Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01459

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01459

 

Д.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01422 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Д

Хариуцагч: Э.Жд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 120,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, түүний өмгөөлөгч Н.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Д нь Э.Жгийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үнэгүй.мн сайтад байршуулсан зарын дагуу Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар Усан тохой / / гудамж, тоот хаягт байршилтай, барилгын ажил нь дуусаж, ашиглахад бэлэн болсон 185 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг очиж үзэн, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан 120,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 120,000,000 төгрөгийг Э.Жд шилжүүлсэн.

1.1. Гэтэл уг байшинд очиход Г.Б нь ...энэ байшин миний өмчлөлийн эд хөрөнгө, чи залилуулсан байна гэж хэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахад Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой / / гудамж, тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Дийн бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой / / гудамж, 113/9 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь Д. , Ч. ын нарын өмчлөлд тус тус давхар бүртгэлтэй байсан.

1.2. Хариуцагч Э.Ж нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой / / гудамж, 113/9 тоот хаягт байршилтай бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг надад үзүүлэн, 120,000,000 төгрөгөөр худалдсан. Харин эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ өөр газар байрлах, 55 хувийн гүйцэтгэлтэй Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой / / гудамж, тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, миний бие өөрийн биеэр очиж үзэн, худалдан авахаар шийдвэрлэж, мөнгийг нь төлсөн үл хөдлөх эд хөрөнгийг бус, харин ноцтой төөрөгдлийн улмаас Э.Жтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулан өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, Э.Жд 120,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

1.3. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Э.Жгаас 120,000,000 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нь маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг н.Алтангэрэлээс авах 120,000,000 төгрөгийн авлагадаа шилжүүлэн авсан. Үл хөдлөх эд хөрөнгийг зохих бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд эрхийн зөрчилгүй байсан. Анх н.Алтангэрэлийн Э.Жд үзүүлсэн байшинг Э.Ж Д.Дт үзүүлээд зарсан.

2.1. Э.Жгийн хувьд тухай үл хөдлөх эд хөрөнгө биет байдлын доголдолтой болон доголдолгүй эсэхийг эцсийн байдлаар тогтоогдоогүй. Талууд хэн аль нь төөрөгдсөн үедээ тухайн хэлцлийг хийсэн тул Э.Ж хариуцах үндэслэлгүй.

2.2. Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой / / гудамж, тоот хаягт байршилтай, мөн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой / / гудамж, 113/9 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүд нь эцсийн байдлаар хэний өмчлөл болох тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй.

2.3. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хаяг нь буруу, зөрүүтэй гэж үзэх, мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл үнэн, зөв эсэх мэдээлэл байхгүй.

2.4. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргаад шүүх хүчин төгөлдөр бусад тооцож байж хохирлыг гаргуулах ёстой. Гэтэл нэхэмжлэгч өөрөө төөрөгдөлд орсноо илэрхийлээд хохирлоо шаардаж буй нь үндэслэлгүй. Учир нь, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд нь Э.Ж эсэх, эсхүл Э.Жгаас авсан этгээд нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Э.Ж нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагч Э.Жгаас 120,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Дт олгон, нэхэмжлэгчид Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054922 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой / /, тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Э.Жд буцаан шилжүүлэхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Б нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Г.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дт олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6, 58.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэн даруй мэдэгдээгүй. Хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дахь хэсэгт зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг буруутай этгээд төлнө.

4.2. Хариуцагчийг санаатайгаар ноцтой төөрөгдөлд оруулсан буруутай этгээд биш болох нь хэргийн баримтаар тогтоогдоно. Биет байдлын доголдолтой, бүрэн ашиглалтад орсон үл хөдлөх, эсхүл ороогүй дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байгаа талаар хангалттай нотлох баримт байхгүй. Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэдээлэл төлөвлөлтийн хэлтсээс 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн албан бичгээр дээрх хаягт нь 113\13 гэсэн хаягтай болохыг тодорхойлсны дагуу тус үл хөдлөх эд хөрөнгө 100 хувийн гүйцэтгэлтэйгээр Б.Эрхэс-Одын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн. Хот байгуулалт хөгжлийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн 04\295, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04\295 дугаар албан бичгүүдээр хаягт барилга байхгүй байгаа талаар дурдсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэрэгт хариуцагчаар оролцож байсан, хаягжилт олгох эрхгүй байгууллага болох Баянзүрх дүүргийн эд хөрөнгө бүртгэлийн хэлтсийн ажилтныг байлцуулан хэргийн газрын үзлэг хийсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө бүртгэгч нь хаяг өөрчилсөн эрх бүхий байгууллагын шийдвэрийг бүртгэх, хаягжилт олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгах зэрэг үүрэгтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолын дагуу хаягжилтыг хийх эрх бүхий байгууллага нь засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Иймд хаягжилт мөн эсэхийг мэдэхгүй, хаягжилт олгох эрхгүй байгууллагын ажилтан оролцуулсан үзлэгийг шүүх үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд биет байдлын доголдолтой хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй.

4.3. Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3.2-т заасныг хариуцагч зөрчиж, шаардлагатай мэдээллийг өгөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгэлтэй хууль ёсны дагуу гэрчилгээ гарсан, тус хаягт байрлах байр орон сууцыг анх худалдаж авсан хүний зааж өгсний дагуу бусдад худалдсан. Гэрээ байгуулах үед мэдэж байсан бүхий л үнэн бодит мэдээллийг худалдан авагчид өгсөн. Дээрх нотлох баримтуудын зөрүүтэй байгаагаас харахад биет байдлын доголдолтой хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй.

4.4. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед байсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуулийн дагуу хариуцагчийн нэр дээр шилжсэн тул эрхийн зөрчилгүй гэж үзэж бусдад худалдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагчийн дүгнэлтээр 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2362 дугаар, мөн улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2356 дугаар шийдвэрээр тус тус үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл түдгэлзэж, цагдаагийн байгууллага бүртгэлтэй холбоотой маргаан шалгагдаж байгаа талаар мэдсэн. Дээрх улсын байцаагчийн дүгнэлтээр Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохойн \ \, 133\13-6 тоот буюу 113\13-6 тоотод бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байгаа талаар дурдаагүй. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэрээг цуцалж, авсан өгснөө буцаах буюу хариуцагчид эд хөрөнгийг буцаахаар даалгасан нь үндэслэлгүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тусгай тэмдэглэл үйлдсэн байна.

4.5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчсөн. Хариуцагч эрүүгийн журмаар шалгагдаж байгаа болон улсын байцаагчийн акттай холбоотойгоор удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан. Эрүүгийн журмаар хянан шалгагдаж байгаа асуудалд заавал хэргийн оролцогч оролцсон байхыг шаардахгүй, харин уг эрүүгийн маргааныг хянан шийдвэрлэтэл иргэний маргааныг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Чингэлтэй дүүрэг болон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх, Улсын байцаагчийн эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн актыг хүчингүй болгох хүртэлх хугацаагаар хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй.

4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 180 дугаар зүйлд заасны дагуу талуудын хүсэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэх эсэхийг шүүх тогтоол гаргаж шийдвэрлэдэг. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон үйл баримт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан баримтаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст н.Бы гомдолтой нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийн маргаан хянан шалгагдаж байгаа талаарх албан бичиг ирсэн. Мөн Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн гаргасан гомдлоор Э.Жг шалгаж байгаа талаар баримт авагдсан. Дээрх цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа баримтуудад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө ямар байдлаар холбогдолтой талаарх баримт хэрэгт авагдаагүй. Тус баримтуудыг авах хүсэлтийг өгсөн боловч шүүх хангалгүй шийдвэрлэсэн. Хэрэгт байх уг баримтууд нь 2021 онд ирсэн баримтууд. 2022 онд тус эрүүгийн хэрэг ямар шатанд явж байгааг төөрөгдөлд оруулсан этгээдийг олсон эсэхийг тодруулах зорилгоор уг баримтуудыг шаардсан боловч ирүүлээгүй. Иймд шүүхийн шийдвэр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эцсийн байдлаар ноцтой төөрөгдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан.

5.1. Нэхэмжлэлийн шаардлага нь гэм хорын хохирол шаардаагүй. Уг маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрээ байгуулагдсан үеэс эхлэн хүчин төгөлдөр бус болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг удаа, нийт 2 удаа үзлэг хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хүсэлт гаргаж үзлэг хийлгэсэн. Уг үзлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцсон. Анх хариуцагчийн нэхэмжлэгчид үзүүлж худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг зааж өгсөн. Мөн хариуцагчийн өмчлөлд байгаа 55 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг зааж өгсөн. Шүүх ...нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн байгаа 133\13-6 тоотын үл хөдлөх эд хөрөнгө нь анх хариуцагчаас нэхэмжлэгчид үзүүлж худалдсан үл хөдлөх эд хөрөнгө мөн үү гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...2 өөр үл хөдлөх эд хөрөнгө гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.

5.2. Хариуцагч өөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2356 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Анх нэхэмжлэгчид үзүүлсэн үл хөдлөх хөрөнгө нь 2 хүний өмчлөлд байгаа, давхардуулж олгогдсон. Энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул хэргийг түдгэлзүүлэх шаардлагагүй байсан.

5.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний маргаанд хэн хуурамч нотлох баримтыг бүрдүүлж, гүйцэтгэлийг өөрчилсөн нь хамааралгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангалттай нотлох баримтыг цуглуулсан, нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудлаар нотлох баримтыг цуглуулах үндэслэлгүй. Хариуцагч татгалзалтай холбоотой тайлбараа өөрөө гаргаж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй учраас хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Э.Жд холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 120,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчаас Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар Усан тохой / / гудамж, тоот хаягт байршилтай, барилгын ажил нь дуусаж, ашиглахад бэлэн болсон, 185 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар тохирч, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан, гэрээний үнэ 120,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Гэтэл гэрээгээр тохирсон үл хөдлөх эд хөрөнгийг бус, ноцтой төөрөгдлийн улмаас өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан байна. Иймд хариуцагчтай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагчид шилжүүлсэн 120,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

3.б. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчид худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь бусдаас авах авлагдаа тооцон шилжүүлж авсан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг доголдолтой эсэхийг тогтоогоогүй. Талуудын хэн аль нь төөрөгдсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хохирол, төлбөрөө буруутай этгээдээс шаардах нь зүйтэй гэсэн агуулгаар үгүйсгэн маргасан.

4. Талуудын маргаанд хамааралтай дараах үйл баримт хэргийн материалаар тогтоогдож байна.

4.а. Талууд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ-г байгуулж, Э.Ж нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой / / гудамж, тоот хаягт байршилтай, 185.4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Дт шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний үнэ 5,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Э.Жд гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг төлсөн үйл баримт Голомт банкны 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дансны хуулгаар тогтоогдсон. /1хх 49, 237-239/

4.б. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Э.Жгийн өмчлөлөөс Д.Дийн өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан тоот, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдсон. /1хх 48, 50/

4.в. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар Усан тохой / / гудамж, тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь хэдийгээр улсын бүртгэлд хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн гэх боловч уг хөрөнгө Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар Усан тохой / / гудамж, тоот хаягт байршилтай гэх байдлаар Д. , Ч. нарын өмчлөлд улсын бүртгэлд давхар бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Улсын байцаагчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. /2хх.49, 53-57/

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн гэх үл хөдлөх хөрөнгө нь бусад этгээдийн өмчлөх эрхэд бүртгэлтэй байна.

5. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан ноцтой төөрөгдсөн гэж үзэн, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь үндэслэлтэй байна.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан ноцтой төөрөгдсөн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэж үзэж хүчин төгөлдөр бус гэж тооцсон учир мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл, мөн зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх нөхцөл бүрдсэн байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн 120,000,000 төгрөгөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

6. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00789 дугаар шийдвэрээр Э.Жд холбогдох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 120,000,000 төгрөг, зардал 140,000 төгрөг, нийт 120,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

6.а. Өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн дээрх хэрэг нь хүчин төгөлдөр гэрээний үүрэг, түүнээс татгалзах, гэрээг цуцлахтай холбоотой шаардлагын дагуу үүссэн. Нэхэмжлэгчийн энэ хэргийн хүрээнд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой тул шүүх нэг маргааныг дахин шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

7. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт зааснаар төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь талуудын тохиролцооны зүйлээс өөр зүйлтэй холбоотой хэлцэл хийж төөрөгдсөн болохоо нөгөө талд мэдэгдээгүй гэх үйл баримт тогтоогдоогүй. Худалдан авсан гэх орон сууцны бүртгэл өөр этгээдийн өмчлөлд байдаг талаар мэдсэн даруйдаа маргасан байна. Иймд анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх боломжгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

8. Хариуцагч эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх нөхцөл байдал нь уг хэлцэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд саад болох үндэслэл болохгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна. /2хх 113-117, 152-156/

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг /3хх 82-83/ анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түдгэлзүүлэх үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, нотлох баримт гаргуулах хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэх үндэслэл заажээ. Иймд нотлох баримт дутуу бүрдүүлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН