Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 53

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

иргэдийн төлөөлөгч Ё.Хэрлэнцацрал,

улсын яллагч Г.Энхмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл, түүний өмгөөлөгч Х.Гансүх, Р.Атарцэцэг,

шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Л.О холбогдох эрүүгийн 201419000281 дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороо, 34 байр 56 тоотод оршин суух хаягтай,

урьд нь Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 09 дүгээр 24-ний 170 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 10 сарын 21-ний өдрийн 158-а дугаартай таслан шийдварлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 4 сарын 15-ны өдрийн 119 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар,

Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2 дугаар шүүхийн 2009 оны 6 сарын 11-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 9 сарын 11-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Л.О гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.О нь ялтай байхдаа согтуугаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг  Өгөөмрийн 3-17 тоот хашаанд Ц.Ц-г цээжин тус газарт нь хутгалж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: "2014 оны 05 сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар суманд өглөө ажил гарах гээд Алтан-Оргил бид хоёр хүн рүү мөнгөө шилжүүлсэн. Буцаж явах замд хашааны үүдэнд Эрдэнэбаатар нар зогсож байна. Тэгээд гар хөл барилцаад мэнд ус мэдэлцээд манайд орж цай уу гэхээр нь Алтан-Оргил бид  хоёр орсон. Хоолноос амссан. Маам гээд хочлоод байгаа Эрдэнэбаатар манайд орж цай уу гэсэн. Цай уугаад сууж байтал Маам Эрдэнэбаатар нь нэг шил архи гаргаж ирээд задалсан. Тэгээд ажил төрөл гэж ярьж байгаад тухайн нэг залууг танилцуулж байсан. Тухайн үед Алтанбулгийн Хар бухаа гэж хэлж байсан. Тухайн үед гар хөл барьж танилцаж байсан. Гаднаас Баянмөнх, Эрдэнэбат хоёр орж ирсэн. Хот явах ажил гарлаа гээд хувцас хунараа янзлаад байж байтал Отгонбаяр орж ирээд Эрдэнэбаатарын хажууд суусан. Талийгаач агсам тавьсан. Жинхэнэ хутгалдаг хүн чинь би байна гээд өнөөдөр би та нарт хүн хутгалж үзүүлнэ гээд тэр хоёр хэлээд байсан. Тэгээд Эрдэнэбаатар юу солиороод байгаа юм бэ, Баянмөнх хоорондоо хэрэлдээд яах вэ больцгоо Эрдэнэбаатар, Отгонбаяр хоёрын чихэнд нь нэг юм хэлсэн. Уучлаарай гар хөлөө барьж эвлэрсэн. Тэгээд байж байхад нэг шил архи гаргаж ирсан. Баянмөнх Эрдэнэбат хоёр явлаа гэсэн. Талийгаач цуг гараад явсан. Би чинь Отгонбаяр, Эрдэнэбаатар хоёрт би ч гэсэн явлаа хот руу юм явсан ирэх болж байгаа. Согтуу байж байлтай биш ажилтай гэж хэлэхэд талийгаач орж ирээд нэг шил архи задалсан. Би архи уухгүй гэж хэлсэн чинь чи яагаад маяглаад байгаа юм бэ гээд хүүхэн шиг айлгүйтээд байх юм ганц юм задалж байхад чинь сайхан танилцлаа гэж хэлсэн. Тэгээд архиа задлаад ууж Эрдэнэбаатартай сууж байхад талийгаач чи түрүүнээс хойш надтай юм дуугарахгүй байна гэхээр нь би таньж мэдэхгүй хүнтэй юу ярих вэ гэсэн. Намайг Алтанбулгын хар бухаа гэдэг чи намайг асуугаарай гэж хэлсэн. Би чамайг юуг нь асуух вэ гэхэд намайг босож ирээд цохиод авсан. Отгонбаяр, Алтан-Оргил хоёр салгасан. Салгаад хойш нь сандал дээр суулгахад биенээс хутга унаж байсан. Яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд би чамайг ална гээд байсан. Тэгээд би явлаа гээд гарсан. Гараад явахдаа Алтан-Оргилыг явъя гэж хэлсэн. Алтан-Оргилыг гараад ирлээ гээд эргээд хартал талийгаач миний араас хутга дайлаагаад дайрсан. Би сандарсандаа хутгатай гарыг нь бариад авсан. Миний майкны захнаас бариад боосон. Хутгатай гарыг нь холдуулахдаа тухайн үед би шоконд орсон байсан. Өөрөөсөө холдуулах гээд түлхтэл бид хоёр довжоо дээр гишгээд хөл алдаад унасан. Унаад харахад эгэмнийх нь доор хутга зоогдсон байсан. Хутгыг нь сугаласан. Алтан-Оргил гарч ирээд чи яачихваа гээд намайг холд гээд түлхсэн. Би холдсон. Тухайн үед майкны зах нь сунасан байсан болохоор майкаа тайлаад шидсэн. Хаалганы тэнд очоод зогсож байхад Отгонбаяр ирсэн би яаж байна гэж асуусан. Цус нь гоожоод тогтохгүй байна. Би гайтай зүйл боллоо гэж хэлсэн. Хүүхэд шуухад төрөөд аятайхан амьдаръя гэж бодож байтал ийм зүйл боллоо гэж хэлсэн. Отгонбаяр гайгүй байлгүйдээ гэж хэлсэн. Учир зүй нь олдох байлгүйдээ гэж хэлсэн. Чи жаахан тайвшир гэж хэлсэн. Тэгээд би Шинээ гээд айлынд очоод байж байтал гаднаас манай нэг ах орж ирээд түрүүний хүн өнгөрсөн байна.  Цагдаа нар нь цуг байсан хүмүүсийг чинь аваад явчихлаа гэж хэлсэн. Би тухайн үед өнгөрнө гэж бодоогүй байсан. Босоод шууд цагдаа дээр очсон. Тухайн үед болсон зүйлийг бүгдийг нь хэлсэн. Намайг тухайн үед барьсан. Шинжээч эмч Болороо, Сонинмөнх прокурор ирээд миний биед үзлэг хийгээд 24-ний орой Төв аймгийн мөрдөнд хийж хорьсон. Би санаатай алаагүй. Шүүх үнэн зөвийг нь тогтоож өгнө үү” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл мэдүүлэхдээ: "Гомдолтой байна. 05 сарын 23-ны шөнө 00.00 цагт хэргийн талаар сонссон. Ах чинь хүнд алуулсан байна гэж хэлсэн. Цагдаад мэдэгдэж цагдаа нар манай ахад хэлээд манай ах бид нарт шөнийн 00:00 цагт мэдэгдсэн. Тэр шөнөдөө машин аваад хүргэнтэйгээ хэрэг болсон газар луу явсан. Зодооноос үүдэлтэй гэж сонссон. Туханй үед тэр нүүрэнд нь учирсан гэмтэл нь зодооноос үүдэлтэй байж таараад л  амь нас нь хохирсон гэж бодож байгаа. Гомдолтой байна. Хохиролд 11.800.000 төгрөг авсан. Шүүх хуралд ирсэн, очсон замын зардлаа нэхэмжилнэ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болон цагаатгах талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэрэг учрал болсон гэх газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-6-7/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-8 тал/,  Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-9 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлийн мэдүүлэг /1-р хавтас хх-28-32 тал/, гэрч Ч.Эрдэнэбатын мэдүүлэг /1-р хавтас хх-39-40 тал/, гэрч Б.Баянмөнхийн мэдүүлэг /1-р хавтас хх-41-42 тал/, гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /1-р хавтас хх-44-45 тал/, гэрч Т.Алтан-Оргилын мэдүүлэг /1-р хавтас хх-48-52 тал/, гэрч Б.Нямдаваагийн мэдүүлэг /1-р хавтас хх-43 тал/, гэрч Ж.Эрдэнэбаатарын мэдүүлэг /1-р хавтас хх-53-54 тал/, гэрч Н.Отгонбаярын мэдүүлэг /1-р хавтас хх-56-57 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №4724 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-80 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №36 дугаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-82-83 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №5262 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-89 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №2956 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-90-93 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №5261 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-106 тал/, Л.О-ын мэдүүлэг /1-р хавтас хх-126-133 тал/, шинжээч О.Болороогийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хавтас хх-100-101 тал/, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №198 дугаар дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх-111 тал/, Л.Оын мэдүүлэг /2-р хавтас хх-190-191 тал/, гэрч Н.Отгонбаярын мэдүүлэг /3-р хавтас хх-77-78 тал/, гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /3-р хавтас хх-79-80 тал/, гэрч Т.Алтан-Оргилын мэдүүлэг /3-р хавтас хх-48 тал/, шинжээч О.Болороогийн мэдүүлэг /3-р хавтас хх-74-75 тал/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлийн мэдүүлэг /3-р хавтаст 73 тал/, гэрч Х.Цэндхорлоогийн мэдүүлэг /3-р хавтас хх-81 тал/, гэрч Б.Баянмөнхийн мэдүүлэг /3-р хавтас 201 тал/, гэрч М.Мөнхбаярын мэдүүлэг /3-р хавтас хх-207 тал/, гэрч Ч.Эрдэнэбатын мэдүүлэг /3-р хавтас хх-211-212 тал/,   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №461 дугаар шинжээчийн дүгнэлт /3-р хавтас 214-216 тал/, шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг  /3-р хавтас 217-218 тал/,  шүүгдэгч Л.Оын урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хавтас 242-250 тал,  2-р хавтас хх-1-22 тал/,  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай магадлал /5-р  хавтас хх-66-72 тал/,  Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 288 дугаар тогтоол /4-р хавтас хх-180-184 тал /, гэрч Т.Алтан-Оргилын мэдүүлэг /1-р хавтас хх-48-49 тал, хх-50 тал, 3-р хавтас хх-192-193 тал/, гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /3-р хавтас хх-46-47 тал/, шинжээч О.Болороог дахин байцаасан мэдүүлэг /2-р хавтас хх-187-189 тал/, шинжээч Г.Энхбаатарыг дахин байцаасан тэмдэглэл /3-р хавтас хх-217-218 тал/, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №322 дугаар магадлал /2-р хавтас хх-78-82 тал/, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 09-ний өдрийн №33 дугаар магадлал /4-р хавтас хх-130-137 тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

        

Шүүгдэгч Л.О нь ялтай байхдаа согтуугаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг  Өгөөмрийн 3-17 тоот хашаанд Ц.Ц-г цээжин тус газарт нь хутгалж, хүнийг санаатай алсан  болох нь:

Гэрч Т.Алтан-оргилын 2014 оны 5 сарын 25-ний өдөр гэрчээр өгсөн: “ Байшинд Маам бүдүүн Отгоо, талийгаач, О бид нар 5-лаа сууж байтал талийгаач гэнэт О-ын нүүрэнд нь хэд хэд цохих шиг болсон. Тэгэхээр нь бид нар салгасан. Тэгэхэд О гадагшаа байшингаас гарсан, тэгтэл талийгаач араас нь гүйгээд гарсан. Тэгэхээр нь би араас нь гүйгээд гарахад О талийгаачийн дээр нь суусан, баруун гартаа хутга барьсан байдалтай гар нь нил цус болсон байсан.” гэх мэдүүлэг /1 хх-48 хуудасны ар тал/,

Гэрч Алтан-оргилын 2014 оны 9 сарын 25-ний өдөр гэрчээр өгсөн: “ ..гараад хартал О талийгаачийн дээрээс босч байсан. Баруун гарт нь талийгаачийн халаасанд өдөр архи ууж байхад халааснаас нь хэд хэдэн удаа унасан хутга байсан... О талийгаачийг хутгалах үед хажууд нь хэн ч байгаагүй.. гар нь цус болчихсон босч байхад нь би гарч ирсэн. Маргалдах зүйл болоогүй. “ гэх мэдүүлэг /1 хх-50-52 тал/,

Гэрч Н.Отгонбаярын 2014 оны 5 сарын 25-ний өдөр гэрчээр өгсөн: “ Тэгээд байж байтал Бухаа гэнэт Сэлэнгийн Отгоо руу агсараад 2 удаа гараараа ам руу нь цохих шиг болсон. Тэгэхээр нь бид нар салгасан. Тэгээд Сэлэнгийн Отгоо гадагшаа гараад явсан. Тэгтэл араас Бухаа удалгүй гарсан. Тэгэхэд Оргио гадагшаа гарснаа гэнэт намайг дуудсан тэгэхээр нь би гаргахад байшингийн хаалганы баруун урд талд Бухаа газарт унасан байдалтай цээжнээс нь цус гарч байсан. ..Тэгэхэд Отгоо гайтай юмаа эхнэр төрөөд 2 сартай болж байгаа охинтой болсон уг нь сайхан амьдаръя гэж бодсон юм гайтай юмаа гэж харамссан байдалтай хэлсэн. Талийгаачийг хэн хутгалсан бэ? гэхэд Сэлэнгийн Отгоо хутгалсан. Яагаад гэвэл Отгоог гарсны дараа Бухаа араас нь гарсан. Байшинд Оргио, Маам бид 3 үлдсэн...Отгоод хутга байсан үгүйг мэдэхгүй харин талийгаач судалтай бор иштэй хутгатай явдаг байсан.” гэх мэдүүлэг /1 хх-56 хуудасны ар тал/,

Гэрч Ж.Эрдэнэбаатарын 2014 оны 5 сарын 25-ний өдөр гэрчээр өгсөн: “ Талийгаач гэнэт босч ирээд Сэлэнгийн Отгоог 2-3 удаа цохих шиг болсон... Тэгэхээр нь би Сэлэнгийн Отгоог явж унт гэж хэлсэн. Тэгтэл Сэлэнгийн Отгоо ганцаараа гараад явсан. Тэгэхэд араас нь талийгаач гараад явсан... Би орон дээр хэвтэж байгаад зүйрмэглэсэн байсан. Тэгтэл Мөнх-эрдэнэ татаж сэрээгээд гадаа нэг юм болчихсон байсан гэж хэлсэн. .. Тэгэхээр нь би босоод гадагшаа гарахад байшингийн хаалганы харалдаа урд талд Ц цээжнидээ хутгалуулсан цус гарсан хэвтэж байсан. Хажууд Сэлэнгийн Отгоо, Бүдүүн Отгоо, Оргио гурав зогсож байсан... Намайг Маам гэж дууддаг, талийгаачийг Бухаа гэж дууддаг, Бүдүүн Отгоо гэж Отгонбаярыг дууддаг, Сэлэнгийн Отгоо, Оргио хоёрын нэрийг мэдэхгүй байна... хутга хэний хутга бэ ? /бор иштэй хутга үзүүлсэн/ гэхэд энэ хутга бол талийгаачийн хутга байна. Энэ хутгыг талийгаач биедээ авч явдаг байсан. Өглөө хоол хийж байх үед мөн мах идэж байх үед талийгаач энэ хутгаа хэрэглэж байсан.” гэх мэдүүлэг /1 хх-53-54 тал/,

  Гэрч Х.Уянгын 2014 оны 5 сарын 25-ний өдөр гэрчээр өгсөн: “ ..Мартын хашааны гадаа ирэхэд гудамжинд Оргио, О хоёртой таарсан. Тэгэхэд намайг ийшээ ороод үзээдэхээч энд хүний бие муу байна гэсэн. Тэгэхээр нь би түлэнхий Сүхээгийнд ороход хаалга нь онгорхой шалан дээр нэг хүний нуруунд нь юм ивсэн байдалтай байсан. Би хөөе гээд түлхэж үзэхэд хөдлөхгүй байсан. Тэгээд харахад цээжин хэсэг нь цус болсон байдалтай байхаар нь айгаад шууд эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг 1 хх-46 тал/,

 гэрч Ж.Гүнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2014 оны 05 сарын 23-ны орой 17-18 цагийн орчим байх хүн хутгалуулсан гэх дуудлаганд явсан. Намайг цагдаагийн машин ирж аваад явсан ба намайг очиход нас барсан байна гэж хэлээд намайг оруулаагүй цагдаагийнхан хамгаалсан байсан. Тэгээд би эргээд эмнэлэг дээрээ хүрээд ирсэн. Тухайн газарт хашаан дотор байшингийн харалдаа урд талд эрэгтэй хүнийг цээжин дор нь юм ивсэн байдалтай тавьсан байсан би алсаас хараад эргэж явсан. Би тухайн үед анзаарч хараагүй ямар ч байсан зузаан хувцас өмсөөгүй нимгэн хувцастай харагдсан. Намайг очиход түрүүлээд цагдаа нар оччихсон байсан.." гэх мэдүүлэг /хх-190/,

амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №36 дугаартай актанд: “ талийгаач нь цээжний баруун дээд хэсгийн шархны улмаас баруун эгэм доорхи хураагуур судас бүрэн тасалдаж улмаар хурц цус алдалтанд орж нас баржээ. Талийгаачийн биед цээжний баруун дээд хэсгийн шарх, зүүн нүдний доод зовхи зүүн хацарын төвгөрийн цус хуралт, хамрын угалз, ар нуруу, баруун, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтооглоо.” гэжээ /1 хх-83 тал/,

шинжээч О.Болороогийн “Уг шарх нь хутганы үзүүр чигээрэй орж үүссэн байсан ба ир үзүүр нь доод талдаа үүссэн байсан бөгөөд хаанаас ямар байрлалтай байхад нь хутгалсаныг тогтоох боломжгүй... Дээрх гэмтлүүдээс талийгаач Ц-ийн цээжний баруун дээд шарх, ар нурууны зулгаралт зэрэг гэмтэл бол шинэ гэмтэл байсан ба бусад гэмтлүүдийг хэзээ ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй ер нь мохоо зүйлийн ир үзүүргүй зүйлээр үүссэн байсан.... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-114-115/,

мөн шинжээч О.Болороогийн шүүгдэгч Л.О-ын биед гэмтэл учирсан эсэх талаар: "...Л.О-ын биед зүүн доод үүдэн шүдний хугарал, доод уруулын салстын язрал, баруун сарвууны гадна хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд улайлт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан юм” гэх мэдүүлэг/ 2 дугаар хх-100-101/,

 хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №461 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “  И.Ганболорын гаргасан №63 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна. ..дээрхи туршилтаар ажиллагаагаар тогтоогдсон байрлалаар давхралдаж унасан тохиолдолд хутганы шарх үүсэх боломж муутай. Талийгаач Ц.Цийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь биеийн урд талаас босоо, хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой. /3 хх-216 тал/ гэжээ.

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хэрэг учрал гарах үед амь хохирогч Ц.Ц, шүүгдэгч Л.О хоёр л байсан талаар гэрч Т.Алтан-Оргил, Н.Отгонбаяр, Ж.Эрдэнэбаатар нар тогтвортой мэдүүлсэн байх ба амь хохирогчийг үхэлд хүргэх гэмтэл авсны дараа гэрч Т.Алтан-Оргил гарч ирсэнээр “шүүгдэгчийг хохирогчийн дээр гартаа хутга барьсан гар нь цустай байсан” талаар гэрчлэн мэдүүлсэн байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь амь хохирогчийн өөрийнх нь хутга болох талаар гэрч Ж.Эрдэнэбаатар, Н.Отгонбаяр нарын мэдүүлэгт тус тус тусгагдсан дээрх хутгыг 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эд мөрийн баримтаар тооцож хураан авч хэрэгт хавсаргасан тогтоолоор хураан авч улмаар 2014 оны 06 сарын 14-ны өдөр гаргасан 2956 дугаар шинжээчийн дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн цамцанд зүсэгдсэн уранхай ир, мөртэй хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. Зүсэгдсэн уранхай шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтас 91 тал/, шинжээчийн дүгнэлтэнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хавтас 93 тал/, мөн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5262 дугаар дүгнэлтэд “хутган дээр цус илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчид үхэлд хүргэх гэмтлийг учруулсан бор өнгийн иштэй хутга нь амь хохирогчийн өөрийнх нь хутга болох нь тогтоогдсон бөгөөд эд мөрийн баримтаар ирүүлсэн хутгатай тохирч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаар оролцсон прокурор Г.Энхмаа нь “2016 оны 5 сарын 24-ний өдөр хийсэн туршилтийг яллах нотлох баримт болгоогүй, энэ туршилтийг би явуулаагүй, туршилтын үйл ажиллагааг бэхжүүлсэн СД хуурцаг нь хэрхэн бичигдсэн, мөн СД-ыг шинжлэн судлаагүй” гэж тайлбарлаж байх боловч,

Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 6 сарын 12-ний өдрийн №103 дугаартай прокурорын яллах дүгнэлтийн 17, 18-д 461 дугаар шинжээчийн дүгнэлт, шинжээч Г.Энхбаатарын мэдүүлгийг яллах нотлох баримтад дурдаж шүүхийн хэлэлцүүлэгт мөн яллах талын нотлох баримтад шинжлэн судлаж яллах талын нотлох баримт гэж ялласан.

Гэтэл №461 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт  “2017 оны 6 сарын 3-ны өдрийн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын гаргасан №63 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна” дүгнэлтийн 2,3 дахь хэсэгт “дээрхи туршилтын ажиллагаагаар тогтоогдсон байрлалаар давхралдаж унах тохиолдолд хутганы шарх үүсэх боломжгүй” гэж,

Шинжээчийн дүгнэлт гаргасан Г.Энхбаатарын “шинжээч И.Ганболорын 63 дугаартай дүгнэлтийг шууд үндэслэлгүй гээгүй” гэх мэдүүлгүүдээр 2017 оны 4 сарын 7-ны өдрийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2016 оны 5 сарын 24-ний өдөр хийсэн туршилтын тэмдэглэл, хэрэгт авагдсан гэрэл зургийг үндэслэн гаргасан байх тул шүүх 2016 оны 5 сарын 24-ний өдрийн туршилтын тэмдэглэл /3 хх-51—57 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, туршилт хийсэн ажиллагааг бэхжүүлсэн бичлэг бүхий СД-ийг /1 цаг 28 минут хийсэн туршилтын явцыг бэхжүүлсэн СД-г шинжлэн судлахад 3 минут 21 секундын бичлэг байсан бөгөөд мөн туршилтын явцыг харуулсан 13 ширхэг зураг байсан болно/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж шүүх яллах талын нотлох баримтанд тооцсон болно.

 

Харин 2016 оны 5 сарын 24-ний өдрийн туршилтанд оролцсон шинжээч хавтаст хэрэг, туршилтын шинжилгээ хийсэн №63 дугаартай “талийгаачийн биед үүссэн шарх нь давхралдаж унах үед үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, дээрхи шинжээчийн дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн шинжээч И.Ганболорын мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

Шүүгдэгч Л.О түүний өмгөөлөгч П.Буманзаяа нар “хохирогчийг санаатай алаагүй, болгоомжгүйгээр бусдыг алсан” гэж  мэтгэлцэж байх боловч хэрэгт шүүгдэгч Л.О-ыг бусдыг болгоомжгүйгээр хүнийг алсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Л.О-ын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

 

Л.О-ын согтуугаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг  Өгөөмрийн 3-17 тоот хашаанд Ц.Цийг цээжин тус газарт нь хутгалж, хүнийг санаатай алсан гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн болон хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн ба Л.О-ын үйлдсэн хэргийг шүүх хуралдаанд Улсын яллагчаар оролцсон прокурор 2015 оны эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг шүүхэд гаргасан,

2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасанд нийцэж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг Л.О-ын үйлдэлд буцаан хэрэглэсэн болно.

 

 Иймд шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Л.О-ыг Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Л.О-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.

 

Л.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас 1 нэг амь хохирсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн оршуулгын зан үйл болон бусад зардалд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл 11041450 төгрөгийн хохирол /хх-160/ нэхэмжилсэн ба шүүгдэгч Л.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлд 11800000 төгрөг төлсөн байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар болох прокурор, шүүхийн шатанд ирсэн замын зардал 805000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Л.Оаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлд олгох нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар саарал өнгийн футволк 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, ногоон алаг өнгийн дисант даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн бүс /цэрэг бүс/ 1 ширхэг, хөх өнгийн цагаан судал бүхий дотоож 1 ширхэг, шаргал өнгийн оймс 1 хос, шар оруулгатай хар өнгийн пүүз 1 хос /хх-22/ болон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг /хх-24/ зэргийг устгах, туршилт хийх ажиллагааны бичлэг бүхий СД 3 ширхэг, Л.Оын дахин байцаалтын СД 1 ширхэгийг тус тус хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.О нь 2014 оны 5 сарын 23-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 сарын 17-ны өдөр хүртэл 451 хоног, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 139 хоног /шүүхийн шатанд/ нийт 590 /таван зуун ер/ хоног цагдан хоригдсонийг түүний ял эдлэх хугацаанд оруулсан тооцвол зохино.

Түүнчлэн шүүгдэгч Л.О-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Б овогт Л. О-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Б овогт Л.О-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3.2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О-ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.О-д оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ын урьдчилан цагдан хоригдсон 590 /таван зуун ерөн/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, түүнд авсан хязгаарлалт тогтоох тухай/Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах/ таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар замын зардал 805000 төгрөгийг шүүгдэгч Л.О-аас гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлд олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар саарал өнгийн футволк 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, ногоон алаг өнгийн дисант даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн бүс /цэрэг бүс/ 1 ширхэг, хөх өнгийн цагаан судал бүхий дотоож 1 ширхэг, шаргал өнгийн оймс 1 хос, шар оруулгатай хар өнгийн пүүз 1 хос болон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгаж, туршилт хийх ажиллагааны бичлэг бүхий СД 3 ширхэг, Л.О-ын дахин байцаалтын СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргасугай.

 

8.Шүүгдэгч Л.О-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлд 11800000 төгрөг төлснийг тус тус дурьдсугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Л.О-д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                               ШҮҮГЧИД                             Ю.ЭНХМАА

 

                          Ш.ГАНДАНСҮРЭН