Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0208/З |
Дугаар | 282 |
Огноо | 2017-04-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 282
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа би, Ц.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Отгонбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Ц.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт миний бие гуравдагч этгээд Ч.Долгорсүрэнтэй эвлэрсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Отгонбаатар нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/53 дугаар захирамжийн иргэн Ч.Долгорсүрэнд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийтийн эзэмшлийн зам талбайг нарийсгаж, өөрийн эзэмшил газраасаа илүү хэмжээгээр газар эзэмшиж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эзэмшил газрын хэмжээнээс илүү хашсан байгаа газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу Ц.Отгонбаатар нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгч Ц.Отгонбаатар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Отгонбаатарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/53 дугаар захирамжийн иргэн Ч.Долгорсүрэнд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийтийн эзэмшлийн зам талбайг нарийсгаж, өөрийн эзэмшил газраасаа илүү хэмжээгээр газар эзэмшиж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эзэмшил газрын хэмжээнээс илүү хашсан байгаа газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Отгонбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА