 67.1- д заасны дагуу бүртгэн, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлүүлнэ” гэж тус тус заасан.

10. Дээрх тохиолдлын алинд ч хэм хэмжээний актын хувьд нэгдсэн бүртгэлд заавал бүртгүүлэхийг хуульчилсан. Гэтэл маргаан бүхий хэм хэмжээний актуудыг хариуцагч нь хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлээгүй, хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг хүчээр дагаж мөрдүүлсэн.

11. Хууль тогтоомжийг тухайн харилцаанд орж байгаа этгээдүүдэд зориулж гаргадаг, учир нь хууль тодорхой нэг харилцаанд оролцогчдын эрх, үүргийг зохицуулдаг үндсэн шинжтэй. Өөрөөр хэлбэл, ямар хууль журам гарсныг мэдэх боломжгүй байж түүнийг биелүүлэх, эсхүл зөрчих эсэхээ мэдэхгүй тул хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох нөхцөл нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, улмаас нийтлэгдсэн байх явдал юм. (Ц.Ц “Захиргааны хэм хэмжээний акт”. 6 дахь тал)

12. Гэтэл шүүхийн шийдвэрт “2 ... хэм хэмжээний акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаснаар хүчин төгөлдөр болох учиртай ч энэ тохиолдлыг тусгайлан авч үзэх нь зүйтэй ...”, “4 ... хэлбэрийн хувьд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй гэдгээр нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэж болох ч үүссэн нөхцөл байдал, түүний цар хүрээ, үр дагавар, эрх зүйн зохицуулалтын дутмаг байдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүн амын эрүүл мэнд, амь насанд учирч болох байсан бодит аюул, үр нөлөө зэргээс харгалзан үзэхэд маргаан бүхий хэм хэмжээний актуудыг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй ...”, “5 ... Өөрөөр хэлбэл, зөвхөн хэм хэмжээний актын хүчин төгөлдөр байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэдэг нь нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болохгүй ...”, “10 ... Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу 21 хоногийн хугацаа тогтоосон акт нийтэд мэдээлсэн өдрөөс хүчин төгөлдөр болсон бөгөөд харин хуулийн 70.2-т заасны дагуу акт гаргаснаас хойш ажлын гурван өдөрт багтаан Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээгүй нь хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй ...” гэж дүгнэсэн нь шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох нөхцөл, нийтлэгдэх зарчмыг онцгой тохиолдолд дагаж мөрдөх шаардлагагүй мэтээр тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн.

13. Хойшлуулшгүй тохиолдолд хэм хэмжээний актыг бүртгүүлэх тусгай зохицуулалтыг хууль тогтоогч Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд тусган хуульчилсан байхад шүүх тухайн хойшлуулшгүй, тусгай зохицуулалт дотор өөр “онцгой тохиолдол” байх мэтээр тайлбарлаж, шүүхийн шийдвэрт үндэслэж байгаа нь шүүх хуулийг буруу хэрэглэснийг харуулж байна.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, шүүгч хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн тухайд:

14. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэж заасныг шүүх баримтлаагүй.

15. Тодруулбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт “3 ... Хэдийгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3-2/65 дугаар лавлагаагаар дээрх шийдвэрүүд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болох нь тогтоогдсон, мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/32 дугаар албан шаардлагад “... тусгаарлан ажиглах арга хэмжээ нь хүний эрхэд хязгаарлалт тогтоож байгаа хэлбэр мөн. Тиймээс уг арга хэмжээг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хэм хэмжээнд нийцүүлэх үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангах ёстой ...” гэсэн ч тухайн цаг үед хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангахаас илүүтэй халдварыг дотооддоо алдахгүй байх нэн тэргүүний зорилт хариуцагчийн хувьд байсан ...” гэж, “5 ... Бодит нөхцөл байдал, үр дагаврыг таамаглахын аргагүй байсан тухайн цаг үед аль болох эрсдэл багатай, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахын төлөө ажиллаж байсан хариуцагчийг хүний эрхийг хууль бусаар хязгаарласан, хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг хүчээр дагаж мөрдүүлсэн гэж буруутгах үндэслэл шүүхийн хувьд тогтоогдсонгүй ...” гэж дүгнэхдээ шүүх хуулийг баримтлаагүй.

16. Шүүх хэт нэг талыг барьж, хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагчийн үйлдлийг илтэд зөвтгөн, “буруутгах арга байхгүй, онцгой тохиолдол” гэх зэргээр хариуцагчийн хуульд нийцээгүй үйлдлийг дэмжиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

17. Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой болохоос хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөх, түүнийг хамгаалах байгууллага биш билээ.

18. Хэм хэмжээний акт нь тухайн харилцаанд оролцогчдод чиглэсэн нийтлэг зохицуулалт агуулсан, шалгуур, үйл ажиллагааны шат дараалал, цаг хугацаа тогтоосон байдаг бөгөөд ирээдүйд үүсэх ижил тохиолдолд дахин давтагдан хэрэглэгдэх зэрэг шинжүүдээрээ хуультай адилтгах боломжтой (Ц.Ц “Захиргааны хэм хэмжээний акт”. 2 дахь тал) тул Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хууль дээдлэх”, “хуульд үндэслэх”, “хуульд захирагдах” зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөх учиртай.

19. Нөгөөтээгүүр, шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй үндэслэлээ тайлбарлахдаа “10 ... шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “... Улсын онцгой комиссоос гаргасан захиргааны хэм хэмжээний актууд нь хүчин төгөлдөр болоогүй байхад хүчээр дагаж мөрдүүлснийг буруу гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчид учруулсан нөхөн төлбөрийг барагдуулах нь зөв” гэсэн дүгнэлт хууль зүйн талаасаа үндэслэлтэй боловч тухайн үеийн бодит нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд тусгаарлан ажиглах 21 хоногийн хугацаа тогтоосон 2 удаагийн актыг зөвхөн бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох нь үүсэж болох сөрөг үр дагавартай дээрх байдлаар нийцэхгүй байх тул дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсангүй” гэжээ.

20. Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа буюу шийдвэр гаргалт, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянах байгууллага атал ийнхүү “хууль зүйн талаасаа үндэслэлтэй боловч нөхцөл байдлыг харгалзан үзвэл хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй” гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн дээр Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

Хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

21. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “4 ... Тэр тусмаа нэхэмжлэгч Б.Б-г уг шийдвэрийн дагуу тусгаарлах байранд 21 хоног ажигласны төлбөр болох 1,070,000 төгрөгийг түүнд учруулсан хохирол гэж үзэхгүй ...” хэмээн дүгнэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй.

22. Гомдлын 3 дахь хэсэгт дурдсан үндэслэлээр маргаан бүхий хэм хэмжээний актууд нь эрх зүйн зөрчилтэй хууль бус бөгөөд хуульд заасан хүчин төгөлдөр болох шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-т “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу хариуцагч нь хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

23. Тодруулбал, 35 хоногийн тусгаарлалтын хугацаа тогтоосон маргаан бүхий хэм хэмжээний актуудыг дагаж мөрдөх үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн бөгөөд хэрэв ийнхүү биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэж заасан зөрчилд тооцогдож, улмаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болсноос гадна эх орондоо буцаж ирж чадахгүй байх нөхцөлийг бий болгосон. Иймээс дээрх маргаан бүхий актууд нь гарсан даруйдаа маш хурдан хугацаанд хэрэгжсэн буюу гарцаагүй дагаж мөрдөх үр дагавартай байсан болно.

24. Тиймээс хуулиар эрх олгогдоогүй захиргааны байгууллагаас захиргааны хэм хэмжээний актыг баталж, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд тавьсан шаардлагын дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багт байрлах Дээдэс зочид буудалд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 21 хоног хоригдож, төлбөрт Онцгой байдлын ерөнхий газрын Хаан банк дахь дансанд 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1,070,000 (нэг сая далан мянга) төгрөг төлсөн. Энэ нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас шууд хамааралтайгаар нэхэмжлэгчид учирсан бодит хохирол юм.

25. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

26. Шүүхийн шийдвэрийн шийдэл зөв байх боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул залруулсан өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

27. Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Коронавируст халдвар (Coivd-19)-ын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-ыг баталжээ. Уг журмын 5.1-д “Коронавируст халдвар бүртгэгдсэн улс орноос ирсэн, эмнэлзүйн шинж тэмдэггүй хүнийг тусгаарлах байранд эмчийн хяналтад 14 хоног ажиглана” гэж заажээ.

28. Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор халдварын голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сунгасан”, мөн тус комиссын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг буруулах, хяналтыг сайжруулах зорилгоор гадаад улс орнуудаас ирсэн иргэдийн тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” шийдвэр гаргаж, Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг нийтэд тогтмол мэдээлж байсны дагуу мэдээлсэн нь Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудаст нээлттэй байна.

29. Нэхэмжлэгч Б.Б нь дээрх журмуудын дагуу тусгаарлах байрны төлбөрийг төлж, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд Орхон аймагт тусгаарлах байранд тусгаарлагджээ.

Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт нь уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан тохиолдолд үйлчлэх эсэх,

-Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан шийдвэрийг хэзээ хүчин төгөлдөр болсон гэж үзэх,

-Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар “хүчин төгөлдөр” болсон хэм хэмжээний акт мөн зүйлийн 70.2, 70.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ямар нөхцөл үүсэх,

-Шүүх маргаан бүхий акт (захиргааны хэм хэмжээний) гарсны дараа батлагдсан хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй эсэх зэрэг байна.

30. Нэхэмжлэгчээс “Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 67 дугаар зүйлийн 67.2, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70-т захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох журмыг тус тус заасан ... нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурал, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар хурлын тэмдэглэл, тэдгээрт тэмдэглэж шийдвэрлэсэн журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлд бүртгүүлээгүй, ... хуульд зааснаар хүчин төгөлдөр болоогүй шийдвэр” гэж маргажээ.

31. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ “... нийтэд мэдээлсэн өдрөөс хүчин төгөлдөр болсон бөгөөд харин хуулийн 70.2-т заасны дагуу акт гаргаснаас хойш ажлын гурван өдөрт багтаан Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээгүй нь хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна.

32. Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох ерөнхий нөхцөлийг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж зохицуулсны дагуу ерөнхий нөхцөл зөвхөн улсын нэгдсэн бүртгэж, нийтэлсний дараа үйлчлэхээр байна.

33. Харин Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно” гэж тусгайлан зохицуулсан.

34. Улсын онцгой комиссын 2020 оны 14, 15 дугаар хурлаас “голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сунгасан”, “гадаад улс орнуудаас ирсэн иргэдийн тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” шийдвэрүүдийг гаргаж, энэ талаараа нийтэд мэдээлснээр тухайн захиргааны хэм хэмжээний актууд хүчин төгөлдөр болжээ.

35. Өөрөөр хэлбэл, захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд уг захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргаж, энэ талаараа нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болох талаар Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д тусгайлан зохицуулсны дагуу хариуцагчийн гаргасан захиргааны хэм хэмжээний актууд нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болсон байна.

36. Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.3-т заасан захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас захиргааны хэм хэмжээний актыг хүлээн авч, шаардлага хангасан эсэхийг шалгаж, бүртгэн, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлэх зэрэг ажиллагаа нь захиргааны хэм хэмжээний акт тусгай зохицуулалтын дагуу нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болсны дараа хийгдэх ажиллагаа байна.

37. Хариуцагч маргаан бүхий хэм хэмжээний актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар уг зүйлийн 70.3-т заасан ажиллагаа хийгдээгүй байна.

38. Эдгээр ажиллагаа хийгдээгүй, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй нь энэхүү тусгай журмаар батлагдсан захиргааны хэм хэмжээний уг актуудыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “... уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно” гэж зааснаар тогтоогдож байна.

39. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасан захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх зохицуулалт нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд хамаарахгүй, уг заалтад өөрт нь хүчин төгөлдөр болох нөхцөлийг нь ерөнхий нөхцөлөөс ялгамжтай зааж зохицуулжээ.

40. Түүнчлэн, Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт болон аюулт үзэгдлийн үед голомтыг хязгаарлах, цомхотгох, хохирлыг багасгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран үзүүлэх гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу байгуулагдсан гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба мөн хуульд заасны дагуу зохион байгуулна” гэж заасан.

41. Гамшгаас хамгаалах тухай (2017 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Улсын онцгой комиссыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга тэргүүлнэ” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д “гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журам, заавар, удирдамжийг батлах” бүрэн эрхийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гамшгаас хамгаалах асуудлаар хэрэгжүүлэхээр зохицуулсан. Маргаан бүхий хэм хэмжээний актууд нь энэхүү бүрэн эрхийн хүрээнд гарсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

42. Харин давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т “... тухайн цаг үед хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангуулахаас илүүтэй халдварыг дотооддоо алдахгүй байх нэн тэргүүний зорилт хариуцагчийн хувьд байсан”, 4-т “... нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй гэдгээр нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэж болох ч үүссэн нөхцөл байдал, түүний цар хүрээ, үр дагавар, эрх зүйн зохицуулалтын дутмаг байдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүн амын эрүүл мэнд, амь насанд учирч болох байсан бодит аюул, үр нөлөө зэргээс харгалзан үзэхэд маргаан бүхий хэм хэмжээний актуудыг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй”, 5-д “ ... захиргааны хэм хэмжээний актын хүчин төгөлдөр байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэдэг нь нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болохгүй” гэх зэргээр дүгнэж, маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актуудтай холбоотой хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу, шүүхийн шийдвэрт маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актууд гарсны дараа батлагдсан хууль хэрэглэсэн, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хууль хэрэглэж эрх зүйн маргааныг шийдвэрлээгүй нь алдаатай байх тул залруулсан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.6, 8.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧИД                                                   Д.БАТБААТАР

                                                                   Х.БАТСҮРЭН

                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                   Ц.ЦОГТ