Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 412

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 03 тоотод тоотод оршин суух, Боржигон овогт Жадамбын Нарантуяа /МЮ61060663/-ийн нэхэмжлэлтэй, 

“Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Ж.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Миний бие нь 1982 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд анх дагалдан үсчинээр ажилд орж 2003 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийг хувьчилж хувьд шилжүүлсэн өдрөөс тус төвд хувиараа үсчингийн ажил хийж өнөөдрийг болтол хувиараа “Баясах” салонд ажиллаж байна. 

Миний анх ажилд орж амьдралаа залгуулсан Нийтийн аж ахуй үйлчилгээний төв нь хувьчлагдаж байх үед удирдлагууд солигдож тоо толгойн мэдэгдэхгүй тухайн үед ажилчдын хөдөлмөрийн дэвтэр, санхүүгийн баримт зэрэг нь үгүй болж олон хүн хохирч үлдсэн үйл явдал болсон. Одоо тэтгэвэр тогтоолгох нас минь болж тэтгэвэрээ хөөцөлдөхөөр анх ажилд орсон гарсан тушаал олдохгүй,байгаа хөдөлмөрийн дэвтэр маань усанд автаж зарим нэг үг үсэг мэдэгдэхгүй болсноос тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Энэ байдлаас болж олон жил хохирч явна. Тиймээс тухайн үед хамт ажиллаж байсан мастер үсчин болох Дагиймаа, үсчин Энхтуяа, үсчин Түмэнжаргал нар одоо амьд сэрүүн байгаа тул эдгээр хүмүүсээр гэрчлүүлэн улсад ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. 

Иймд Ж.Нарантуяа миний 1982 оны 01 дүгээр сараас 2003 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны 21 жилийн ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь “Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Учир нь: Ж.Нарантуяа нь Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1982 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үсчнээр ажиллаж байсан болох нь гэрч Д.Түмэнжаргалын ...Би 1967 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн нийтийн ахуй үйлчилгээний төвд эрэгтэй үсчнээр орж ажиллах болсон. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 1982 оны 01 дүгээр сараас эхлэн Нарантуяа манай үйлчилгээний төвд үсчинээр орж 2003 он хүртэл тасралтгүй ажилласан нь үнэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/, гэрч С.Энхтуяагийн ... Би 1972 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн ахуй үйлчилгээний төвд фото зурагчингаар ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байх хугацаанд Ж.Нарантуяа 1982 оны 01 сараас эхлэн дагалдах үсчингээр орж ажиллаж байгаад үсчин болж 2003 он хүртэл ажилласан нь үнэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/, гэрч Г.Дагиймаагийн ... Миний бие 1982 онд Сэлэнгэ аймгийн Ниймтийн ахуй үйлчилгээний төвд мастераар ажиллах хугацаанд Ж.Нарантуяа нь эрэгтэй үсчнээр ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/, Хөдөлмөрийн дэвтэр, үйлдвэрчний эвлэлийн батлах, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бусад баримтаар нотлогдож байх тул Ж.Нарантуяаг Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1982 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Үсчин”-ээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Харин түүний 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд “Үсчин”-ээр ажиллаж байсан гэх баримт хэрэгт цугларсан бичгийн чанартай баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

     

                      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Жадамбын Нарантуяаг Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний төвд 1982 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Үсчин”-ээр -аар ажиллаж байсан болохыг тогтоож, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 11 дүгээр сар хүртэлх Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд “Үсчин”-ээр ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Б.МӨНХЗУЛ