Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 363

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух, Төлек овогт Муратханы Турахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Төлек овогт Төлетханы Дауирбект холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Турах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Айбек, хариуцагч Т.Дауирбек, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл мөнгө 3500000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч М.Турах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Т.Дауирбек миний үл хөдлөх хөрөнгө болох байшингийн хамт газрыг 13500000 төгрөгөөр тохиролцож худалдаж авсан байсан. Үүнээс 10000000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч үлдсэн мөнгийг дараа нь өгнө гээд одоо хүртэл өгөөгүй намайг чирэгдүүлж байна. Мөн 345 м кв газрыг Т.Дауирбек нь өөрийн нэр дээр буулгаж эзэмшилдээ авсан болно гэжээ.

Нэхэмжлэгч М.Турах шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Т.Дауирбект 13500000 төгрөгөөр байшингаа худалдсан. Тэрээр надад 10 сая төгрөгийг бэлнээр нь өгч, үлдсэн 3500000 төгрөгийг байшингийн гэрчилгээг өөрийн нэр дээр буулгасны дараа өгнө гэж хэлсэн. Би 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр газрын гэрчилгээг Т.Дауирбекийн нэр дээр буулгаж өгсөн. Т.Дауирбекээс үлдсэн 3500000 төгрөгөө асуухад тэрээр хашаа татаж өгөх болон хашаанд байгаа Ертай гэдэг хүний байшинг буулгаж өгвөл 3500000 төгрөгийг өгнө гэж 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдөр бичиг хийж өгсөн.

Ертай ах бид хоёр газрын маргаантай байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх газар миний өмчлөлийн газар мөн болохыг тогтоосон.

 

Би Т.Дауирбекийн хэлснээр хашааг нь татаж өгч мөнгөө асуухад өгөхгүй гэж бидний дунд үл ойлголцол үүссэн учир би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас 3500000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Дауирбек шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би нэхэмжлэгч М.Турахын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. М.Турахын байшинг худалдаж авахад М.Турах нь намайг хууран мэхэлж өөрийн аавын авч өгсөн байшинг аавдаа болон төрсөн ахдаа мэдээлэхгүйгээр хулгайлж надад зарсан юм.

Тухайн үед би нүүж очиход аав нь би байшингаа өгөхгүй, ах нь би газраа өгөхгүй гэсэн. Тэр даруй би М.Турахыг дуудаж за чиний энэ байшингийн наймаа чин будлиантай байна, иймд та 2 сарын дотор байшингаа миний нэр дээр буулгаж, хашаа татаж, машин орох хаалга гаргаж өгвөл үлдсэн мөнгийг өгнө гэж тохиролцсон юм. 2015 оны 3 дугаар сард ирснээс хойш М.Турахын ах надад бохир усны нүх, жорлон байхгүй өдөр бүр хэрэлдэж, хүүхдүүдээ дарамт үзүүлж намайг 4 удаа цагдаагийн байгууллагад өгсөн, жорлон байхгүй, зориулалтын бус газарт үнс асгасан, орчин тойрноо бохирдуулсан гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас надад торгууль ногдуулсан ба өвөл аргагүйн эрхэнд 1 сая төгрөгөөр бохир усны нүх, жорлонг хүнээр ухуулсан.

Иймд М.Турах нь миний тавьсан шаардлагыг хангаагүй, байшин гэрчилгээгүй, аав нь байшингаа буулгаагүй, машин орох боломжгүй учир байшингаа өөрөө авч, миний өгсөн 10000000 төгрөгийг болон өвлийн хүйтэнд хүнээр хийлгэсэн бохир усны нүх, жорлон ухуулахад гаргасан 1 сая төгрөгийн хохирлыг нэмж бүгд 11000000 төгрөгөөр би хохирч байна. Иймд надад М.Турахын нэхэмжлэлд өгөх ямар ч мөнгө төгрөг байхгүй, Бид нар хамаатан садан улс юм. Уг маргаантай асуудлыг Өлгий сум, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, багийн Засаг дарга, мөн Турахын аав Муратхан, ах нь болох Елтай нар мэдэж байгаа болно гэжээ.

Хариуцагч Т.Дауирбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэр бүлээ цуцлуулсны дараа М.Турахын байшинг худалдаж авсан. М.Турахаас ямар нэгэн тооцоогүй гэх бичиг бичүүлж, нотариатаар гэрчлүүлж авсан. М.Турах нь газрын хэмжээг худал зааж намайг хууран мэхлэн, ах дүү нараас далдуур хашаа байшингаа надад худалдсан болно. Худалдаж авсан газар маань хашааны хаалгагүй, бие засах газаргүй байсан нь надад хэцүү байсан. Намайг нүүж ирэхэд Ертай машин орох хашааны хаалгыг цоожлоод явсан тул би гэрийнхээ эд зүйлээ байшинд зөөж оруулсан. Бие засах газар гаргах газаргүй байсан тул байшингийнхаа урд талд бие засах газар барьсан.

2015 онд М.Турах болон түүний эцэг, ах нарын хооронд газрын маргаан байсан. Би газрын маргаантай хашаа байшин худалдаж авснаа мэдсэний дараа М.Турахаас газар худалдаж авсан мөнгийг маань буцааж өгөхийг хүссэн. М.Турах надад эцгийнхээ байшинг буулгаж газрыг чөлөөлж, хашаа татаж өгнө гэж хэлсэн ч одоо хүртэл хэлсэн үгэндээ хүрээгүй. Турахын эцэг Муратхан нь байшингаа буулгаж газрыг чөлөөлж өгөхгүй гэж байна. М.Турахын надад бичиж өгч, нотариатаар гэрчлүүлсэн баримтаар хэргийг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Бидний харилцан тохиролцсон байшинг нүүлгэж газрыг чөлөөлөөгүй, хаалга гаргаж өгөх хэлэлцээг М.Турах биелүүлээгүй учир хашаа байшин худалдаж авсан мөнгөө хүүгийн хамт нэхэмжилж байна. М.Турах миний10000000 төгрөгийг өгөхгүй, тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Багийн Засаг дарга, газрын алба, Мэргэжлийн хяналтын алба дээрх газрыг маргаантай гэж үзэж баримт бичиж өгсөн. М.Турах надад нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Би дээрх маргаантай газрыг авахыг хүсэхгүй байна. М.Турах хэлсэн үгэндээ хүрээгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би маргаантай газар байсныг мэдсэний дараа М.Турахаас мөнгийг маань буцааж өгөхийг шаардсан ч тэрээр надад мөнгө өгөөгүй. Хашаа байшинг миний өгсөн 10 сая төгрөгөөр худалдахыг зөвшөөрвөл би М.Турахад өгсөн 10 сая төгрөгөө нэхэмжлэхгүй. Худалдаж авсан хашаанд маань машин орох хаалгагүй хэцүү байна. Шүүхээс хашаанд очиж үзлэг хийсэн гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч М.Турах нь хариуцагч Т.Дауирбекээс үл хөдлөх хөрөнгө болох байшингийн үнээс үлдсэн 3500000 төгрөгийг гаргуулж өгөхийг шаарджээ.

М.Турах нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Т.Дауирбект Өлгий сумын 8 дугаар багт орших 345 м.кв газартай 10х10 метрийн харьцаатай 100 м.кв талбайтай өвлийн сууцыг худалдсан байнх ба тухайн үед ямар нэгэн тооцоогүй талаар баримт бичиж өгчээ. Дараа нь Т.Дауирбек нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр баримт бичиж өгсөн ба уг баримтанд Турахаас 13500000 төгрөгөөр байшин худалдан авахад 10000000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 3500000 төгрөгийг хашааны зохих 345 м.кв газрыг хувааж машин орох газар гаргасан өдөр өгнө гэсэн боловч байшинг нурааж машин орох газар гараагүй, зөвхөн хашаа татагдсан гэжээ.

Энэхүү баримтаас үзэхэд худалдан авагч Т.Дауирбек нь тухайн үед тодорхой болзол тавьсан бөгөөд уг болзлыг биелүүлсэн тохиолдолд 3500000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тухай худалдсан гэх байшин, газарт үзлэг хийхэд тохиролцсон ёсоор хашаа барьсан боловч уг хашаанд машин орох боломжгүй, бусдын хашаагаар хүрээлэгдсэн газар байсан ба Т.Дауирбекийн тавьсан болзол нь биелэгдээгүй байна.

Мөн Т.Дауирбект худалдсан гэх үл хөдлөх хөрөнгө болох Өлгий сумын 8 дугаар багт орших 345 м.кв газартай 10х10 метрийн харьцаатай 100 м.кв талбайтай өвлийн сууц нь хариуцагчийн өмчлөлд шилжсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байх тул М.Турах, Т.Дауирбек нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Нэгэнт тухай хөрөнгө нь Т.Дауирбекийн өмчлөлд шилжсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч М.Турахын Т.Дауирбекээс 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Муратханы Турахын Төлетханы Дауирбекээс 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК