Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01748

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01748

 

Б.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/01621 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Г.А

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 87,467,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.Б 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г.Атай зээлийн гэрээ байгуулан 20,000 ам.долларыг 3 сарын хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Г.А нь үл хөдлөх хөрөнгөө миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүл, зээлээ төлж дуусгаад буцаагаад өөрийн байраа нэр дээрээ шилжүүл гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, дугаар байр, 0 тоот хаягт байрлалтай, 50,34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдахаар байгуулж, нотариатчаар батлуулсан.

1.2. Зээлдүүлэгч Г.Атай 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр уулзахад М ББСБ ХХК-тэй зээлийн гэрээ хий гэж дарамталсан. Улмаар зээлийн гэрээг байгууж, нотариатчаар батлуулсан.

1.3. Зээлдүүлэгч Г.А 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлбөрөө бүрэн төлөөгүй тул дахин баталгаа гаргаж хэсэгчлэн төлөхөөр гэрээ хийнэ гэж хэлээд дахин гэрээ байгуулсан. Шүүгчийн захирамж гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан.

1.4. Г.А нь миний орон сууцыг бусдад шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа надад худалдах хүсэл зориг байгаагүй. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангахад барьцаалсан.

1.5. Хөрөнгийн үнэлгээгээр тухайн орон сууцыг 128,367,000 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс зээлийн гэрээний төлбөрт хариуцагчаас төлөх 60,000,000 төгрөгийг хасаад зөрүү 68,367,000 төгрөгийг орон сууц түрээсэлсний төлбөрт төлсөн 19,100,000 төгрөгийг нэмээд нийт 87,467,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан.

Иймд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирол 87,467,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Г.А нь Б.Бтэй 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Их тойруу, дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 50,34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээний 2.2-т Төлбөр бүрэн төлөгдсөн гэж заасан. Өөрөөр хэлбэл, Г.Аы зүгээс дээрх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Талууд уг гэрээг байгуулахдаа өөрсдийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, улмаар гэрээ бодитоор байгуулагдсан.

2.2. Г.А болон Б.Б нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу 20,000 ам.долларыг, 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй Б.Б нь Г.Ааас зээлсэн. Зээлдэгч Б.Б нь уг зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийн тулд М ББСБ ХХК-аас зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд дээрх орон сууцыг барьцаанд барьцаалуулахыг хүссэн. Түүний хүсэлтийн дагуу өөрийн зээлийг төлүүлэхээр М ББСБ ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт барьцааны гэрээ байгуулсан. Харин Б.Б нь уг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Б болон Г.А хариуцагчаар оролцсон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 101/11132016/28551 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.

2.3. Б.Б нь шүүхийн шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар дээрх барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд тооцуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

2.4. Дээрх хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэж үзсэн бол Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М ББСБ ХХК нэхэмжлэл гаргахад маргах боломж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б, Г.А нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 28,542,996 төгрөгийн хохирлыг хариуцагч Г.Ааас гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,924,004 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,008,187 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 558,617 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны 17 дугаартай Тогтоолын 5 дугаар зүйлийн 5.3-т Мөн зүйлийн 5.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол гэж тайлбарласан. Түүнчлэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжпэгч Б.Б нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахдаа эрх зүйн бүрэн чадамжтай, хийсэн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох бүрэн ухамсар, чадвартай байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Г.Аыг тухайн үед хүч хэрэглэсэн, ятгасан, дарамталсан гэх боловч энэ талаар ямар ч баримт, нотолгоо байхгүй бөгөөд харин ч үүний эсрэг нотолгоонууд хэрэгт нэгэнт авагдсан байгаа.

4.2. Тухайлбал, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр М ББСБ ХХК-тай ЗГ-0606/00 тоот Зээлийн гэрээ-г нэхэмжлэгч Б.Б байгуулж, улмаар БГ-0606/00 тоот Барьцааны гэрээ-г байгуулахад дээр дурдсан тайлбарыг яриагүй бөгөөд харин хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурж, Г.Аг барьцааны гэрээнд гарын үсэг зурахыг гуйсан. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 101/Ш32016/28551 дугаар захирамжаар нэхэмжпэгч Б.Б нь М ББСБ ХХК-д 69,620,004 төгрөгийг төлж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, дүгээр байр, 0 тоот хаягт байрлах, 50,34 м.кв талбайтай орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөн эвлэрч, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан.

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүгчийн захирамжийг биелүүлж байхад Б.Бий зүгээс нэг ч удаа Г.Атай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаагүй ба үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байсан. Гэтэл уг нөхцөл байдлыг шүүгчийн зүгээс огт дүгнэхгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь буруу.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Худалдах-худалдан авах гэрээ бодитой байгуулагдсан. Гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь гэрээнд тусгагдсан. Зээлийн гэрээнээс тусдаа үүссэн харилцаа гэж тайлбарласан боловч тэрээр татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид тэгш оролцох бөгөөд нэхэмжлэгч өөрийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох үүрэгтэй. Хэрэв нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 2.2-т заасны дагуу хариуцагч Г.Аг төлбөрийг төлөөгүй гэж маргаж байгаа бол түүнийг өөрөө нотлох үүрэгтэй.

4.5. Г.Аы хувьд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлбөрийг бэлнээр 100 хувь шилжүүлсэн гэдгээ уг гэрээний зүйл, заалт болон түүнийг баталгаажуулсан нотариатын үйлдлээр баталгаажуулж байгаа. Нотариатын зүгээс хуульд заасны дагуу талуудад эрх, үүрэг, үр дагаварыг тайлбарлаж, талуудын нөхцөл байдлыг бүрэн хүлээн авч, улмаар бодит байдалд уг нөхцөлүүд бүрэн хийгдсэн эсэхийг гэрчилж буй үйлдэл. Талуудын зүгээс бэлнээр мөнгө өгөөгүй, аваагүй бол нотариатын зүгээс уг гэрээг баталгаажуулахгүй бөгөөд уг заалтыг хасахыг талуудаас шаардах байсан. Гэрээнд ийнхүү төлбөрийг бэлнээр бүрэн төлсөн гэдгээ тодорхой заасан байхад шүүхийн шүүгчийн зүгээс ямар үндэслэлээр хариуцагчийг үүнийг нотлоогүй гэж буруутгаж буйг ойлгохгүй байна. Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хариуцагчийг үүнийгээ нотолж чадаагүй, тэрийгээ нотолж чадаагүй гэж буруутгаж байгаа нь зарчмын хувьд хэт нэг талд илт ажиллаж хэргийг хуульд заасны дагуу, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4.6. Анхан шатны шүүх Г.А болон Б.Б нарын зээлийг М ББСБ ХХК-ийн зээлийн харилцаатай хамааралтай гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Б.Б болон Г.А нарын зээл нь М ББСБ ХХК-ийн зээлийн харилцаанаас ялгаатай, өөр.

4.7. Хариуцагчийн зүгээс М ББСБ ХХК-д шаардах эрхийг шилжүүлсэн үйл баримт байхгүй, бодит байдалд ийм зүйл болоогүй. Түүнчлэн, М ББСБ ХХК-аас зээл авахдаа үл хөдлөх хөрөнгийг өөртөө шилжүүлж аваад барьцааны гэрээ байгуулах боломжтой байсан. Гэвч миний зээлийг төлөөгүй тул надаас гуйж барьцааны гэрээ хийсэн. Энэ бүгдийг Б.Б өөрөө хүсэж хийлгэсэн үйлдлүүд. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулахгүй байх боломжтой байсан. Гэтэл өөрөө хүсэж хийлгэсэн. Гэтэл тухайн үедээ өөрөө хийсэн атлаа хожим намайг дарамталсан, хүч хэрэглэсэн гээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч шүүхийн зүгээс Б.Б өөрөө идэвхитэйгээр эвлэрлийн асуудалд оролцсон, хүсэж хийлгэсэн гэдэг нь нотлогдсон үйлдэл.

4.8. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжпэлийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Уг зохицуулалтанд зааснаар төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж заасан. Үүнийгээ хожим хэд хэдэн удаа хүлээн зөвшөөрч, түүний үр дагаварыг үргэлжлүүлж, баталгаажуулж ирсэн. Гэтэл шүүх яагаад хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээр хариуцагч Г.А гэж үзэж, түүнээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн талаар огт тайлбар өгөөгүй. Хэрэв 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус бол үүний буруутан нь Б.Б өөрөө. Г.Аг буруутгах үндэслэл байхгүй. Учир нь, Б.Б барьцааны гэрээг халхавчилж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан гэж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдоогүй. Г.Аы зүгээс уг тохиолдолд барьцааны гэрээг байгуулахыг эрмэлзэх байсан. Гэтэл Б.Б өөрөө хүсэж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь түүний буруу.

4.9. Шүүхийн шийдвэрт заасан 69,620,004 төгрөг нь нэхэмжпэгч Б.Б болон М ББСБ ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний асуудал. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/Ш32016/28551 дугаар захирамжинд заасан дүн. Гэтэл нэхэмжпэгчийн зүгээс өөрийн нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо Г.Атай байгуулсан Зээлийн гэрээ-ний үүрэг болох 20,000 ам.доллар болон хүүгийн төлбөрийг хасаж тодорхойлсон. Энэ нь нэхэмжпэгч, түүний өмгөөлөгчийн өөрийнх нь хүсэл зориг бөгөөд шаардлага, үндэслэлээ тайобарласан нөхцөл.

4.10. Дээр дурдсаны дагуу Б.Б болон М ББСБ ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь Б.Б болон Г.А нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанаас тусдаа, өөр учир нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарласан шиг Г.Аы зээл, түүний хүүг хасаж шийдвэрлэх ёстой байсан. Харин шүүхийн зүгээс Г.Аы зээл, түүнийг хүүг үлдээж, М ББСБ ХХК-ийн зээл, түүнийг хүүг хасаж шийдвэрлэсэн нь буруу.

4.11. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж шийдвэрлэсэн. Уг Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр Ч.Амгаланбаатар, Р.Хайдав, Р.Лхагвасүрэн, Г.Наранцэцэг, Г.Дэндэв, Р.Зоригт нар байх бөгөөд гүйцэтгэх захирлаар Р.Зоригт нар бүртгэлтэй байна. Шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн зүгээс Ж.Уртнасан гэх этгээдийг томилсон тушаал шийдвэр хэрэгт байхгүй байна.

Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 121 дүгээр дүгнэлтийг шүүгчийн томилсон этгээдээс өөр этгээд болох Ж.Уртнасан гэх этгээд гаргасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль бус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1. Б.Бий өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө гуравдагч этгээдэд шилжсэн тул хүчин төгөлдөр бусд тооцуулаад өгсөн, авсан зүйлээ буцааж авах боломжгүй болсон. Иймд хохирол шаардсан.

5.2. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Тухайн гэрээгээр 20,000,000 төгрөгийн тооцоолол яригддаг бөгөөд бодитоор мөнгө хүлээлцсэн баримт байхгүй, зөвхөн гэрээ байдаг. Б.Б Г.Ааас 20,000 ам.долларыг зээлсэн. Өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 20,000 ам.доллартой холбоотой ээлийн гэрээг нэг нотариатчаар батлуулсан. Дараагийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үнийг 20,000,000 төгрөгөөр байгуулж, нотариатчаар батлуулах гэсэн боловч зөвшөөрөөгүй тул өөр нотариатаар батлуулсан. Тухайн үед Б.Б зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагч Г.А барьцааны гэрээний дагуу Б.Бий өмчлөлийн орон сууцыг эхнэрийнхээ эзэмшлийн М ББСБ ХХК-д шилжүүлсэн. Б.Бийг дуудаж зээлээ төл, эсхүл М ББСБ ХХК-д ирж гарын үсгээ зур гэх мэтээр дарамт, шахалт үзүүлж тул тухайн үед дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн.

5.3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгчийн шаардлагын дагуу худалдах-худалдан авах гэрээний үнийн дүнг 20,000,000 төгрөг гэж бичсэнээр гэрээг байгуулсан. Энэ гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл. Энэ хэлцлээс учирсан хохирлыг нэхэмжилсэн тул зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

5.4. Хэлцлээс учирсан хохирол буюу Б.Б бусад этгээдтэй түрээсийн гэрээ байгуулж түрээсийн орон сууцанд амьдарч байсан тул түрээсийн зардлыг нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлт гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад түрээсийн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн үнийн дүн нэмэгдсэн. Хариуцагч өөрийн татгалзал болон нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.

5.5. Тухайн 2 өрөө орон сууцтай холбоотойгоор 2 шинжээчийн дүгнэлт гарсан. 2015 он, 2021 онуудын үнэлгээ гарсан бөгөөд орон сууц 20,000,000 төгрөгөөр үнэлэгдэхгүй. Энэ талаар барьцааны гэрээний өмнөөс дүр үзүүлж хийсэн хэлцэл болохыг шүүх тогтоосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Ад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 87,467,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, дугаар байр, 0 тоот хаягт байрлалтай, 50,34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Г.Ааас зээлсэн 20,000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд барьцаалахаар дүр үзүүлэн хийсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-хдалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд орон сууцны зөрүү 68,367,000 төгрөг, орон сууц түрээсэлсний төлбөрт төлсөн 19,100,000 төгрөг, нийт 87,467,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, төлбөрийг бүрэн төлсөн гэж гэрээнд заасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, шаардлага нь үр дагаврыг арилгуулах буюу хохирол гаргуулах байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

4.1. Талуудын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч Б.Б нь зээлдүүлэгч Г.Ааас 20,000 ам.долларыг, 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 20,000 ам.долларыг хариуцагчаас шилжүүлэн авсан. /хх 5/

4.2. Мөн өдөр талууд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Б.Б нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204018467 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Их Тойруу дугаар байр, 0 тоот хаягт байрлалтай, 50,34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр Г.Ад худалдахаар тусгасан. /1хх.6-7/ Уг гэрээний дагуу мөн өдөр орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжсэн. /1хх 47/

4.3. Дээрх орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-0606/01 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалахаар М ББСБ ХХК болон хариуцагч нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр БГ-0606/01 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан. Улмаар 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр барьцаалбартай барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх 44-45, 157/

4.4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2016/28551 дугаар захирамжаар Б.Б, Г.А нар нь М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 69,620,004 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох дээрх орон сууцаар хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /1хх 22-23/

4.5. Хариуцагч нь шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэхээр барьцааны зүйл болох орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт М ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан. /1хх 53/

Дээрх үйл баримтаас үзвэл маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчийн өмчлөлөөс бусдад шилжсэн байна.

5. Хариуцагчийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу гэрээний үнэ 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснөө баримтаар нотолж чадаагүй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй байна. Учир нь, гэрээний 2.2-т ...төлбөр бүрэн төлөгдсөн гэж тусгасан нь, мөн уг гэрээг нотариатч баталгаажуулсан нь гэрээний төлбөр 20,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлснийг хөтөлбөргүй нотолж чадахгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд ...зээл бүрэн төлөгдсөний дараа Г.А гэрээнд тусгасан байрыг Б.Бд эгүүлэн шилжүүлж өгнө гэж заасныг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж, орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлд хамааруулсан нь оновчгүй болсон байна.

6.1. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй. Харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээг байгуулах хүсэл зориг байсан, уг хүсэл зоригийг хэрэгжүүлэхийн тулд орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулсан нь барьцааны гэрээ байгуулах хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд хэлцэл хүчин төгөлдөр гэх давж заалдах гомдлыг хангахгүй, харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Маргааны зүйл болох орон сууц бусдын өмчлөлд шилжсэнээр талууд хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг харилцан буцааж өгөх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь мөн зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2016/28551 дугаар захирамжид заасан зээлийн гэрээний үүрэг 69,620,004 төгрөгийг орон сууцны үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 98,163,000 төгрөгөөс хасаж, 28,542,996 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт нийцсэн байна. Уг шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчээс хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хариуцагчийн өмчлөлд шилжсэн орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж, орон сууц бусдын өмчлөлд шилжсэн байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулахад хариуцагч буруугүй, Б.Б, Г.А нарын зээлийн гэрээний харилцаа нь М ББСБ ХХК болон Б.Б, Г.А нарын зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц түрээсэлсэн хохирол 19,100,000 төгрөг гаргуулах хэсгийг нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

9. Шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2021/12404 дугаар захирамжаар орон сууцны үнэлгээ хийх шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон. Үнэлгээчнээр Ж.Уртнасан ажилласан, дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК гаргасныг хууль бус дүгнэлт гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжаар томилсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК дүгнэлтийг гаргасан байна. /1хх 240-250, 2хх 1-13/ Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүхэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/01621 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б, Г.А нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Г.Ааас 28,542,996 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,924,004 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН