Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.П, Б.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 690 дүгээр магадлалтай, Б.П, Б.Б нарт холбогдох 2033000640026 дугаартай эрүүгийн хэргийг тус аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Эрдэмбилэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Б,

 

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, М овогт Б.П нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.Б, Б.П нарыг бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 1 жил 10 хоног хорих ял тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Эрдэмбилэг хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэргийг прокурорт буцаасан байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Б.П, Б.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэл нь хянасан гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг анхаарч үзээгүй байна. Учир нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангахгүйгэгр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүхийн магадлалд прокуророос гэрч Ганцоож болон яллагдагч Б.П, Б.Б нарын зөрүүтэй мэдүүлгүүдээр яллагдагч нарыг мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдсэн гэж дүгнэсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Пын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Б.Г, Б.Т нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан. Гэрч нарын зүгээс яллагдагч нарын бусдын нэг тооны унага хулгайлсан үйлдлийн талаар мэдэх зүйлгүй, харин хулгайн гэмт хэрэг гарахаас өмнөх үйл явдал буюу н.Б гэх айлаас Б.П, Б.Б нар нь 2 тооны гүү ачиж явсан үйл баримтын талаар гэрчилсэн мэдүүлгийг өгсөн байдаг.

Гэрч Б.Г, Б.Т нарын мэдүүлэгт яллагдагч нарыг яллах болон цагаатгах нөхцөл байдлыг гэрчилсэн хэргийг шийдвэрлэлтэд нөлөөлөхүйц үйл баримтыг дурдсан нотолгооны ач холбогдолтой байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч яллагдагчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн явдалтай нь холбогдуулж мэдүүлэг авдаг тул түүний мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой. Иймд эрүүгийн хэрэгт яллагдагч /шүүгдэгчийн/ өгч байгаа мэдүүлэгт агуулагдаж байгаа мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудад харьцуулан авч үзэх шаардлагатай.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд 2020 оны 05 дугаар сарын 19-наас 2020 оны 05 дугаар сарын 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Туслах аж ахуй гэх газраас тус сумын иргэн Ц.Г-ын сартай, хар зүсмийн 1 тооны унага хулгайд алдагдсан нь тус сумын иргэн Ц.Ц-ийн адуунд Б.П-н өмчлөлийн гэх хүрэн гүүтэй хамт байсан үйл баримт тогтоогдсон. Тухайн мал хулгайлах гэмт хэргийн хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад яллагдагч Б.П нь Б.Бы хамт Батсүх гэх айлын гаднаас 2 тооны гүү ачиж Ц.Ц гэх айлд хүргэж өгөхөөр явсан бөгөөд ийнхүү явах замдаа иргэн Г.Г-ын 1 тооны унагыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болох нь тогтоогдож байгаа. Учир нь гэрч Б.Т-ын  “05 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед Б.П-тай уулзаад бид хоёр хамтдаа Хөтөл цемент шохойн үйлдвэр дээр очоод тэндээсээ 20 литр салерка худалдаж аваад 19 цаг 30 минутын үед цэргийн ангид байдаг манай аав н.Б рүү хамтдаа явсан. Тэнд очоод Б.Б, Б.П бид гурав хамт хар алаг зүсмийн, бас нэг гүү, зүсийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2 гүүг Б.П-ын Хьюндэй портер маркын машинд ачиж байхад Ганцоож нилээн халамцуу мотоциклтой ирээд үлдсэн нэг гүүг хамт ачилцаж өгчихөөд гэрлүүгээ явсан юм. Би бас тэгээд гэрлүүгээ явсан. Харин Б.Б, Б.П хоёр машиндаа суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Ц.Х-ын “2020 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед манай аавын хуурай дүү Б.П гээд ах цэнхэр өнгийн портер маркын тээврийн хэрэгсэлтэй 2 тооны адуу нэг тооны унага манайд ачиж ирээд манайд орж ирж цай уучихаад манай өөрийн уналагын гүүнүүд алга болоод байна. Нэг унагалах гэж байгаа гүү, нэг унагатай гүү байна гэж хэлсэн. Тэгээд би тэр адууг гэрийнхээ ойролцоо аргамжсан. Тэгээд тэр шөнө Б.П ах яваад өгсөн. Б.Пт надад манай адуунууд гэж хэлж байсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа болно. Мөн яллагдагч Б.Б “...05 дугаар сарын 19-нд Б.П ах надруу залгаад адуунаасаа 2 гүү барьж авмаар байна. Чи бариад уячих гэж хэлсэн. Би 17 цагийн үед адуундаа яваад цэргийн анги гэх газарт 18 цагт адуугаа авч ирсэн. Тухайн үед Б.П ах ирээд бид хоёр цугтаа хар алаг зүсмийн хүрэн зүсмийн гүү барьж авч уяад цэргийн анги гэх газарт орхиод би гэртээ ирсэн. ...Б.П ах гэртээ харина гээд явсан. 20 цагийн үед Б.П ах ирээд гүү ачилцаж өгөөч гэж гуйхаар нь Б.П ахын хамт цэргийн анги гэх газарт очиж 2 гүүг ачилцаж дуусаад байтал Б.П ах цуг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Ноёнбулаг гэх газарлуу хамт яваад ирье. Тэндээ 2 гүүгээ буулгах юм гэж гуйхаар нь зөвшөөрөөд Ноёнбулаг руу явсан. Тэгээд замдаа явж байтал Цагаанчулуутын ар гэх газарт машины гэрэлд нэг унага замын хажуу талын пойлны торонд орооцолдоод зогссон байсан. Тэгсэн Б.П ах машинаа зогсоогоод наад унагаа бариад авчих үзье гэхээр нь би буугаад тэр унагыг барьж аваад үзтэл хар унага байсан. Б.П ах энэ унагыг аваад явчихая гэж хэлээд машиндаа ачаад цааш хөдөлсөн. Тэгээд Ноёнбулаг гэх газарт 00 цагийн үед очсон. Тэндээ хоёр гүүгээ нөгөө унаганы хамт буулгасан. Би урьд нь Ганболдын ахын цагаан азаргатай адуунд тухайн унага явж байхыг харсан. Тэгээд н.Г ахын унага байна гэж мэдсэн” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй, холбогдох гэрчүүдийн мэдүүлгүүдэд үнэлэлт дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна гэх хууль ёсны зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

Прокурорын эрх зүйн хэлбэрийн нэг болох яллах дүгнэлтийн хууль ёсны болон үндэслэлтэй байх шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд хуульчилсан. 2033000640026 дугаартай хэрэгт үйлдсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай прокурорын яллах дүгнэлтэнд яллаж байгаа хэргийн агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирлыг бүрэн тусгаж зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дурдсан, хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байтал давж заалдах шатны шүүхээс Б.Бд холбогдох эрүүгийн 2033000660027 дугаартай хэргийг Б.Б, Б.П нарт холбогдох эрүүгийн 2033000640026 дугаартай хэрэгт нэгтгэсэн атал энэ талаар яллах дүгнэлтэнд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-д заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ” гэснийг анхаарч үзэлгүйгээр хуульд заагаагүй үндэслэлийг магадлалд дурдсан байна.

Мөн магадлалын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б, Б.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй” гэсэн нь хэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянасан гэхэд эргэлзээ төрөхөөр байна. Учир нь шүүгдэгч Б.Б, Б.П нарыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолоор урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьсон болно. Прокуророос давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 69 дугаартай магадлалын дээрх заалтад залруулга хийлгэхээр 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргасан болно.

Иймд яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн шийдвэр гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд Б.П, Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээПрокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Б.П нарыг бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэг буюу эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Пын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хариуцлага хүлээлгэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн шүүгдэгч нь Б.П нь нэг удаагийн үйлдэл, Б.Б хоёр удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байхад тэдгээрт оногдуулсан ял ижил байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянахдаа хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдэд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх хуульд заасан шаардлагыг хангаагүй. Мөн шүүгдэгч нар гэм буруутай эсэхэд хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Эрдэмбилэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.П, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.П, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг, Туслах аж ахуй гэх газраас тус сумын иргэн Ц.Г-ын сартай, хар зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Ц.Г-д 550,000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг, “Шийрийн бригад” гэх газраас иргэн Х.Ш-ын бор хээр зүсмийн 1 тооны унагыг шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Х.Ш-т 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Тухайлбал, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн атлаа мөн зүйлийн 2.4-т заасан “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

 

 Мөн шүүгдэгч Б.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэн Ц.Г-ын 1 тооны унагыг Б.Б-тай бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийн талаар маргасан байтал шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2-т зааснаас доогуур ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөхөөр тогтоосон нь үндэслэлтэй боловч хэргийг прокурорт буцаасан нь оновчгүй шийдвэр болжээ.

 

Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэргийг прокурорт буцааж хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчдийн эрх зүйн байдалд нөлөө үзүүлэхээргүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзлээ.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 690 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.П, Б.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай”,

2 дахь заалтыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

                    

 

            ДАРГАЛАГЧ                                       Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР

               Б.БАТЦЭРЭН                 

               Ч.ХОСБАЯР

               Б.ЦОГТ