Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 169

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 54 тоотод оршин суух Хэрэйд овогт Цэвэлмаагийн Баатарын хүсэлттэй 345083 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

 

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Баатар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймаг дахь 0132 дугаар ангид цэргийн алба хаагаад 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цэргээс халагдсан. Сүхбаатар аймгийн цэргийн хэлтсээс надад цэргийн батлах олгохдоо миний хойт эцэг Жамъянцэрэнгийн нэрийг бичиж олгосноос бичиг баримтын зөрчилтэй болж тэтгэвэрт гарч чадахгүй болоод байна. Миний бусад бүх бичиг баримт эх Цэвэлмаагаар овоглож явдаг. Иймд цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс 1976 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон 345083 дугаартай цэргийн батлах дээр Жамъянцэрэнгийн Баатар гэж бичигдэж тухайн үеийн гэрэл зураг наагдаж, цэргийн

албанаас халсан тухай хэсэгт тамга дарагдсан байна.

Ц.Баатарын 104 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 1980 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 246452 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримт бичигт Цэвэлмаагийн Баатар гэж бичигдсэн байх бөгөөд Жамъянцэрэн гэх хүн нь Баатарын хойт эцэг болох нь гэрч С.Жамъянцэрэнгийн “Ц.Баатар нь миний дагавар хүү юм. Манай хөгшнийг Тангадын Цэвэлмаа гэдэг. Бид хоёр 1960-аад оны үед л гэр бүл болсон. Би хоёр дагавар хүүхэдтэй хүнтэй суусан. Бид хоёр суугаад 5 хүүхэд гарсан. Том охин нь Сумъяа, хүү нь Баатар юм. Энэ хоёр хүүхэд Цэвэлмаагийн гаргасан миний дагавар хүүхэд юм. Баатар нь ээж Цэвэлмаагаар овоглодог мөн өвөө Тангадаараа овоглодог байх” гэх мэдүүлэг, гэрч Ж.Дүүрэнцэцэгийн “Цэвэлмаагийн Баатар нь миний том ах, бид эх нэгтэй эцэг өөр юм. ...Жамъянцэрэн нь миний төрсөн аав. Миний ах Баатар нь ээж Цэвэлмаагаар овоглож ирсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 1976 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон 345083 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Цэвэлмаагийн Баатар болох нь тогтоогдож байна.

Ц.Баатарын дээрх бичиг баримтан дээрх төрсөн он, сар, өдөр нь 345083 дугаартай цэргийн батлах дээр бичигдсэн төрсөн он, сар, өдөртэй тохирч зөрүүгүй байна.

Иймд Сүхбаатар аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс 1976 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон 345083 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Хэрэйд овогт Цэвэлмаагийн Баатар мөн гэж үзэн түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Сүхбаатар аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс 1976 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Жамъянцэрэн овогтой Баатар нэрээр олгосон 345083 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Хэрэйд овогт Цэвэлмаагийн Баатар мөн болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Р.БАТБАЯР