Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1416

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04398 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч ХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие НХОГ-ын даргатай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсны үндсэн дээр 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтэст Төсөвчний албан тушаалд ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байхад ажил олгогч “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээг 1 жилийн хугацаатай буюу 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан ба уг хугацаа дууссан боловч миний бие ажил үүргээ гүйцэтгэсээр байсан. Гэтэл НХОГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаал гарч, надтай байгуулсан гэрээг дуусгавар болгосон. Миний бие ажиллах хугацаандаа аливаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Иймд НХОГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХХХ нь ХХтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан төсөвчний байнгын ажлын байр НХОГ-т байгаагүй. Энэ талаар нэхэмжлэгчтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах явцад сануулж байсан. Мөн нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан боловч ажил үүргээ гүйцэтгэсээр байсан мэтээр тайлбарлаж байна. Гэрээний хугацааг сунгаж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ХХийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ХХт ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7 498 429 төгрөгийг хариуцагч ХХХ-аас гаргуулж олгох, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч ХХХ-аас улсын тэмдэгтийн хураамжид 134 925 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ гаргасан давж заалдах  гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. Тухайлбал талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, НХОГ-ын дүрэм, бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай Нийслэлийн засаг даргын 2013 оны А/87 тоот захирамж, НХОГ-ын даргын баталсан бүтэц, схем зэргийг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Уг баримтад төсөвчний ажлын байр байхгүй ба ХХХХХХ нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан бүтэц орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг анхаарч үзээгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж заасныг зөрчиж Нийгмийн даатгалын дэвтэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан нэмэгдэл хөлс, урамшуулалыг тогтмол авч байсан гэж шүүх дүгнэсэн нь буруу. Хариуцагч ХХХХХХ нь байгууллагын үндсэн болон гэрээт ажилтнуудад хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран cap бүр үндсэн цалингийн 40 хувь хүртэл нэмэгдлийг Хөдөлмөрийн дотоод журам, урамшуулал олгох журмын дагуу олгодог. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т “Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого”, Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс,  зэргээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг.

Нэхэмжлэгч нь байнгын ажлын байр гэдгээ нотлоогүй ба түүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХХтэй ХХХХХХ нь Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байхад шүүх хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн. ХХХ-ын дүрэм, бүтэц, орон тоо хуульчлан батлах Нийслэлийн Засаг даргын 2013 оны А87 дугаартай захирамж, НХОГ-ын даргын баталсан бүтэц, схем зэргийг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Тухайн дурдсан баримтуудад төсөвчний ажлын байр байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох давж заалдах гомдлын шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь ХХХХХХтай 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 сарын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээний хугацааг сунгаж байсан. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулахыг нэхэмжлэгч шаардаж байсан. ХХ нь ХХХ-ын Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтэст харьяалагдаж, ХХХ-ын дотоод дүрэмд нийцүүлэн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Мөн бусад ажилчны адил ажлын цагийн горимд баригдаж ХХХ-ын техник хэрэгсэл, багаж хэрэгслээр ажил, үүргээ гүйцэтгэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ХХ нь НХОГ-ын Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтэст төсөвчний ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч НХОГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ХХтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй, харин тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгүүлж, ажлын хөлсийг тухай бүрд нь олгож байсан. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээтэй байсан тул гэрээг дуусгавар болгосон гэж маргасан байна.

            Нэхэмжлэгч ХХ нь 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч ХХХХХХтай Ажил гүйцэтгэх гэрээг 1 сарын хугацаатай байгуулж /х.х 5/ гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунган ажиллаж байгаад НХОГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас халагдсан үйл баримт тогтоогдсон байна.  

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд НХОГ нь ХХтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа гэрээний нийтлэг заалтын 1.4-т “...зураг төсөвт хяналт хийх, ...зураг төсвийг засварлуулж, хариуцсан инженерүүдээр гэрээ хийлгэх, ...эдийн засгийн харьцуулсан тооцоо судалгаа хийх,  материал, машин механизмын үнэ тарифын судалгаа хийх, холбогдох мэдээ тайланг гаргаж өгөх, танилцуулга бэлтгэх, удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг биелүүлэх...” зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байсан, захиалагчийн буюу өөрийн материалаар ямар нэг ажлын үр дүнг шилжүүлэх талаар тохиролцоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй байна.

Харин НХОГ-ын үндсэн бүтцийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан, түүнчлэн НХОГ-ын үндсэн бүтцийн хэлтэс доторх ажлын хуваарийг батлахдаа ХХ нь тухайлсан ажил үүргийг байнга хэрэгжүүлж байхаар хариуцуулсан /х.х 52, 53, 56/ зэргээс үзэхэд талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 16-наас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох хийж гүйцэтгэх ажил, олгох цалин хөлсний талаар тохиролцсон бөгөөд мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт цалин, хөлсийг хийсэн ажлын үр дүнд тохируулан ямар ч хэлбэрээр олгохоор талууд тохиролцож болох талаар заасан байдаг.

Нэхэмжлэгч ХХ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай гомдол гаргах, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорыг НХОГ-аас шаардах эрх үүссэн байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХ-ын төлсөн 135 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                                                                                   Д.ДАМДИН-ОД