Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01792

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01792

 

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ч ХХК,

Хариуцагч: ББСБ ХХК,

Хариуцагч: С ХХК,

Хариуцагч: Б.Ө

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 2,120,828,366 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, С ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам гудамж 3 тоот хаягт байрлалтай, контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. , хариуцагч Б.Өгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагч С ХХК-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ч ХХК нь ББСБ ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,050,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдэгч ББСБ ХХК-д олгосон.

1.2. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн зөрчил үүсгэсэн. Зээлдэгч үндсэн зээлээс 109,068,888 төгрөг, хүүгийн төлбөрт 159,250,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,593,911 төгрөг, нийт 272,913,120 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дууссан.

1.3. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч С ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, //, Нарны зам гудамж 3 тоот хаягт байршилтай, контор, үйлчилгээний зориулалттай, 1260,6 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг, мөн хариуцагч С ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, үйлчилгээний зориулалттай 3649 м.кв талбайтай газар эзэмших эрхийг, хариуцагч Б.Өгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол улс гудамж, 412 дугаар байр, хаягт байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.4. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 940,941,112 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,101,950,960 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 216,305,895 төгрөг, нийт 2,259,187,967 төгрөгийг хариуцагч ББСБ ХХК-иас гаргуулж, зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ББСБ ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ц.Ө нь буу сумны төв, импортын үйл ажиллагаа явуулахаар зээл авах хэрэгтэй болсон бөгөөд Ч ХХК-аас түүнд зээл олгохгүй тул ББСБ ХХК-ийг зээл авч өгөх санал тавьсан. А ХХК нь энэ зээлээс 650,000,000 төгрөгийг авч ашиглаад, 650,000,000 төгрөгт ногдох зээлийн хүүг үндсэн 650,000,000 төгрөгийн хамт Ч ХХК-д төлөх, харин ББСБ ХХК нь үлдэх 400,000,000 төгрөгийг зээлийг хүүгийн хамт Ч ХХК-д төлөхөөр тохиролцсон. 3 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

2.2. ББСБ ХХК-ийн хувьд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зээлийн төлөлтийг хийсэн. Гэрээний хугацаа дуусахаас 2 сарын өмнө хүртэл үндсэн зээлд 109,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 159,000,000 төгрөг тус тус төлсөн. Ц.Ө нь 600,000,000 төгрөгт ногдох хүүг төлөөгүй. ББСБ ХХК-ийн хувьд орон сууцны барилга руу хөрөнгө оруулалт хийгээд зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас зээлийн зөрчил үүссэн.

2.3. ББСБ ХХК үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөд маргахгүй. Харин хүүгийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний дагуу төлөх ёстой хүүгийн ойлголт нь гэрээгээр тохирсон хүү байна. Хэтэрсэн хугацааны хүү гэдэг ойлголтод Банк эрх бүхий этгээд мөнгөн хадгаламжийн төлбөр тооцооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хэтэрсэн хугацааны хүү бол үндсэн гэрээний хүү тооцсон хэмжээнээс илүү гарч болохгүй гэж заасан. Анх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Тохирсон хүүгийн хэмжээ 150,000,000 төгрөгөөс хэтэрч болохгүй. Тиймээс нэхэмжлэгчийн удаа дараагийн нэмэгдүүлсэн шаардлагаар зээлийн хүүг нэмэгдүүлээд 2,2 тэрбум төгрөг болгон тооцож байгаа нь үндэслэлгүй. Хэтэрсэн хугацааны хүү бол 150,000,000 төгрөгөөр хязгаарлагдах ёстой.

2.4. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Банк мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль шинэчлэгдэн батлагдаад 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Өмнө үйлчилж байсан хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 болон 25.2 дахь хэсэгт заасны дагуу Ч ХХК хэтэрсэн хугацааны хүүг илүү тооцож нэхэмжлэх хууль зүйн боломжгүй. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн батлагдсан хуулийн зохицуулалт нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшоо Банк эрх бүхий этгээдээс зээл олгож байгаа тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг тооцож төлөх, өөрөөр хэлбэл үндсэн зээлийг ашигласан хугацаагаар бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүүг тооцож төлөх зохицуулалттай. Иймд нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.5. Мөн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд банкны зүгээс 2 хүн гарын үсэг зурсан. Нэг талаас үүрэг гүйцэтгэгч н.М, зээлийг судалсан эдийн засагч н.Ы, нөгөө талаас хариуцагч ББСБ ХХК болон С ХХК-ийн төлөөлөгч нар гарын үсэг зурсан. 2016 онд Ч ХХК-ийн ТУЗ хуралдаанд гүйцэтгэх захирлаар н.М томилогдож, ажиллаж байсан. Тус зээлийн гэрээ байгуулагдаад 12 сарын хугацаа дууссанаас хойш 4 сарын дараа н.М нь улсын бүртгэлийн байгууллагад Ч ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал гарч бүртгэгдсэн. Иймд барьцааны болон зээлийн гэрээнд н.М гарын үсэг зурах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй.

2.6. Банкны тухай хууль болон Монгол банкнаас гаргасан зээлийн үйл ажиллагааны журамд зээлдэгчийн дүрмийн сангийн хэмжээг тусгасан. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулах цаг хугацаанд ББСБ ХХК нь 400,000,000 төгрөгийн дүрмийн сантай байсан. Банкны тухай хууль болон Монгол банкнаас гаргасан арилжааны банкуудын зээлийн үйл ажиллагааны журамд зээлдэгчийн дүрмийн сангийн 50 хувиас илүү гаргаж зээл олгож болохгүй гэдэг зохицуулалт байхад тухайн үед ББСБ ХХК нь 400,000,000 төгрөгийн дүрмийн сантай байхад Ч ХХК нь 1,050,000,000 төгрөгийн зээл олгосон. Иймд зээлийн гэрээ нь хууль зөрчигдөж хийгдсэн хэлцэл байх боломжтой байна гэжээ.

3. Хариуцагч Б.Өгийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Ч ХХК болон ББСБ ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,050,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн бөгөөд энэхүү зээлийг авахдаа А ХХК-ийн хүсэлтийн дагуу зээлийг авсан. Уг зээлийн мөнгөн хөрөнгө Б.Өгийн хувийн дансанд ороогүй байхад хариуцагч Б.Өгаас зээлийн үүрэг шаардсан нь үндэслэлгүй. Хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн үүрэг Ч ХХК болон ББСБ ХХК-ийн хооронд үүссэн тул зээлийн гэрээний үүргийг ББСБ ХХК-аас шаардах ёстой.

3.2. Б.Ө нь барьцааны гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн бөгөөд түүний миний өмчлөлийн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Уг 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь Б.Өгийн нэр дээр байдаг, уг байрны бодит эзэмшил нь түүний ээжид байдаг. Уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Б.Өгийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж байгаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ. Уг орон сууц Б.Өгийн өмчлөл гэж үзэх баримт хэрэгт байхгүй. Иймд түүний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй.

3.3. А ХХК нь зээлж авсан 650,000,000 төгрөгт оногдох зээл, зээлийн хүүг төлөхгүй өнөөдрийг хүргэсэн бөгөөд ББСБ ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг төлж ирсэн ба компанийн санхүүгийн байдал муудаж цаашид зээл, зээлийн хүүг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

3.4. Дээр дурдсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дууссан бөгөөд талууд гэрээний хугацааг сунган гэрээнд ямар нэгэн байдлаар нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зээлийн хүүгийн талаар зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэг, 2 дэх хэсгийн дагуу зээлдэгчийн зээлийг ашигласан хугацаа буюу 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл зээлийг ашигласан гэж үзнэ.

Үүнээс үзвэл зээлдүүлэгчийн зээлийн хүү шаардах эрх нь зээлийн гэрээний хугацаагаар буюу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хязгаарлагдаж, зээлийн хүүг гэрээний хугацаагаар тооцож нэхэмжлэх ёстой. Иймд зээлдүүлэгч зээлийн гэрээний хугацаа хэтэрснээс хойш хүү тооцсон, тооцсон хүүгээсээ нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.

4. Хариуцагч С ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. С ХХК-ийн зүгээс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээнд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар зээлийн гэрээ гэж дурдсан боловч уг зээлийн гэрээг С ХХК-ийн захирал нь н.Бд танилцуулаагүй.

Зээлийн гэрээнд гэрээ байгуулсан талууд нь Ч ХХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч С.М, байгууллагын захирал Б.Алтангэрэл, зээлийн эдийн засагч Г.Ы, нөгөө талаас ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ө нар гарын үсэг зурсан. Тэр үед барьцааны гэрээнд гарын үсэг зураад, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Тиймээс мэдээгүй байхад зээлийн гэрээ байгуулсан тул энэ нь хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Тус барьцааны гэрээг харахад үүргийн барьцааны шаардлага түүний хэмжээ, хангах хугацаа тодорхойгүй. Барьцаа хөрөнгийг харилцан тохиролцсон үнэлгээ байгаа болохоос хэдэн төгрөгийн ямар үүргийг хангах нь тодорхойгүй, гэрээнд дурдаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл.

4.2. Мөн дээрх гэрээг байгуулахад Ч ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Л.Ө итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд С.М гарын үсэг зурсан. Түүнийг 2016 оны 2 сард ТУЗ-өөс томилсон гэж байгаа боловч тус ТУЗ-ийн тогтоол бусад эрхийн актууд Монгол банкинд очоод Монгол банкны ерөнхийлөгчөөс зөвшөөрөл аваагүй. Монголбанкны дүрмийн 4.4.4.1, 4.4.4.2, 4.3.1.3, 4.3.1.4, 4.4.5.4 зэрэг заалтуудыг зөрчсөн. Мөн Монголбанкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, 31.2.2-т Монголбанкны зөвшөөрснөөр гүйцэтгэх захирлыг томилох, мөн хэрэгт авагдсан Ч ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилсон ТУЗ-ийн тогтоол нь 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1.10-т заасан хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага гэсний дагуу гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн тохиолдолд 11.3-т тухайн хуулийн этгээд ажлын 15 хоногийн дотор энэ талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ гэснийг, мөн Ч ХХК ТУЗ-өөс гүйцэтгэх захирал томилсон тогтоолоо үндэслэн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийг аваагүй байсан. Энэ зөвшөөрөл нь улсын бүртгэлд бүртгэгдэж байж, мөн Монголбанкны ерөнхийлөгч болон Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн дагуу тусгай зөвшөөрлийн ажиллагаатай учраас улсын бүртгэлд бүртгэх эрх нь үүснэ. Гэтэл энэ эрхээ аваагүй, дээрээс нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Монголбанкны тухай хууль, Банкны тухай хууль, дээрээс нь Улсын бүртгэлийн тухай хуулиудыг зөрчсөн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй хэлцэл хийсэн гэж үзэж байна.

4.3. Ч ХХК-д хариуцагч ББСБ ХХК-ийн өгсөн баримтаас харахад 272,913,121 төгрөгийг үндсэн зээл болон хүүнд төлсөн байна. Үүнийг 1,050,000,000 төгрөгөөс хасахад 777,086,879 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар ББСБ ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, төлөх ёстой гэж үзэж байна. Үүнээс Ч ХХК нь ББСБ ХХК-уудын хооронд байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул тус гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,482,101,088 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

5.1. С ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ББСБ ХХК болон Ч ХХК нарын хооронд 3996\01СС-2016 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3, 166 дугаар зүйлийн 166.2 дах хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлага, түүний хүү, хэмжээ, үүргийг хангах хугацааг заана, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж, мөн уг барьцааны гэрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-11.4.9-т заасан барьцааны гэрээнд заавал тусгахаар хууль тогтоомжоор шаардсан шаардлагыг тусгасан буюу хангасан эсэхийг шалгахгүйгээр хүчин төгөлдөр бус барьцааны гэрээг байгуулсан байна.

5.2. Мөн барьцааны гэрээ байгуулахад С ХХК-аас барьцаанд авах гэж байгаа хөрөнгөтэй холбоотой, түүний үнийн талаар заасан үнэлгээний саналыг албан ёсоор өгөөгүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан тоот барьцааны гэрээний тохиролцоо хэсэгт ийнхүү талууд доор дурдсаныг хэлэлцэн тохиролцов гэсэн агуулгатай, мөн Барьцааны гэрээний 5, 6, 10, 11 дэх хэсэгт дурдсан нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээр баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь ББСБ ХХК болон Ч ХХК-ийн аль алинтай нь баталгааны гэрээ байгуулаагүй, мөн хуульд зааснаар баталгаа нь үндсэн үүргийг хангах нэмэгдэл үүрэг буюу шаардлага биш тул тоот барьцааны гэрээнд дээр дурдсан хууль тогтоомжийн дагуу барьцааны гэрээнд заавал тусгах шаардлагыг тусгаагүй гэж үзнэ, улмаар барьцааны гэрээнд заавал тусгах шаардлагуудын хувьд нэхэмжлэгчийн зөвшөөрлийг аваагүй нь тогтоогдож байх тул уг гэрээ хүчин төгөлдөр бус.

Дээр дурдсан 3996Ю1СС-2016 тоот зээлийн гэрээнд нэхэмжлэгч оролцоогүй тул уг гэрээний нөхцөлийн талаар мэдээгүй гэж үзнэ. Мөн барьцааны гэрээнд барьцааны зүйлээр баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байхад хянан шалгаж тодруулахгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Гүйцэтгэх захирал нь Ч ХХК-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-т 4.4.2, 4.3.1.3, 4.3.1.4, 4.4.5.4-т зохицуулжээ. Монголбанкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, 31.3.2, 11.1.10, 11.3 дахь заалтууд мөн Ч ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал томилсон тогтоолоо үндэслэн, мөн Эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл буюу Монголбанкнаас олгосон гүйцэтгэх захирал томилох зөвшөөрлийг үндэслэн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг бүртгүүлэх байжээ.

5.3. Гэтэл Монголбанкнаас гүйцэтгэх захирлаар С.Мийг томилох зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чинд өгсөн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд хуулиар эрх олгогдоогүй этгээд С.М нь гарын үсэг зуржээ. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл бөгөөд энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ББСБ ХХК болон Ч нарын хооронд 3996Ю1СС-2016 тоот барьцааны гэрээг байгуулахад Ч ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч С.М нь Ч ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн гэрээ байгуулах эрх олгогдоогүй байсан.

С ХХК нь Ч ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд татгалзаа хууль зөрчсөн хэлцэл байгуулсан учир дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл учир барьцааны гэрээний дагуу Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам гудамж 3, тоотод байрлалтай контор үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газрыг барьцаалсан нь үндэслэлгүй учир барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

6.1. Банкны үндсэн үйл ажиллагааны чиглэл нь зээлийн үйл ажиллагаа. Зээлийн үйл ажиллагаанд хэрэглэх ёстой гол гэрээ бол зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ гэх мэт гэрээ байдаг. Эдгээр гэрээ нь стандарт нөхцөлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байх тул ямар нэг байдлаар хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Гэрээний нөхцөлүүдийг харвал талуудын харилцан тохиролцсон зүйл гэдэгт Ч ХХК болон ББСБ ХХК-уудын хооронд байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ түүний хавсралт, нэмэлт өөрчлөлтөд заасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эдгээр хөрөнгүүдийг барьцаалж байна гэдэг зүйл заалт нь тодорхой дурдагдсан. Зөвшөөрөөд гэрээнд гарын үсэг зурсан. С ХХК-ийн гүйцэтгэх захирал нь өөрөө эдгээр хөрөнгүүдээр Ч ХХК болон ББСБ ХХК нарын хооронд байгуулагдаж байгаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалахыг зөвшөөрч байна гэсэн шийдвэр мэдэгдлийг банканд ирүүлсэн.

6.2. С.М захирлыг Ч ХХК-ийн ТУЗ-өөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Д/02 дугаар шийдвэрээр томилсон. Томилогдсоны дараа хавсралтад 2 тэрбум төгрөг хүртэлх гэрээнд гарын үсэг зурах, түүнийг баталгаажуулах эрх хэмжээ олгогдсон байна. Иргэний хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу энэ хүний хийсэн гэрээ хэлцлийг Ч ХХК болон Монгол банкнаас хүчин төгөлдөр бус гэсэн шийдвэрийг огт гаргаагүй. Тухайн үед байгуулагдсан болон түүний дараа байгуулагдсан гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ББСБ ХХК-аас 2, 259,187,967.05 төгрөг гаргуулж, Ч ХХК-д олгож, С ХХК-ийн гаргасан Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам гудамж 3 тоотод байрлалтай контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон дугаарын гэрчилгээтэй, тус хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай газрыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Ч ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны С ХХК-ийн өмчлөлийн Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол //, Нарны зам гудамж 3 тоот хаягт байрлалтай, контор үйлчилгээний зориулалттай, 1260,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, С ХХК-ийн газар эзэмших эрхийн дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороонд байршилтай үйлчилгээний зориулалттай 3649 м2 газар, Б.Өгийн өмчлөлийн Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Их монгол улс гудамж, 412 дугаар байрны ын 88.9 мкв талбайтай, 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 11,839,995.46 төгрөг, хариуцагч С ХХК-аас сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч ББСБ ХХК-аас 11,435,890 төгрөгийг болон хариуцагч С ХХК, Б.Ө нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

8. Хариуцагч ББСБ ХХК, Б.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд шүүхээс хариуцагч нараас гаргасан хариу тайлбарыг шийдвэр гаргахдаа огт анхаарч үзээгүй, хариуцагч талын хариу тайлбарын үндэслэлийг нотолсон баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн зээл авсан эсэх үйл баримтын талаар хариуцагч ББСБ ХХК-аас маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл төлбөрийн дүн дээр ч маргаагүй. Харин уг зээлийг авах болсон хэрэгцээ шаардлага нь хамтран хариуцагч С ХХК-ийн захирал Ц.Бгийн төрсөн дүү А ХХК-ийн захирал Ц.Өгийн хүсэлтээр оролцохоор болж тус зээлээс Хорсмэнклаб ХХК нь 650,000,000 төгрөгийг авсан ба уг дүнгээс бодож банканд зээл, зээлийн хүү төлөх, ББСБ ХХК нь үлдэх 400,000,000 төгрөгт ногдох хэсгээр зээл, зээлийн хүү төлөх ёстой байсан бөгөөд Ц.Ө нь өөрт холбогдох зээлээс бодож зээл, хүүг банканд төлөөгүй учраас зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А ХХК-ийнг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах, мөн Ц.Өг гэрчээр шүүхэд дуудан ирүүлж тайлбар, мэдүүлэг авах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүсэлт хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

8.1. Нэхэмжлэгч Ч ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 940,931,111.59 төгрөг, үндсэн хүү 1,101,950,960.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 216,305,895.27 төгрөг, нийт 2,259,187,967.05 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч ББСБ ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн дүн дээр ямар нэгэн байдлаар маргаагүй. Гэвч шүүхээс зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Шүүхээс хийсэн тооцоолол нь зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тооцооллын хүрээнд хийгдсэн байх ба нэхэмжлэгчийн тооцоолол алдаатай байхад шүүхээс үүнийг огт нягтлаагүй.

8.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай /2021 оны/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зохицуулалттайгаас гадна энэ хугацаанаас хойш аливаа этгээдээс олгосон зээлийн харилцаанд шинэ хуулийн зохицуулалт үйлчлэхээр байхад шүүхээс холбогдох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зохицуулалтаас үзвэл хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөх бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй байна. Маргаан бүхий зээлийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон үйл баримт хэргийн баримтаар нотлогддог. Зээлийн гэрээний хугацаанд 151,321,643.84 төгрөгийн хүү бодогдохоор талууд тохиролцсон байхад шүүхээс зээлийн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй байна.

8.3. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүү тус тус хэд болж байгааг шүүх ялгамжтай тодорхойлоогүйгээс шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү гэдэг нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү гэдэг нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаардаг тул шаардах эрхийн хууль зүйн үндэслэл нь өөр байдаг. Гэтэл шүүхээс гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүүгийн хэмжээ, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар ялгамжтай байдлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч ББСБ ХХК нь үндсэн зээлээс 109,068,888 төгрөг, зээлийн хүүнд 159,250,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,598,911.61 төгрөг, нийт 272,918,121.55 төгрөг төлсөн талаар маргаагүй тул хариуцагч нь гэрээний хугацаанд төлөх хүүг бүрэн төлсөн гэж үзнэ.

8.4. Харин хэтэрсэн хугацааны хүүгийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй байхад шүүх нэхэмжлэгчээс үндсэн хүүд тооцож нэхэмжилсэн 1,101,950,960.19 төгрөгийн шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Хуулийн дээрх заалтуудын талаар гаргасан Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал зөвлөмж хүчин төгөлдөр байгааг дурдаж байна.

8.5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т заасан бөгөөд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 тоот тушаалаар банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төдийгүй Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэдгийг зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолд тусгасан байна. Хуулийн дээрх зохицуулалт, Улсын дээд шүүхийн тогтоолоос дүгнэж үзвэл нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо төлөгдөөгүй байгаа зээлд оногдох хүүг тооцон гаргаж улмаар үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүүг тооцохоор байхад нэхэмжлэгчийн төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэж байгаа нь буруу, энэ талаар шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

8.6. Түүнчлэн, тухайн зээл авах, олгох хугацаанд ББСБ ХХК нь 400,000,000 төгрөгийн дүрмийн сантай байсан бөгөөд Банкны тухай хууль болон Монгол банкнаас гаргасан арилжааны банкны дүрмийн сангийн журамд зааснаар банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн 50 хувиас хэтрүүлж зээл олгохыг хориглодог тул 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 396/01/СС2016 тоот зээлийн гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан гэрээ гэж үзэхээр байхад шүүхээс хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: С ХХК нь Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам гудамж 3, тоотод байрлалтай контор үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн өмчлөгч, эзэмшигч юм. Бид манай компанийн өмчлөл, эзэмшлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ББСБ ХХК болон Ч ХХК-уудын хооронд тоот барьцааны гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3, 166 дугаар зүйлийн 166.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан барьцааны гэрээнд ... барьцаагаар хангагдах шаардлага, түүний хүү, хэмжээ, үүргийг хангах хугацаа-г заана, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна, гэж, мөн уг барьцааны гэрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-11.4.9-т заасан барьцааны гэрээнд заавал тусгахаар хууль тогтоомжоор шаардсан шаардлагыг тусгасан буюу хангасан эсэхийг шалгахгүйгээр хүчин төгөлдөр бус барьцааны гэрээг байгуулсан байна.

9.1. Мөн барьцааны гэрээ байгуулахад С ХХК-аас барьцаанд авах гэж байгаа хөрөнгөтэй холбоотой, түүний үнийн талаар заасан үнэлгээний саналыг албан ёсоор өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл дээр дурдсан тоот барьцааны гэрээний тохиролцоо хэсэгт ийнхүү талууд доор дурдсаныг хэлэлцэн тохиролцов гэсэн агуулгатай, мөн Барьцааны гэрээний 5, 6, 10, 11-т дурдсан нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээр баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь ББСБ ХХК болон Ч ХХК-ийн аль алинтай нь баталгааны гэрээ байгуулаагүй, мөн хуульд зааснаар баталгаа нь үндсэн үүргийг хангах нэмэгдэл үүрэг буюу шаардлага биш тул барьцааны гэрээнд дээр дурдсан хууль тогтоомжийн дагуу барьцааны гэрээнд заавал тусгах шаардлагыг тусгаагүй гэж үзнэ, улмаар барьцааны гэрээнд заавал тусгах шаардлагуудын хувьд нэхэмжлэгчийн зөвшөөрлийг аваагүй нь тогтоогдож байх тул уг гэрээ хүчин төгөлдөр бус юм. Дээр дурдсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч оролцоогүй тул уг гэрээний нөхцөлийн талаар мэдээгүй гэж үзнэ. Мөн барьцааны гэрээнд барьцааны зүйлээр баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байхад хянан шалгаж тодруулахгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

9.2. Гүйцэтгэх захирал нь Ч ХХК-ийн ХХК-ийн дүрмийн 4.4.1, 4.4.2, 4.3.1.3, 4.3.1.4, 4.4.5.4-т олгогдсон эрхийн хүрээнд гэрээ хэлцэлд гарын үсэг зурах талаар зохицуулжээ. Монголбанкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, мөн Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, мөн хэрэг авагдсан Ч ХХК-ийн гүйцэтгэх захирал томилсон төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 11.3 дахь хэсэгт заасныг мөн Ч ХХК ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал томилсон тогтоолоо үндэслэн, мөн Эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл буюу Монголбанкнаэс олгосон гүйцэтгэх захирал томилох зөвшөөрлийг үндэслэн итгэмжлэлгүй төлөөлөх этгээдийг бүртгүүлэх байсан.

9.3. Гэтэл Монголбанкнаас гүйцэтгэх захирлаар С.Мийг томилох зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ч ХХКанд өгсөн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд хуулиар эрх олгогдоогүй этгээд С.М нь гарын үсэг зуржээ. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл бөгөөд энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм Мөн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ББСБ ХХК болон Ч ХХК-уудын хооронд 3996Ю1СС-2016 тоот барьцааны гэрээг байгуулахад Ч ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч С.М нь Ч ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн гэрээ байгуулах эрх олгогдоогүй байсан болно. Энэ нь төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан бөгөөд арилжааны банкнаас Монгол банканд гүйцэтгэх захирал болон түүний үүргийг гүйцэтгэх этгээдийн эрх олгосон шийдвэр явуулж, зөвшөөрөл авснаар эрх нь үүсдэг болно. С ХХК нь Ч ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд татгалзаа хууль зөрчсөн хэлцэл байгуулсан учир дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл учир барьцааны гэрээний дагуу Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам гудамж 3, тоотод байрлалтай контор үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох газрыг Ч ХХК ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Ч ХХК-аас ББСБ ХХК нь 1,050,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөөр авах хүсэлт гаргаж гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тул энэ хэрэгт А ХХК болон гэрч н.Ө нарыг оролцуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Улсын Дээд шүүхийн зөвлөмжид зааснаас үзэхэд зээлийн гэрээний хувь хэмжээ болоод зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш эргэн төлөгдөх хүртэл хугацаанд бодогдож байгаа хувь хэмжээ нь үндсэн гэрээнд заасантай адил байна эсхүл бага байна гэсэн агуулгатай. Банк нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу үндсэн хүүгийн хэмжээ, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш эргэн төлөгдөх хүртэл буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсноор 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл зээлийн үндсэн хүүг бодохдоо гэрээнд заасан хэмжээгээр бодсон. Түүнээс биш их, бага хэмжээгээр бодоогүй.

10.1. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай шинэ болон хуучин хуульд хүүг эргэн төлөгдөх хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэсний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Үүнийг хангаж шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэж байна. Иргэний хуульд заасан гэрээнд тавигдах шаардлагаа биелүүлээгүй байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа боловч Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага тавигддаг. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагын хүрээнд хуульд заасан агуулгыг тодорхойлж хийгдсэн гэрээ байгаа тул хүчин төгөлдөр болсон. Мөн уг гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж Ч ХХК-ийн барьцаанд өнөөдрийг хүртэл хэвээр байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгаа тул шаардах эрхтэй. Банкны өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулахад заавал Монгол банк болон гуравдагч этгээдээс зөвшөөрөл авсан байхыг шаардахгүй. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлгүй. Төлөөлөн удирах зөвлөл тогтоол гаргаж н.М гэх хүнийг тогтоол гаргаж гүйцэтгэх захирлаар томилсон. Төлөөлөлд Ч ХХК-аас маргасан зүйл байхгүй, хүчин төгөлдөр гэж үзэж байна. Эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр. Хариуцагч нарын гаргаж байгаа давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 940,941,112 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,101,950,960 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 216,305,895 төгрөг, нийт 2,259,187,967 төгрөг гаргуулах, хариуцагч ББСБ ХХК, С ХХК, Б.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч ББСБ ХХК үндсэн зээлийн үлдэгдэл 940,941,112 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч маргасан.

3. Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, //, Нарны зам гудамж 3 тоот хаягт байршилтай, контор, үйлчилгээний зориулалттай, 1260,6 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг, нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, үйлчилгээний зориулалттай 3649 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

4.1. Ч ХХК болон ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч Ч ХХК нь 1,050,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэгч ХХК-д зээлүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамт зээлдүүлэгч Ч ХХК-д буцаан төлөхөөр харилцан тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. /1хх 13-16/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 1,050,000,000 төгрөгийг зээлдэгчид 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 350,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 400,000,000 төгрөг, 2016 оны 11 дүнгээр сарын 09-ний өдөр 345,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

4.2. Зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хүчин төгөлдөр. Иймд зээлийн гэрээг хууль зөрчиж байгуулсан, хүчин төгөлдөр бус гэрээ гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.3. Хариуцагч ХХК-ийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчсөнийг зээл, хүүгийн тооцооллын хуудас, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. /хх.105/

4.4. ББСБ ХХК зээлийн гэрээний үлдэгдэл 940,931,111 төгрөг, зээлд 109,068,888 төгрөгийн үндсэн зээл, 159,250,321 төгрөгийн хүү, 4,593,911 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 272,913,121 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргажээ.

4.5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2, 3, 4-т тус тус зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байх ба хэрэгт авагдсан талуудын тайлбар, зээлийн дансны хуулга, Ч ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэл зэрэг баримтуудаар хариуцагч зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна. /1хх 31-32/

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4.6. Анхан шатны шүүх хүүгийн төлбөрт хариуцагчаас нийт 1,101,950,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус зааснаас үзвэл зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлж дуусгах хүртэлх хугацаанд гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээг цуцлагдсан эсэхээс үл хамаараад гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Түүнчлэн, зээлийн гэрээний 3-т зээлийн хугацаа тооцож эхлэх өдрөөс эхлэн зээлдэгч нь зээлийн өр төлбөрийг зээлдүүлэгчид бүрэн барагдуулах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй зээлийн үндсэн дүнд жилийн 24 хувийн хүү төлнө гэж заасан нь талууд хугацаа хэтэрсэн хүүгийн талаар тохиролцсон гэж үзнэ. Иймд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино. Учир нь зээлийн хүүгийн хувь хэмжээг талууд гэрээнд тохиолцсоноос хэтэрсэн хүүгийн хувь хэмжээ хэтрээгүй байна.

4.7. Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 216,305,895 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Учир нь, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 216,305,895 төгрөг нь зээлийн хүүгийн төлбөр 1,101,950,960 төгрөгийн 20 хувиас хэтрээгүй байхаас гадна талууд гэрээний 4-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 20 хувь байхаар тохиролцсон байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд хариуцагч ББСБ ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 940,941,112 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,101,950,960 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 216,305,895 төгрөг, нийт 2,259,187,967 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

4.8. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч болон хариуцагч ББСБ ХХК, С ХХК, Б.Ө нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээгээр хариуцагч С ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, //, Нарны зам гудамж 3 тоот хаягт байршилтай, контор, үйлчилгээний зориулалттай, 1260,6 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг, мөн хариуцагч С ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байршилтай, үйлчилгээний зориулалттай 3649 м.кв талбайтай газар эзэмших эрхийг, хариуцагч Б.Өгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол улс гудамж, 412 дугаар байр, хаягт байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 17-30/

4.9. Талуудын хооронд байгуулагдсан дээрх барьцааны гэрээ нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхаас гадна гэрээнд барьцаалагчийн мэдээлэл, гэрээний 1-д барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, гэрээний 2.1-д барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг тус тус тодорхой заасан байна. Иймд барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

4.10. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээнд төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, Ч ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Д/02 дугаар гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоолоор С.Мийг гүйцэтгэх захирлаар томилсон, уг тушаалын хавсралтад 2 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий хэлцэл хийж, гэрээ байгуулах эрх хэмжээг олгосон байна. /2хх 9-11/

5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

5.1. Хариуцагч С ХХК нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус үндэслэлээр барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх агуулгаар тодорхойлсон.

Анхан шатны шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

6. Иймд нэхэмжлэгч Ч ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн С.Мид эрх олгоогүй байхад гэрээ байгуулсан гэх гомдлыг хангахгүй. Учир нь Төлөөлөн Удирдах зөвлөлөөс С.Мийг томилсноос гадна Улсын бүртгэлд бүртгүүлээгүй Монгол банкнаас зөвшөөрөл өгөөгүй нь банкны дотоод асуудал болохоос хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрчээр Ц.Өг асуулгах, А ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх А ХХК-ийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй, гэрч асуулгах хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд хамаарахгүй байна гэж дүгнэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01384 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ББСБ ХХК-аас төлсөн 6,749,235 төгрөг, хариуцагч С ХХК-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН