Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2016/00249/И |
Дугаар | 130/ШШ2016/00363 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2016/00363
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар багт оршин суух, Т овогт Мы Тын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар багт оршин суух, Т овогт Ты Дт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Т.Д, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл мөнгө 3500000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Т.Д миний үл хөдлөх хөрөнгө болох байшингийн хамт газрыг 13500000 төгрөгөөр тохиролцож худалдаж авсан байсан. Үүнээс 10000000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч үлдсэн мөнгийг дараа нь өгнө гээд одоо хүртэл өгөөгүй намайг чирэгдүүлж байна. Мөн 345 м кв газрыг Т.Д нь өөрийн нэр дээр буулгаж эзэмшилдээ авсан болно гэжээ.
Нэхэмжлэгч М.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Т.Дт 13500000 төгрөгөөр байшингаа худалдсан. Тэрээр надад 10 сая төгрөгийг бэлнээр нь өгч, үлдсэн 3500000 төгрөгийг байшингийн гэрчилгээг өөрийн нэр дээр буулгасны дараа өгнө гэж хэлсэн. Би 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр газрын гэрчилгээг Т.Дийн нэр дээр буулгаж өгсөн. Т.Дээс үлдсэн 3500000 төгрөгөө асуухад тэрээр хашаа татаж өгөх болон хашаанд байгаа Е гэдэг хүний байшинг буулгаж өгвөл 3500000 төгрөгийг өгнө гэж 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр бичиг хийж өгсөн.
Е ах бид хоёр газрын маргаантай байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх газар миний өмчлөлийн газар мөн болохыг тогтоосон.
Би Т.Дийн хэлснээр хашааг нь татаж өгч мөнгөө асуухад өгөхгүй гэж бидний дунд үл ойлголцол үүссэн учир би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас 3500000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би нэхэмжлэгч М.Тын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. М.Тын байшинг худалдаж авахад М.Т нь намайг хууран мэхэлж өөрийн аавын авч өгсөн байшинг аавдаа болон төрсөн ахдаа мэдээлэхгүйгээр хулгайлж надад зарсан юм.
Тухайн үед би нүүж очиход аав нь би байшингаа өгөхгүй, ах нь би газраа өгөхгүй гэсэн. Тэр даруй би М.Тыг дуудаж за чиний энэ байшингийн наймаа чин будлиантай байна, иймд та 2 сарын дотор байшингаа миний нэр дээр буулгаж, хашаа татаж, машин орох хаалга гаргаж өгвөл үлдсэн мөнгийг өгнө гэж тохиролцсон юм. 2015 оны 3 дугаар сард ирснээс хойш М.Тын ах надад бохир усны нүх, жорлон байхгүй өдөр бүр хэрэлдэж, хүүхдүүдээ дарамт үзүүлж намайг 4 удаа цагдаагийн байгууллагад өгсөн, жорлон байхгүй, зориулалтын бус газарт үнс асгасан, орчин тойрноо бохирдуулсан гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас надад торгууль ногдуулсан ба өвөл аргагүйн эрхэнд 1 сая төгрөгөөр бохир усны нүх, жорлонг хүнээр ухуулсан.
Иймд М.Т нь миний тавьсан шаардлагыг хангаагүй, байшин гэрчилгээгүй, аав нь байшингаа буулгаагүй, машин орох боломжгүй учир байшингаа өөрөө авч, миний өгсөн 10000000 төгрөгийг болон өвлийн хүйтэнд хүнээр хийлгэсэн бохир усны нүх, жорлон ухуулахад гаргасан 1 сая төгрөгийн хохирлыг нэмж бүгд 11000000 төгрөгөөр би хохирч байна. Иймд надад М.Тын нэхэмжлэлд өгөх ямар ч мөнгө төгрөг байхгүй, Бид нар хамаатан садан улс юм. Уг маргаантай асуудлыг Өлгий сум, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, багийн Засаг дарга, мөн Тын аав М, ах нь болох Е нар мэдэж байгаа болно гэжээ.
Хариуцагч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэр бүлээ цуцлуулсны дараа М.Тын байшинг худалдаж авсан. М.Таас ямар нэгэн тооцоогүй гэх бичиг бичүүлж, нотариатаар гэрчлүүлж авсан. М.Т нь газрын хэмжээг худал зааж намайг хууран мэхлэн, ах дүү нараас далдуур хашаа байшингаа надад худалдсан болно. Худалдаж авсан газар маань хашааны хаалгагүй, бие засах газаргүй байсан нь надад хэцүү байсан. Намайг нүүж ирэхэд Е машин орох хашааны хаалгыг цоожлоод явсан тул би гэрийнхээ эд зүйлээ байшинд зөөж оруулсан. Бие засах газар гаргах газаргүй байсан тул байшингийнхаа урд талд бие засах газар барьсан.
2015 онд М.Т болон түүний эцэг, ах нарын хооронд газрын маргаан байсан. Би газрын маргаантай хашаа байшин худалдаж авснаа мэдсэний дараа М.Таас газар худалдаж авсан мөнгийг маань буцааж өгөхийг хүссэн. М.Т надад эцгийнхээ байшинг буулгаж газрыг чөлөөлж, хашаа татаж өгнө гэж хэлсэн ч одоо хүртэл хэлсэн үгэндээ хүрээгүй. Тын эцэг М нь байшингаа буулгаж газрыг чөлөөлж өгөхгүй гэж байна. М.Тын надад бичиж өгч, нотариатаар гэрчлүүлсэн баримтаар хэргийг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Бидний харилцан тохиролцсон байшинг нүүлгэж газрыг чөлөөлөөгүй, хаалга гаргаж өгөх хэлэлцээг М.Т биелүүлээгүй учир хашаа байшин худалдаж авсан мөнгөө хүүгийн хамт нэхэмжилж байна. М.Т миний10000000 төгрөгийг өгөхгүй, тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Багийн Засаг дарга, газрын алба, Мэргэжлийн хяналтын алба дээрх газрыг маргаантай гэж үзэж баримт бичиж өгсөн. М.Т надад нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Би дээрх маргаантай газрыг авахыг хүсэхгүй байна. М.Т хэлсэн үгэндээ хүрээгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би маргаантай газар байсныг мэдсэний дараа М.Таас мөнгийг маань буцааж өгөхийг шаардсан ч тэрээр надад мөнгө өгөөгүй. Хашаа байшинг миний өгсөн 10 сая төгрөгөөр худалдахыг зөвшөөрвөл би М.Тад өгсөн 10 сая төгрөгөө нэхэмжлэхгүй. Худалдаж авсан хашаанд маань машин орох хаалгагүй хэцүү байна. Шүүхээс хашаанд очиж үзлэг хийсэн гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Т.Дээс үл хөдлөх хөрөнгө болох байшингийн үнээс үлдсэн 3500000 төгрөгийг гаргуулж өгөхийг шаарджээ.
М.Т нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Т.Дт Өлгий сумын 8 дугаар багт орших 345 м.кв газартай 10х10 метрийн харьцаатай 100 м.кв талбайтай өвлийн сууцыг худалдсан байнх ба тухайн үед ямар нэгэн тооцоогүй талаар баримт бичиж өгчээ. Дараа нь Т.Д нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр баримт бичиж өгсөн ба уг баримтанд Таас 13500000 төгрөгөөр байшин худалдан авахад 10000000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 3500000 төгрөгийг хашааны зохих 345 м.кв газрыг хувааж машин орох газар гаргасан өдөр өгнө гэсэн боловч байшинг нурааж машин орох газар гараагүй, зөвхөн хашаа татагдсан гэжээ.
Энэхүү баримтаас үзэхэд худалдан авагч Т.Д нь тухайн үед тодорхой болзол тавьсан бөгөөд уг болзлыг биелүүлсэн тохиолдолд 3500000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тухай худалдсан гэх байшин, газарт үзлэг хийхэд тохиролцсон ёсоор хашаа барьсан боловч уг хашаанд машин орох боломжгүй, бусдын хашаагаар хүрээлэгдсэн газар байсан ба Т.Дийн тавьсан болзол нь биелэгдээгүй байна.
Мөн Т.Дт худалдсан гэх үл хөдлөх хөрөнгө болох Өлгий сумын 8 дугаар багт орших 345 м.кв газартай 10х10 метрийн харьцаатай 100 м.кв талбайтай өвлийн сууц нь хариуцагчийн өмчлөлд шилжсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байх тул М.Т, Т.Д нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Нэгэнт тухай хөрөнгө нь Т.Дийн өмчлөлд шилжсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч М.Тын Т.Дээс 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Мы Тын Ты Дээс 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК