Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 163

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би нэхэмжлэгч Б.Санжидмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Чулуунсүхэд холбогдох 438490 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016  оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Б.Санжидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Чулуунсүх нь 2015 оны цагаан сарын үеэр 438490 төгрөгийн барааг цалин дээрээс болон ноолуурын гаргахаар өгнө гэж зээлж аваад, өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул барааны үнэ 438490 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Санжидмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Н.Чулуунсүхээс 438490 төгрөг нэхэмжилж тооцооллын алдаа гаргасан тул 375500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Өлзийтийн 4-6 тоотод оршин суух РД:СК 78030700 Боржигин овогт Найдангийн Чулуунсүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Санжидмаагийн нэхэмжилсэн 375500 төгрөгөөс 260000 төгрөгийг  төлсөн. Үлдэгдэл 115500 төгрөгийг 2016-07-15-нд барагдуулна гэжээ.  

Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч Б.Санжидмаа нь хариуцагч Н.Чулуунсүхээс 438490 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Санжидмаа нь тооцоололын алдаа гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 375500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Хариуцагч Н.Чулуунсүх нь 375500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад 260000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэгдэл 115500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

Хариуцагч Н.Чулуунсүх нь нэхэмжлэлийн шаардлагаас 260000 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, ХААН банкны орлогын баримт  зэргээр нотлогдож байна.

Иймд хариуцагч Н.Чулуунсүх нь нэхэмжлэлийн шаардлага 375500 төгрөгнөөс 260000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэгдэл 115500 төгрөгийг 2016 оны 07 сарын 15-нд төлөхийг зөвшөөрч байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар    зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

            1. Нэхэмжлэгч Б.Санжидмаагийн нэхэмжилсэн 375500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч хариуцагч Н.Чулуунсүх нь 260000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэгдэл 115500 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Санжидмаагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 438490 төгрөгт ногдох 13805 төгрөгний тал хувь 6902 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 375500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11915 төгрөгний тал хувь 5957 төгрөг 50 мөнгийг хариуцагч Н.Чулуунсүхээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Санжидмаад олгосугай.

            3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.БОЛОРМАА