Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 145

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суудаг  Баянхутаг овогт С Д нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суудаг Хэрээд овогт Я Л холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Я.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Л бид хоёр 2009 онд гэр бүл болсон. 2012 оны 12 дугаар сарын 12-нд охин Л.С төрсөн. Би цаашид Я.Л хамт амьдарч чадахгүй. Я.Л нь байнга архи ууж хэл амаар доромжилж, зодож, дарамталдаг. Мөн ах, нартайгаа нийлж зодсон. Эцэг эхийг минь хүртэл доромжилдог. Тийм болохоор ийм дарамтанд амьдармааргүй байна. 2016 оны 4 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулна. Охиноо өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Я.Л нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2012 онд найр хурим хийж нэг гэрт орсон. Д нь найз нөхөдтэйгээ хонон өнжин явчихдаг. Өнгөрсөн зун урагшаа явж ажил хийж ирснээсээ хойш ийм болчихсон. Би архи уухаараа болохгүй юмыг нь хэлчихдэг юм. Гэхдээ ах, эгч нартайгаа нийлж хэл, амаар доромжилж, дарамталж байгаагүй. Хадам аав, ээжтэйгээ муудалцаагүй. Нэгэнт босгосон амьдралаа нураамааргүй байна. Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Хэрэв гэрлэлтээ цуцлуулбал охин Л.С өөрийнхөө асрамжинд авна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Я.Л холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Я.Л нар нь 2009 оны 10 дугаар сарын 06-нд гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 12-нд охин Л.С төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Я.Л нь архи ууж, хардаж зоддог гэх гэх шалтгааны улмаас гэрлэгчид 2016 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба нэхэмжлэгч цаашид хариуцагчтай хамт амьдрах хүсэлгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан С.Д, Я.Л нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Я.Л нарын хувийн байдал, хүүхдийн нас зэргийг харгалзан 2012 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Л.С эх С.Д асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эцэг Я.Л тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Баянхутагт овогт С Д, Хэрээд овогт Я Л нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Л.С эх С.Д асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Л.С 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Я.Л тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 98395 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид 70200 төгрөгийг,  төрийн санд 28195 төгрөгийг тус тус олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Нарангэрэлд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ИХТАМИР