Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 360

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, БЭ79101601 регистрийн дугаартай, Төлек овогт Каримханы Алтангүлийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч К.Алтангүл, түүний өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Алтангүлийн Ахтилек, Алтангүлийн Айару нарын эцэг нь Н.Ержан мөн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч К.Алтангүл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие Каримханы Алтангүл нь нөхөр болох талийгаач Н.Ержантай 2010 онд Бүгд найрамдах Казахстан улсад гэр бүл болсон юм. Улмаар Монгол улсад 2011 онд гэр бүлээрээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах болсон юм. 2016 оны 3 дугаар сар 03-ны өдөр миний нөхөр болох талийгаач Ныгметийн Ержан нь золгүй явдлаар нас барсан юм. Бид нар гэр бүл болохоос өмнө нөхөр маань Бүгд найрамдах Казахстан улсын иргэншил авсан байсан тул бид хоёр гэр бүлийн баталгаагаа авч чадаагүй байсан юм. Нөхөр маань Бүгд найрамдах Казахстан улсын иргэн учраас бидний хоёр хүүхдийг эцгийнхээ нэрээр овоглох боломжгүй байсан учраас хоёр хүүхдээ өөрийнхөө нэрээр овоглуулж төрсний гэрчилгээ авч байсан юм. Хүний хөгжлийн сангаас олгох мөнгөн тэтгэмжийг авахын тулд яаралтай гэрчилгээ авах хэрэгтэй болсон учраас өөрийнхөө нэрээр овоглосон юм. Тухайн үед холимог улсын иргэншилтэй гэр бүл байсан тул гэрлэсний баталгааг яаж авах талаар тодорхой мэдлэггүй байсан бөгөөд Улсын бүртгэлийн ажилтнаас асууж лавлах үед тэдний хэлсэн арга зам нь төвөгтэй санагдаж, хойш нь тавьсаар байгаад өдий хүрсэн бөгөөд хэзээ нэгэн цагт бүх юмаа засаж, нөхөр маань Монгол улсын иргэншлээ авч хүүхдүүдээ эцгээр нь овоглуулна гэж бодож явсан. Гэвч одоо нөхөр маань гэнэт нас барсан тул хүүхдүүд маань эцэггүй төрсөн мэт маш их харамсаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн тул хүүхдүүд маань өөрсдийнхөө эцгийг тогтоолгох эрхтэй гэж бодож байна Иймд Алтангүлийн Ахтилек, Алтангүлийн Айару нарын төрсөн эцэг нь Ныгыметийн Ержан мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К.Алтангүлийн хүсэлттэй хүү Алтангүлийн Ахтилек, охин Алтангүлийн Айару нарын эцэг нь Ныгметийн Ержан мөн болохыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч К.Алтангүлийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь:

1.Хүсэлт гаргагч БЭ79101601 регистрийн дугаартай Каримханы Алтангүл, БЮ79020413 регистрийн дугаартай Ныгметийн Ержан нар нь гэр бүлийн баталгаагүй мөн гэрлэлт нь Өлгий сумын гэрлэлт бүртгэлд бүртгэгдээгүй болох нь,

-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн 111 дугаар албан бичиг,

-Ныгметийн Ержан нь Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн болох нь түүний 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдөр тус улсаас олгосон №07727265 дугаартай иргэний паспорт болон хүсэлт гаргагч К.Алтангүлийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

-Ныгметийн Ержан нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн газраас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр олгосон №0043320 дугаартай нас барсны гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.

2.Хүсэлт гаргагч К.Алтангүл, Н.Ержан нар нь хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ахтилек нэртэй хүүтэй, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Айару нэртэй охинтой болсон нь:

-Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн архиваас тус тус хуулбарлаж олгосон К.Алтангүлийн 2011 оны №866 дугаартай, 2012 оны 2/66 дугаартай эхийн төрөлтийн түүх, 2011 оны №677 дугаартай, 2012 оны 1844 дугаартай нярайн /хүүхдийн/ түүх,

-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаар албан бичгээр ирүүлсэн А.Ахтилек, А.Айару нарын төрсний гэрчилгээ, ХААТР-11 дүгээр маягтууд,

- Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

3.Хүсэлт гаргагч К.Алтангүлийн 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Ахтилек, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Айару нарын эцэг нь Ныгметийн Ержан мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн архиваас тус тус хуулбарлаж олгосон К.Алтангүлийн 2011 оны №866 дугаартай, 2012 оны 2/66 дугаартай эхийн төрөлтийн түүх, 2011 оны №677 дугаартай, 2012 оны 1844 дугаартай нярайн /хүүхдийн/ түүх зэрэгт нөхөртэй гэх хэсэг дээр нөхөр нь Ержан гэж тэмдэглэсэн байдал, мөн хүүхдүүдтэйгээ хамт авахуулсан фото зургууд,

-2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3503 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: ... Н.Ержан нь А.Ахтилек, А.Айару нарын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна гэх бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч К.Алтангүлийн хүсэлтийн шаардлагыг хангаж, 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Алтангүлийн Ахтилек, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Алтангүлийн Айару нарын эцэг нь Ныгметийн Ержан мөн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Алтангүлийн Ахтилек, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Алтангүлийн Айару нарын эцэг нь БЮ79020413 регистрийн дугаартай Ныгметийн Ержан мөн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.Алтангүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ