Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01793

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01793

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02663 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 000 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д ХХК нь 2013 онд Баянзүрх дүүрэг, 00 хороо, 13 дугаар хороолол, Нарны зам, 000 дугаар байр, 90 айлын орон сууц / хотхон нэртэй/-г захиалж бариулсан. Б.А нь Д ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2013/274 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар орон сууцыг байнгын ашиглалтад оруулсан. Уг орон сууцыг Д ХХК-ийн зүгээс 2017 оны 02 дугаар сард н.А гэх хүнд худалдахаар захиалгын гэрээ байгуулж н.А тухайн байранд орж урьдчилгаа төлбөр мөнгөө өгсөн. Тухайн орон сууцанд н.А нь одоог хүртэл амьдарч байна.

1.2. н.А нь урьдчилгаа мөнгөө өгч, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй болохоор Д-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 онд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байх хугацаанд Б.А өөрийн нэр дээр тухайн орон сууцны гэрчилгээг гаргуулж авсан байсныг мэдсэн.

1.3. Д ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн цагдаагийн газар гомдол гаргаж, гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгалтын ажиллагаа явуулсан. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 3034 дугаар дүгнэлтээр Б.Аийн захиалгын гэрээний дагуу шилжүүлж авсан орон сууцны захиалгын гэрээ дээр зурагдсан гарын үсэг нь Ц.Гэ болон Г.А нарын гар үсэг биш болох нь тогтоогдсон. Мөн албан бичиг дээр зурсан гарын үсэг шинжээчийн дүгнэлтээр Ц.Гийн гарын үсгийг хуурамчаар зурсан нь тогтоогдсон.

1.4. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид ямар нэгэн байдлаар тухайн орон сууцыг бэлэглээгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир эрүүгийн журмаар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллааг явуулах боломжгүй учир хэргийг хаасан прокурорын тогтоол гарсан. Иймд Д ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 00 хороо, 13 хороолол, нарны зам, 000 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 65 м.кв талбайтай, 3 орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Б.А нь Д ХХК-ийн санхүүгийн тайланг 2009 оноос эхэлж гаргасан бөгөөд 2010 оны 12 сард Д ХХК-д нягтлангаар ажилласан. Тухайн үед нягтлан бодогчоор ажиллахад Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, хотхоны 413, 145 дугаар байр 2018 ашиглалтад орсон байсан бөгөөд урьдчилгаа төлбөр аваад байрандаа захиалагч нараас төлбөр тооцоогоо бүрэн дуусаагүй, зарагдаагүй байрнууд үлдсэн байсан. Б.А энэ асуудалд оролцож, зарагдаагүй байруудыг хүмүүст түрээслүүлсэн боловч түрээслэгч нар нь түрээс өгөхгүй олон сар, жил болсон. Б.А өр барагдуулж, 1-2 тэрбум гаруй төгрөгийн орон сууцыг борлуулсан.

2.2. Дээрх байрнуудтай холбоотой гомдол санал байнга гардаг байсныг Б.А нь тухай бүр шийдэж, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласан. 2013 онд санхүүжилт дутагдалтай байна гэхээр нь Б.А нь ХААН банкнаас зээл судалж өгсний дагуу 750,000 ам.долларын санхүүжилтийг Д ХХК-д шийдэж өгсөн.

2.3. Захирал Ц.Гэ нь Б.Ат баярлалаа гэж орон сууцыг өгсөн. Б.А нь тухайн орон сууцанд 2014 оны намар нүүж орсон. Б.А нь 2016 онд улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулж авсан. Б.А нь байрандаа амьдарч байтал захирал Ц.Гэ 2016 оны 11 сард н.Туяа 000 дугаар байрны хөрөнгө оруулагч байсан юм. Та түр гарчих нээх удахгүй танд байрыг чинь арай томруулаад өгье гэсэн. Б.А нь хэд хоногийн дараа Ц.Гэд итгээд байраа суллаж өгсөн. 2016 оны 12 сард компанийн үйл ажиллагааг зогсоож байгаа тул таныг ажлаас чөлөөлж байна гэж Ц.Гэ хэлж Б.А нь ажилгүй болсон. Тэгээд байрандаа буцаж орох гэтэл тухайн компани нь н.Даваасүрэн гэх хүнд эзэмшүүлсэн байсан. Дээрх орон сууцыг Б.Ат тухайн компанид ажилласных нь төлөө шагнаж, урамшуулж болгож өгсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 13 дугаар хороолол / /, Нарны зам гудамж 000 дугаар байр, 00 тоот, 65.26м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д ХХК-ийг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Б.А нь Д ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа компанийн тайлан тооцоог гаргахын зэрэгцээ баригдсан орон сууцуудыг зар сонинд зар өгч, 1-2 тэрбум гаруй төгрөгийн орон сууцуудыг ганцаараа худалдан борлуулж, холбогдох засвар үйлчилгээг тухай бүрт нь хийж, өдөр шөнөгүй ажилласных нь төлөө Д ХХК-ийн захирал Ц.Гэ нь өөрөө урамшуулж тухайн орон сууцыг бэлэглэсэн. Бэлэглэлийн гэрээг албан ёсоор байгуулаагүй ч үйл баримтаар тогтоогдож байгаа. Учир нь, тухайн орон сууцанд хариуцагч Б.А нь 2014 онд нүүж орсон бөгөөд 2016 онд улсын бүртгэлд газар өмчлөгчөөр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулж авсан.

4.2. Захирал Ц.Гийн эхнэр Н.А нь тухайн орон сууцыг бэлэглэснийг мэдэж байгаа хэдий ч шүүх хуралдаанд гэрчээр дуудан оролцуулсан боловч асуулт асуухаар дандаа мэдэхгүй, санахгүй гэх тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгч Д ХХК нь 2014 оноос 2022 он хүртэл тухайн орон сууцны талаар нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй.

4.3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар Д ХХК нь хариуцагч Б.Аээс дээрх орон сууцыг буцаан шаардах эрхгүй. Мөн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1. Б.А нь тухайн орон сууцыг гэмт хэргийн замаар хувьдаа авсан болох нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 231 дугаар тогтоолоор тогтоогдсон. Б.А өмчлөлийг шилжүүлж авах бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолд гомдол гаргаагүй учир өөрийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

5.2. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд бэлэглэлийн гэрээ амаар болон бичгээр байгуулагдаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацааны талаар огт яригдаагүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар 10 жил хугацаатай.

5.3. Д ХХК нь 2020 онд Б.Аийг мэдээд цагдаад гомдол гаргасан. Эрүүгийн асуудал нь дууссаны дараа иргэний хэргийн шүүхэд хандсан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Б.Ат холбогдуулан Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 000 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1. Хэргийн 8-9 дүгээр талд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн актаар хотхон Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 000 дугаар байр, 90 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгсөн.

3.2. Д ХХК-ийн захирал Ц.Хийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0085/16 дугаартай Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, Д ХХК болон Б.А нарын хооронд байгуулагдсан гэх 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 018/14 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны зам гудамж, 000 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Аийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгогдсон. /хх47-59/

3.3. Улмаар Б.Аийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн газарт гаргасан орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх хүсэлтийн дагуу уг орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд Э.Жагзмааг бүртгэсэн. /хх 62-64/

3.4. Э.Жагзмаа нь уг орон сууцнаас өөрт ногдох хэсгийг Б.Ат бэлэглэх 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр Б.А орон сууцыг дангаар өмчлөгч болсныг улсын бүртгэлд бүртгэсэн. /хх 74-77/

3.5. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 234 дугаар тогтоолоор Д ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.А нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус компанийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хотхоны 000 дугаар байр, 00 тоот орон сууцыг хуурамч бичиг баримт ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 09 дүгээр сард дуусан байх тул цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлийн 210600073 дугаартай хэргийг хаасан. /хх.35-36/

3.6. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 234 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3034 дугаар дүгнэлтээр хариуцагчийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, өмчлөх эрхийг шилжүүлсэн.

3.7. Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 онд чөлөөлж өгсөн.

Иймд анхан шатны шүүх Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 234 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3034 дугаар дүгнэлтийг үндэслэн хариуцагчийг тухайн орон сууцыг шударгаар олж аваагүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

4. Түүнчлэн, хариуцагч нь Д ХХК-д ажиллаж байсан хугацаанд нэхэмжлэгчээс түүнд уг орон сууцыг урамшуулал болгож шилжүүлсэн, бэлэглэсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

Иймд анхан шатны шүүх Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 13 дугаар хороолол / /, Нарны зам гудамж 000 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 65.26 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч "Д" ХХК-ийг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар 10 жил байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь уг хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхийн үндэслэлийг хуульд зааснаар үүсэх үүрэгт буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй хөрөнгөжих зохицуулалтад хамааруулсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна. Учир нь, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь өмчийн эрх зүйн зохицуулалтад хамаарах бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн зохицуулалтаар өмчлөгчөөр тогтоох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1-т гэснийг 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН