Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01808

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01808

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/02308 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: С ХХК,

Хариуцагч: Ш.

Нэхэмжлэлийн шаардлага: С ХХК-аас бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт шилжүүлсэн 135,766,400 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу гарсан 142,969,950 төгрөг, нийт 278,736,350 төгрөг гаргуулах, Ш.аас хамтран ажиллах гэрээний дагуу гарсан зардал 100,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэгт 180,444,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. М ХХК нь өмнөх М ХХК гэсэн нэртэй байхдаа 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр С ХХК-тай Хайлуур жонш худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр С ХХК нь тодорхой чанар, хэмжээ бүхий хайлуур жонш буюу бүтээгдэхүүнийг худалдан авагч болох М XXК-д нийлүүлэхээр, худалдан авагч нь бүтээгдэхүүний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш худалдан авагч М ХХК нь бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт нийт 320,822,400 төгрөгийг С ХХК-д төлж гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Харин худалдагч С ХХК нь 185,056,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлэн 2018 оны 02 дугаар сарын байдлаар 135,766,400 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болсон. Улмаар С ХХК-ийн захирал Ш. нь Худалдах-худалдан авах гэрээ-ээс үүссэн тооцооны үлдэгдлийг төлөх, тухайн гэрээг үргэлжлүүлэх болон хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулах санал тавьсан тул М ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр С ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулсан.

1.2. Хамтран ажиллах гэрээгээр С ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд М ХХК нь нунтаг болон бүхэллэг жоншийг өөрийн зардлаар олборлон, нийт олборлосон бүтээгдэхүүний 30 хувийг С ХХК-д ногдуулахаар харилцан тохирсон. С ХХК-д ноогдох бүтээгдэхүүнийг эгүүлэн М ХХК нь худалдан авахаар болсон. Хамтран ажиллах гэрээний дагуу М ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүтээгдэхүүний олборлолтын ажил явуулахад шаардлагатай бүхий л зардлуудыг гарган, уурхайн үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байсан. Гэвч С ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчин тодорхойгүй шалтгаанаар М ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг шууд зогсоож, 2018 оны 04 дүгээр сараас тус оны 11 дүгээр сар хүртэл, 2019 оны 03 дугаар сараас тус оны 06 дугаар сар хүртэл тус тус удаан хугацааны сул зогсолт бий болгосон. Сүүлд дахин үндэслэлгүйгээр 2019 оны 10 дугаар сард М ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоосноос хойш дахин үйл ажиллагааг нь явуулуулаагүй, бүтээгдэхүүн олборлох ажлыг эхлүүлээгүй.

1.3. М ХХК нь Хамтран ажиллах гэрээ-ний үндсэн дээр уурхайн үйл ажиллагаанд зориулан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 136,097,815 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 114,392,409 төгрөгийн, мөн оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 22,849,650 төгрөгийн, нийт 273,339,874 төгрөгийн зардал гаргасан. С ХХК-ийн захирал Ш.д 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 100,000,000 төгрөгийг өгсөн.

М ХХК нь Хамтран ажиллах гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлж нийтдээ 373,339,874 төгрөгийг зарцуулсан боловч С ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ удаа дараа зөрчин, уурхайн үйл ажиллагааг шалтгаангүйгээр зогсоосны улмаас М ХХК нь бүтээгдэхүүн олборлож чадалгүй үр ашиггүй зардал гаргасан. Дээрх асуудлуудын талаар С ХХК-д удаа дараа мэдэгдэж, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх, худалдах-худалдах авах гэрээний тооцооны үлдэгдлийг төлж барагдуулах, улмаар хамтран ажиллах гэрээний хүрээнд гаргасан зардлуудыг танилцуулан шаардахад С ХХК-ийн захирал Ш. нь хүлээн зөвшөөрдөг, шаардлагатай шийдвэрүүдийг гаргана гэдэг боловч өдийг хүртэл арга хэмжээ аваагүй.

Иймд М ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт шилжүүлсэн 135,766,400 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу гарсан нийт 373,339,874 төгрөгийн зардлыг С ХХК-аас гаргуулна. Хамтран ажиллах гэрээний дагуу гарсан зардлуудаас хөдөө орон нутгаас болон БНХАУ-аас шууд худалдан авалт хийсэн зардлын баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн стандартыг хангахуйц баримт болж чадахгүй нь аудитын дүгнэлтээр тогтоогдож байх тул аудитын дүгнэлтэд үндэслэн хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжилсэн шаардлагаа багасгаж, 142,969,950 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна.

1.4. Тухайн үед үйл ажиллагааг эхний удаад зогсоосны дараа манай компанийг 100,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр дахин төлсөн тохиолдолд уурхайн үйл ажиллагааг эхлүүлж болно гэсэн. Үүний дагуу нэгэнт уурхай дээр бэлтгэл ажлууд их хийж, зардал гаргасан тул цаашид ажиллавал бүтээгдэхүүн олборлож чадна гэж найдан С" ХХК-ийн захирал Ш.ын хувийн дансанд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эрх бүхий талбайд үйл ажиллагаа явуулах эрх олгосны хариу жонш худалдан авалтын урьдчилгаа төлбөр болгож 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Ш. нь, гэрээний үүргээ биелүүлээгүй, уурхайн үйл ажиллагааг зогсоож биднийг хохироосон. Иймд Ш.аас хамтран ажиллах гэрээний дагуу хайлуур жонш худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч С тайлбар, татгалзлын агуулга:

2.1. С ХХК нь Дорноговь аймгийн Й суманд орших Цагаан элгэн нэртэй MV009968 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшдэг бөгөөд М ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ-г, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-г тус тус байгуулан ажилласан. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр эсэх тал дээр маргаан байхгүй.

2.2. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээний 5.2.4, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 5.1.2-т зааснаар нэхэмжлэлд дурдсан тусгай зөвшөөрөл бүхий талбайд нунтаг болон бүхэллэг жоншийг олборлох, ангилах, тээвэрлэх, савлах зэрэг зардлуудыг хариуцагч байгууллагаас шаардаж буй нь үндэслэлгүй. Гэрээний үүргийг хариуцагч талаас зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчээс шалтгаалан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсоныг нэхэмжлэгч нотлоогүй. М ХХК-ийн буруутай үйлдэл, мэргэжлийн бус уурхайчдын буруутай үйл ажиллагааны улмаас зогссон.

2.3. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ нь тус тус одоог хүртэл хүчин төгөлдөр гэж хариуцагчийн зүгээс ойлгож байгаа бөгөөд гэрээг цуцалсан, татгалзсан талаарх хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. С ХХК-ийн захирал Ш. 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Й суманд орших Цагаан элгэн нэртэй газарт байрлах уурхайд очиж нөхцөл байдалтай танилцсан. Ахлагч А, А, Р, Ц, О, Н, Х, Л гэх нэр бүхий найман уурхайчин ажиллаж байсан. Дээр дурдсан нэр бүхий уурхайчид нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд ирсэн бөгөөд мөн оны 02 дугаар сарын 21-ний өдөр тэсэлгээ хийж, 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хайлуур жонш олборлолтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цахилгааны утсанд мэргэжлийн бус хүний ажиллагаанаас шалтгаалан масс үүсэж агааржуулалтын компрессор шатсанаар цаашид үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болсон.

3.2. М ХХК-ийн ажиллуулсан дээрх ажилчид 2 сар 10 гаруй хоногийн хугацаанд ажиллахдаа 80 метр чигээрээ, 6 метр дээшээ, тахир штрек 3 метр жоншийг буулгаж авсан. Нийт 500 гаруй тонн хайлуур жоншийг буулгаж авсан гэх мэдээллийг нэхэмжлэгчийн уурхайчдын ахлагч А нь өөрийн тэмдэглэлийн дэвтрээс харж хэлж өгсөн. Уг тэмдэглэлд 82+14=96, цэвэр 98 тонн нийт 4 удаа, довш-355 тонн нийт 6 удаа машин явсан, цэвэр 32+11+39+14=84, үлдэгдэл шигшсэн 10 тонн байгаа тэмдэглэлийг танилцуулсан.

3.3.Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 3.1-т зааснаар гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч нь гэрээний үүргээ үл биелүүлж, хэчнээн хэмжээний жонш болон шороог олборлосон эсэх талаар мэдээллийг хариуцагчид өгөөгүй. Олборлосон бүтээгдэхүүний хариуцагчид ногдох 30 хувийн төлбөр тооцоог хийж гүйцэтгээгүй. Талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан FSР-17-05 тоот Хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ-ээр олборлосон ажлын гүйцэтгэлийг 2018 оны 02 дугаар сарын 21-нээс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд зарцуулсан тэсрэх бодисын зарцуулалтаар тооцсон тооцооноос үзэхэд 1102,4 кг тэсрэх бодисоор 526 тн уулын цул олборлох боломжгүй. Тус компани нь гэрээт ажлын хугацаа дууссан тэсрэх материал ашиглаагүй. 2017 ны 01 дүгээр сарын 16-ны өдөр агуулахын үлдэгдэл материалыг харьяа аймгийн Онцгой байдлын улсын байцаагчийн хяналтан дор устгал хийж дуусгасан. Дээр авагдсан тооцооллын хүрээнд нэхэмжлэгч байгууллагыг бүтээгдэхүүн олборлолт хийсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэгэнт нэхэмжлэгч нь маргаан бүхий уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болон зардлыг бүхэлд нь шаардаж байх тул 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нийт олборлосон 727,6 жонш буюу түүний төлбөр 180.444.800 төгрөгийг Мон минерал майнинг энд трейд ХХК-аас шаардах эрхтэй байна. Иймд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэгт 180,444,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч М ХХК-ийг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. М ХХК шаардлагатай зардлуудыг гаргаж нийт 3 удаагийн оролтоор уурхайд хөндлөн нэвтрэлтийн ажил болон уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэн гүний уурхайн үндсэн судалдаа хүрсэн боловч жоншийг олборлож чадаагүй байхад С ХХК нь өөрсдөө үйл ажиллагааг зогсоон гэрээний үүргээ зөрчсөн. Одоо оператор талыг бүтээгдэхүүн олборлосон гэж үзэн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

4.2. Уурхайд нэвтрэлтийн ажлыг хийж гүйцэтгэх явцад буюу жоншны үндсэн судал хүртэлх ажилд нунтаг хар шороо болон өөр төрлийн шороо гардаг боловч үүнийг жонш буюу гэрээний дагуу олборлох агуулгатай бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй байсан тул компани өөрсдийн гол зорилго болох гадаад худалдаанд ч тус бүтээгдэхүүнийг гаргаагүй, уурхай дээр овоолоостой байсан. Мөн тоо хэмжээг нь ч тухайн үед тогтоох шаардлагагүй байсан тул уурхайн үндсэн судалд хүрэх нэвтрэлтийн ажлаа үргэлжлүүлж байсан. Оператор М ХХК нь уурхайн үндсэн судалдаа хүрэх нэвтрэлтийн ажлыг хийсэн боловч үндсэн зорилгодоо хүрч чадалгүй жонш бүтээгдэхүүнийг олборлож чадаагүй гэдгээ удаа дараа уурхай эзэмшигч С" ХХК-д мэдэгдсэн. Жонш буюу бүтээгдэхүүн олборлож чадаагүй, үр ашиг хүртээгүй учраас манай компани нь үр ашиг хүртэхээр дахин дахин уурхайн үйл ажиллагааг эхлүүлж байсан. Уурхай эзэмшигч С ХХК нь уурхай дээр тогтмол үзлэг, шалгалт байнга хийж уурхайн нөхцөл байдалтай танилцдаг нэвтрэлтийн ажлын явцад шороо зэргийг хянадаг байсан ч өдийг хүртэл гэрээний дагуу олборлосон бүтээгдэхүүний үнэ гэж төлбөр шаарддаггүй байсан.

4.3. С ХХК нь тэсрэх материалын бодисын зарцуулалт болон уурхайн тэсэлгээний ажлын тайлан баримт зэргийг үндэслэн нийтдээ 727,6 тонн жонш олборлосон гэж үзсэн байна. Угаас гүний уурхайд ажлыг хийхэд тэсэлгээ хийх нь ойлгомжтой бөгөөд оператор талын гаргасан зардлын ихэнх хэсэг нь ч тэсрэх материалын болон тэсэлгээний үйлчилгээний зардал байсан. Гэтэл тухайн ажлын баримт материалын тайлан мэдээг үндэслэн өөрсдийн дураар бүтээгдэхүүний тоо хэмжээг гаргах боломжгүй. Өмнө нь С ХХК нь уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнийг пүүний бичгээр тогтоодог тул М ХХК-аас олборлосон бүтээгдэхүүний пүүний бичгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд тавьж байсан. Одоо уурхайгаас олборлосон бүтээгдэхүүний тоо хэмжээг тэсрэх материалын бүртгэл тайлан хөтлөлт, тэсрэх материалд хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр тооцож төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

4.4. Талууд хамтран ажиллах гэрээний дагуу олборлосон бүтээгдэхүүний үнийг худалдах-худалдан авах гэрээнд заасан үнээр тооцохоор харилцан тохирсон. Гэрээнд ФК-85 агуулгатай бүтээгдэхүүний үнэ тутамд 250,000 төгрөг байхаар заасан. Уурхайд үндсэн судалдаа хүрэх хөндлөн ажлыг хийх явцад ийм өндөр агуулгатай бүтээгдэхүүн гарах боломжгүй. Уурхай эзэмшигч С ХХК нь оператор тал болох М ХХК-ийг уурхайгаас маш сайн чанарын бүтээгдэхүүн буюу ФК-85 агууламжтай жоншийг олборлосон гэдгийг нотолно. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар С ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 135,766,400 төгрөг, Ш.аас 70,000,000 төгрөг гаргуулж, М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 172,969,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, М ХХК-аас 180,444,800 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,703,481 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,060,174 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 836,782 төгрөг, хариуцагч Ш.аас 507,950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. М ХХК болон С ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу худалдан авагч тал гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх, худалдагч тал гэрээний хавсралт 1, 2-т заасан чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргийг талууд тус тус хүлээсэн. Мөн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-г талууд байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу уурхай нь Дорноговь аймгийн Й суманд орших, Цагаан элгэн нэртэй М\/-009968 дугаартай тоот ашиглалтын тусгай зөвшөөлийн талбайд оператор тал болох Мон мениралс Майнинг энд трейд ХХК нь нунтаг болон бүхэллэг хайлуур жоншийг гүнийн уурхайн аргаар олборлож, 70 хувийг авч, үлдэх 30 хувийг С ХХК-иас үнэ тохиролцон худалдан авахаар талууд тохиролцсон. Ийнхүү М ХХК-ийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд бид 136,097,815 төгрөгийн зардал гаргаж, уурхайн нэвтрэлтийн ажил буюу бэлтгэл ажлыг эхлүүлэн ажлын явц дунд зогсоосон. Улмаар бидний зүгээс гаргасан зардал мөнгийг нэхэмжлэхэд С ХХК-ийн захирал Ш. нь 100,000,000 төгрөг төлбөл уурхайн ажлаа эхлүүлж болно гэсэн хариу өгсөн учир бидний зүгээс Ш.ын дансанд 100,000,000 төгрөгийг төлж ажлаа эхлүүлсэн. Үүнээс хойш С ХХК-ийн зүгээс хоёр ч удаа бидний ажлыг ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар 2019 оны 03 дугаар сард, мөн 2019 оны 06 дугаар сард зогсоосон. Манай компанийн зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлж, тайлбар хийхийг шаардсан боловч бидэнд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Сүүлдээ С ХХК-ийн удирдлагууд бидэнтэй холбогдохоо больсон. Хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг цахилгааны утсанд буруу холболт хийж, масс үүсгэж, агааржуулалтын компрессор гүнд орох боломжгүй агааржуулалтгүй болсон, уурхайн гүнд буруу нэвтрэлт малтлагаа хийсэн талаар бидэнд огт мэдэгдэж байгаагүй. Өөрсдөө анхнаасаа манай компаниар гол ажиллаа гүйцэтгүүлж, жоншны үндсэн судалд хүргэх зорилготой байсан. Хамтран ажиллах гэрээ-г цуцалж байгаа талаар бидэнд огт хэлээгүй. Шүүх дээр ирээд гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч өөрөө буруутай гэсэн тайлбар хийсэн.

6.2. Иргэний хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч С ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцалсан гэх тайлбараа нотолж чадаагүй. Энэ талаар мэтгэлцээн явуулаагүй, мөн гэрээг цуцалсан гэж байгаа болов ч цуцалж байгаа талаар нөгөө талдаа мэдэгдээгүй гэх зэрэг үйл баримтад шүүх бодитой дүгнэлт өгөөгүй.

6.3. М ХХК болон С ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу Дорноговь аймгийн Й суманд орших Цагаан элгэн нэртэй М\/-009968 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд оператор тал буюу М ХХК-ийн нунтаг болон бүхэллэг хайлуур жоншийг гүнийн уурхайн аргаар олборлож 70 хувийг авч, 30 хувийг С ХХК-д өгөхөөр талууд харилцан тохиролцсон. Манай компанийн зүгээс С ХХК-ийн заасан талбайд очиж гэрээгээр тохирсон ажиллаа явуулж байсан гэж бодож байсан. Бодит байдал дээрээ бид шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн ирүүлсэн тайлбар, бусад нотлох баримт зэрэг нь манай компанийг хуурч, өөр тусгай зөвшөөрөлтэй, өөр талбайд ажиллуулж байсныг бид мэдсэн.

6.4. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхдээ нягтлан Ө.Цацаралтын зүгээс манай компанийг төлөөлж 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ш.д 30,000,000 төгрөгийг өгсөн бэлэн мөнгөний баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Компанийн зүгээс тухай үед Ө.Цацаралт нь манай компанид ажиллаж, манай компанийг төлбөрийн гүйцэтгэл дээр төлөөлж, гарын үсэг зурах, баримт үйлдэх эрхтэй байсан тухай баримтыг мөн адил хавсаргаж өгсөн. Гүйлгээний утга гэх хэсэгт жоншны урьдчилгаа төлбөр гэж тодорхой бичсэн. Хариуцагч Ш.ын зүгээс өмнөх шүүх хуралдаанууд дээр 100,000,000 төгрөгийг хүлээж авснаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү тухай мөнгийг өөрийн эрүү мэндэд зориулж хандив, тусламж хэлбэрээр авсан гэж тайлбарладаг. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 135,766,400 төгрөг, хамтран ажиллах гэрээний зардал 142,969,950 төгрөг, Ш.аас 100,000,000 сая төгрөг гаргуулж М ХХК-д олгохоор өөрчилж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан боловч хариуцагч компанийн зүгээс 2017 оны гэрээг М ХХК-тай байгуулсан, нэхэмжлэгч компанийн нэр өөр байсан. Хариуцагч компани уг хэрэгт хамааралгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Р ХХК-ийн талбайд үйл ажиллагаа явуулсан, хариуцагч компанийн талбай биш учраас нэхэмжлэгч компанийн ажлыг зогсоох эсэх талаар уг компани шийднэ. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанид 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч уг үйл явдал нь 2017 онд болсон тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацааны дагуу 100,000,000 төгрөг болон 135,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компани шаардах эрхгүй.

7.2. Мөн талууд тооцоо нийлсэн актыг үйлдээгүй. 2017 онд М ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээг 2018 онд хамтран ажиллах гэрээ болгон өөрчилсөн. Худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон. Нэхэмжлэгч тал Р ХХК-ийн захиралтай холбогдож, тус компанийн талбайд үйл ажиллагаа явуулахаар болсон, гэрээ хэлцэл байгуулагдаагүй. Нэхэмжлэгч болон Р ХХК нарын хооронд 115,000,000 төгрөгийн тооцоо нийлсэн баримт авагдсан гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг өглөө 09:00 цагт товлогдсон бөгөөд 08:40 минутад шүүх дээр очиход шүүгчийн туслах болон шүүгч нар аль аль нь ирээгүй байсан. Улмаар 08:50 цагт шүүгчийн туслах ажилдаа ирэхэд нь компанийнхаа ажилтан А.Хүрэлбаатараар өмгөөлөгчөөсөө татгалзаж, өөр өмгөөлөгчтэй болох шүүх хуралд оролцох боломжийг олгох тухай хүсэлтийг бичгээр өгүүлж шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэлээрэй гэж хэлүүлсэн. Мөн 09:05 цагт асуухад хуралдаан эхлээгүй байсан. 09:40 цагт шүүгчийн туслах над руу залгахад шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн гэсэн. Би өмгөөлөгчөөсөө татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр өмгөөлөгч авах хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө шүүхэд бичгээр өгсөн, өөрийн биеэр шүүх хуралдаанд ирсэн байхад шүүхийн хариуцлагагүй үйлдлийн улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцож, тайлбар гарган мэтгэлцэж чадаагүй. Хэргийн оролцогчийн эрхийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Урьд нь удаа дараа нэхэмжлэгч талаас энэ мэт хүсэлтийг шүүхэд гаргаж, түүний хүсэлтийг шүүхээс 2 талыг байлцуулж мэтгэлцэх зарчмыг хангасны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэж хэлээд шүүх хуралдааныг удаа дараа хойшлогдож байсан боловч шүүгч хэт нэг талыг барьж, хэргийг миний эзгүйгээр, миний эрхийг хангалгүйгээр, өмгөөлүүлэх эрхийг маань зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

8.2. Хэргийн гол нотлох баримтыг үнэлээгүй орхисон нь үндэслэлгүй ба зохигчдын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-д манай компанийн MY-009968 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ажиллахаар заасан боловч бодит байдал дээр 13456А тоот Р ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр үйл ажиллагаа явуулсан байдаг. Тус компанийн захирал Ли Хуй минг-тэй нэхэмжлэгчийн төлөөлөгч Батбаатар Эрдэнэчулуун нар нь хятад хэлээр, утсаар ярьж тохиолцсон. Манай зүгээс гэрчээр уг хятад иргэнийг дуудах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс мөн л хүлээж авдаггүй байсан. Өөрөөр хэлбэл, Р ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэхэмжлэгч М ХХК-ийг орж ажиллуулах, ашиг хуваах байдлаар хамтран ажиллах гэрээг хариуцагч С ХХК нь байгуулах хууль зүйн боломжгүй.

8.3. Түүнчлэн, анхан шатны шүүх Ш. намайг иргэний хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татсан боловч надад холбогдох нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарлаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

9.1. Анхан шатны шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах хариуцагч байгууллагын захирал Ш.д мэдэгдсэн, хэргийн материал танилцуулсан. Нэхэмжлэгч компанийн захирал н.Батбаяр нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон. Шүүх хуралдаан эхлэх үед хариуцагч талаас хүн ирээгүй байсан учраас шүүгчийн туслах утсаар холбогдоход би оролцох шаардлагатай юу, би өөр ажилтай явж байна гэж хэлсэн. Хариуцагч компанийн зааж өгсөн талбайд үйл ажиллагаа явуулсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Гэрээнд заасан үүргээ хариуцагч зөрчсөн, гэрээг дүр үзүүлж байгуулсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч С ХХК, Ш. нарт холбогдуулан С ХХК-аас бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт шилжүүлсэн 135,766,400 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу гарсан 142,969,950 төгрөг, нийт 278,736,350 төгрөг, Ш.аас хамтран ажиллах гэрээний дагуу гарсан зардал 100,000,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэгт 180,444,800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. М ХХК нь С ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч С ХХК бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт шилжүүлсэн 135,766,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

4. Талууд М ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ай Юу Ти ХХК болж нэрээ өөрчилж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр М ХХК нэртэй болсон гэж тайлбарлаж байгаа боловч М ХХК-ийн нэр өөрчлөгдсөн, эсхүл өөрчлөн байгуулагдсан, мөн эрх залгамжлан авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх гэрээний оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Дорноговь аймаг, Й суманд орших, Р ХХК-ийн далд уурхайг цаашид ашиглах боломжтой эсэх, тухайн уурхайгаас маргаан бүхий цаг хугацаанд хэдий хэмжээний хүдрийг олборлосон байх боломжтой, жоншны агууламжийг тодруулахын тулд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнээс үзэхэд MV009968 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулсан, энэхүү гэрээтэй холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэж байх тул 13456А дугаарын тусгай зөвшөөрөлтэй Р ХХК-ийн уурхайд шинжээч томилох шаардлагагүй гэж дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас хийсэн ажлын хэмжээ тодорхой бус, хэдий хэмжээний жонш олборлосон, цаашид хэдий хэмжээний жонш олборлох боломжтой байсан эсэх, нэхэмжлэгч нь хэдий хэмжээний олборлолтыг хаана хийсэн, мөн тухайн уурхайг хэний буруугаас ашиглах боломжгүй болсон зэрэг маргааны үйл баримтыг тогтоох, хэргийн бодит нөхцөл байдлын талаар дүгнэлт өгөхөд дээрх хүсэлт ач холбогдолтой байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Ш.д 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасны дагуу түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь эрх, үүргийг тайлбарлан өгсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

7. Анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор анхан шатны шүүх хангаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс гаргасан Ли Хуй минг гэрчээр асуулгах хүсэлтийг анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгт хамааралгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна. Иймд хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

9. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул материаллаг эрх зүйн болон нотлох баримтын талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/02308 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээ төлсөн 1,022,800 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 2,405,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН