Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны  Б танхимд хийсэн хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод суманд 1982 оны 03-р сарын 24-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, хувиараа ясли ажиллуулдаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 27 тоотод оршин суух, РД: НЭ 82032461, Боржигон овогт Хорлоогийн Үржинбадамын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Улаанбаатар хотод 1983 оны 01-р сарын 20-ны өдөр төрсөн, 33 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1,  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Бумбат 3-13 тоотод оршин суух, РД: НЕ 83012071, Мэргэн овогт Өлзийбатын Уламбаярт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06-р сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Х.Үржинбадам, хариуцагч Ө.Уламбаяр нар оролцов.

                                                                                           Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Х.Үржинбадам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ө.Уламбаяртай 2001 онд гэрлэлтээ батлуулж 2002-02-02-нд том охин У.Цэнд, 2007-12-24-нд бага охин У.Ариунаа нар төрж 10 жил хүргэн ахынд нь хамт амьдарсан. Энэ хугацаанд Уламбаяр өөрийн гэсэн орон байртай болж өрх тусгаарлаж амьдрах бодолгүй байсан. Хятад компанид ажилд орсноос хойш архи ууж орон гэртээ ирэхгүй болсны улмаас бидний харьцаа муудаж 2012 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Уламбаяр алдаа дутагдлаа засаж эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарна гэсэн боловч тэр өдрөө архи уугаад алга болсон. 2012 оны шүүх хурлаас хойш хамт амьдраагүй, тусдаа өөр хүнтэй амьдарч байгаа. Иймд Уламбаяраас гэрлэлтээ цуцлуулж охин У.Цэнд, У.Ариунаа нар миний асрамжиндаа авч, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Тусдаа амьдарсанаас хойш хоёр охин миний асрамжинд байгаа, хоёр хүүхдээ салгахгүй, энэ хугацаанд өдрийн тал ч аав дээрээ байгаагүй. Уламбаяр өөр хүнтэй суусан учир хүүхдээ өгөхгүй. Бид эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Хариуцагч Ө.Уламбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001 онд Х.Үржинбадамтай гэр бүл болж 2002 онд том охин У.Цэнд, 2007 онд бага охин У.Ариунаа нар төрсөн. Гэр бүлээ цуцлуулахад эсэргүүцэх зүйлгүй. Эд хөрөнгийн маргаангүй. Надад тодорхой эрхэлсэн ажил, тогмтол цалин орлогогүй учир хүүхдийн тэтгэлэгийг өгөх боломжгүй. Бага охин У.Ариунааг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Охиноо өөрийн асрамжинд авлаа гэхэд эхний ээлжинд Төв аймагт байдаг ээж дээрээ аваачиж өгөөд дараа нь өөрөө ажилтай болохоороо өөр дээрээ авна. Үржинбадам өөрөө өөр хүн дагаад явсан, би ч гэсэн одоо хамтран амьдрагчтай болсон гэжээ.  

                                                                                  Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Х.Үржинбадам нь хариуцагч Ө.Уламбаяраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Х.Үржинбадам, хариуцагч Ө.Уламбаяр нар нь 2001-10-04-ний өдөр гэр бүл болж 2002-04-28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Нэхэмжлэгч Х.Үржинбадам 2002-02-02-ны өдөр охин У.Цэнд, 2007-12-24-ний өдөр охин У.Ариунаа нарыг төрүүлсэн байна. Нэхэмжлэгч Х.Үржинбадам, хариуцагч Ө.Уламбаяр нар нь 2012 оноос тусдаа амьдарч байх хугацаанд У.Цэнд, У.Ариунаа нар эх Х.Үржинбадамын асрамжинд байсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Х.Үржинбадамын нэхэмжлэлтэй Ө.Уламбаярт холбогдох иргэний хэргийг 2012-09-06-ны өдрийн 86-р шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэсэн боловч энэ хугацаанаас хойш хамт амьдраагүй тус тусдаа хамтын амьдралтай болсон байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзлээ. Ө.Уламбаяр 2007 онд төрсөн охин У.Ариунааг өөрийн асрамжинд авах хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Хариуцагч Ө.Уламбаяр нь өөрийн гэсэн гэр оронгүй, тогтсон ажилгүй, орлогогүй байх тул охин Ариунааг түүний асрамжинд үлдээх боломжгүй байна. Х.Үржинбадамын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Хариуцагч Ө.Уламбаяраас 2002-02-02-ны өдөр төрсөн охин У.Цэндэд амьжиргааны доод түвшингийн хэмжээ 160800х1=1929600 төгрөг, 2007-12-24-ний өдөр төрсөн охин У.Ариунаа нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувь 80400х12=964800 төгрөг, 1 жилийн хүүхдийн тэтгэлэгт ногдох 2894400 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 61260 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, нэхэмжлэгч Х.Үржинбадамын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Ө.Уламбаяраас мөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох. Зохигч нь эд хөрөнгийн маргаан байхгүй гэсэн болно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1,116; 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Мэргэн овогт Өлзийбатын Уламбаяр /РД: НЭ83012071/, Боржигон овогт Хорлоогийн Үржинбадам /РД: НЭ82032461/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-д зааснаар 2002-02-02-ны өдөр төрсөн охин У.Цэнд, 2007-12-24-ний өдөр төрсөн охин У.Ариунаа нарыг эх Х.Үржинбадамын асрамжинд үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2002-02-02-ны өдөр төрсөн охин У.Цэндийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2007-12-24-ний өдөр төрсөн охин У.Ариунааг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар бүр эцэг Ө.Уламбаяраас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.                                                                       

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Үржинбадамаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Уламбаяраас 70200 төгрөгийг гаргуулж Х.Үржинбадамд олгох, 1 жилийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61260 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

            5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Үржинбадамд даалгасугай.

            6.  Эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

            7. Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Отгонцэцэгт даалгасугай.

            8. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

           9. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

          11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                 Т.БОЛОРМАА