Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01315

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01315

 

Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01360 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т

Хариуцагч: Б. д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохиролд 17,488,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б. нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн х дугаар тушаалаар Б. г тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас халсан бөгөөд Б. шүүхэд гомдол гаргасан байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0829 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаар магадлалаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн х дугаар тушаалыг хүчингүй болгож, Б. г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 17,418,141 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин 15,746,526 төгрөгийг Б. д, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1,741,814 төгрөгийг Нийслэлийн татварын газарт шилжүүлсэн байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 17,488,340 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан Б. гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0829 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 58 дугаар магадлалаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б. д сахилгын шийтгэл оногдуулах тухай х дугаар тушаалыг хүчингүй болгож, Б. г урьд эрхэлж байсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 17,418,141 төгрөгийг олгож, нийгмийн даатгалыг болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хууль 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан бөгөөд тус хууль нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болгож байгаа Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхэлсэн. Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн заалт нь шинээр нэмэгдсэн бөгөөд өмнө нь ийм агуулга бүхий заалт байгаагүй. Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн х дугаар тушаал хүчингүй болсон ч тухайн тушаалтай холбоотой үүссэн хохирлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн албан тухай хуулийг буцаан хэрэглэхгүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн газраас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. гаас 17,418,141 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, илүү нэхэмжилсэн 70,199 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б. гаас улсын тэмдэгтийн хураамжид 245,040 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн х дугаар тушаалаар Б. г халснаас үүдэн төрд учирсан хохирол 17,488,340 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Төөс гаргасан ба анхан шатны шүүх шийдвэртээ Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгийг үндэслэсэн байна. Шүүх ийнхүү дүгнэсэн нь хуулийг буцаан хэрэглэж хариуцагч Б. гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, Төрийн албан тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд төрд хохирол учруулсан гэх захиргааны акт нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Хууль буцаан хэрэглэх зарчим нь аливаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тохиолдолд л хуулийг буцаан хэрэглэх агуулга бүхий зарчим юм. Өөрөөр хэлбэл, хариуцлага хүлээж буй этгээд болох хариуцагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тохиолдолд л Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгийг үндэслэх боломжтой.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт Тийн хэрэгжүүлэх эрхийг заасан байх ба төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж тусгажээ. Энэ заалтаас үзэхэд төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх үүсэхийн тулд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан маргаанаас үүдэн төрд хохирол учирсан байх ёстой. Гэтэл 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан Төрийн албаны төв байгууллагын харьяалан шийдвэрлэх маргаанд Б. гийн ажлаас халсан тушаал болон түүнээс үүдэлтэй захиргааны маргаан хамаарахгүй байна. Гэтэл Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буцаан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байна.

3. Нэхэмжлэгч Т нь Б. д холбогдуулан 17,488,340 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагчийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн х дугаар тушаалаар Б. г тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0829 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаар магадлалаар тухайн тушаалыг хүчингүй болгож, Б. г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 17,418,141 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад даалгаж шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 15,746,526 төгрөгийг Б. гийн ажилгүй байсан хугацааны цалинд, 1,741,814 төгрөгийг Нийслэлийн татварын газарт тус тус олгосон тул хариуцагчийн уг хууль бус шийдвэрийн улмаас төрд 17,488,340 төгрөгийг хохирол учирсан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

4. Дээрх шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, мөн хуулийн 497, 498 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагад хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хэрэг, эрх зүйн маргааныг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

5. Гэтэл анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой маргааныг шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01360 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 245,041 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

М.БАЯСГАЛАН