Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02120

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 06 210/МА2023/02120

 

 

Г.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/02971 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Г.О

Хариуцагч: М.Н,

Хариуцагч: Д.С

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч М.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жагар, хариуцагч Д.С, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Г.О нь Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 000606508 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл Д.С, М.Н гэх хүмүүс тус газрыг хууль бусаар эзэмшиж ашиглан Г.Оийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхгүй хуулиар олгогдсон өмчлөх эрхийг зөрчиж хохирсоор байна. Иймд газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Сгийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний хувьд цэцэрлэгийн багш хийж өглөөнөөс орой хүртэл ажилладаг. Гэтэл ард нь луйварчид нь газар авчихсан гэр оронгүй болж байна гэжээ.

 

3. Хариуцагч М.Нгийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Уг газар нь тусдаа хоёр хаалгатай, хаягтай, дундуураа заагласан хашаатай тус тусдаа жорлонтой, гэртэй 0,07 га газрыг хуваасан газар байгаа. Үүнийг 2005 онд хэлэлцээр хийж хорооны засаг даргаар нийслэлийн газрын албанд газар хуваах хүсэлт уламжлуулсан нотлох баримт хэрэгт авагдсан.

3.2 Д.С 2005 онд Ж.Цд зарахдаа банканд барьцаанд байгаа, чамд таллаж зараад банкнаас суллагдсан үед А, Б болгож өгнө гэсэн. Өөрийн хөрөнгөөр хашаа, байшин барьсан, Д.Сгийн гэр бүлийн хүмүүс, тогтмол төрийн үйлчилгээ авдаг тог, цахилгааны төлбөрийг төлдөг.

 

3.3 Капитал банкны эрх хүлээн авагчийн дуудлага худалдаагаар Г.О хашааг худалдаж авахдаа хэдэн байшин, жорлонтой, хэдэн банзтай хашаа худалдаж авсан гэдгийг мэдэх үүрэгтэй. Ж.Цтай холбоотой асуудал байхад гэр бүлийн хүмүүстэй холбогдуулж байна. 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан Газрын тухай хуулиар хууль бусаар амьдарч байгаа, хашаа татсан, байшин барьсан этгээдийг тухайн дүүргийн газрын албанаас шаардах мэдэгдэх хуудас өгөх ёстой байсан. Гэтэл 18 жил амьдрах хугацаанд нэг ч удаа дүүргийн газрын алба, хорооноос мэдэгдэл ирээгүй төрийн үйл ажиллагаанд хэвийн оролцож байсан.

 

3.4 Хорооны өрхийн бүртгэлийг үзэхэд өрхийн тэргүүн Ж.Ц, Д.С түүний гэр бүлийнхэн амьдарч байгаа гэсэн бүртгэл 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл 18 жилийн хугацаанд байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Д.С, М.Н нарын эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-000000 дугаар бүхий нэгж талбарын 00000000000 дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С, М.Н нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Агуулга, шаардлага хоёр нь адилхан хоёр хэргийн нэгд нь газарт үзлэг хийх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа нөгөө хэрэг дээр нь хүсэлтийг хангаагүй. Гэтэл шүүх хуралдааны явцад газар дээр очсон болохоо ярьсан, шийдвэр дээр үзлэг хийгээгүй гэж дурдсан.

 

5.2 Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох н.Бгийн мэдүүлэг, Прокурорын тогтоол зэрэг алга болсон.

 

5.3 Шүүх хуралдааныг дэг эмх замбараагүй явагдсан. Шүүх хуралдааны явцад шүүгчийн туслах орж ирж хэргийг дугаарласан. Хэргийг нэгтгэх хүсэлтийг хангаагүй. Газар дээрх байшин хашаа гэр хэний хөрөнгө эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй. 2005 оноос эзэмшиж ирсэн газрыг гэрчилгээ гаргаж өгнө гэсэн хүн нь мэхэлж өөрийн нэр дээр болгож цааш нь зарчихдаг.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга:

6.1 Д.С, М.Н нар нь газрыг хууль бусаар эзэмшиж ашиглан Г.Оийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхгүй хуулиар олгогдсон өмчлөх эрхийг зөрчиж байна.

 

6.2 Хэрэгт баримт алга болсон зүйл байхгүй бөгөөд өмнө нь 2022 онд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар иргэний хэрэг үүсч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаад нэхэмжлэлийг буцаасан.

 

6.3 Шүүх хуралдааны дэг замбараагүй явагдсан мэтээр худал гомдол гаргажээ. Шүүх хуралдаан дэгийн дагуу явсан бөгөөд харин хариуцагч талаас шүүх хуралдааны дэгийг эмх замбараагүй болгох гэж оролдож байсан. Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд өөрсдийн хууль бус үйлдэлээ шүүхээр зөвтгүүлэх гэсэн өөрсдийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэх гэсэн санаа байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, үнэн зөв шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч М.Н, Д.С нарт холбогдуулан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч гэрчээр н.Батжаргалыг оролцуулах хүсэлт гаргасан. /хх 42/ Уг хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

4. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Д.Мгаас гэрчээр н.Бг асуулгах хүсэлтийн үндэслэлээ ...н.Б нь газрыг зарсан гэж тайлбарласан байхад шүүх тухайн хүсэлтийг ямар үндэслэлээр хангахаас татгалзсан нь тодорхойгүй байна. /хх 42-44, 57-60/

 

5. Хэргийн 80-81 дүгээр талд авагдсан гэрэл зураг болон хариуцагчийн тайлбараар маргаан бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгө байгаа талаар тайлбар гаргадаг. Хариуцагчийн өмгөөлөгчөөс маргааны зүйл болж буй газарт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШЗ2023/06191 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. Учир нь, үзлэг хийлгэх хүсэлтийг ямар үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

6. Хариуцагч талаас Ж.Ц болон М.Н, Д.С нарын нэхэмжлэлтэй хэрэг мөн шүүхэд хянагдаж байгаа гэх тайлбар гарган хэрэг нэгтгэх хүсэлтийг шүүхэд гаргасныг /хх 23, 57-58, 75/ шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2022/19774 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183//ШЗ2023/08801 дугаар, 2023 оны 000 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/16814 дугаар захирамжаар тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх 23/ Уг хэрэг нэгтгэх хүсэлтийг ямар үндэслэлээр, ямар баримтад тулгуурлан хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Хариуцагч нар харилцан өөр гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

7. Түүнчлэн, талууд газрын өмчлөх болон эзэмших эрхийн талаар маргаж буй тохиолдолд тухайн газрын эрхийн улсын бүртгэлтэй холбоотой баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаар шүүх анхаараагүй нь буруу болжээ.

 

8. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу бүрдүүлээгүй. Давж заалдах шатны шүүхээс нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/02971 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 500 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1100 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

М.БАЯСГАЛАН