Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 359

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэлүү сумын 5 дугаар багт оршин суух, БЖ32041663 регистрийн дугаартай, Молхы машан овогт Көкишийн Улжаны хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бауыржан, шүүх хуралдааны нарийн бичгийн Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Х.Хабантай 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч К.Улжан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие К.Улжан нь 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Х.Хабантай гэр бүл болсон. Улмаар бид хоёр 10 хүүхэдтэй болж 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Х.Хабан нас барсан болно. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан. Иймд К.Улжан миний бие Х.Хабантай 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бауыржан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие хүсэлт гаргагчтай төрөл садангийн холбоотой. Хүсэлт гаргагч өндөр настай, хөдөө амьдардаг учир өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадаагүй. Иймд миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хүсэлт гаргагчийн нөхөр Хабан нь нас барсан бөгөөд үрчилж авсан бага хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэхэд Улжаны Хабантай гэр бүл болсныг нотлох баримтуудыг шаардсан байна. Улжан, Хабан нарын гэрлэлтийн баталгаа байхгүй байна. Улсын бүртгэлийн архивын гэрлэлтийн лавлагаагаар Хабаны эцгийн нэр нь Саутын Хабан гэж бичигдсэн байна. Хабан нь бага насандаа эцэг эхээсээ өнчирсөн. Хусайынд Бакей, Хабан, Аухап, Лиман, Күлиман гээд таван хүүхэд байсан. Эцэг, эх нь хоёулаа нас барсны дараа Хусайыны хүүхдүүдийг хамаатнуудад хувааж авсан байна. Тухайн үед Хабан нь Сауыт гэдэг хамаатны гэрт амьдарсан байна. Тэгээд Хабан нь Улжантай гэр бүл болж гэр бүлийн баталгаа авахад Сауытын Хабан гэж авсан байна. Түүнээс биш Хабан нь Сауытын хүүхэд болж үрчлэгдсэн асуудал байхгүй. Сауыт болон Хусайын хоёр төрөл садангийн холбоотой хүмүүс байсан. Лиман нь Хабаны төрсөн эгч нь буюу миний эмээ юм. Миний эмээ 11 настай, Хабан 2 настай байхдаа эцэг эхээсээ өнчирсөн. Хабаны эцэг эх нь хэлмэгдүүлэлтэд өртсөн бөгөөд хамаатан садан нь Хабаны ах дүү нарыг асарч байсан байна. Иймд Улжан, Хабан нарыг гэр бүл болсныг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К.Улжан нь Х.Хабантай 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч К.Улжаны хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

1. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 231/001867 /162/ дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд: Сауыт Хабан, Көкиш Улжан нар нь 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 14-рт 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх боловч Дэлүүн сумын 1956 оны хүн амын тооллогын баримтад Сенбайн Сауытын гэр бүлд Хабан нэртэй хүүхэд байхгүй болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон 329 дугаартай архивын лавлагаагаар,

-Хабан нь Хусайыны хүүхэд болох нь аймгийн архиваас хуулбарлаж олгосон Дэлүүн сумын 1944 оны хүн амын тооллогод Хусайын Бакей 15, Хусайын Хабан 12, Хусайын Аухап 11 настай гэх,

-Хусайын Хабан нь 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэртээ нас барсан болох нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр олгосон №158543 дугаартай нас барсны гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 475 дугаар албан бичигт К.Улжан, Х.Хабан нарын гэрлэлт 1956-1960 оны Дэлүүн, Алтанцөгц сумын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй гэх боловч Көкишийн Улжан, Хусайын Хабан нар нь 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

-1972 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр олгосон №24 дугаартай Хабаны Фермгүл, 1979 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр олгосон №170 дугаартай Хабаны Нуржайна, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон №177 дугаартай Хабаны Ахху нарын төрсний гэрчилгээний эцэг, эхийн гэх хэсэг дээр эцэг Харахас назар овогт Хусайын Хабан, эх Молхымашан овогт Көкишийн Улжан гэж бичигдсэн байдал,

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар багийн Засаг дарга Т.Есболын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай албан бичгээр ирүүлсэн: Тус багийн иргэн Хусайын овогтой Хабан, Көкиш овогтой Улжан нар 1957 оны 5 дугаар сарын 13-нд гэр бүлээ батлуулсан ба нөхөр нь болох Х.Хабан нь 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болно. Одоо К.Улжан нь охин Аххугийн хамт тус багт байнгын оршин сууж байгаа болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт,

-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 475 дугаар албан бичгээр ирүүлсэн Көкишийн Улжаны ХААТР-1(Б) маягтад) гэрлэсэн, 8-рт 16 нас хүрээгүй хүүхдийг бичнэ гэх хэсэгт Хабан Баянхан 1967 онд, Хабан Динелхан 1969 онд, Хабан Алмагүл 1977 онд, Хабан Нуржайна 1979 онд тус тус төрсөн, уг маягтын 17-рт нөхөр нь Хусайын Хаван гэх бичилт, К.Улжан ХААТР-21 (Б) маягтын 18-рт эхнэр,нөхөр гэх хэсэгт нөхөр Хусайын Хабан, Хусайын Хабаны ХААТР-1(Б) маягтад гэрлэсэн,17-рт эцэг, эх, эхнэр нөхөр, 16 насны хүртэлх хүүхэд гэх хэсэгт эцэг А.Хусайын, эх З.Күлпаран, эхнэр К.Улжан, хүү Динелхан, бэр Амангүл 1981 онд төрсөн, хүү Х.Едил 1983 онд төрсөн гэх бичилтүүд,

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нэгдлийн 1980 оноос 1986 он хүртэлх 70 дугаар данснаас аймгийн архиваас хуулбар үнэн гэж тэмдэг дарж олгосон 1982, 1984, 1986 онуудад Хабан, Улжан нарын ажиллаж байх үеийн цалингийн хүснэгтэд байгаа Хаван, Улжан гэх бичилт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч К.Улжан нь 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Х.Хабантай гэр бүл болсныг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан БЖ32071371 регистрийн дугаартай, Харахас назар овогт Хусайын Хабан, БЖ32041663 регистрийн дугаартай Молхы машан овогт Көкишийн Улжан нар нь 1957 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсныг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.Улжаны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ