Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2016/00364

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө  сумын **дугаар багт оршин суух, Ж овогт Мы Аын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, прокурор Х.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол нийт 12845781 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х банкны Баян-Өлгий салбарт ерөнхий нягтлан бодогчоор 7 дахь жилдээ ажиллаж байсан билээ. Гэтэл М.А намайг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан ажлын хэсэг буюу Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Ц.Н, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах мөрдөн байцаагч комиссар Ц нар мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулан 201304000399 дугаартай эрүүгийн хэрэгт 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэгдэн, сэжигтнээр байцаагдаж, улмаар яллагдагчаар мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож, шалгагдаж байгаад Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 526 тоот тогтоолоор надад холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ. Энэхүү хилс хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцсоны улмаас миний бие 2014 оны 3 дугаар сарын 14-нээс 2014 оны 8 дугаар сарын 07-ныг хүртэл ажлын 103 хоног ажилгүй болж, нэг хоногийн цалин хөлс 52727 төгрөг буюу /сард 1160000 төгрөг/ мөрдөн шалгагдсан 103 хоногт нийт 5430881 төгрөгөөр хохирсон маань Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 440 тоот шийдвэрийн үндэслэх хэсгээр тогтоогдож байгаа, мөн Өлгий-Улаанбаатарын хооронд 2 удаа, Улаанбаатар-Өлгий хооронд нэг удаа 1 удаа нийт онгоцны зардалд 671900 төгрөгийн, 3 удаа хот хоорондын унаагаар явсан замын зардалд талдаа 81000 төгрөгөөр /81000х3=243000/ нийт 243000 төгрөг, нийт тээврийн зардалд 914900 төгрөг, өмгөөллийн хөлс 1500000 төгрөг буюу бүгд эд хөрөнгийн хохирол мөнгөн илэрхийллээр 7835781 төгрөгийн бодит хохирол үзээд байна.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэгт татагдан мөрдөн шалгагдаж, удаан хугацаагаар мөрдөн байцаалтанд байсан хугацаанд гэр бүл, үр хүүхэд, аав ээж, ах дүүсээрээ сэтгэл санааны гүн хямралд өртөж, санаа сэтгэлийн дарамтанд гүнзгий орсон учраас өөрийн санаа сэтгэлийн болон хамт олон, найз нөхөд, олон нийтийн өмнө миний нэр төр, алдар хүнд гутаагдсан үр дагавар буй болсон 2014 оны 3 дугаар сарын 14-нээс 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хотод ямар нэгэн хамаатан садан байхгүй, оюутан хүүхдүүдийн хажууд идэх хоолгүй, автобусны мөнгөгүй зовж байсан учраас эдийн бус гэм хорыг 5000000төгрөгөөр үнэлэн Монгол Улсын Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу гаргуулахаар хүсэлт гаргаж байна.

Ийм учраас мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2014 оны 3 дугаар сарын 14-нээс 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажлын 103 хоногийн цалин 5430881 төгрөг, Улаанбаатар-Өлгий хооронд мөрдөн байцаалтанд явсан онгоцны зардал болон хот хоорондын автобусны зардал бүгд 914900 төгрөг, өмгөөлөлд төлсөн 1500000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5000000 төгрөг, бүгд 12845781 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын ерөнхий нягтлан бодогчоор 7 дахь жилдээ ажиллаж байсан. Улсын прокурорын газраас байгуулагдсан ажлын хэсэг буюу Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н, Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Цэдэниш нар мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж 201304000399 дугаартай эрүүгийн хэрэгт 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр намайг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаалт авсан. Надад холбогдох эрүүгийн хэргийг дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 08 дугаар сарын 7-ний өдрийн 526 тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэгт хилсээр сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 08 сарын 07-ний өдөр хүртэл ажлын 103 хоног ажилгүй болж, 1 хоногийн ажлын хөлс 502727 төгрөг буюу нийт ажилгүй байсан хугацааны цалин 1160000 төгрөг, мөрдөн шалгагдсан 103 хоногт 5430881 төгрөгөөр хохирсон. Энэ нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 440 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгээр тогтоогдоно. Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын хооронд 2 удаа, Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг хооронд 1 удаа зорчсон онгоцны зардалд 671900 төгрөг, 3 удаа хот хоорондын унаагаар зорчсон зардалд 243000 төгрөгийн зардал буюу нийт унааны зардалд 914900 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 1500000 төгрөг, нийт 7835781 төгрөгөөр хохирсон.

Эрүүгийн хэрэгт удаан хугацаагаар мөрдөн шалгагдаж байх хугацаанд гэр бүл, төрөл садан, ах дүүгээрээ сэтгэл санааны гүн хямралд орсон. Найз нөхөд болон олон нийтийн өмнө миний нэр хүнд, алдар хүнд гутаагдсан үр дагавар бий болсон. 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүртэл Улаанбаатар хотод таних хүнгүй, хоол болон унааны зардалгүй зовж байсан учир эдийн бус хохирлыг 5 сая төгрөгөөр үнэлж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлт гаргаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389.2.2 , 390 дугаар зүйл, 391 дүгээр зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйл, 511 дүгээр зүйлд заасныг үндэслэн миний ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөллийн зардал, тээврийн хөлсний зардал 7845871 төгрөг, эдийн бус хохирол 5000000 төгрөг, нийт 12845781 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэв.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Х.Ө шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө би Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу төрийг төлөөлж иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах тайлбар бүхий дүгнэлт гаргаж байна.

Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын ерөнхий нягтлан бодогч ажилтай байсан М.А нь мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол болох 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 07-ний өдөр хүртэл ажлын 103 хоногийн цалин 5430881 төгрөг, тээврийн зардалд 914000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 1500000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5000000 төгрөг, нийт 12845781 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа тайлбараа хэлсэн. М.А нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. М.Ат холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. М.А нь эрүүгийн хэргийн учир цагдан хоригдож, албадан саатуулагдаж байгаагүй. М.Ат гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. М.Аын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх саналтай байна.

М.Аын сэтгэл санаанд учирсан хохирлыг түүний эрх нь зөрчигдсөн, нэр хүндэд нь халдсан асуудал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул уг асуудлыг шүүх харгалзан үзнэ үү. Мөн тээврийн зардал болон өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх хохирлыг тогтоохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч М.А нь мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 12845781 төгрөгийг төрөөс гаргуулж өгөхийг хүсжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд М.Аыг Улсын Ерөнхий прокурорын газраас байгуулсан ажлын хэсэг буюу Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа салбарын ахлах теллер, теллерүүдийн нягтлан бодох бүртгэлийн тухай, банкны болон төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчин баримтын бүрдэл дутуу тухайн этгээдэд биш өөр этгээдэд олгосон мөнгөн гүйлгээний баримт, тэдгээрийн тайлан анхан шатны баримтанд хяналт тавих, бүрдлийг хангуулах хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэж Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж шалгасан боловч М.А нь теллерүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд хяналт тавих этгээд биш байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар буюу нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж заасан байх тул М.А нь хохирол нэхэмжлэх эрхтэй гэж үзэх үндэслэлтэй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан торгууль, иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна.

Нэхэмжлэгч М.А нь 2014 оны 3 дугаар сарын 14-нээс 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх ажлын 103 хоногийн цалин 5430881 төгрөг гаргуулахыг хүсжээ. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 440 дугаартай шийдвэрээс үзэхэд М.Аыг 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 526 дугаартай прокурорын тогтоолоор М.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул энэ хугацааны цалин хөлсийг Х банкны Баян-Өлгий салбараас нэхэмжлэх нь үндэслэлгүй болох талаар дурдаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.А нь 2014 оны 3 дугаар сарын 14-нээс 2014 оны 8 дугаар сарын 07-ныг хүртэл 4 сар, ажлын 14 хоногийн цалин хөлсийг аваагүй бөгөөд Х банкны Баян-Өлгий салбарын захирал М.А нь 1160000 төгрөгийн цалин авч байсан талаар тодорхойлсон байх тул энэхүү хэмжээгээр М.Аын аваагүй дундаж цалин хөлсийг тооцоход 5395342 төгрөг гарч байна.

Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод мөрдөн байцаагчийн зарлан дуудах хуудсаар мөрдөн байцаатанд очиход 914900 төгрөгийн зардал төлсөн болох нь Изинис Эйрвейз ХХК-ийн онгоцны тийз, Аеро Монголиа ХХК-ийн онгоцны тийз зэргээр тогтоогдож байна. Хууль зүйн туслалцаа авахад 1500000 төгрөг өгсөн болох нь өмгөөлөгч Т.Даваасүрэн, П.Бабүрэн нартай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тогтоогдож байна.

Харин сэтгэл санааны хохирол 5000000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна. Нэхэмжлэгчээс эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд гэр бүлийн хүмүүс сэтгэл санааны гүн хямралд өртсөн, миний нэр төр алдар хүнд найз, нөхөд, олон нийтийн өмнө гутаагдсан гэж тайлбарлажээ. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй ба хэргийн болон М.Аын талаар олон нийтэд түгсэн мэдээллийнцар хүрээ байдлын талаар нотлох баримт байхгүй байгаа тул сэтгэл санааны хохирол гаргуулах боломжгүй байна.

Иймд Засгийн газрын нөөц сангаас 7552342 төгрөг гаргуулан Мы Ат олгож, илүү нэхэмжилсэн 5293439 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.4, 390.1.5, 397 дугаар зүйлийн 397.1-д заасныг тус тус баримтлан Засгийн газрын нөөц сангаас 7552342 төгрөг гаргуулан Мы Ат олгож, илүү нэхэмжилсэн 5293439 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК